Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн  хамт амьдрах, хэрэгт холбогдох үедээ  БНХАУ-д тогоочийн ажил хийдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Б овогт Ч.Ч-д холбогдох эрүүгийн 201701000140 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Ч.Ч нь 2017 оны 06 дугаар сарын 28-29-ний хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах “Бүрэг эрэг” зочид буудалд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан улмаар хамт байсан Т.Ж, С.Б, Т.М, Б.Б нарт өгсөн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ч-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би БНХАУ-н Tянжин хотод байх Монголяа нэртэй хоолны газарт тогоочоор ажилладаг байсан юм. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-н Эрээн хотын боомтоор Монгол-Улсын Замын-Үүд суманд Б-н эхнэр Б-н хамт ирсэн Хятадад 1 сар болсон болохоор штамп даруулаад буцаад БНХАУ-руу явах байсан юм. Замын-Үүд сумын “Бүрэг Эрэг” зочид буудалд Б-н найз Ж гэх эмэгтэй өрөө авсан байгаа гэхээр нь буудалд нь цуг ирээд Б, Ж бид гурав 2.5 литрийн савалгаатай пивоноос 7–8 ширхэгийг дэлгүүрээс авч уусан. Ер нь бол урдаас уучихсан орж ирсэн. 20 цагаас 21 цагийн орчим би ганцаараа дэлгүүрээс тамхи авахаар буудлаас гарч 1 дүгээр сургуулийн баруун талын явган хүний замаар явж байтал явган хүний зам дээр бөөрөнхийлсөн гялгар ууттай зүйл байхаар нь халаасандаа хийчихсэн тамхи авчихаад, дэлгүүрээс нэг том савтай пиво аваад буудалдаа эргэж очсон. Ингээд нөгөөхөө задалж үзэхэд өвс шиг нунтаг зүйл байсан.  Тэгээд  Б, Ж хоёрт энэ хар тамхины төрлийн ургамал юм шиг байна гэж хэлсэн, ингээд бид гурав тамхи үйрүүлж асгаад оронд нь өвсөө хийгээд татсан. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өглөө буудлаас гараад хоолны газраас хоол захиалж аваад буудалдаа ороход М, Б нар ирчихсэн, бас  цагдаагийн алба хаагчид ирчихсэн байсан. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Залуу хүний ирээдүйн зорилгыг бодоод хөнгөн ял оногдуулж өгнө үү”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 101/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-9/

“ Хэргийн газрын үзлэгээр  хураан авсан  хатааж бэлтгэсэн /нунтагласан/  өвс мэт  зүйлийг  Замын-Үүд  дэх гаалийн газрын лабораторийн “Sartoris” нэртэй  химийн  бодис жигнэдэг баталгаат  жин дээр жинлэхийн тулд зиплок уутсанд савлан  жинлэж үзэхэд 7,95 гр гэж заасныг тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн авсан “ гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх  бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестийг Г.М, Ч.Ч, Т.Ж, Б.Б, С.Б нарт ашигласан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 12-18/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49/

6,07 грамм мөнгөлөг цаас, 7,95 грамм өвс мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 52/

Гэрч Ю.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хилээр нэвтэрч байгаа зорчигчдийн бичиг баримтыг гаалийн шалгах эрхгүй мөн зорчигч болгоны биед үзлэг хийдэггүй харин сэжигтэй болон мэдээллийн дагуу зорчигчийн биед сонгон шинжтэй  хийдэг, ачаа тээш ,гар тээш рентген аппратаар ордог дээр граммын жинтэй ургамлыг рентген  аппаратаар илрүүлэх боломжгүй байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/

Гэрч  Т.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би БНХАУ-ын Хөх хотод эрхэлсэн тодорхой ажилгүй амьдардаг. Сар бүр штамб даруулахаар Монгол улс Замын-Үүд сумын боомтоор дамжаад буцдаг. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрээн, Замын-Үүд боомтоор ганцаараа орж ирээд Б-руу нэг танихгүй жолоочийн утасыг гуйж аваад Б-н хятад дугаарлуу холбогдоод миний утасыг аваад ир би энд буудал аваад байж байя гэж ярьсан. Тэгээд би “Бүрэг эрэг” нэртэй зочид буудлын 206 тоот 1 өрөөг 1 хоногийн 35,000 төгрөгөөр 2 хоног 70,000 төгрөгөөр түрээсэлсэн. Маргааш өдөр нь буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны 14 цагийн үед Б, Ч нар “Бүрэг эрэг” зочид буудалд ирсэн. Ч-г би өмнө танихгүй учир найз Б-р дамжуулан танилцсан Ч-г дэлгүүрлүү пивонд явуулаад 2 ширхэг 2 литрийн Нийслэл пиво авчруулан бид 3 хувааж ууж өдөржингөө хамт буудлын өрөөндөө байж байгаад оройн 21 цагийн үед Ч тамхи, пивонд гараад ирье гэж хэлээд гараад явсан. Б бид 2 үлдсэн пивоо уугаад үлдсэн. Ч 20-30 минутын дараа ийм юм оллоо гээд цагаан өнгийн торонд боосон өвс гаргаж ирсэн. Б наадах чинь юу юм бэ гэж асуух Ч хар тамхи байдаг юм тэр өвс гэдэг нь юм шиг байна би олсон юм гэж хэлсэн Ч парламентийн 1 ширхэг тамхийг доторхыг нь үүрүүлж гаргаад тэр хар тамхи гэх өвсийг дотор нь хийгээд 3-уулаа хуваагаад, татсан. 1 ширхэгээс илүүг дахиж татаагүй юм. Орой нь тасарсан юм шиг байна лээ тэгээд нэг мэдэхэд өглөө болсон байсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд надад манай найз Б-с хотруу явах зардалын мөнгө 35,000 төгрөгийг дансаараа авахаар Б-г үлдээгээд Ч-н хамт хоолны юм аваад буцаад орж ирэхэд цагдаагийн байгууллагын хүмүүс орж ирсэн шалгаж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/

Гэрч  С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр М-н хамт БНХАУ-ын Эрээн хотын боомтоор Монгол улс Замын-Үүд суманд 11 цаг 40 минутын орчим штамбаа даруулаад эхнэртэйгээ уулзах зорилгоор ирсэн. Өмнөх өдөр эхнэр Б миний  хятад дугаарлуу “Бүрэг эрэг” зочид буудалд байна гэж ярьсан. Замын-Үүд сумын “Бүрэг эрэг” зочид буудалд эхнэр Б найз Ч нартай уулзахаар 11 цаг 50 минутын үед М-н хамт орж ирэхэд Б өрөөндөө ганцаараа унтаж байсан. Өрөөнд орж ирээд ойр орчимоо харахад зурагтын тавиурын хажууд ууттай зүйл байсан. Б нойрмог унтаж байхаар нь энэ юу юм гэж асуухад мэдэхгүй өвс гэж байсан. Тэгэхээр нь буудлын өрөөний ширээн дээр байсан 1 шир Парламент тамхины дотор талын тамхийг нь асгаад ууттай өвсийг нь сонирхоод цаасанд нь хийгээд М-тай цуг гарья гээд Бүрэг эрэгээс гараад буудлын хойгуур тойрч гараад хуваагаад татчихаад хажуугийн хүнсний дэлгүүрээс Нийслэлийн том савтай 2 литрийн пиво аваад буудалдаа М-н хамт орж ирэхэд Б ганцаараа унтаж байсан. Тэгээд М бид 2 пиво уугаад сууж байхад гаднаас цагдаагийн газрын хүмүүс шалгахаар орж ирээд хар тамхины өвс байна гээд цагдаагийн газарлуу дагуулж явсан. Ч, Ж нартай ирчихээд уулзаж амжаагүй байсан. Ч БНХАУ-ын Дөрвөд хошуунд хоолны газар цуг ажиллаж байхдаа танилцаж байсан юм. Харин Ж-тай өмнө нь уулзаж байгаагүй танихгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58/

Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 11-12 цагийн орчим найз Б-н хамт БНХАУ-ын Эрээн хотын боомтоор Замын-Үүд суманд орж ирсэн. Б-н эхнэр лүү буудлын 206 тоот өрөөнд орж ирэхэд Б орон дээр унтаж байсан. Өрөөнд зурагтны тавиурны дэргэд цагаан өнгийн уутанд өвс байсаныг Б аваад ширээн дээр байсан Б-с Б энэ юу юм бэ? гэж асуухад өвс юм шиг байна лээ гэсэн. 1 ширхэг парламент тамхин дотор өвсийг чихэж хийгээд гаръя гээд авч гаар зочид буудлын хойно бид 2 хувааж татсан. Буцаад буудалруу орохдоо мөнгөө бид 2 нийлүүлж гаргаад дэлгүүр орж Нийслэл пиво 2 литрийн савлагаатайгаас нь 1-ийг аваад буудлын өрөөндөө ороод Б бид 2-ийг пивонаасаа уугаад сууж байхад цагдаа нар орж ирсэн. Асуулт: Цагдаа нар та нарыг шалгахаар орж ирэхэд өвсийг хэн цүнхэнд хийсэн юм бэ? Хариулт: Цагдаа нарыг шалгахаар орж ирэхэд хэн цүнхэнд өвсийг хийснийг нь мэдэхгүй нэгжлэг хийх үеэр Б-н цүнхнээс өвс гарч ирсэн “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би БНХАУ-ын Эрээн хотын боомтоор Монгол улс Замын-Үүд суманд 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим танил болох Ч-н хамт хилээр орж ирсэн. Ч-г манай нөхөртэй хамт ажилладаг байснаас нь хойш таньдаг болоод 3 сар болж байна. Ч штамб даруулахаар ирсэн, би нөхөр Б-тай уулзчихаад Улаанбаатар хотруу гэрлүүгээ буцах зорилгоор орж ирсэн юм. Бид 2-ийг орж ирэхэд Ж гэх эмэгтэй найз Замын-Үүдэд “Бүрэг эрэг” зочид буудалд өреавчихсан гээд надруу залгахаар нь очсон юм. Ж-г хотод байхаас нь хойш 1 жилийн өмнө таньдаг байсан. Тухайн хэрэг болсон өдрөөс өмнө Эрээнд хэдэн удаа тааралдаж байсан. Утсаар ихэвчлэн мессэж бичиж ярьж харилцдаг байсан. Буудлын 206 тоот өрөөнд эмэгтэй найз Ж дээр Ч-н хамт орж ирсэн. Тэгээд Ж-г, Ч-той тухайн үед танилцуулсан. Өдөржингөө дэлгүүрээс пиво, хоолны газраас хоол аваад буудалдаа ууж идэж байгаад оройхон Ч гарлаа гээд ганцаараа гарж явсан. Ж бид 2 өрөөндөө үлдсэн тэр үед харанхуй болоод гэгээ тасарсан байсан. Хэдэн цаг болж байсныг нь тухайн үед пиво уусан байсан болохоор сайн анзаарж мэдээгүй. Ч 1 цагийн дараа буудлын өрөөнд орж ирэхдээ 1 Нийслэлийн 2 литрийн пиво, 1 хайрцаг Парламент тамхитай 19-20 цагийн орж ирсэн. Бид 3 уугаад сууж байхад Ч кармаанаасаа ууттай өвс гаргаж ирсэн. Наадах чинь юу юм бэ? гэж асуухад сургуулийн хажууд салхилж явж байгаад олсон гэж л хэлсэн. Яг хаанаас олсныг нь асуугаагүй би их согтолттой байсан учир тамхиа үйрүүлээд тухайн өвсөө 1 ширхэг тамхин дотор нь хийгээд 3-уулаа хувааж татсан. Ж бид 2 пивоо үргэлжлүүлээд уугаад дахиж өвсийг нь татаагүй байж байгаад 00 цаг өнгөрөөгөөд 01 цаг болохын алдад унтсан. Ч бид 2-ийг унтаж амарсны дараа нь унтсан байхаа. Өглөө нь 10 цагийн үед бид 3 сэрээд Ч, Ж 2 хамт хоол олж идээд банк орно гээд гарцгаасан. Намайг унтаж байхад 11 цаг 50 минутын орчим нөхөр Б, танил М-н хамт орж ирсэн. Б-г орж ирснээс хойш би үргэлжлүүлэн унтаж байсан нэг харахад пиво уугаад сууж байхад нь гаднаас цагдаа нар орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/

Гэрч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “миний хүү Ч нь төлөв даруй зантай, эхийн үгнээс гардаггүй, 10 жилдээ багш нарынхаа хайр халамжинд дунд өссөн юм. 11 дүгээр анги төгсөөд  Үндэсний  дээд сургуулийн  программ хангамжийн  ангид  суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд  хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад БНХАУ-ын Хөх хот явахын өмнө Ворд  телевизэд  ажиллаж байсан юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд энгийн тамхи хэрэглэдэг байсан. Хар тамхины зүйл хэрэглэж байгаагүй.  Хүүгээ залуу  хүн учир цаашид гэм буруугаа ухаарч засрах боломж өгөх үүднээс анх удаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг бодолцон хөнгөрүүлж хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 16-ны өдрийн “1.Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ.“7.95 гр” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамалд дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламж илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн 9x6 см хэмжээтэй мөнгөлөг өнгийн тугалган цаас, 30х20 см хэмжээтэй мөнгөлөг цааснаас тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй.

2.Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны “ Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг  гэсэн шинжээчийн 6548 тоот дүгнэлт /хх-ийн 89/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Ч 2017.06.29 16:00” гэсэн хаягтай шээс, “С.Б 2017.06.29 16:00” гэсэн хаягтай шээс, “Т.Ж 2017.06.29 17:20” гэсэн хаягтай шээс, “Г.М 2017.06.29 16:00” гэсэн хаягтай шээс, “Б.Б 2017.06.29 17:20” гэсэн хаягтай шээс хуванцар савтай дээжинд тетрагидроканнабинол/THCl-ын агууламж тус тус илрэв.

 3.Шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол/ THC tetrahydrocannabinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг” гэсэн шинжээчийн 6546 тоот дүгнэлт /хх-ийн 94/

Шүүгдэгч Ч.Ч нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Ч нь 2017 оны 06 сарын 28-ны өдрөөс 29-ний хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах “Бүрэг эрэг” зочид буудалд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, түүнчлэн Т.Ж, С.Б, Т.М, Б.Б нарт өгч, хамтдаа хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ч.Ч-н өөртөө хадгалсан, бусдад өгсөн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны “ Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6548 тоот дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан гэрч Т.Ж, С.Б, Т.М, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 6548 тоот дүгнэлт /хх-ийн 89/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 6546 тоот дүгнэлт /хх-ийн 94/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,  эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестийг Г.М, Ч.Ч, Т.Ж, Б.Б, С.Б нарт ашигласан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 12-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49/, 6,07 грамм мөнгөлөг цаас, 7,95 грамм өвс мэт  зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна түүний хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан журмыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болно.

Түүнчлэн шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон бусад түүнд нөлөөлж болзошгүй гадны хүчин зүйл, найз нөхдийн хүрээлэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-т заасан мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн 6,07 грамм мөнгөлөг цаас, 7,95 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч.Ч-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг гаралтай түүхий эдийг  хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Ч-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ч.Ч-т 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч  Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь 2 жил 6 сарын хугацаанд дээрх хязгаарлалтыг зөрчвөл  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож , ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсгийн 8.5,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн 6,07 грамм мөнгөлөг цаас, 7,95 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД