| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0102/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1171 |
| Огноо | 2026-04-28 |
| Зүйл хэсэг | 117.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1171
2026 04 28 2026/ШЦТ/1171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн,
улсын яллагч Э.Намуун /томилолтоор/,
шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн **** тоот дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хороо, “Зүүн наран”-гийн 18-154 тоотоос хохирогч Ц**** өмчлөлийн гар утсыг авч яваад, 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр авчирч өгөхдөө тухайн гар утасны “Ариг” банкны интернэт банкнаас нь 5.360.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс доош хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч ****:
“...Тэмүүжин гэдэг залуу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “ахаа утсаар яриадахъя” гэж хэлээд миний гар утсыг гэрээс авч яваад тэр чигээрээ алга болоод 5 хоногийн дараа буюу 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр утсыг минь авчирч өгсөн. Тэгээд би яагаад ингэж алга болсон талаар асуухад ажил гараад машин тэргээ засаж байгаад хүрээд ирлээ гэсэн тэгэхээр нь би юу ч бодоогүй явж байсан чинь миний утсанд байдаг. Ариг банкны аппликейшн рүү навтарч 5,360,000 төгрөгийг авсан байгаа юм. Тэрийг би Ариг банкны теллерээс хуулгыг авч мэдсэн. Тухайн Ариг банкны аппликэйшнийг Тэмүүжин миний гар утас руу суулгаж өгч байсан яг миний гар утсыг авч явахаас хэдхэн цагийн өмнө суулгаж өгч байсан ба нэвтрэх нууц үгийг мэдэж байсан тэр хийж өгсөн. Миний данснаас аваад өөрийнхөө Голомт банкны 1705165067 дансны дугаар луу 4,600,000 төгрөгийг 3 дугаар сарын 25-ны өдөр, мөн данс руу 3 дугаар сарын 24-ний өдөр 595,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5029741871 дугаарын данс руу 160,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
“Ариг” банкны Ц.Уртнасан эзэмшигчтэй 210021002112003834 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Шүүгдэгч ****ий яллагдагчаар өгсөн:
“...2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Энхбаярын зам 18 гудамж 154 тоотод байх Уртнасан гэх хүний гэрт нь очсон. Тухайн хүнийг 2-3 жилийн өмнө таньдаг болсон. Тухайн өдөр Уртнасан ахын гэрт нь очих үед ах нь байрны мөнгө ч өгөөгүй байна хоёулаа доошоо банк оръё надад хадгаламж байгаа гээд удаагүй бид 2 Номин их дэлгүүрийн 3 давхарт байрлах Ариг банк орсон, тухайн хүний банк болохгүй байсан, банкны ажилтан гэх эрэгтэй цахимаар мөнгө авч болон та “Ариг банкны аппликэйшин” татчих гэсэн тул би утсан дээр нь Ариг банкны аппликэйш татаж суулгаж өгсөн, мөнгө авах зааврыг нь зааж өгсөн, энэ өдөр хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна. утсыг аваад тухайн Ариг банкны аппликэйшин рүү орох үед 600,000 төгрөг гарах боломжтой байсан тул 600,000 аваад өөрийн Голомт банкны 1705165067 тоот данс руу хийсэн, тухайн мөнгөөр өөрийн гар утасны төлбөрийг төлж үлдсэн мөнгөөр архи уусан, дахин 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Уртнасан гэх хүний гэрт очих үед Уртнасан, түүний хажуу хөрш гэх эрэгтэй эмэгтэй гурвуулаа уусан байж байхаар ахаа гар утсаа өгч бай, хүнтэй ярих гэсэн юм гэх үед дахин надад утсаа өгсөн би таны гар утсанд түр сим картаа хийе, та миний утсанд симээ хийчих гээд гар утсыг аваад явсан, дахин зээлийн аппликэйшин рүү нь орж 4,600,000 төгрөг авсан, тухайн мөнгөөр дахин архи ууж явсан, мөн оны 3 дугаар сарын 29-ний өдөр очиж гар утсыг өгөнгөө ахаа би дэлгүүр орж танд ганц шил архи авч өгье гэж хэлээд сим картаа солих үедээ үлдсэн 160,000 төгрөгийг дэлгүүрийн гадаа таарсан танихгүй хүний дансаар аваад АТМ уншуулж бэлэн мөнгө авсан, авсан мөнгөөрөө Уртнасан гэх хүнд Хараа 0,5 архи 1 шилийг авч өгөөд гар утсыг нь өгөөд өөрийн гэр лүүгээ явсан тухайн мөнгөөр мөн адил архи уусан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч **** нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч Ц.Уртнасанд 5.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 5.360.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Уртнасанд олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч **** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч **** нь:
2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хороо, “Зүүн наран”-гийн 18-154 тоотоос хохирогч Ц**** өмчлөлийн гар утсыг авч яваад, 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр авчирч өгөхдөө тухайн гар утасны “Ариг” банкны интернэт банкнаас нь 5.360.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс доош хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэнээс гаргасан өргөдөл гомдол, хохирогч Ц**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ариг” банкны Ц.Уртнасан эзэмшигчтэй 210021002112003834 дугаарын дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Уртнасанд 5.360.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч **** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 5.360.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч ****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн **** тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****г 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ий 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 11 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ээс 5.360.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Уртнасанд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ