Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Н.Т-д холбогдох эрүүгийн 1720001190049 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь архи ууж согтуурсан  үедээ 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд сумын 2 дугаар баг Д.Г-той маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “би 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өглөө ажлаасаа буугаад өөрийн найз Г-той утсаар яриад би Хилийн гудамжинд байх Г-н гэрт очиход Г нь гэртээ ганцаараа байсан, Г нь ойролцоох дэлгүүрээс Охь нэртэй 0.5 литрийн архи аваад тэдний гэрт нь бид 2 хувааж уугаад архи дууссан, тэгээд Г нь дахин Охь нэртэй архи аваад бид 2 шил архи хуваагаад уучихаад би гэррүүгээ явсан, гэртээ очоод хэсэг байгаад уух санаатай эргээд Г-н гэрт очсон чинь тэрээр гэртээ хэвтэж байсан намайг харчихаад босоод ирсэн, би дахиад архи байна уу? гэсэн чинь тал шил архинаасаа надад хийж өгөөд түүнийг нь мөн хуваагаад уусан, тэгээд бид 2 хэн хэн нь согтуу байсан бөгөөд Г нь намайг архи авахгүй байна дандаа надаар архи авахуулж уудаг гэх мэт зүйлээс болоод маргалдсан, Г нь намайг зайл гээд гэрээсээ хөөгөөд бид гэрээс нь гараад байшингийн үүдний амбаарт барьцалдаж аваад би түүний баруун талынх нь хөмсөг нүдэн тус газарт нь гараараа 1 удаа цохисон чинь Г нь канистр тээглээд ойчоод өгсөн тэрээр эргээд босоод ирсэн чинь түүний баруун хөмсөг тус газраас нь цус гарч байхаар нь тэр чигт нь хаячихаад гэррүүгээ яваад өгсөн, тэгээд би гэртээ очоод цайгаа уух гээд сууж байтал цагдаагийн албан хаагчид ирээд Г гэх хүн гомдол гаргасан та түүний зодсон байна гэсэн тэгээд намайг Цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд хийсэн. Би Г-н баруун нүд хөмсөгөнд тус газарт нь гараараа 1 удаа цохиж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, би дахин ийм хэрэг үйлдэл хийхгүй буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид маргалдаж муудалцаж байгаагүй, сайхан найз нөхдийн холбоотой байдаг, бид 2 нэг нутгийн, Хэнтий аймгийн гаралтай манай 2 гэр ойрхон байдаг, байнга л орж гардаг байсан. Би эмчилгээний 15.000 төгрөг, шүүх шинжилгээний 8000 төгрөг төлсөн байгаа, тухайн асуудал болсоноос хойш Г нь манайд шартсан бололтой гар хөл нь салгалсан яг үхлээ 100 грам байна уу? гээд ирсэн би 0.75 литрийн Ерөөл архи авч өгсөн чинь хамт ууя гэхлээр нь үгүй ээ би уухгүй гэсэн, тэгээд би Г-д хандан би дараа мөнгөний боломж гарвал хэдэн төгрөг өгнөө гэсэн чинь Г нь надад хэлэхдээ “ Би чамаас мөнгө авахгүй ээ “ гэхлээр нь тэгээд цагдаад өгсөн талаар асуусан чинь зүгээр хашрааж байна гэх мэтийн зүйл яриад явсан түүнээс хойш уулзаагүй, уулзах гээд гэрээр нь хэд хэдэн удаа очсон чинь согтуу байгаад байхаар нь би уулзахгүй яваад байгаа юм гэжээ. /хх-ийн21-22/

Шүүгдэгч Н.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв учраас ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа. Хохирогчид оёдол тавиулахад 15,000 төгрөг, шинжилгээнд хамрагдахад 8,000 төгрөг төлсөн. Би сумын 3 дугаар цэцэрлэгт манаачийн ажил хийдэг, эхнэр маань төмөр замд ажилладаг. Иймд надад торгуулийн ял оногдуулж өгнө үү, прокурор ялын санал танилцуулахад ар гэрийнхэнтэйгээ сайн ярилцаж амжаагүй байсан юм. ” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 09 сарын 14-ний өдөр гэртээ байж байсан чинь манай найз Н.Т манайд ирсэн тэрээр шинэ машин аваад удаагүй байсан. Бөгөөд би түүнд машиныг  нь мялаагаад 1 ширхэг Охь  нэртэй архи авч өгөөд дахин  1, 2 шил архи авч өгөөд бид хоёр хувааж уусан юм. Тэгээд архи уусан хүмүүс яг ямар асуудлаас болсон эсэхийг санахгүй байна. Бид манай үүдний тамборт маргалдаад Н.Т нь намайг цохих шиг болсон гэтэл миний баруун нүдний хөмсөгнөөс  цус гараад би канистр дээр тээглээд унасан, миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй болохоор нь би эмнэлэг дээр ирээд оёдол  тавиулсан. Д.Г миний биед учирсан гэмтэл одоо зүгээр болсон, ямар нэгэн өвчин зовлонгүй болсон.  Би Т-г зодож цохиогүй. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд суухгүй гэсэн “ мэдүүлэг /хх-ийн 8-9/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл /хх-ийн 3/

2017 оны 09 сарын 14-ний өдрийн 1098 дугаартай яаралтай тусламжийн хуудас  /хх-ийн 13-14/

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 18-ны өдрийн “ 1. Д.Г-н биед баруун хөмсгөнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 131 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 15/

Шүүгдэгч Н.Т нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/

Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан“  Би 2017 оны 09 сарын 14-ний өдөр Т-д зодуулж гомдол гаргасан билээ. Одоо би Т-д  гаргах гомдол санал байхгүй. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 32/

Шүүгдэгч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би  2017 ооны 09 сарын 14-ний өдөр Г-той хамт архи ууж байгаад муудалцсан. Тэгээд баруун хөмсөгний  дээд талыг яз цохисон нь үнэн. Дахин архи дарс ууж ийм хэрэг үйлдэхгүй би гэмшиж байна. Ийм энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 31/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 33/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Т нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд сумын 2 дугаар баг Хилийн 1-15 тоотод хохирогч Д.Г-той “ бие, биедээ архи авч, өгдөггүй “ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Д.Г-н биед баруун хөмсгөнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  болон хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 131 тоот дүгнэлт зэргээр хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд  тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Д.Г-н эмчилгээнд оёдол тавиулахад 15,000 төгрөг, шинжилгээнд хамрагдахад 8,000 төгрөг төлж барагдуулсан байна. Хохирогч Д.Г нь одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо цагдаагийн байгууллагад болон шүүхэд илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Т-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч   Н.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД