Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

Ц.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/21 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Ц.А-д холбогдох 2116000000136 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогтой Ц. А нь Монгол Улсын иргэн, халх, 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дотоод хэргийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 11- ... тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДМ022418... регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Ц.А нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Б эзэмшлийн “Ундаргын эх”  дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж эд зүйл хулгайлж хохирогч Д.Б-д нийт 1.993.350 төгрөгийн хохирол учруулсан,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц.Б эзэмшлийн “Гоё кейс” нэртэй дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлж, хохирогч Ц.Б-т нийт 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” захын 84 дугаартай Я.Х эзэмшлийн павилоноос 2021 оны 10 дугаар сарын 11-ээс 19-ний өдрийн хооронд үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлж, хохирогч Я.Х-д нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” захын зүүн талд байрлах Э.Д эзэмшлийн Жимсний бөөний төвд 2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоом ашиглан нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлж, хохирогч Э.Д-д нийт 1.107.000 төгрөгний хохирол учруулсан,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Шилэн захын 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Р.О эзэмшлийн “Есөн-Эрдэнэ” үнэт эдлэлийн дэлгүүрээс 2021 оны 10 дугаар сарын эхээр тавиуртай бөгжнүүд үзэж байгаад бусдын эд хөрөнгө болох 3 ширхэг мөнгөн бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Р.О-т 325.170 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Мон-Алтай” худалдааны төвийн тоглоомын талбайгаас иргэн Н.У өмчлөлийн “Iрhоnе 8” маркийн гар утас 1 ширхэгийг Б.Н цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 540.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгагджээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Ц.А-ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А холбогдох 2116000000136 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан элэгний нухаш 9 ширхэг, зочин хиам 15 ширхэг, зайдас 31 ширхэг, хар өнгийн 42 размерийн ботинк нэг хос, 121 см урттай, хоёр талдаа ир гаргаж хавтгайлсан лоом нэг ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, шүүгдэгч Ц.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллагдагч Ц.А-гийн үйлдсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь хавтаст хэргийн материалаас үзэхэд Р.О эзэмшлийн “Есөн-Эрдэнэ” дэлгүүрээс 3 ширхэг бөгж хулгайлсан үйлдэл, Н.У өмчлөлийн “Iрhone 8” маркийн гар утас хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан ба бусад 4 үйлдлийн 2 үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, 2 үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татсан байна. Улсын яллагч яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.А-гийн бүх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан 2 хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар үргэлжилсэн үйлдэл гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Р.О, Н.У нарын эд зүйлийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ирүүлсэн хэрэг, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилж ирүүлсэн хэргүүдийг нэг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

2. Прокурор шүүгдэгч Ц.А холбогдох хэргийг хүндрүүлж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ үндэслэлээ бичээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт болон тайлбартаа мөн үндэслэлээ тайлбарлаагүй болно.

Мөн Д.Б эзэмшлийн “Ундаргын-Эх” дэлгүүрээс эд зүйл хулгайлсан үйлдэлд анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. /1ХХ104-106/ Уг тогтоолд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж шүүгдэгч Ц.А-г тухайн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж өөрчлөлт оруулсан /2ХХ202-203/ атлаа яллах дүгнэлт үйлдэхдээ тогтоох хэсэгт “...тээврийн хэрэгсэл ашиглаж, эд зүйл хулгайлж хохирогч Д.Б-д 1.993.350 төгрөгний хохирол учруулсан” /2ХХ214/ гэж зөрүүтэй бичсэн байна.

3. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татчихаад яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар буюу хүндрүүлж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэл болж байна.

4. Мөн шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ц.А-гаас тодруулж асуухад “....Б-ын дэлгүүр, жимсний дэлгүүр хоёроос хулгай хийхдээ тээврийн хэрэгсэл ашигласан” гэж мэдүүлдэг. Хавтаст хэргийн материалаас үзэхэд шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 2 удаа ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэх үүргээ мөрдөн байцаагч, прокурор хийж ирүүлээгүй байгаа бөгөөд тус ажиллагааг шүүх хуралдааны үед гүйцэтгэх боломжгүй байна.

5. Есөнбулаг сумын Оргил баг Өнөр хорооллын 3 дугаар байрны 1 давхарт хийсэн үзлэгээр шүүгдэгч Ц.А-гийн хулгайлсан эд зүйлийг хураан авсан тэмдэглэл үйлдээгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон ба эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдтэй тулгалт хийж үзэхэд snikers /том/ шоколад 18 ширхэгийг хураан авснаас 7 ширхэгийг хүлээлгэж өгсөн 11 ширхэг дутуу, Caster нэртэй тамхи 5 ширхэгийг хураан авснаас 3 ширхэгийг хүлээлгэж өгсөн. 2 ширхэг дутуу, mevius тамхи 1 ширхэг зэргийг хүлээлгэж өгөөгүй байдал харагдаж байна. Мөн хохирогч Д.Б дэлгүүрээс алдагдсан хохирол 2.039.050 төгрөг байхад 1.993.350 гэж яллах дүгнэлтэд дурдсан шүүгчийн захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

-Прокурорын зүгээс Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/21 дугаартай захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Учир нь: Шүүгчийн захирамжийн нэгдүгээрт дурдагдсан асуудлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан. Яллагдагч Ц.А-гийн хувьд нийт 6 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Тухайн гэмт хэргүүдийг яллагдагч Ц.А нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж байна.

 

-Прокурорын зүгээс яллагдагч Ц.А-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Б эзэмшлийн “Ундаргын эх” гэх дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж, эд зүйл хулгайлж хохирогч Д.Б-д нийт 1.993.350 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уг хэргийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.А-г тухайн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж өөрчилсөн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ яллах дүгнэлтийн утга хэсэгт “..Яллагдагч Ц.А нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Б эзэмшлийн “Ундаргын эх” гэх дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж эд зүйл хулгайлж хохирогч Д.Б-д нийт 1.993.350 төгрөгний хохирол учруулсан...” гэж оруулсан ба тээврийн хэрэгсэл ашиглаж, гэж /, таслал/ тавиагүй болно. Мөн энэ зүйл ангийн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэдэг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол хэрэгт авагдсан байхад үүнийг шууд утгаар нь ингэж ойлгох нь өрөөсгөл ойлголт болжээ. Яллагдагч Ц.А-гийн хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа хулгайн эд зүйлийг хэргийн газраас зөөвөрлөснийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

-Шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь прокурорын зүгээс эрүүгийн 2116000000136 дугаартай хэрэгт 5 хэрэг нэгтгэсэн. Энэ нэгтгэсэн хэргүүдийн “..Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” захын зүүн талд байрлах Э.Д эзэмшлийн “Жимсний бөөний төв”-д 2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоом ашиглан нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлж, хохирогч Э.Д-д нийт 1.107.000 төгрөгний хохирол учруулсан...” гэх үйлдэлд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба тухайн хэрэгт прокурорын зүгээс тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаагүй болно.

Тиймээс Ц.А холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар буюу хүндрүүлж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

-Шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь прокуророос Эрүүгийн 2116000000147 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, Ц.А-г яллагдагчаар татахдаа “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ-Алтай” захын зүүн талд байрлах Э.Д эзэмшлийн “Жимсний бөөний төв”-д 2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоом ашиглан нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлж, хохирогч Э.Д-д нийт 1.107.000 төгрөгний хохирол учруулсан...” гэх үйлдэлд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар, “тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл буюу лоом хэрэглэж” гэж, эрүүгийн 2116000000136 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, Ц.А-г яллагдагчаар татсан тогтоолд “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уг хэргийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.А-г тухайн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж өөрчлөлт оруулж, тээврийн хэрэгсэл ашиглаж, эд зүйл хулгайлсан гэдгийг өөрчилсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “...машин механизм ашиглаж үйлдсэн...” гэдэгт хулгайлах гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Тиймээс яллагдагч Ц.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох мотоциклийг хураан авах, битүүмжлэх шаардлагагүй тул шүүгчийн захирамжинд дурдсан асуудал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

-Шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Есөнбулаг сумын Оргил баг Өнөр хорооллын 3 дугаар байрны 1 давхарт хийсэн үзлэгээр шүүгдэгч Ц.А-гийн хулгайлсан эд зүйлийг хураан авсан тэмдэглэл үйлдээгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон ба эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдтэй тулгалт хийж үзэхэд snikers /том/ шоколад 18 ширхэгийг хураан авснаас 7 ширхэгийг хүлээлгэж өгсөн 11 ширхэг дутуу, Caster нэртэй тамхи 5 ширхэгийг хураан авснаас 3 ширхэгийг хүлээлгэж өгсөн. 2 ширхэг дутуу, mevius тамхи 1 ширхэг зэргийг хүлээлгэж өгөөгүй байдал харагдаж байна. Мөн хохирогч Д.Б дэлгүүрээс алдагдсан хохирол 2.039.050 төгрөг байхад 1.993.350 гэж яллах дүгнэлтэд дурдсан шүүгчийн захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөрдөгчийн зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил багийн Өнөр хороолол 3 дугаар байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-14 дүгээр тал/-д авагдсан. Тухайн үзлэгийн явцад хулгайд алдагдсан эд зүйлүүдийг хураан авсан ба уг мөрдөгчийн хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай тогтоол /1-р хх-ийн 16-18 дугаар тал/-д авагдсан.

Мөн хохирогч Д.Б дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлүүдэд “Ашид-Билгүүн” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-421/2080 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт үнэ 1.993.350 төгрөг...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 88-91 дүгээр тал/, “Ашид-Билгүүн” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-621/2115 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт үнэ 45.700 төгрөг...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 97-99 дүгээр тал/-д авагдсан прокурорын зүгээс хэргийн утга дээр эхний дүгнэлтийн хохирлыг бичсэн байна. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.А хохирогч Д.Б-д 2.039.050 төгрөгний хохирлыг бүрэн төлж барагдуулсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан байна.

 

Мөн шүүгчийн зүгээс хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаас хянан хэлэлцэх үед хохирогч Н.У-д хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хохирогч Н.У нь хэргийг шүүхийн шатанд байхад “Iphone 8” маркийн гар утсаа авна гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Тиймээс нотлох баримт шинжлэн судлах шүүх хуралдааны үед шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаад тухайн эд мөрийн баримт болох гар утсыг хохирогчид хүлээлгэн өгөхөд буруутах зүйл байхгүй гэж хэргийн эцэслэн шийдвэрлээгүй байхад эд мөрийн баримтыг хохирогчид буцаан олгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална.” Мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан “Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэхээр бол тэдгээрийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хадгална” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд яллагдагч Ц.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/21 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэнээ дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Энэ хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулалгүй орхигдуулсан, уг ажиллагааг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тодруулан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Прокуророос Ц.А-г 2021 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Б эзэмшлийн “Ундаргын эх” дэлгүүрээс эд зүйл хулгайлж 1.993.350 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан боловч хожим нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор өмнөх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоос Ц.А-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа “машин механизм ашигласан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан байна.

 

Гэтэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Ц.А-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж эд зүйл хулгайлсан гэж дүгнээд Ц.А-гийн үйлдсэн гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосон байна.

 

Мөн прокуророос Ц.А-гийн Р.О, Н.У нарын эд зүйлийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татсан боловч яллах дүгнэлтэд шүүгдэгчийн бүх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн байна.

 

Энэ яллах дүгнэлтээс прокурор яллагдагчийн үйлдлийг машин механизм ашигласан гэж хүндрүүлж зүйлчилсэн гэж ойлгогдохоор байна.

 

Прокурор яллагдагчаар татах үед яллагдагчийг буруутгаж байсан үйлдэл, зүйл ангийг өөрчилсөн шалтгааныг тайлбарлаж, танилцуулалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэний үндсэн дээр сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгах заалт зөрчигдсөн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хулгайн үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлийг тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж үздэггүй.   

Өөрөөр хэлбэл тухайн машин механизмын зориулалт, хэрэглээний ашигтай чанар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед гэмт этгээдийн зорилгоо гүйцэлдүүлэхэд хэрэглэгдсэн эсэх, тухайн машин механизмгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан эсэх нь машин механизм ашигласан эсэхийг тогтооход ач холбогдолтой байдаг. Энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй.

Хулгайн эд зүйлийг тээврийн хэрэгсэлээр авч явсан үйлдэл бүрийг зөвхөн шүүгдэгчийн өөрийнхөө эсрэг өгсөн тээврийн хэрэгсэл ашигласан талаарх мэдүүлэгт үндэслэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь учир дутагдалтай бөгөөд тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай байдлаар шийдвэрлэж байх шаардлагатай юм.

Түүнчлэн мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд тусгаж эд зүйлийг хураан авч энэ ажиллагааг мөрдөгч хүчинтэйд тооцуулахаар прокурорт санал гаргасныг прокурор хүлээн авч хүчинтэйд тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Гэвч уг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, түүнийг хүчинтэйд тооцуулах санал, хүчинтэйд тооцох прокурорын тогтоолуудад Ц.А-гийн хулгайлсан эд зүйл байж болох том snikers шоколад 18 ширхэгийг, caster тамхи 5 ширхэгийг, mevius тамхи зэргийг хураан авсан боловч уг эд зүйлсийг хохирогчид хүлээлгэж өгөхдөө snikers шоколад, caster, mevius тамхи зэргийг дутуу хүлээлгэж өгсөн, хохирогч Д.Б дэлгүүрээс алдагдсан эд зүйл 2 039 050 төгрөг байхад яллах дүгнэлтэд 1 993 350 төгрөг гэж зөрүүтэй бичсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой бөгөөд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудад заасан байдлуудыг нотолсон байх шаардлагыг зөрчжээ.

Тиймээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийн бодит байдлыг нөхөн тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Мөрдөгч, шүүгч хохирогч нарын хулгайд алдагдсан зарим эд зүйлсийг хэрэгт бэхжүүлсний үндсэн дээр хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан өмчлөгчид нь буцаан олгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зорилгод нийцэж байгааг дурьдах нь зүйтэй.

 

Хэргийн талаар нотолбол зохих дээр дурдсан байдлуудыг хангалттай, бодитой тогтоосны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдлүүдэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилж  эцэслэн шийдвэрлэх боломжтой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Б-гийн гаргасан эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч,  үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ц.А-д холбогдох 2116000000136 дугаар эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.Б

 

                         ШҮҮГЧИД                         Т.Ж

 

                                                     Ч.Э