Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 119/ШШ2023/0033

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “М” ХХК /захирал З.М/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.С

Хариуцагч: “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018..  дугаартай ТҮХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г, Н.Х, Б.Х

Гуравдагч этгээд: “М” ХХК /захирал Т.Б/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ийн тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-ны “М” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.Х, Б.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хувьтөгөлдөр нар оролцов..

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-д тус тус холбогдуулан Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ийн тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-ны шийдвэр болон уг тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахыг тухайн ТҮХ-д даалгах, дахин тендер явуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч нь “Э” ТӨҮГазраас зарласан Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Э” ТӨҮГазраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТБ-134-12/368 тоот мэдэгдлээр “М” ХХК-д хариу хүргүүлсэн.

Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам “М” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзээд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/946 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу өгчээ.

Захиалагч “Э” ТӨҮГазар нь ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил гүйцэтгэх тендерт хамгийн сайн тендерээр шалгарсан “М” ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр №7/003-23 дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерт шалгарсан “М” ХХК-ийн тендерт илгээсэн баримт бичгүүдтэй танилцахад дараахь ноцтой, илэрхий зөрчлүүд илэрч байна. Үүнд: 1. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-ийн 1-д “Дээрх инженер-техникийн ажилтнуудын жагсаалтыг маягтад заасны дагуу гаргаж, тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар захирлын тушаалаар томилсон байх бөгөөд тэдгээрийн ажлын туршлагыг ажилтан тус бүрээр гаргаж ирүүлнэ.“ гэж заасан байхад тухайн “Тендерт санал болгож байгаа хүний нөөцийн мэдээллийн хүснэгтэд санал болгосон цахилгааны инженер Б.З, барилгын инженер Р.Б, сантехникийн инженер Б.У, мэргэжилтэй ажилчид Д.Б, Э.Х, Б.Э, А.Ц, Г.Ц, Ж.А, Ж.Т, Б.Э, О.О, Г.Д нарыг тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар захирлын тушаалаар томилоогүй байгаа нь ТШЗ 17.6.2-ийн шаардлагыг хангахгүй байна.

2. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-ийн хүснэгтийн 6-д “Талбайн даамал, 1 хүн, 1 болон түүнээс дээш жил ажилласан байна, Барилгын инженер эсхүл барилгын техникч мэргэжилтэй байна.” гэж заасан байхад тухайн төсөлд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Т/002 тоот тушаалаар талбайн даамлаар томилон санал болгосон А.С нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсөж бакалаврын диплом авсан байх тул ГГББ-ийн 276-278-р хуудас тушаал гаргасан өдрийн байдлаар 1 жил хүрээгүй 11 сар 22 хоног барилгын инженерээр ажилласан байна. Иймд талбайн даамлаар томилон санал болгосон А.С нь барилгын инженерээр 1 жил ажиллаагүй байгаа тул 2023 оны 01 сарын 16-ны өдрийн Т/002 тоот тушаал нь ТШЗ 17.6.2-ийн шардлагыг хангахгүй байна.

3. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Т/004 тоот тушаалаар “М” ХХК-ийн захирал Т.Б нь өөрийгөө тухайн төсөлд ажиллах цахилгаанчинаар томилон 1 200 000 төгрөгийн үндсэн цалин болон нэмэгдэл цалин олгохыг санхүүд үүрэг болгожээ. Цахилгаанчин Т.Б нь “М” ХХК-ний захирал Т.Б мөн болохыг ТББ-ийн 318-р хуудас дахь иргэний үнэмлэх, ТББ-ийн 151, 166, 177-р хуудас дахь иргэний үнэмлэхүүд нь нэг хүнийх болохоор батлагдаж байна. Захирал хүн өөрийгөө гүйцэтгэх ажилчнаар томилж байгаа энэ тушаал нь эрх зүйн чадамжгүй зөрчилтэй хүчин төгөлдөр бус тушаал юм. “М” ХХК-ийг төлөөлөн захиалагч “Э” ТӨҮГ-тай гэрээ байгуулан гарын үсэг зурах, захиалагчийн өмнө уг төслийг гүйцэтгэх, удирдан зохион байгуулах бүрэн үүрэг хүлээн ажиллах захирал нь төсөлд гэрээт цахилгааны инженерийн удирдлагад цахилгаачнаар ажиллахаар тушаалаар томилогдсон байгаа нь эрх зүйн доголдолтой. Иргэн Т.Б нь “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын төсөлд “М” ХХК-ний захирал уу, “М” ХХК-ний цахилгаачин уу гэдэг нь тодорхойгүй байна. Ийм байдалд хүрсэн шалтгаан нь “ТШЗ 17.6.2-д Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэлд хүснэгтээр 6 инженер-техникийн ажилтнууд, 20 мэргэжилтэй ажилчид нийт 26 ажилтан, ажиллагчдыг шаардана. Мөн ТШЗ 17.6.2-ийн 2-д хүснэгтэд заасан инженер-техникийн ажилтнууд болон мэргэжилтэй ажилчдын 50-аас доошгүй хувь нь тендерт оролцогчийн үндсэн ажилтан байх шаардлагатай бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад тендерт оролцогч аж ахуйн нэгж тасралтгүй төлсөн байна.” гэж шаардсан байна.

4. “М” ХХК-ийн ТББ-ийн 251-262 дугаар хуудсанд байгаа 2022 оны 07 сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл 6 сарын НД-7, НД-8 тайлангаас уг “М” ХХК нь дээрх хугацаанд нийт захирлын хамт 13 хүнтэй байжээ. Иймээс захирлаас гадна инженер-техникийн ажилтнууд болон мэргэжилтэй ажилчид 12 хүн байсан учир ТШЗ 17.6.2-ийн хүний нөөцийн шаардлагыг хангахгүй байх тул ТШЗ 17.6.2-д “ТШЗ-ны 17.6.2-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзана" гэж тодорхой заасан бөгөөд “М” ХХК нь дээрх 3 тохиолдлуудаар ТШЗ-ны 17.6.2-ийн шаардлагыг хангахгүй байна. “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-оос “М” ХХК-ийн тендерт илгээсэн баримт бичгүүд нь дутуу буюу хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байхад дээр дурьдсан ноцтой зөрчлүүд илэрчээд байхад хуульд заасан шаардлага хангасан хэмээн дүгнэж байгаа явдалд ихээхэн гомдолтой байна” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТҮХ-ны шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гэж үзэхгүй байна. “М” ХХК-ийг шаардлага хангахгүй гэх шалтгаанаар тэнцүүлээгүй нь үндэслэлгүй. “М” ХХК гэж нэрээ өөрчилсөн гэх шалтгаанаар хасагдсан. Нэрээ өөрчлөөд Ажил гүйцэтгэх гэрээнд “М” ХХК гэж бичсэн, энэ шалтгаанаар хассан нь байж боломгүй шийдвэр юм. Хүн, хуулийн этгээд нэрээ солиод хүлээх үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, үргэлжилдэг. Оноосон нэр өөрчилсөнтэй холбоотой баримт материалаа өгсөн, “М” ХХК гэх тамга дарагдсан. “М” ХХК-ийн захирлын хувьд Компанийн тухай хуульд “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал хэдэн төгрөг авах талаарх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлтэй бол төлөөлөн удирдах зөвлөл шийддэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буйгаар, Хөдөлмөрийн тухай хуулиар бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрөө өөртэйгөө байгуулж, өөртөө хэдэн төгрөг олгохыг шийдэж болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасан байдаг. Гүйцэтгэх захирал нь цахилгаанчин хийж байгаа явдал нь хуулиар боломжгүй зүйл. Үндсэн ажилтан гэж хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, байнгын ажлын байртай ажилтанг хэлдэг. Тэгэхээр ийм хүн байхгүй. Мөн “М” ХХК нь туслан гүйцэтгэгч гэрээ хэлцэл хийсэн, татварын өртэй гэдгийг ҮХхуралдахдаа хэлсэн хэрнээ туслан гүйцэтгэгч оролцогчийн тавигдах шаардлагад хамаагүй, татварын өртэй байсан нь үнэлгээнд хамаагүй гэдэг байдлаар дүгнэсэн. “М” ХХК-ийг нэр сольсон гэх шалтгаанаар хассан хэрнээ “М” ХХК маш их зөрчилтэй байхад тэнцүүлж байгаа нь тендерийн үнэлгээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэх шаардлагыг хангахгүй байна. “М” ХХК-ийг үндэслэлгүйгээр сонгон шалгаруулалтад тэнцүүлсэн.

Сангийн яамны шийдвэр нь эцсийн шийдвэр биш, Сангийн яамны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандсан. Сангийн яам гомдлыг шийдвэрлэнэ, түүнээс биш тендертэй холбоотой шийдвэр гаргахгүй. Ажлын гүйцэтгэл 100% байсан ч шүүхээс гарах шийдвэрт нөлөөлнө гэж үзэхгүй байна. Гэрээний үүргийг гүйцэтгэлтэй холбоотой маргаан биш, тендер шалгаруулалт хууль зүйн үндэслэлтэй эсэхтэй холбоотой маргаан. “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ийн тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-ны “М” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж зааснаар хүчингүй болгуулах, мөн тус шийдвэр хууль бус учраас сонгон шалгаруулалтыг дахиж явуулж өгөх шаардлага гаргаж байна.

 “М” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны шийдвэр биш гэж үзэж байна. Нотлох баримт судалсантай холбоотой “М” ХХК-ийн зөрчлүүд харагдаж байна. “М” ХХК-д холбогдох баримтыг тендерийн баримтад хавсаргаж өгсөн. Манай компанийг үндэслэлгүйгээр хассан. “М” ХХК нь “М” ХХК болж нэрээ өөрчилж, энэ талаарх баримтуудыг өгсөн. Опэндата цахим систем рүү ороод харах боломжтой байсан бол нэр сольсон тухай мэдээлэл байсан. Тамганы зөрүү яригдаж байна. Энэ компани нь мөн байсан гэж хүлээн зөвшөөрч байгаа байх гэж ойлгож байна. Гүйцэтгэх захирал өөрийгөө ажилтан болгосныг хууль ёсны гэж үзэхгүй байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр үндсэн ажилтан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, “М” ХХК-ийн 13 ажилтан үндсэн ажилтан байх шаардлагыг хангаагүй, талбайн даамал нэг жилийн хугацаанд ажилласан байх шаардлагыг хангаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Х, Н.Х нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/34 дугаартай тушаалаар байгуулагдсан ҮХ “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг Төрийн болон болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлаж 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 минутад цахим худалдан авах ажиллагааны системээр ирүүлсэн тендерүүдийг нээсэн. Тус тендер шалгаруулалтад “В” ХХК, “М” ХХК, “М” ХХК, “Ц” ХХК-уудын тендер ирүүлсэн.

ҮХ нь 2023 оны 01 дүгээр сарын 23, 02 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус хуралдаж, захиалагчийн баталсан баримт бичгийн дагуу ирүүлсэн тендерийг хянан үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй “В” ХХК, “М” ХХК, “Ц”ХХК-иудын тендерээс тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн үндэслэн тендерээс татгалзах, харин шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагч ҮХ-ны дүгнэлтэд үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТБ-134-12/367 тоотоор “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай, ТБ-134-12/368 тоотоор “М” ХХК-д болон бусад тендерт оролцогч нарт хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар шаардлагад нийцээгүй тул тендерт шалгараагүй тухай мэдэгдсэн. Гэтэл “М” ХХК нь гэрээ байгуулах эрх олгосон “М” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангаагүй байхад шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.Сангийн яам гомдлыг хянаж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 03/946 дугаартай бичгээр тус компанийн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. 

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хууль”-ийн 55 дугаар зүйлийн 55.2-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасан. Мөн дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Тиймээс Сангийн яамны шийдвэрийн дагуу “М” ХХК-ийн тендерээс татгалзсан Захилагчийн шийдвэр нь хууль зөрчөөгүй, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломж, хариуцлагатай байх зарчимд нийцсэн, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн тендерт оролцогчид давуу байдал олгоогүй тул “М” ХХК нь ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай тендерт холбогдох нэхэмжлэлд Сангийн яамны 03/946 дугаартай захиргааны актын биелэлтэд гомдолгүйгээр “Э” ТӨҮГ, ТҮХ-г хариуцагчаар татах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

“Э” ТӨҮГ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянан үзэж, 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу шийдвэр гаргаж, эс үйлдэхүй гаргаагүй тул даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай тендерт “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын гүйцэтгэгчээр шалгарсан “М” ХХК-ийн ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 85 хувьтай явагдаж байна. Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М” ХХК-иас гаргаж буй нэхэмжлэл нь ямар захиргааны актыг хүчингүй болгуулах нь тодорхой бус байна. ТҮХ-д хүчингүй болгуулахыг даалгах гэж байна. Тус ҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар байнгын бус ажиллагаатай ажлын хэсэг ажилладаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 болон 47.2.2-т заасан чиг үүргийн хүрээнд 4 компани баримт мэдээллээ ирүүлснээс 3 компани шаардлагад нийцэхгүй гэж үзээд, техникийн тодорхойлолт, тавигдсан шаардлагыг хангасан гэж үзээд “М” ХХК-ийг шалгаруулсан. ТҮХ хууль зөрчсөн гэж үзвэл тухайн тендерт оролцогч компаниуд урьдчилан шийдвэрлэх журмаар холбогдох байгууллагад хандах эрх нээлттэй байсан. Сангийн яаманд хандахад тухайн компанийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “М” ХХК-тай холбоотой ТҮХ-ны шийдвэр хууль бус байсан гэж байна. Сангийн яамны шийдвэртэй маргаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж тодорхой заасан байдаг.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай асуудал мөн ярьж байна. Жишээлбэл, өмгөөллийн байгууллагын захирал өмгөөлөх эрхтэй бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болно. Түүнээс биш гүйцэтгэх захирлаа хийнэ гэсэн хандлагаар хандах нь ач холбогдолгүй. Т.Б захирал нь цахилгаанчин мэргэжилтэй, цахилгаанчинаар ажиллах боломжтой бол тухайн ажлыг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. ТҮХ тухайн үед ингэж дүгнэсэн байх гэж үзэж байна. Одоогийн байдлаар “М” ХХК-ийг сонгон шалгаруулсан учраас татан буугдсан ТҮХ-д шийдвэрийг хүчингүй болгуулахыг даалгах нь үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж тус тус заасан. ТҮХ өөрсдийн чиг үүргийн хүрээнд үнэлгээний дүгнэлтээ гаргасан. “М” ХХК тендерт шалгараагүй, ямар ашиг сонирхол нь зөрчигдөж байгааг нотлох ёстой. Нэхэмжлэгч зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болохуйц эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар тодорхой байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно, тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан.

Тендерийн баталгаа болгож 15,000,000 төгрөгийг улсын орлого болгосон мөнгөнд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байх шиг байна. Тендерийн баталгаа гэж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ” гэж заасан байдаг. Сангийн яаманд нэхэмжлэгч гомдлоо гаргасан тохиолдолд гомдол үндэслэлтэй байх ёстой. Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэрт гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Захиалагч бол Сангийн яамны шийдвэрийг заавал биелүүлэх хуулийн заалттай байдаг. Иймд “Э” ТӨҮГ-ын ТҮХ хуульд заасан журмын дагуу үнэлгээ явуулсан, хууль зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны баталсан тендерийн баримт бичгийг ҮХ баримталж ажилладаг. Тендерт оролцогч нь өөрийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд туслан гүйцэтгэгч болон түншлэлээр тендерт оролцож болдог. “М” ХХК нь туслан гүйцэтгэгч 2 аж ахуйн нэгжийг санал болгож тендерт оролцсон. “М” ХХК зөвхөн нэр сольсон асуудлаар тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэн санал нийлэхгүй байгаа юм байна. “М” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэрээ өөрчилж “М” ХХК болгосон. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 11 хүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд “М” ХХК-ийн захирал З.М гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. 56-89 УБР улсын дугаартай авто өргөгчийн техникийн бүрэн бүтэн байдлын магадлал хийсэн “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл тендерт ирүүлсэн дүгнэлт нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн. Өөрөөр хэлбэл эрх бүхий бус байгууллагаар техникийн дүгнэлтийг гаргуулсан байна гэдэг үндэслэлээр татгалзсан.” гэв.

8. Гуравдагч этгээд М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М”ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-д холбогдох хэрэгт шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулж байгаа тул доорхи тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Дээрхи тендер шалгаруулалтад оролцсон манай компанид “Э” ТӨҮГ-аас 2023 оны 01 сарын 26-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ТБ-134-12/367 тоот, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай” ТБ-134-12/538 тоот, 2023 оны 03 сарын 03-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ТБ-134-12/897 тоот албан бичгүүдийг тус тус ирүүлж, улмаар 2023 оны 03 сарын 07-ны өдөр “Э” ТӨҮГ, “М” ХХК хооронд №7/003-23 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Энэ хугацаанд “М” ХХК нь тендер шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, зохих журмын дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллагад одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсантай ижил үндэслэлээр гомдол гаргасан боловч Сангийн яам асуудлыг хянан үзээд “гомдол үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг ҮХ-нд ирүүлсэн тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болно. Уг гэрээний дагуу манай компани 2023 оны 04 дүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлж, одоогоор ажлын гүйцэтгэл 60%-тай байна. 2023 оны 08 сарын 01-ний өдрийн байдлаар 1,658,000,000 /нэг тэрбум зургаан зуун тавин найман сая/ төгрөгийн гүйцэтгэлийг захиалагчид гарган өгч баталгаажуулсан ба гүйцэтгэлд ороогүй ажлын бэлтгэл ажил, бараа материал татах, ажлын хөлсний урьдчилгаа өгөх зэргээр 400,000,000 /дөрвөн зуун сая/ орчим төгрөгийн зардал гаргасан урьдчилсан тооцоотой барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна. Тендерийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу барилгын ажлыг 2023 оны 12 сарын 31-ний дотор дуусгах ёстой, мөн энэ зуны олон хоногийн хур бороо ажилд саад учруулж байгаа боловч манай компани нь уг барилгыг хугацаанаас өмнө буюу 2023 оны 09 дүгээр сард багтаан ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид банк санхүүгийн байгууллагаас 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийн зээл авч ажлаа саадгүй, шуурхай, санхүүгийн хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулан ажиллаж байна. “М” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үүнийг төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам хянан баталгаажуулсан гэж үзэж байна.

Шүүхээс хэрэв нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд “Э” ТӨҮГ-т гүйцэтгэлээр төлөгдсөн 1,658,000,000 /нэг тэрбум зургаан зуун тавин найман сая/ төгрөг, манай компанид бараа материал татан авах, ажил гүйцэтгэхэд зарцуулсан болон банк санхүүгийн байгууллагаас зээлсэн 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийн хохирол учрах болно. Мөн уг тендертэй холбоотой бүх шийдвэрүүд хүчингүй болсноор уг ажлын гүйцэтгэл зогсож, барилга угсралтын ажил энэ ондоо ашиглалтад орох боломжгүй болж, жил өнжих тохиолдолд уг барилгад хийгдсэн зарим материалын чанар муудаж, ашиглагдах боломжгүй болж үргүй зардал гарах бодит эрсдэл байгаа болохыг анхаарч үзэхийг та бүхнээс хүсье.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-д тус тус холбогдуулан “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ийн тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-ны шийдвэр болон уг тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахыг тухайн ТҮХ-д даалгах, дахин тендер явуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

            2. Шүүх хуралдааны явцад ““Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ийн тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-ны “М” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарласан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            3. “Э” ТӨҮГ-ын захирлын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/349 дугаартай тушаалын 6 дугаар хавсралтаар “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ҮХ-г байгуулсан бөгөөд уг ҮХнь тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Э” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар “Э” ТӨҮГ-ыг татан оролцуулсан болно. / I хавтаст хэргийн 130-131 дэх тал/

            4. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд заасан.

4.1. “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж тус тус зааснаар батлагдсан тендерийн баримт бичгийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ. / I хавтаст хэргийн 133-224 дэх тал/

4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж зааснаар “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг ҮХ хянан үзэж, “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж тендерээс татгалзсан ҮХ-ны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг гарган захиалагчид хүргүүлж, захиалагчаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ТБ-134-12/368 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “М” ХХК-д хүргүүлсэн байна. / II хавтаст хэргийн 7-25 дахь тал, I дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/

4.4. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “М” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/946 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр ҮХ-ны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. / I хавтаст хэргийн 13-14 дэх тал/

4.5. ҮХ тендерийг хянан үзэх шатанд “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

4.6. Тодруулбал, “М” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан “4.Хэрэв инженер-техникийн ажилтныг гэрээгээр ажиллуулах бол диплом, хөлсөөр ажиллах гэрээний болон иргэний үнэмлэхний хуулбаруудыг ирүүлнэ. Хөлсөөр ажиллах гэрээ нь зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай бөгөөд гэрээний хугацаа, үнийн дүн болон бусад нөхцөлийг тодорхой тусгасан байна.”, “6. Хэрэв мэргэжилтэй ажилчныг гэрээгээр ажиллуулах бол хөлсөөр ажиллах гэрээ болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ. Мөн иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ” гэж, ТШЗ 17.6.3-т заасан “5. Авто кран нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллага, баталгаажуулах эрх бүхий бусад байгууллагаас олгосон хүчин төгөлдөр техникийн дүгнэлттэй байна” гэж заасан нөхцөл шаардлагуудыг хангаагүй гэж тендерийг хянан үзэх шатанд тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэв.

4.7. “М” ХХК нь нэрээ өөрчилж, “М” ХХК болсныг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа зэргээр тогтоогдсон. /I хавтаст хэргийн 7-10 дахь тал, CD баримт 1 дэх хавтас, 7 дахь тал/

4.8. Тус компанийн ирүүлсэн тендерийн баримт бичиг дэх ажилтнуудтай байгуулсан 19, 20, 21, 13, 17, 16, 15, 14 дугаартай гэрээнүүд нь “М” ХХК гэсэн нэрээр байгуулсан, зарим гэрээнд “М” ХХК гэсэн тамга, зарим гэрээнд “М” ХХК гэсэн тамга дарж, баталгаажуулалт хийсэн зэрэг зөрчилтэй байсан нь нотлогдсон. /CD баримт 3 дахь хавтас, 40-41, 54-55, 58-59, 87-88, 96-97, 100-101, 104-105,111-112 дэх тал/

4.9. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.”, 27.5-д “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.” гэж тус тус зааснаар хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгүүлсэн нэрээр үйл ажиллагаа явуулж, иргэний эрх зүйн харилцаанд оролцох, өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээхээр байна. Иймд ТҮХ ажилтнуудтай байгуулсан гэрээнд хуулийн этгээдийн нэр буруу өөр, тамга тэмдэг, баталгаажуулалт алдаатай нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

4.10. Мөн “М” ХХК-ийн тендерийн материалд ирүүлсэн 5869 УБР улсын дугаартай автокранд хийсэн техникийн магадлагаа хийсэн “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дууссан байхад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр техникийн магадлагаа хийсэн нь зөрчилтэй, тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.3-т заасан шаардлагыг зөрчсөн гэсэн ҮХ-ны дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзэв.

4.11. “М” ХХК-ийн тендерийн баримтад ирүүлсэн “Ц” ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яамны ӨБ16-1204/17 дугаартай тусгай зөвшөөрлийн 5 жилийн хугацаа 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх бөгөөд техникийн магадлагаа хийх эрх дуусгавар болсон компаниар магадлагаа хийлгэсэн, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан талаарх баримт тендерийн баримт бичигт ирүүлээгүй байна. /CD баримт 2 дахь хавтас, 92-93,98 дахь тал/

4.12. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг өөрөө бүрдүүлэн ирүүлдэг бөгөөд уг баримт бичгийн үнэн зөвийг тендерт оролцогч өөрөө хариуцдаг тул дээрх ирүүлсэн баримтад үндэслэн тус компанийн автокран тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн ТҮХ-ны шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэв.

4.13. ТҮХ нь Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/946 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдан 03 дугаартай тэмдэглэлээр “М” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж зааснаар “шаардлагад нийцсэн тендер” гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох ҮХ-ны дүгнэлтийг захиалагчид хүргүүлжээ. /I хавтаст хэргийн 69-70 дахь тал/

4.14. ТҮХ-ны дээрх шийдвэрийг захиалагч зөвшөөрч, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ТБ-134-12/897 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “М” ХХК-д хүргүүлж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу ажлын гүйцэтгэл 85 хувьтай байгаа талаар  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлав. /I хавтаст хэргийн /72-73, 225-230 дахь тал/

4.15. Нэхэмжлэгчээс “М” ХХК-ийн тендерийг шалгаруулсан ҮХ-ны шийдвэр дараах үндэслэлээр хууль зөрчсөн, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж маргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэв.

4.16. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-ийн 1-д зааснаар цахилгааны инженер Б.З, барилгын инженер Р.Б, сантехникийн инженер Б.У, мэргэжилтэй ажилчид Д.Б, Э.Х, Б.Э, А.Ц, Г.Ц, Ж.А, Ж.Т, Б.Э, О.О, Г.Д нарыг тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар захирлын тушаалаар томилоогүй байгаа нь ТШЗ 17.6.2-ийн шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлийн тухайд:

“М” ХХК нь цахилгааны инженер Б.З, барилгын инженер Р.Б, сантехникийн инженер Б.У нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байгаа нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан “4.Хэрэв инженер-техникийн ажилтныг гэрээгээр ажиллуулах бол диплом, хөлсөөр ажиллах гэрээний болон иргэний үнэмлэхний хуулбаруудыг ирүүлнэ. Хөлсөөр ажиллах гэрээ нь зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай бөгөөд гэрээний хугацаа, үнийн дүн болон бусад нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэсэн шаардлагыг хангасан байна. Тодруулбал, уг төсөл арга хэмжээнд зориулан хөлсөөр ажиллуулах бол диплом, иргэний үнэмлэхийн хуулбар, хөлсөөр ажиллах гэрээг шаардахаар заасан байх тул уг шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. /CD баримт Part 6-ийн 27-37, 38-45, Part 7-ийн 1-9 дэх тал/

Мөн мэргэжилтэй ажилчид болох Д.Б, Э.Х, Б.Э, А.Ц, Г.Ц, Ж.А, Ж.Т, Б.Э, О.О, Г.Д нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-ийн “6. Хэрэв мэргэжилтэй ажилчныг гэрээгээр ажиллуулах бол хөлсөөр ажиллах гэрээний болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ. Мөн иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ” гэж заасан шаардлагад нийцжээ. Тодруулбал, тухайн төсөл арга хэмжээнд зориулан хөлсөөр ажиллуулах бол мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар, хөлсөөр ажиллах гэрээг шаардахаар заасан шаардлагыг хангажээ. /CD баримтын Part 7-ийн 46-72, Part 8-ийн 1-36 дахь тал/

4.17. Нэхэмжлэлийн шаардлагын “Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-ийн хүснэгтийн 6-д “Талбайн даамал, 1 хүн, 1 болон түүнээс дээш жил ажилласан байна, Барилгын инженер эсхүл барилгын техникч мэргэжилтэй байна.” гэж заасан.  Талбайн даамлаар томилон А.С нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсөж бакалаврын диплом авсан байх тул тушаал гаргасан өдрийн байдлаар 1 жил хүрээгүй 11 сар 22 хоног барилгын инженерээр ажилласан нь ТШЗ 17.6.2-ийн шардлагыг хангахгүй байна” гэх үндэслэлийн тухайд:

“М” ХХК-ийн талбайн даамалд санал болгосон А.С нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсөж бакалаврын диплом авсан болох нь тогтоогдож байгаа ч ажлын туршлагын мэдээллээр барилгын туслах ажилтан, барилгын инженер, талбайн даамлаар ажиллаж байсан байх тул барилгын инженер эсхүл барилгын техникч мэргэжилтэй байх гэсэн шаардлагыг хангажээ.  Мөн тендерийн баримт бичигт “1 болон түүнээс дээш жил ажилласан байна” гэсэн нь зөвхөн барилгын инженерээр нэг жил ажилласан байх гэсэн тусгайлсан шаардлага тавиагүй байх тул тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг А.С тухайн ажлын байранд хангасан гэж үзсэн ҮХ-ны дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. / CD баримт Part 6-ийн 11, 12-16 дахь тал/

4.18. Нэхэмжлэлийн шаардлагын “2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Т/004 тоот тушаалаар “М” ХХК-ний захирал Т.Б нь өөрийгөө тухайн төсөлд ажиллах цахилгаанчнаар томилон 1 200 000 төгрөгийн үндсэн цалин болон нэмэгдэл цалин олгохыг санхүүд үүрэг болгожээ. Захирал хүн өөрийгөө гүйцэтгэх ажилчнаар томилж байгаа энэ тушаал нь эрх зүйн чадамжгүй зөрчилтэй хүчин төгөлдөр бус тушаал” гэх үндэслэлийн тухайд:

Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэлд “цахилгааны инженер-1” гэж заасан байх бөгөөд “М” ХХК нь тухайн ажил гүйцэтгэх хүний нөөцийн мэдээлэлд “Цахилгааны инженер” нэг хүнийг буюу захирал Т.Б-ыг санал болгож, иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, тушаал зэргийг ирүүлжээ. Тус компанийн захирал өөрийгөө “цахилгаанчин” гэсэн ажилд томилсон шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах, ажилтан, ажил ологч хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэх эрх зүйн зохицуулалтад нийцэхээргүй байгаа ч боловсон хүчний чадавхийг хянан шалгахад тухайн шаардлагатай мэргэжилтэн буюу “цахилгаанчин-1” гэсэн шаардлага хангана гэсэн ҮХ-ны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. /CD баримт Part 7-ийн 10-12 дахь тал/

4.19. Нэхэмжлэлийн шаардлагын ““М” ХХК нь дээрх хугацаанд нийт захирлын хамт 13 хүнтэй байжээ. Иймээс захирлаас гадна инженер-техникийн ажилтнууд болон мэргэжилтэй ажилчид 12 хүн байсан учир ТШЗ 17.6.2-ийн хүний нөөцийн шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлийн тухайд:  

Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан “2.Хүснэгтэд заасан инженер-техникийн ажилтнууд болон мэргэжилтэй ажилчдын 50-аас доошгүй хувь нь тендерт оролцогчийн үндсэн ажилтан байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудад тендерт оролцогч аж ахуйн нэгж тасралтгүй төлсөн байна” гэсэн шаардлага тавьжээ. Тендерт оролцогч “М” ХХК нь нийт 26 ажилтан санал болгосноос 13 ажилтанг үндсэн ажилтан гэж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаа ирүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэдээллийг шалгаж үзэхэд 01 гэсэн кодоор шимтгэл төлсөн байсан, 01 кодоор үндсэн ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг учраас үндсэн ажилтан 13 буюу тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж үзсэн” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна. / CD баримт Part 5-ийн 50-60 дахь тал/

4.20. Иймд дээрх үндэслэлүүдээр ҮХ-ны шийдвэрийг алдаатай гэж дүгнэж хүчингүй болгох үндэслэлгүй байх бөгөөд “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “ Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар шаардлагад нийцсэн тендер гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон ҮХ-ны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

4.21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1  дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс тендерийг хянан үзэх шатанд татгалзсан ҮХ-ны шийдвэр хууль зөрчөөгүй байх тул ҮХ-ны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.22. Захиалагч “Э” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “ҮХ-ноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж зааснаар ҮХ-ны дүгнэлтийг үндэслэн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлж, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ. Тодруулбал, захиалагч буюу “Э” ТӨҮГ нь ҮХ-ны шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах шийдвэрүүдийг хуульд заасан журмын дагуу гаргажээ.

4.23. Иймд дахин тендер явуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг баримтлан “М” ХХК-ийн “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ын тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-д холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГ-ын “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Сэлэнгэ амралтын баазын өвлийн байр өргөтгөх ажил”-ийн тендер шалгаруулалтын ЭҮТӨҮГ/2021018.. дугаартай ТҮХ-ны “М” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ