Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

А.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр А.М-т холбогдох 2116000960172 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А ургийн овогт А. М нь Монгол Улсын иргэн, халх, 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Манхан сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Модны үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Ховд аймгийн Манхан сумын 1-р баг, Тахилтад оршин суух хаягийн бүртгэлтэй, тус аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11- ... Б тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймгийн Бугант сумын Б байрны ... тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 10 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэж байсан, ПД981002... регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч А.М-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөхморьт сумын Хүйсийн говь багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б өмчлөлийн 63-85 ГАЗ улсын дугаартай хүрэн өнгийн “Даюун” загварын мотоциклийг Ховд аймаг руу авч явсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч А.М-т холбогдох 2116000960172 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч А овогт А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.М шүүхээс оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч А.М-ийн эзэмшилд тухайн мотоцикль шилжсэн үйл явц нь илээр явагдсан, хууль бус шинжгүй, шүүгдэгч мотоциклийг авч явсан гэдгийг хууль ёсоор түр хугацаагаар эзэмшиж байсан гэрч З.Б болон тухайн эд хөрөнгийн хувьд ашиг сонирхол нэгтэй хохирогч Б.Б эхнэр Т.Г нар бүгд мэдэж байсан тул энэ нь хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах шинжийг үгүйсгэж байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол....” Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Хэдийгээр шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй боловч дур мэдэн бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгслийг Ховд аймаг хүртэл хөл дайх зорилгоор авч явсан бөгөөд зарж борлуулах, ашиг олох ямар нэгэн санаа сэдэлтгүй байсан тул уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж үзэж, шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

 

Яллагдагч А.М-ийн хувьд гэрч З.Б-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн мотоциклиор нь адуу тууж хохирогч Б.Б-д ирснээр тухайн мотоциклийг итгэмжлэн хариуцуулж өгсөн үйлдэл нь дуусгавар болсон байхад дахин хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж Ховд явж, тухайн Б.Б эзэмшлийн мотоциклийг нууж айлын гражид хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн шинжийг хангаж байна.

Мөн гэрч З.Б нь яллагдагч А.М мотоцикль өгөхдөө чи Б.Б-д очоод байж бай би араас чинь очоод чамайг авна гэж хэлж явуулсан байдаг. Үүнээс үзэхэд А.М-ийн хувьд буцаж Ховд аймаг явах унаагүй болсон, Б.Б мотоциклийг авч явах гарцаагүй байдалд хүрсэн гэх нөхцөл байдал байхгүй байна.

Тиймээс яллагдагч А.М-ийн хохирогч Б.Б эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох 63-85 ГАЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.М нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөхморьт сумын Хүйсийн говь багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б өмчлөлийн 63-85 ГАЗ улсын дугаартай хүрэн өнгийн “Даюун” загварын мотоциклийг Ховд аймаг руу авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн байна. 

 

Энэ үйл баримт нь хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манайх Хөхморьт сумын Хүйсийн говь багийн Харганы-Ус гэх газарт зусч байгаа бөгөөд би 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Говь-Алтай аймгийн төвд ирсэн, харин гэрт манай эхнэр, хүүхэд хоёрыг малынхаа хотон дотор байж байхад Ховд аймгаас З.Б гэх хүний адууг тууж ирсэн эрэгтэй хүн манай гадаа ирээд миний мотоциклийг унаад явсан гэж хэлсэн юм... би аймаг руу явахдаа мотоциклийнхоо түлхүүрийг толгой дээр нь үлдээгээд ирсэн байсан. Мөн би тухайн үед Говь-Алтай аймгийн төвд байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13-14 дүгээр талууд/

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр А.М нь З.Б-ын адууг тууж ирэхдээ гэрийн гадаа байсан миний “Даюун-150” маркийн мотоциклийг унаж аваад явчихсан байсан юм. ...Ингээд би энэ талаар мэдээд Ховд аймгийн цагдаад гомдол гаргасан юм...надад А.М-оос нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, гомдол санал байхгүй. Учир нь би мотоциклио буцаагаад авчихсан юм ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 94 дүгээр тал, ар/

 

Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...З.Б нь өөрийн эзэмшлийн ачааны машин дээрээ 10 гаруй тооны адуу ачаад манай гадаа ирсэн ба ачсан адуунуудаа буулгаад А.М-ийг очиж авч ирнэ гэж хэлээд манай нөхрийн мотоциклийг ачиж аваад явсан юм. Тухайн үед надад хэлж яриад авч явсан. ...Ингээд би орой малаа хотлуулж байхад А.М нь манай гэрийн гадаа мотоцикльтой очиж байсан ба би хүүхдээ дагуулаад очтол манай мотоциклийг унаад явчихсан байсан юм. З.Б нь А.М-ийг явсны дараа машинтайгаа хүрч ирээд А.М-ийг асуухаар нь манай мотоциклийг унаад явчихсан байна гэж хэлсэн. Ингээд З.Б А.М-ийн утас руу залгатал сумын төвд ирчихсэн хувцсаа авч байна гэж ярьсан. Тэгээд З.Б манайд А.М-ийг хүлээж байгаад өглөө ирэхгүй болохоор нь З.Б яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дугаар тал/,

 

Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үед дахин тэр Б гэдэг хүнтэй утсаар холбогдож байгаад Ховд аймгаас Говь-Алтай аймгийн Хөхморьт сум руу адуу ачаад явсан. Гэтэл замдаа адуу нь машинаас унахаар нь явган тууж байтал Б гэдэг хүн урдаас нь тосож мотоцикль авч ирж өгөхөөр нь тэр мотоциклиор нь адууг туусаар байгаад Хөхморьт сумд адууг нь хүргэж өгөөд сумын төвөөс Б-ийн хадам аавынхаас хэдэн хувцсаа аваад нөгөө мотоциклио унаад Ховд аймгийн төвд хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 58-59 дүгээр талууд/

 

Гэрч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгтэл 2021 оны 06 дугаар сард миний гар утас руу А.М нь өөрийнхөө эзэмшлийн 981002... дугаараас залгаад ах сайн уу? хөдөө айлаас хувцас хунараа очиж авах гэсэн юм орхичихсон байна гэхээр нь чи тэгвэл Ховдын Дарив дээрээс адуу туугаад явчих гэж хэлээд дагуулж авч явсан юм. Ингээд замдаа адуу туулгаж явуулчихаад би хөдөөгүүр айлаар орж ажил төрлөө амжуулчихаад Б.Б-д яваад очтол эхнэр Т.Г нь нөгөө мал маллаж байсан А.М чинь гэрийн гадаа байсан Б.Б мотоциклийг унаад явчихлаа гэж хэлсэн юм. Ингээд араас нь А.М-ийн утас руу залгаж ярихад утас нь холбогдохгүй байсан юм. ...А.М нь жаахан хэгжүүн, орон гаран яриатай хүн шиг санагдсан. Ажил төрөл уг нь сайн л хийдэг юм. ...Б.Б байнга архи дарс уугаад А.М-ийн дургүйг их хүргэж байсан гэж дуулдаж байсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 61 дүгээр тал/

 

Гэрч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...би Б.Б-ыг баривчилгаанд явахаас өмнө хөдөө гэрт нь Б.Б-той малаа хариулж байгаад Б.Б нь баривчилгаанд явах болоод би малыг нь хариулж байсан. Тэгээд Б.Б баривчилгаанд явахдаа надад миний мотоциклийг мал ахуйдаа унаж хэрэглээрэй гэж хэлж байсан юм. Тэгээд би Б.Б мотоциклийг мал ахуйгаа эргүүлж тойруулахдаа унаж хэрэглэж байсан юм...тухайн үед Б.Б мотоциклийг нь унаж мал ахуйгаа харж байсан учраас Б.Б эхнэрт хэлж Б.Б мотоциклийг авч явсан...Би А.М-ийг адуугаа туугаад Б.Б-д очоод мотоциклийг гэрийнх нь гадаа тавьчихаад гэрт нь байж бай гэж хэлсэн....” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 104-106 дугаар талууд/

 

Шүүгдэгч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үед З.Б над руу залгаад ахын дүү тус болоод ахынхаа морьдыг тэжээгээд өгөөч наадмаар уралдуулах гэсэн юм гэхээр нь ах минь мөнгө төгрөг дээрээ луу унжихгүй биз дээ гэтэл үгүй гэж хэлээд бид хоёр Ховд аймгаас 25 тооны адуу ачаад Хөхморьт сум руу явж байтал замд Ховд аймгийн Дарив сум өнгөрч яваад машинаа зогсоогоод буугаад адуугаа хартал 7-8 тооны адуу дарагдчихсан байсан чинь чи адуу харсангүй гээд над руу уурлахаар нь би явж байгаа машинаас яаж адууг чинь хардаг юм бэ? гэтэл чи миний өмнөөс үг хэллээ гээд бид хоёр муудалцсан юм. Ингээд дарагдсан адуунуудыг нь буулгаад хөлөөр нь туугаад явсан. Тэгээд З.Б түрүүлээд машинаараа үлдсэн адуугаа аваад явсан. Ингээд маргааш нь Б.Б мотоциклийг ачиж авч ирж өгөөд энүүгээр адуугаа туугаад яв гэж хэлсэн юм. Ингээд би адууг нь тууж явсаар байгаад Хөхморьт сумын говьд Б.Б хаяанд малыг нь аваачиж өгч усалчихаад мотоциклийг нь гэрийнх нь үүдэнд тавьчихаад гэрт нь ороход эхнэр, хүүхэд нь малдаа явчихсан Б.Б аймаг руу явчихсан байсан. Тэгээд тэнд З.Б ирэхгүй байсан учир З.Б-тай хэрэлдсэн уурандаа шууд Ховд руу буцъя гэж бодоод Хөхморьт сумын төвөөс хувцас хунараа аваад явъя гэж бодоод Б.Б мотоциклийг зөвшөөрөлгүй унаад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дугаар тал/

 

Хохирогч Б.Б эзэмшлийн 63-85 ГАЗ улсын дугаартай хүрэн өнгийн “Даюун” загварын мотоциклийг хураан авсан ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр тал/

 

63-85 ГАЗ улсын дугаартай хүрэн өнгийн “Даюун” загварын мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 20-26 дугаар талууд/

 

Гэрч Б.Б-т мотоциклийг үзлэг хийн хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 36-39 дүгээр талууд/,

 

“Ашид билгүүн” ХХК-ий 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №ТХҮ-820/852 дугаартай хулгайд алдагдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэлгээг 960,000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр тогтоосон үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дугаар талууд/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.М-ийн эзэмшилд тухайн мотоцикль шилжсэн үйл явц нь илээр явагдсан, хууль бус шинжгүй, шүүгдэгч мотоциклийг авч явсан гэдгийг хууль ёсоор түр хугацаагаар эзэмшиж байсан гэрч З.Б болон тухайн эд хөрөнгийн хувьд ашиг сонирхол нэгтэй хохирогч Б.Б эхнэр Т.Г нар бүгд мэдэж байсан тул энэ нь хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах шинжийг үгүйсгэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол....” Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Хэдийгээр шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй боловч дур мэдэн бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд зарж борлуулах, ашиг олох ямар нэгэн санаа сэдэлтгүй байсан тул уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.Э

 

                                 ШҮҮГЧИД                              Т.Ж

 

                                                                         Ш.Б