Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

2017         09           28                                                     141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Ц.Гүр нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнээ овогт Цэрэнжавын Гүрд холбогдох эрүүгийн 1721000000043 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Гүнээ овогт Цэрэнжавын Гүр, Дорнод аймгийн Баяндун суманд 1992 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖА92073010/, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтггүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Ц.Гүр нь согтуугаар 2017 оны 08 сарын 07-ны өдрийн орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Баянмөнхийн гэрийн гадаа хохирогч Б.Одбаяртай маргалдан улмаар түүний биеийн цээжин тус газарт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Гүр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй, өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч Ц.Гүр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би  2017 оны 08 сарын 07-ны өдөр...Тулгаа бид хоёр авчирсан нэг шил архиа уучихаад Тулгаа явсан. Тэгээд би Баянмөнх ахын гэрийн гадаа хашаан дотор сууж байсан чинь Баянмөнх ахынд огт харж байгаагүй 4 залуу ирсэн ба нэг нь намайг дуудсан. Би нэлээд архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд би гэнэт ухаан ороод цэнхэр өнгийн хайч шүүрч аваад сүүлд нэрийг нь мэдэх болсон Одбаярын цээжин тус газарт нь баруун гараараа хатгасан. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа ирээд намайг маргааш ирээрэй гэж хэлээд явуулсан...” гэжээ. /хх 49/

 

Хохирогч Б.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 07-ны өдөр гэрээсээ дэлгүүр орох гэж найз Гангаагийн мотоциклтой яваад сумын баруун талд байдаг дэлгүүр ороод эргээд харих гэж байсан чинь миний унаж явсан мотоциклын эзэн Гангаа, Цогтоо, Билгээ гурав Мөнх гэдэг айлын гадаа сууж байсан бөгөөд би очоод Гангаагийн мотоциклыг өгчихөөд явах гэж байсан чинь Гангаа “намайг хүргээд өг” гэхээр нь байж байсан чинь Цогтоогийн цаана байсан согтуу танихгүй залуу босч явахаар нь анзаарахгүй байж байтал тухайн залуу над руу ирээд миний цээжин тус газарт нэг зүйлээр хатгасан. Тэгээд би хашгирсан чинь тухайн согтуу залууг Цогтоо түлхэж унагаад гарт нь байсан хайчийг нь аваад намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй, миний хохирлыг барагдуулсан” гэжээ. /хх 40/

 

Гэрч Ц.Бямбацогт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар гараад Баянмөнх гэх айлд очиход Баянмөнхийн хашаанд Баяндун сумаас ирсэн Гүр гэх залуу манай сумын баруун хотны Эрдэнэбилэг, Отгон нар хоёр залуутай архи уугаад сууж байхаар нь бид нар цуг суугаад архи уусан. Тэгээд архи нь дууссан чинь тэнд архи ууж байсан хүмүүс тараад явцгаасан. Би ч гэсэн Б.Одбаярыг аваад явах гээд мотоцикл руугаа алхаж явахад Баяндун сумаас ирсэн Гүр гэх залуу Баянмөнхийн хашаа руу ороод эргэж гарч ирээд миний хажуугаар өнгөрч Б.Одбаярыг шууд хатгасан. Тэгсэн чинь Одбаяр “наадах чинь хутгатай байна, намайг хатгачихлаа” гэж хэлэхээр нь би очоод Гүр гэх  залуугийн гараас бариад “яаж байгаа юм бэ, наад хутгаа өг” гэж хэлсэн чинь надад хайчаа өгсөн. Тэгээд тэр Гүр гэх залуу Баянмөнх гэх айлын хашаа руу ороод зугтаасан...”  гэжээ. /хх 22-23/

Гэрч С.Хүрэлсүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би Баянмөнх ахын хашаа руу очиж явахад Баяндун сумаас ирсэн гэх залуу зугтааж байхаар нь би анзаараагүй хажуугаар нь гараад Бямбацогт дээр очсон чинь Бямбацогт “наадах Баяндунгаас ирсэн залуу чинь Одбаярыг хатгаад зугтаачихлаа” гэж хэлэхээр нь намайг ирж байхад хажуугаар зөрсөн болохоор нь би араас нь очсон чинь айлын цонх балбаад байж байхаар нь барьж аваад чирээд нөгөө хүмүүс дээр очсон...” гэжээ. /хх 30-31/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 473 тоот дүгнэлтэд: “1.Б.Одбаярын биед цээжний урд зүүн талын 4-5-р хавирганы завсрын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь шинэ бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 43/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 11/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 16-18/, Эд зүйлийн үнэлгээ /хх 19/, Гэрч Ц.Бямбацогт /хх 20-23/, В.Нарантуяа /хх 39/, С.Хүрэлсүх /хх 30-31/, Б.Болормаа /хх 32/ нарын болон хохирогч Б.Одбаярын гэрч, хохирогчоор /хх 24-27, 40/, шүүгдэгч Ц.Гүрийн гэрч, яллагдагчаар /хх 33-34, 48-49/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хохирогч Б.Одбаярын өвчний түүх /57-72/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 73-76/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 13-14, 16-17/, Эд зүйлийн үнэлгээ /хх 19/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 54/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Ц.Гүр нь согтуугаар 2017 оны 08 сарын 07-ны өдрийн орой 23 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Баянмөнхийн гэрийн гадаа хохирогч Б.Одбаяртай маргалдан улмаар түүний биеийн цээжин тус газарт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь “цээжний урд зүүн талын 4-5-р хавирганы завсрын хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Ц.Бямбацогтын “...Би ч гэсэн Б.Одбаярыг аваад явах гээд мотоцикл руугаа алхаж явахад Баяндун сумаас ирсэн Гүр гэх залуу Баянмөнхийн хашаа руу ороод эргэж гарч ирээд миний хажуугаар өнгөрч Б.Одбаярыг шууд хатгасан...”,  хохирогч Б.Одбаярын “...Гангаа “намайг хүргээд өг” гэхээр нь би байж байсан чинь Цогтоогийн цаана байсан согтуу залуу над руу ирээд миний цээж рүү нэг зүйлээр хатгасан...” гэх /хх 39-40/, гэрч С.Хүрэлсүх /хх 30-31/, Б.Болормаа /хх 32/,  В.Нарантуяа /хх 28-29/, С.Биндэръяа /хх 26-27/ нарын мэдүүлгүүд, Хохирогч Б.Одбаярын өвчний түүх /57-72/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 73-76/, хохирогчийн Цагдаагийн байгууллагад хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, тухайн цаг хугацаанд “зүсэгдсэн шарх гэмтэл” үүссэн талаарх шинжээчийн 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 473 тоот дүгнэлт /хх 43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Гүрийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Гүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “цээжний урд зүүн талын 4-5-р хавирганы завсрын хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол нь түүний цээжин тус газар хайчаар хатгасан шүүгдэгч Ц.Гүрийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

 Хэрэгт шүүгдэгч Ц.Гүрд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогч Б.Одбаярт 2300000 төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримт /хх 79/, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт /задгай/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал /хх 55, 35-38/-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Энэ хэргийн хохирогч Б.Одбаяр нь  “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...”, гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй ба түүний эзэмшлээс 4 ханатай Монгол эсгий гэр битүүмжилсэн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Гүр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хайчийг устгах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖА92073010 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гүнээ овогт Цэрэнжавын Гүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цэрэнжавын Гүрийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гүрд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Гүрд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан 20 см урттай 7,5 см өргөнтэй цэнхэр өнгийн хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн 1721000000034 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Гүр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Гүрийн эзэмшлээс 1000000 төгрөгийн үнэлгээтэй эсгий гэр битүүмжилсэн Прокурорын 2017 оны 08 сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

8. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖА92073010 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ