| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00153/И |
| Дугаар | 147/ШШ2024/00154 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 147/ШШ2024/00154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ....... багт оршин суух, утасны дугаар ............., ******* овогт ******* *******
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Дархан хотын политехникийн коллежид оюутан байхдаа ар гэрийн гачигдлаас болж, нэг жилийн чөлөө авч Сүхбаатар аймагт ирсэн. Сургуулиасаа чөлөө авч 1987 оны 3-р сараас 1988 оны 3-р сар хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1 жилийн хугацаанд сантехникийн туслахаар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 сарын 02-ны өдрийн 127 тоот тушаалаар 1992-1995 оныг дуустал аж ахуйчаар буюу нярваар тус тус ажилласан. Гэтэл тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон, ажлаас гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт байхгүй зэрэг шалтгаанаар тус ажилласан жилээ шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон. ******* намайг 1987 оны 3-р сараас 1988 оны 3-р сар хүртэл Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторт сантехникийн туслахаар, 1992-1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйгаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар сумын 8 жиийн дунд сургуулийн захирлын 1992 оны 9 сарын 2-ны өдрийн 127 дугаартай тушаалын хуулбар, Д.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 11/113, 11/112 дугаартай лавлагааны хуулбарууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторт 1987 оны 2-р сараас 1988 оны 3-р сарын 01 хүртэл Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторт сантехникийн туслахаар, 1992-1995 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйгаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ..... нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал сантехникийн туслахаар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд 1992 оны 9 сарын 02-ны өдрөөс 1994 оны 9-р сарыг дуустал аж ахуйгаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар сумын 8 жиийн дунд сургуулийн захирлын 1992 оны 9 сарын 2-ны өдрийн 127 дугаартай тушаалын хуулбар, (*******ыг тус сургуульд аж ахуйгаар авч ажиллуулсугай гэх бичилт бүхий) Далхжав овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 11/113, 11/112 дугаартай лавлагаануудын хуулбарууд (Д.******* 1987 онд Барилга угсралтын конторт болон 1992-1994 онуудад Сүхбаатар сумын 8-н жилийн сургуульд аж ахуйгаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий )
5. Гэрч *******ын: “...******* нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын цахилгаан сангийн нэгдсэн бригадад 1987 онд сантехник ч буюу слесариар ажиллаж байсан. Би 1983 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын цахилгааны даамлаар 1995 он хүртэл тасралтгүй ажилласан. *******тай Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын нэг бригадад хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
6. Гэрч*******гийн: “...******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8-н жилийн дунд сургуульд 1992-1995 он хүртэл аж ахуйгаар ажиллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар сумын 8-н жилийн дунд сургуульд 1984-2001 он хүртэл бага ангийн багш, 2001-2018 он хүртэл сургуулийн захирлаар ажиллаж байсан учраас Д.******* ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна. ******* нь ажил төрөлдөө хариуцлагатай, хамт олондоо нэр хүндтэй сайн ажилтан байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал сантехникийн туслахаар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд 1992 оны 9 сарын 02-ны өдрөөс 1994 оны 9-р сарыг дуустал аж ахуйгаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1987 оны 4-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт сантехникийн туслахаар, 1994 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйгаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацааны ажилласан байдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* Сүхбаатар аймгийн барилга угсралтын конторт 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал сантехникийн слесариар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд 1992 оны 9 сарын 02-ны өдрөөс 1994 оны 9-р сарыг дуустал аж ахуйгаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 4-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 3-р сарын 1-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт сантехникийн туслахаар, 1994 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйгаар тус тус ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА