Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00023/И |
Дугаар | 138/ШШ2022/00093 |
Огноо | 2022-01-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2022/00093
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 252 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* *******, ******* ******* ******* ы нэрэмжит талбай, барилгын 13 давхар, тоот хаягт байрлах, регистрийн дугаартай, “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 2017 оноос эхлэн төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс “Дугуйтай монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуй худалдсан болно. Иргэн ******* нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр унадаг дугуй зээлээр худалдан авах гэрээгээр 840 000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйг худалдан авч, гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 2019 оны 05 дугаар сарын 25-аас хойш зээлийн үндсэн төлбөр 168 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу алданги болох 84 000, нийт 252 000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 252 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 252 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 252 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 252 000 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8210 төгрөгийн 50 хувь болох 4105 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 4105 төгрөгийг төсвийн орлогоос, 4105 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА