Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 25

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 133/ШШ2019/00232 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 22 дугаар байр 02-18 тоотод оршин суух Цагаан сарлагт овгийн Гончигсүрэнгийн Баяраагийн /РД: ДЮ69120119/ нэхэмжлэлтэй

хариуцагч: Х Бны Говь-Алтай салбарт холбогдох Х Б, Х.М, Ж.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5001131285 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, автомашин болон чиргүүлийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г овогтой Б би 2012 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Хандцэрэн овогтой Мөнхбаттай 93.000.000 /ерэн гурван сая/ төгрөгөөр Норд бенз машиныг чиргүүлийн хамт адил тэнцүү хөрөнгө оруулж худалдан авч тээвэр хийж хөлсөө хувааж авч байсан. Миний автомашин болон чиргүүл нь иргэн Мягмаржав овогтой Гантөмөрийн нэр дээр байсан. М.Гийн нэр дээр байгаа гэж бодож байтал талийгаач Х.М нь надад хэлэлгүй, нууцаар тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг өөрийн нэр дээр шилжүүлж Х Бны зээлийн барьцаанд тавьсан байна. Би барьцаанд байгааг талийгаач Х.Мын буяны ажилд явж байгаад дүүгээс нь мэдлээ. Би Х Бтай талийгаач Х.Мын байгуулсан автомашин, чиргүүлийг барьцаалсан гэрээг хууль бус гэж үзэж байна. Учир нь хөрөнгө хоршиж авсан автомашин болон чиргүүлийг барьцаанд авахдаа миний зөвшөөрөл аваагүй надад мэдэгдээгүй учир талийгаач Х.Мын Х Бны Говь-Алтай салбартай байгуулсан барьцааны гэрээг цуцалж миний автомашин болон чиргүүлийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Б би Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 09-ны өдрийн 133/ШШ2019/00232 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Х Бны Говь-Алтай салбарын гаргасан гомдолд тайлбар гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхээр Г.Б нь Норд бенз ГАА 07 78 дугаартай машиныг 50/50 хувийн хөрөнгө гаргаж авсан нь тогтоогдсон. Машиныг авахад гаргасан хөрөнгийн баримт байгаа. Х Б олон зээлийн гэрээг шүүхээр явж шийдүүлсэн байгаа. Ганцхан миний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлнэ гэсэн. Бүх юм нь энд байсан учраас би харьяалал зөрчөөгүй гэж үзсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг М.Гөөс Х.М руу шилжүүлсэн нь бүгд хуурамчаар хийгдсэн. М.Г би шилжүүлээгүй гэж байгаа. Бүх нотлох баримтыг материалд хавсаргасан. Х Бны Говь-Алтай салбарын Х.М, Ж.Золзаяа нартай хийсэн зээлийн гэрээ байгаа. Зээлийн гэрээний хуудсыг сольсон учир би гэрээг хүчингүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж бодож байна гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-д заасныг тус тус үндэслэн Х Бны Говь-Алтай салбар, зээлдэгч Х.М, Ж.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5001131285 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, NORT BENZ маркын ГАА 07-78 дугаартай ногоон өнгийн, LBZF56FB67G016923 арлын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт Х Бны барьцаанаас чөлөөлж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Бны Говь-Алтай салбараас 482.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах дээд байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. гэж заасны дагуу хэргийг харьяаллын дагуу шилжүүлэлгүй, харьяалал зөрчиж шийдвэрлэсэн.

Х Б ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хаяг, бүртгэлтэй, ажил хэргээ байнга явуулдаг, тухай дурдаж хүсэлт явуулж байсан.

Х Бны Говь-Алтай салбарын зүгээс албан ёсны бичиг баримт болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэж зээл олгосон. Шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэг талын шаардлагад үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхэд Х Б ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хаяг, бүртгэлтэй, ажил хэргээ байнга явуулдаг, тухай дурдаж хэргийг шилжүүлэх тухай хүсэлт гаргаж байжээ. Х Бны Говь-Алтай салбар нь Х Б ХХК-ыг төлөөлөх эрх хуулиар болон итгэмжлэлээр олгогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

5 дугаар зүйл.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсэх үндэслэл

5.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

5.2.Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглоно.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд хуулийн этгээдийн салбарын эрх зүйн байдлыг тодорхойлжээ. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ. гэж заажээ.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно. гэх заалтаар тухайн хэрэгт хариуцагчаар тодорхойлогдсон Х Бны Говь-Алтай салбарын эрх зүйн чадвар нь зөвшөөрөгдөөгүй, эрх зүйн харилцаанд бие даан оролцох боломжгүй байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.Бгийн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

Шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана., 14.2 Хариуцагч хуулийн этгээд бол нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. гэж заасан хэргийн харьяалал зөрчсөн, хэргийн оролцогчоо зөв тодорхойлоогүй нөхцөл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй нь маргааныг шийдвэрлэж буй асуудал бус шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэх ёсгүй байсныг илэрхийлж буй тул нэхэмжлэгч Г.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482950 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа Х Бны төлсөн 527950 төгрөг тус бүрийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Г.Б болон Х Бинд тус, тус олгосугай.

Нэхэмжлэгч Г.Б нь Х Бны Говь-Алтай салбарт бус хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдэд холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 133/ШШ2019/00232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар Г.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482950 төгрөг, хариуцагч Х Бны Говь-Алтай салбараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 527950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ЭНХТӨР

 

             ШҮҮГЧИД                              Б.АРИУНБАЯР

 

                                                            Ш.БАТТОГТОХ