Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 46

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тамжидад холбогдох 1723000180020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт 1988 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ........................ ажилтай, ам бүл-... эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумд оршин суух хаягтай Б овогт Ц-ийн Т.

Шүүгдэгч Ц.Т нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б овогт Ц-ийн Т нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт байрлах Цэргийн ангийн ажилчдын хашаанд өөрийн эхнэр Н.Б-ийг машины түлхүүр өгсөнгүй гэх шалтгаанаар өшиглөж, таягаараа цохиж зодсон, мөн Н.Б-ийг зодож цохих үйлдлээ таслан зогсоохыг шаардсан Д.С-ийн толгой руу таягаараа цохисон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Н.Б-ий “... Тамжид машины түлхүүр өгөөдөх гэсэн... би түлхүүрийг гэрээс аваад Т-д өгөлгүй согтуу байж машин бариад явах байх гэж бодоод өөрөө машин руу нь орж үзэхэд түрүүвч байхгүй байсан. Би түрүүвч байхгүй байна гэхэд Тамжид шууд намайг өшиглөж аваад таягаараа цохисон...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Д.С-ийн “...Т нэг гартаа хүүхдээ тэвэрчихсэн нөгөө гараараа эхнэрийгээ таягаараа цохиод байхаар нь ... би Т-аас хүүхдийг нь аваад гэр рүүгээ орох гэтэл Т миний толгой руу гартаа барьсан таягаараа хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлгээр тухайн үйл баримтыг болсны дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Л.Л-ын “... 2017 оны 07 дугаар сарын 29-ний орой гэртээ амрах гээд хэвтэж байхад 23 цагийн орчим хүмүүс шаагилдаад аллаа гэх чимээ гараад байхаар нь юу болж байгаа юм бол гээд хартал Т эхнэртэйгээ муудалцаад байгаа бололтой С эгч Д 2 дунд нь орчихсон 2 тийш түлхээд зогсож байсан. Би очоод Т-ыг эхнэрээс нь холдуулчихаад гэртээ орсон гэсэн мэдүүлгээр гэрч М.Т-ийн “ 23 цагийн орчим гарч харахад Т эхнэртэйгээ муудалцсан байрны гадаа зогсож байсан. ... Тэгээд... Т С-ийн гэрийн үүдэнд байсан. С надад ахаа энийг хараа түрүүн энэ намайг цохисон гэж надад хэлсэн..” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Ц.Т-ын Н.Б, Д.С нарыг зодсон үйлдлийн улмаас тэдний биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 201720143 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “... Н.Б-ийн биед тархи доргилт, баруун зүүн бугалга, зүүн хөхний хажууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо . Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.... Н.Б-ийн биед учирсан тархи доргилт, баруун зүүн бугалга зүүн хөхний хажууд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн хэсгээр, мөн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 201720142 дугаартай “Д.С-ийн биед толгойн оройн хэсэгт хавдар тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ Д.С-ийн биед учирсан толгойн оройн баруун хэсэгт дээд хэсэгт хавдар, тархи доргилт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг гэр бүлийн хамаарал бүхий хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Ц.Т эхнэр Н.Б-ийг зодсоныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Ц.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Н.Б-ийг зодож гэмтэл учруулж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн Д.С-ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Д.С-ийн гэрт түүний зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон, мөн өөрийн эхнэр Д.С-ийг хайж иргэн Ж.Б-ийн зөвшөөрөлгүйгээр орон сууцны цонхоор нэвтрэн орсон хэргийн үйл баримт нь хохирогч Ж.Б-ийн “... Өглөөгүүр манай гэр их халуун бөгчим байсан болохоор манайх цонхоо нээсэн унтаж байхад өглөө 06 цагийн орчим гэгээ орж байхад Т манай цонхоор үсрээд ороод ирсэн. Орж ирээд эхнэрээ манайд унтаж байхад үснээс нь зулгаагаад аваад гарсан ...” гэсэн мэдүүлгээр Н.Б-ийн “... Тэр айлын цонхыг онгойлгочихсон унтаж байхад Т ирээд цонхны цаанаас ... гараад ир гэсэн... Би гарахгүй гэхэд цонхоор үсрээд ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Д.С-ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь оршин суугчийн буюу Ж.Б, Д.С нарын зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг мөн байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсгийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.С-д учирсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч нар гомдол саналгүй гэж байгаа нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1000/ мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Т-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ишгүй, ажлын хэсэг нь цагаан өнгийн дэвсгэр дээр цэцгэн хээтэй хутга, эмэгтэй хүний үсийг устгасугай.

8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгөнөөс Ц.Т-ын эзэмшлийн Suzuki swift маркийн **-** ЗАН улсын дугаартай суудлын автомашиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны 5/10 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ