| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0218/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/236 |
| Огноо | 2026-05-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Б.Б*****х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б*****н Б********д холбогдох эрүүгийн 2638000000200 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х***н о*****д овогт Б*****н Б********х,
Шүүгдэгч Б.Б*****х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б*****х нь 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1-р багийн нутагт байх “***” гэх газар нутгийн ойгоос түлш бэлтгэх зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 18 ширхэг, 1.50-2.57 метрийн урттай, 1.7 м3 хэрэглээний хуурай модыг цахилгаан хөрөө ашиглан унагаж, 3 ширхэг 7.3-10 метрийн урттай 0.3 м3 модыг хэрэглээний дүнз болгон бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 321,247 төгрөгийн хохирол, 963,741 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 тал/, мөрдөгчийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-21 тал/, мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 22 тал/, 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 23- тал/, мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 24-25 тал/, мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай санал /хх-ийн 26 тал/, 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 50 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29 тал/, мөрдөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 30-31 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.М*****н өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, гэрч П.Л*******н өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Т***г” ойн ангийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 тал/, А***ш ХХК-ний 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 926/916303 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-66 тал/ зэрэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б*****х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Б.Б*****х нь гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 321,247 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “**” ойн ангийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 963,741 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Б*****х нь байгаль экологид учирсан 963,741 төгрөгийн хохирол төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсэн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 107 тал/-д хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б*****хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*****хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б*****хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Б*****х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд шүүгдэгч Б.Б*****хын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 18 ширхэг, 1.50-2.57 метрийн урттай, 1.7 м3 хэрэглээний хуурай мод, 3 ширхэг 7.3-10 метрийн урттай 0.3 м3 хэрэглээний дүнз мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий, шүүгдэгчийн эзэмшлийн, ногоон өнгийн “Пад” нэртэй улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Б*****хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 285,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж заасан байх тул прокурорын 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Б*****хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий, шүүгдэгчийн эзэмшлийн, ногоон өнгийн “Пад” нэртэй улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг, 1.50-2.57 метрийн урттай, 1.7 м3 хэрэглээний хуурай мод, 3 ширхэг 7.3-10 метрийн урттай 0.3 м3 модыг хэрэглээний дүнз мод, шүүгдэгч Б.Б*****хын эзэмшлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*****х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*****ход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******д овогт Б*****н Б********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б*****н Б********г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*****д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*****х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б*****хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий шүүгдэгчийн эзэмшлийн, ногоон өнгийн “Пад” нэртэй улсын дугааргүй тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг, 1.50-2.57 метрийн урттай, 1.7 м3 хэрэглээний хуурай мод, 3 ширхэг 7.3-10 метрийн урттай 0.3 м3 хэрэглээний дүнз мод, шүүгдэгч Б.Б*****хын эзэмшлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй 1 (нэг) ширхэг цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж, улсын орлого буюу Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*****х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН