Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Хохирогч Д.Г********х,

Шүүгдэгч Г.Т**********н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Т******нд холбогдох эрүүгийн 2538002890143 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш******д овогт Г*******н Т********н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т**********н нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв халуун усны гадаа хохирогч Д.Г********хтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж биед нь баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын хоншоорын дээд ханын хугарал, хоншоорын хөндийд цус хуралдалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.   

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538002890143 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч  Г.Т**********н нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв халуун усны гадаа  Д.Г********хтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, нүүрэн тус газарт нь  цохиж биед нь баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын хоншоорын дээд ханын хугарал, хоншоорын хөндийд цус хуралдалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т**********нгийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

             шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Д.Г********хийн өгсөн: “...Би энэ гэмт хэргийн улмаас 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би зодуулсныхаа дараа тэр дор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нарийн ярих юм бол шүүгдэгч нь намайг боож үхэхээс наагуур зодож, цохисон. Машинаас татаж буулгаад өшиглөж байсан. Намайг зодож байхдаа би олон жил шоронгоор явсан, чамайг цагдаад хэлэх юм бол ална даа гэх мэтээр заналхийлсэн үгс хэлж байсан. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байхад чамд нэг ч төгрөг өгөхгүй. Чамайг ална гэж байсан. Үүнээс хойш миний эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хохирол учирвал энэ хүнтэй шууд холбоотой. Ямар нэгэн асуудал үүсэх л юм бол энэ хүнийг шууд шалгах ёстой гэдгийг хэлмээр байна. Г.Т**********н нь засрахгүй хүн байна лээ. Хүний эрх чөлөөнд халдаж, цохиж зодчихоод ганц удаа уучлалт гуйж чаддаггүй эр хүн байна. Дандаа худал ярьж, хүнд гүтгэдэг. Тэр эмэгтэй хүний хажууд зогсож байсан, харж байсан мэтээр ярьсан байсан. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу зохих ёсны ял шийтгэлийг нь оногдуулж өгөхийг хүсье...” гэх мэдүүлэг,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Г********хийн өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 27-ны орой гэртээ байсан чинь миний нэг таньдаг Ч*********ээ гэх эмэгтэй над руу залгаад та гараад ирээч би 3 дугаар хорооны ******дэлгүүр дээр байна ганц шил архи авч ууя гэж утсаар залгаад гуйгаад байхаар  нь би гэрээсээ гараад 3 дугаар хорооны ******дэлгүүр дээр очсон. Тэгсэн нэг танихгүй  хүн хаалга онгойлгоод машинд чинь суучих уу гэхээр нь би чи яах гэж байгаа юм бэ гэж хэлтэл Ч*********ээ эгч явууллаа гэж хэлэхээр нь машиндаа суулгасан. Тэгээд тэр эмэгтэй машинд суугаад тухайн дэлгүүрийн гадаа машин дотроо юм яриад сууж байсан чинь дэлгүүрийн гадаа машин дотроо юм яриад сууж байсан чинь тэр дэлгүүрийн гадаа зогсож байсан бүх машин яваад өгөхөөр нь чамтай цуг явсан  хүмүүс явчихлаа чи явахгүй юм уу гэж хэлтэл нөгөө хүүхэн надад ганц шил архи аваад өгөөч толгой өвдөөд дэлгүүр хаалаа гэж хэлсэн. Тэгвэл би 1 дүгээр хороо явж байна замдаа чамд архи аваад өгье гэж хэлээд бид машинтай 1 дүгээр хорооны ** дэлгүүр дээр зогсоод би дэлгүүр рүү ганцаараа ороод архи авах гээд зогсож байтал миний утас дуугарсан утсаа автал танихгүй хүн наад эмэгтэй хүний хүүхэд уйлаад байна гэж хэлэхээр нь би архи авахаа болиод дэлгүүрээс машиндаа суугаад чамайг дуудаад байна гэж хэлсэн чинь наад хүмүүс чинь худлаа хэлж байгаа юм гэхээр нь  би чамайг хүргээд өгье гээд ******дэлгүүрийн гудманд ороод дунд хавьд тухайн эмэгтэйг машинаасаа буулгасан. Тэгээд тухайн эмэгтэйг буулгаж байхад нэг приус-20 байсан байхаа цагаан өнгөтэй зам хааж зогссон. Тэгэхээр нь би машинтайгаа тойроод явсан чинь нөгөө машинтай залуус араас дагаад явахаар нь төв халуун усны тэнд зогссон чинь хоёр залуу бууж ирээд нэг залуу нь зодоод унасан. Тэгээд би арай гэж зугтаагаад цагдаагийн байгууллагад ирсэн. Би тэр миний машинд суусан гэх Ч*********ээгийн дүүг зүс танина тухайн хоёр залууг танихгүй. Нэг залуу нь зодсон нөгөө залуу нь хараад зогсоод байсан. Согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би зодуулчихаад Ч*********ээ рүү залгахад намайг зодсон гэх залуучуудыг таньж байсан утсаар яриад  танай тэр залуучууд намайг зодчихлоо яаж юм гэж Ч*********ээд хэлтэл цаанаа та нар тэр миний машинд суусан дүү гэх охиндоо танай нөхөр зодсон байна гэж утасны цаанаас сонсогдоод байсан. Би шүүх шинжилгээнд үзүүлнэ. Би сэтгэцэд учирсан хор уршгийн  хохирлоо  тогтоолгохгүй. Тухайн өдрийн маргааш өглөө нь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээ авсан. Эмчилгээний зардал төлбөрийг гаргуулж авмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 33 тал/,

             Гэрч Б.Ц*******дийн өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 26-ны орой 22 цаг болж байхад би эхнэр М*****ныг дагуулаад гуравдугаар хороонд Б***р гэдэг айлд очиж хамт Хараа нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад архи дууссан чинь О*****м 1 хүнтэй утсаар ярьж байгаад ганц шил архи аваад ирье гээд гараад явсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа О*****м гүйж орж ирээд танай эхнэрийг машинтай хүн аваад явчихлаа гэхээр Т******н бид 2 араас гараад 3-4 багт байдаг гэрлэн дохио хүртэл яваад байхгүй байхаар нь буцаад ******дэлгүүрийн урд ирээд 2 цаг гаран эхнэрийг хүлээж байтал хойноос нэг машин аймаар хурдан явж ирээд Б***р ахын үүдэнд хальт зогсоод цаашаа хөдлөөд явсан. Тэгсэн чинь  Т******н танай эхнэрийг авч явсан машин байна гээд араас нь яваад халуун усны хажууд Б***р ахын гадаа ирээд зогссон. машины араас хөөгөөд мухар гудамж руу явж ороод зогссон. Тэгээд Т******н машинаасаа буугаад урд зогссон машины хаалгыг онгойлгоод манай найзын эхнэрийг  2 цаг гаран авч явлаа хүүхэд нь уйлаад байхад гээд гарынхаа ар  талын хэсгээр 1 удаа хальт цохисон. Тэгэхээр нь би машины гадаа зогсож байгаад Т******нг салгаад машинд суулгаад Б***р ахын гэр рүү ороод эхнэрийг хаагуур явж байгаад ирж байгаа юм гэж асуухад ******дэлгүүр дээр байж байхад нэг машинтай танихгүй хүн намайг машиндаа суулгаад арын тал дээр аваачаад хөх, гуяа хэсгээс бариад хоёулаа буудал орох уу гээд байхаар нь за тэгье гээд айлаас юм аваад гараад ирье гээд зугтааж орж ирлээ гэж надад хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ Б***р ахын гэрт хоноод өглөө гэртээ харьсан. Би архи уусан байсан. Тухайн асуудлын талаар сайн санаж байгаа. Би тухайн хүнд гар хүрээгүй. Т******н тэр 2-ыг маргалдаад байхаар нь болиулсан. Т******н архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.  Үгүй.  М*****ныг нэг хар машинтай хүн аваад явсан гээд орж ирсэн. Т******н Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг гэсэн. Ямар ажил хийдэг талаар сайн мэдэхгүй байна. Т******н тухайн хүний машины хаалгыг онгойлгоод гарын ар талын сарвуу хэсгээр 1 удаа цохисон. Тэгтэл нөгөө хүн машинаасаа бууж ирээд барьцалдаад авахаар би Т******нг салгаж аваад машинд суулгасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

            Хохирогч Д.Г********хийн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ авсан 300,000 төгрөгийн баримт /хх-ийн 35 тал/, 

           Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай: “...Д********н Г*****н биед баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын хоншоорын дээд ханын хугарал, хоншоорын хөндийд цус хуралдалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих, боох үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн 22-23 тал/,

            Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлт /хх-ийн 58, 63 тал/,

            Шүүгдэгч Г.Т**********нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 6 дугаар сард тухайн өдрийн орой 22 цагийн үед нэг таньдаг хуураа ахынд сууж байсан чинь гаднаас манай хүргэн ах Ц*****д орж ирээд эгчийн чинь нэг цагаан машинд суулгаад аваад явчихлаа гэж хэлсэн хүргэн ах бид хоёр араас нь хайгаад явж байсан чинь Мөрөн сумын ****** тоот хашааны өмнө нэг цагаан машинтай хүн манай эгч М*****нг буулгаад цаашаагаа зугтаасан тэхээр нь бид хоёр араас хөөгөөд явж байсан чинь тухайн цагаан машинтай хүн мухар гудамд ороод зогссон тэхээр би бууж очоод машины хаалгыг нь онгойлгосон чинь нэг намхан шар залуу зүгээр юу ч болоогүй юм шиг машиндаа сууж байхаар нь та айлын эхнэрийг нэг цаг орчим авч явлаа гэж хэлсэн чинь тухайн залуу би зүгээр тал дээр юм яриад сууж байгаад ирлээ гэж хэлсэн бид хоёр нэг хэсэг хэрэлдсэн би машинаас нь татаж буулгасан чинь муухай хоолойгоор “хүн аллаа амь авраарай” гэж муухай орилохоор нь цочоод тухайн залуугийн баруун нүд рүү нь нэг удаа цохисон чинь тухайн залуу би одоо яаж ажилдаа явах юм бэ Би өмнө нь цагдаад ажиллаж байсан чамайг шоронгийн хадаас болгоно гэж орилсон манай хүргэн ах хажуугаас наад нөхрийн чинь нүд хөхөрсөн байна. Хоёулаа явъя гэж хэлээд намайг аваад явсан. Эгчийг нэг цаг орчим гадуур авч авахаар нь уур хүрээд биед нь халдах шалтгаан болсон. Би архи уугаагүй 2 жил болж байна. Тухайн үед архи дарс уугаагүй байсан. Г******н баруун талын нүд хөхөрсөн байдалтай үлдсэн. Би Г******х гэх хүнтэй уулзаагүй хохирол нөхөн төлбөртэй холбоотой зүйл надтай өөрөө яриагүй. Би Г*****хийн биед халдсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 46-47 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судалснаар хангалттай нотлогдож байна.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ариунсанаа гаргасан санал дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунсанаа би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдогч Г.Т**********нд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Т**********н нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв халуун усны гадаа хохирогч Д.Г********хтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж биед нь баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын хоншоорын дээд ханын хугарал, хоншоорын хөндийд цус хуралдалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хохирогчийн мэдүүлэг, гэрч н.Ц*****дийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай дүгнэлт зэрэг эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Т**********н нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв халуун усны гадаа хохирогч Д.Г********хтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон үйл баримт тогтоогдсон. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд мөн иргэний болон улс төрийн тухай олон улсын фактаар баталгаажуулсан байдаг. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн цохих үйлдэлтэй шууд холбоотой байх бөгөөд шүүгдэгч Г.Т**********н нь хохирогчийн халдашгүй эрх чөлөөнд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол, хор уршиг учруулсан байна. Иймд шүүгдэгч Г.Т**********нгийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Т**********н нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Г********хийн өгсөн мэдүүлэг, гэрч  Б.Ц*******д, нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргах тухай хүсэлт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Т**********н нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв халуун усны гадаа хохирогч Д.Г********хтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, нүүрэн тус газарт нь  цохиж биед нь баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын хоншоорын дээд ханын хугарал, хоншоорын хөндийд цус хуралдалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Т**********нгийн хохирогч Д.Г********хийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т**********н нь  Д.Г********хийн бие эрх чөлөөнд нь халдаж, нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун гуянд цус хуралт, баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын хоншоорын дээд ханын хугарал, хоншоорын хөндийд цус хуралдалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлыг хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Г.Т**********нгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г********хийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Т**********нгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Т**********н нь гэм буруугийн талаар маргаагүй,  Д.Г********хийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Т**********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Г.Т**********нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Д.Г********хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Г********х нь эмчилгээ үйлчилгээ авсан зардал 300.000 төгрөг нэхэмжилж  нотлох баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт: “..би гомдолтой байна, 300,000 төгрөгний баримт хэрэгт байгаа..” гэх мэдүүлэг өгч байх тул хохирогч Д.Г********хийн эмчилгээ үйлчилгээ авсан зардал 300,000 төгрөгийг  шүүгдэгч Г.Т**********нгээс гаргуулж хохирогч Д.Г********хэд олгох нь зүйтэй байна.

           Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,336,796 төгрөгийг шүүгдэгч Г.Т**********нгээс нэхэмжилж, хэрэгт холбогдох баримтыг  хавсаргасан ирүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,336,796 төгрөгийг  шүүгдэгч Г.Т**********нгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Т**********нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Т**********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Т**********нгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ариунсанаа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Т**********нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 2,336,796 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч нь хохиролтой холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт дагаж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна..” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т**********н өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “..Би зуны 3 сар л ажилладаг. Би хугацаа өгвөл хохирлыг нь бүрэн төлж барагдуулна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Т**********нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/, шүүгдэгчийн цалин орлого зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Т**********нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т**********нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Т**********н нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Г.Т**********нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т**********н нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

           ТОГТООХ нь:

           1.  Шүүгдэгч Ш****д овогт Г********н Т******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г********н Т******нг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т**********нд оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм) цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Г.Т**********н нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүгдэгч Г.Т**********нд оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

             5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч  Г.Т**********с  300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г********д, 2,336,796 (хоёр сая гурван зуун гучин зургаан мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд тус тус олгосугай.

             6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т**********н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч  Г.Т**********нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН