Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00770

 

Э.Бат-Үүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/01308 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 665 дугаар магадлалтай,

Э.Бат-Үүлийн нэхэмжлэлтэй

“Монголын үнэн” сонинд холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээлэлдээ залруулга хийхийг хариуцагчид даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг гаргуулж Төрийн банкны 200051447 тоот дансанд шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Б.Содонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Р.Батрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №159 дугаартаа “Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай Туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ” гэх гарчигтай ор үндэслэлгүй нийтлэлийг олон нийтэд санаатайгаар тараасан хууль бус үйлдэл гаргасан. Уг нийтлэлд одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХК гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын Түмэн амгалан цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Хотын дарга аавынхаа буянаар Баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгох томоохон тендерт ялалт байгуулсан түүнийг тойрсон сайн гэхээсээ илүүтэй саар мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг. Тухайн үед З.Бат-Үүл даргын ерөнхий шүүгчээр нь ажилласан гэр хорооллын дахин төлөвлөх, орон сууцжуулах түүхэн ажилд нэрээ үлдээх 14 компанийг шалгаруулах гол багийн тэргүүн эгнээнд нэг ч барилга, хороолол барьж байгаагүй хүүгийнх нь “Грандлайн” ХХК багтаж олныг гайхшруулж байв. Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” ХХК-ийн нэр дээр 11 000 000 000 төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Улсын баатар эцгийнхээ чихийг олонтаа халууцуулсан, Үүл баатарын хүү Б.Чулуудай эрх мэдлээ хэтрүүлэн ашиглажээ. Өөрөөр хэлбэл хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн буруутай үйлдлээс болж хоёр талын хооронд үл ойлголцол гарчээ гэсэн нийтлэл гаргасан. Хариуцагч нь миний нэр төр, алдар хүндийг унагаах зорилгоор удаа дараа худал, гүтгэлгийн шинжтэй, үндэслэлгүй мэдээллийг өөрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргаж байсан. 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 209/22467 дугаарт Хотын дарга С.Эрдэнийн Бат-Үүл танаа гэх гарчигтай, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №401/22554 дугаарт “Арын хаалгатай бол амбаар барьж үзээгүй ч хороолол барих зөвшөөрөл авна” гэсэн гарчигтай нийтлэл гарган үндэслэлгүй худал мэдээллийг нийтэлсэн. 2014 онд шүүхэд нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, гэм хорын хохирол арилгуулах нэхэмжлэл гаргасныг “Монголын үнэн” сонин хүлээн зөвшөөрч 2014 оны 08 дугаар сарын  27-ны өдөр № 1-235 дугаар Эвлэрлийн гэрээ байгуулан, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4161 дүгээр шүүгчийн захирамжаар баталгаажуулсан ч 3 удаа уучлал хүссэн залруулгыг зохих ёсоор гаргаагүй. Энэ удаа өмнө нь худал ташаа, ор үндэслэлгүй гэдэг нь нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин дурдаж нэр төр, алдар хүндэд халдсан нь тэвчиж боломгүй үйлдэл. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд “Грандлайн” ХХК-д төсөлд сонгон шалгаруулсан гэх асуудлаар Авилгатай тэмцэх газраас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/9169 дугаар албан бичгээр албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж уг компанийг шалгаруулсан гэх үйлдлийг шалгахад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг тогтоосон тухай мэдэгдсэн. Би албан тушаалын хувьд төслийн сонгон шалгаруулалтад оролцон шүүж шалгаруулах эрх бүхий субьект биш бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.1-д зааснаар ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ба сонгон шалгаруулах ажлыг зохицуулсан журмын 4.13, 4.14, 4.15, 4.16-д тус тус тодорхой зааснаас үзэхэд би зөвхөн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан этгээдэд гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрх олгох буюу батламжлах үүрэгтэй. Хариуцагч нь ийнхүү худал мэдээлэл тарааж мэргэжлийн ёс зүйгээ ноцтой зөрчсөн. Иймд “Монголын үнэн” сонингоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 511 дүгээр зүйлийн 511.1. 511.2-т зааснаар эдийн бус гэм хорын хохиролд 50 000 000 төгрөгийг гаргуулан Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын эмзэг бүлгийн хүүхдийн төлөвшил хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд зориулж, тус цогцолборын Төрийн банкны 200051447 тоот дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, нэр төр, ажил хэргийн алдар хүндийг гутаасан мэдээлэлдээ залруулга болгон нэг сарын хугацаанд 4 удаа сониныхоо тэргүүн нүүрэнд 6 хуваасны 1-ээс доошгүй хэмжээтэй “Манай сонин 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 159 дугаартаа Э.Бат-Үүл баатарын хүү Б.Чулуудай Туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ гэсэн гарчигтай ор үндэслэлгүй, худал ташаа нийтлэлийг олон нийтэд санаатайгаар тараасан хууль бус үйлдэл гаргасандаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танаас албан ёсоор уучлал хүсэж, залруулга гаргаж байна” гэсэн залруулга гарган нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 159 дугаартаа “Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай Туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ” гэсэн гарчигтай нийтлэл тараасан нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Өнөөдөр сонин”-ы байранд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын мэдээллийн агуулга, хурал зохион байгуулагчдаас хэвлэлийнхэнд тарааж өгсөн танилцуулгын эх сурвалж дээр үндэслэгдсэн ба энэ нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдоно. Хэвлэлийн бага хурлын тоймыг нийтэлснийхээ төлөө бусдын нэр хүнд алдар хүндийг гутаасан гэх асуудлаар үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг минь хааж боогдуулж байгаад харамсаж байна. Нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаагаагүй. “Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн Э.Бат-Үүл баатарын хүү Б.Чулуудай Турк улсын компанид их хэмжээний хохирол учруулсан гэх нийтлэл нь Э.Бат-Үүлийн нэр хүндтэй холбоогүй, зөвхөн Э.Чулуудайн тухай нийтэлсэн. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, энэ талаар маргаагүй. Хэвлэлийн бага хурлын үеэр “216 Япи үрэти худалдаа” компани өмгөөлөгч н.Оюунцэцэг Арбитрын шийдвэрийг танилцуулж, хувийг тухайн бага хуралд орж байсан хүмүүст тарааж өгсөн. Арбитрын шийдвэрт Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай Туркийн компанид хохирол учруулсан нь тогтоогдсон байсан. “Зуншин” ХХК, “Грандлайн” ХХК, “Сайран булган” ХХК-ийн хамтарсан консерцумын гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийн материал, арбитрын шийдвэр, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан гэр хорооллын дахин төлөвлөлт үйл ажиллагааны журмыг үндэслэл болгосон ба уг материалууд нь нотлох баримтын шаардлага хангагдан хэрэгт авагдсан. Б.Чулуудай “Грандлайн” ХХК-ийн захирал болох нь улсын бүртгэлийн лавлагаанаас харагдах бөгөөд нийтлэл Б.Чулуудай, Туркийн компанид хохирол учруулсантай холбоотой. Мөн 2013 оны 05 дугаарсарын 29-ний өдрийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай Нийслэлийн Засаг даргын А53 захирамж, арбитрын шийдвэрээр “Грандлайн” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч “Грандлайн” ХХК-ийн тухайн төслийг хэрэгжүүлэх эрхийг Э.Бат-Үүл батламжилсан. “Зуншин” ХХК, “Грандлайн” ХХК, “Сайран булган” ХХК гэх гурван компани хамтарсан консерцумын төслийг Засаг дарга батлаагүй, ганцхан “Грандлайн” ХХК-ийг баталсан. Турк Улсын “216 Япи үрэти худалдаа” компанийн маргаан арбитрын шүүхээр хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/01308 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг баримтлан “Монголын үнэн” сонинд холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээж, эдийн бус гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг гаргуулж, Төрийн банкны 200051447 тоот дансанд шилжүүлэх, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаах, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах тухай Э.Бат-Үүлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Бат-Үүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 665 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар болон үйл баримтууд дээр хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр хэрэглэх ёстой хуулийн заалтыг зөв хэрэглэж чадаагүйн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй нь мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэл тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талд хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 32 дугаар зүйл, 36 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн процессийн алдаа болсон. Хариуцагч нийтлэлийг “2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Өнөөдөр” сонины байранд зохион байгуулсан хэвлэлийн хурлын материал дээр үндэслэн хэвлэлийн хурлын тоймыг нийтэлсний төлөө бусдын нэр хүнд, алдар хүндийг гутаасан гэх асуудлаар үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боогдуулж байгаад харамсаж байна” хэмээн нэхэмжлэлийн хариу тайлбар, шүүх хуралдааны тайлбартаа дурддаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нийтлэлийн агуулга нь эх сурвалжаа тодорхой заасан тул нийтлэл нь үндэслэлтэй хэмээн дүгнэдэг бөгөөд уг эх сурвалж гээд байгаа 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Өнөөдөр” сонины байранд зохион байгуулсан хэвлэлийн хурлын материал, холбогдох баримтууд нь хэрэгт авагдаагүй бөгөөд хоёр шатны шүүхээс хариуцагчийн үйлдлийг зөвтгөн дүгнэхдээ хэрэгт авагдаагүй нотлох баримтыг иш үндэс болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 40, 44, 45, 46 болон 116 дугаар зүйлийн 116.3-д заасныг ноцтой зөрчсөн.

Мөн шүүх нэхэмжлэгчийн хүү Б.Чулуудай нь “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй тул нийтлэлд “Үүл баатрын хүү Б Чулуудай, хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б Чулуудай” гэж бичснийг бодит байдалд нийцсэн гэж үзнэ” гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд нэхэмжпэлийн шаардлагын агуулгыг гуйвуулсан явдал юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Б.Чулуудай нь Э.Бат-Үүлийн хүү мөн эсэх талаар огт маргаагүй бөгөөд Б.Чулуудай түүний үүсгэн байгуулсан “Грандлайн” ХХК-тай холбоотой асуудалд заавал Э.Бат-Үүлийг холбогдуулан бичиж, нэхэмжлэгчийг өөрийн албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрийн хүүдээ тендер өгсөн гэх гүтгэлгийг олон нийтэд түгээж, энэ 2 хүний эцэг хүү гэсэн гэр бүлийн холбоог онцлон дурдаж байгаа нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутааж, доромжиллоо гэж нэхэмжлэл гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 13, 14, 17 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаас үзэхэд иргэн хүн иргэний эрх зүйн болон бусад эрх зүйн харилцаанд өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд тухайн хүний эцэг, эх төрөл садан хэн байхаас үл хамаарч өөрийнх нь нэрийг л дурдах нь зүй ёсны асуудал. Гэтэл хоёр шатны шүүх асуудлыг хэт явцууруулан тухайн нийтлэлийн агуулга нь бүхэлдээ нэхэмжлэгчийн нэр, түүний албан тушаалыг түүний хүүд хамаатуулах замаар, нийгэм, олон нийтэд түүний хүүгийн үүсгэн байгуулсан Монгол Улсын аж ахуйн нэгж, Турк Улсын компани хоёрын хооронд үүссэн маргаантай асуудлаар болсон үйл явдлыг нийтлэхийн оронд нэхэмжлэгчийн нэр, албан тушаалыг хууль бусаар удаа дараа, дурдан нэхэмжпэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан явдлыг зөвхөн эцэг хүүгийн холбоо хамаарлыг дурдсан мэтээр өнгөцхөн дүгнэж, хэргийн үйл баримтыг бүдэгрүүлж, хариуцагчийн хууль бус үйлдлийг хууль ёсны мэтээр тайлбарлаж, дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй, шударга бус шийдвэр болсон. Мөн шүүх “Дээрх үйл баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлыг санаачилсан, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа, мөн төсөлд сонгон шалгаруулсан компаниар тухайн ажлыг гүйцэтгүүлэх эцсийн шийдвэрийг гаргаж байгаа тул хариуцагчийн “хотын дарга аавынхаа буянаар томоохон тендерт ялалт байгуулсан”, “Э.Бат-Үүл даргын ерөнхий шүүгчээр нь ажилласан гэр хорооллын дахин төлөвлөх, орон сууцжуулах түүхэн ажил” гэж бичснийг нь бодит байдалд нийцсэн гэж үзлээ” гэсэн нь хоёр шатны шүүх хариуцагчтай хамтран нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхээс өөр аргагүй юм. Учир нь нэхэмжлэгч нь албан тушаалын хувьд тухайн төслийн сонгон шалгаруулалтанд оролцон, шүүж шалгаруулах эрх бүхий субьект биш бөгөөд Нийслэлийн Иргэдиин төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.1-д зааснаар ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үйл ажиллагагааг зохион байгуулах ба сонгон шалгаруулах ажлыг зохицуулсан бөгөөд уг журмын 4.13, 4.14, 4.15, 4.16-д төсөлд сонгон шалгаруулах асуудлыг тодорхой зохицуулсан. Дээрхээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга нь сонгон шалгаруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох, зааж зааварлах боломжгүй бөгөөд тухайн дахин төлөвлөлтөнд хамрагдсан газрын иргэдийн санал асуулгаар шалгарсан, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгээс эцэслэн дүгнэлт гарган ирүүлсэн материалын дагуу төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан этгээдэд гурван талт гэрээ байгуулах эрх олгон батламжилдаг. Гэтэл энэ үйл явцыг хариуцагч тал илтэд мушгин гуйвуулж, төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд нэхэмжлэгчийг шүүгчээр ажиллан, “Грандлайн” ХХК нь газар эзэмшигч, өмчлөгч иргэдийн саналаар ялсныг Б.Чулуудай нь өөрийн аав  Э.Бат-Үүлийн “буянаар, томоохон тендерт” ялсан хэмээн нийтлэлдээ бичснийг нь анхан шатны шүүх бодит байдалд нийцсэн мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа нь төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа бөгөөд энэхүү үйл явцийг хариуцагч нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдсан тендерийн харилцаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлэн нэхэмжлэгчийг тендер зарлан хүүгийнхээ компанийг шалгаруулсан мэтээр ор үндэслэлгүйгээр гүжирдэн гүтгэснийг хоёр шатны шүүх зөвтгөхдөө “Грандлайн” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтанд оролцох материалаа “Гэр хорооплын дахин төлөвлөлтийн тендерийн материал” гэж нэрлэжээ”, “Уг материалын нэрээр хариуцагч “тендер” гэж нийтлэлдээ бичсэн гэж тайлбарлаж байгаа тул мөн “тендер” гэж бичсэн нь бодит байдалд тулгуурласан байна” хэмээн хариуцагчийг өмгөөлөн хамгаалж бодит байдал, үйл баримтыг гуйвуулсан хариуцагчийн тайлбарыг зөв гэж дүгнэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр “Гэр хороололын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-тай холбоотой “Грандлайн” ХХК-ийн төслийн баримт бичгүүдийг нотлох баримтаар гаргуулсан бөгөөд үүнээс өмнө хариуцагч маргаан бүхий нийтлэлээ 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргахдаа тухайн төслийн баримт бичиг дээр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийн материал” гэж бичсэнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн зүйлээ нийтлэл гаргах үедээ мэдэж байсан мэтээр шүүхэд тайлбарлан улмаар үүнийг нь шүүх яаран нотолж шийдвэртээ хариуцагчийн тайлбарлаж байсан гэж дүгнэсэн явдал нь бодит байдал, хэргийн үйл баримт, цаг хугацааны хувьд тохирохгүй өрөөсгөл дүгнэлт болсон. Мөн шүүх хариуцагч талын тайлбарласнаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагааг тусдаа хуулиар зохицуулагдсан нэг талд нь төр болон төрийн өмчит аж ахуйн нэгж захиалга өгч, тендер шалгаруулалт явуулдаг Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.1-д заасан тендерийн харилцаа хэмээн дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

“Монголын үнэн” сонины 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 159 дугаарт “Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай Туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ” гэсэн гарчигтай, ор үндэслэлгүй мэдээллийг нийтэлж, олон нийтэд тараасан нь бодит байдалд нийцээгүй, гүтгэлгийн шинжтэй болсон тул нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн  нэр хүндийг сэргээж, тараасан арга хэлбэрээр залруулга хийхийг хариуцагчид даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 50 000 000 төгрөгийг гаргуулж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын эмзэг бүлгийн хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд зориулж, тус цогцолборын дансанд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг Э.Бат-Үүл нь “Монголын үнэн” сонинд холбогдуулан гаргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, уг мэдээллийг Өнөөдөр сонины байранд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаас тараасан материал, танилцуулга дээр тулгуурлаж нийтэлсэн тухайн мэдээлэл холбогдох баримтуудаар тогтоогдсон гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх нийтлэл нь Монголын Үндэсний Арбитрын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164, А/55 дугаар захирамж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Грандлайн” ХХК-ийг батламжилсан бодит баримтуудад үндэслэсэн байх тул нийтлэл дэх зарим үг хэллэг тохироогүй ч нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, гүтгэсэн гэх хэмжээнд үзэх үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан зохигчдын гаргаж өгсөн баримтын хүрээнд дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/01308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 665 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодоржийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА