Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0733

 

 

 

 

 

 

  2023         10          04                                     128/ШШ2023/0733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Х*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М*******

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э******* нарын хоорондын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* захирамж бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Х******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* захирамж бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

 Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны  2023 оны 03 дугаар сарын 31-ний  өдрийн албан бичгээр маргаан бүхий актыг хүлээн авч эс зөвшөөрсөн тул нийслэлийн Засаг даргад хандаж,  нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2627 дугаартай албан бичгээр хариуг авч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Х.Х*******д 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгоод иргэн хуулийн этгээд гэрээ байгуулснаар эзэмших эрх нь үүсэж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс энэ оны энэ сард 2 жилийн хугацаа дуусахаар байхад дүүргийн Засаг даргаас газраас 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус,

Авлигатай тэмцэх газар газар эзэмших эрхийг цуцлах, хүчингүй болгохтой холбоотой шийдвэр гаргах, хүчингүй болгох үүрэг өгөх зэрэг ажиллагааг хийдэггүй,

Нэхэмжлэгчийн зүгээс газраа огт ашиглаагүй биш. Дансны хуулга дээр анх газраа тохижуулж зориулалтын дагуу ашиглахын тулд зээл авсан байдаг. Ковш болон техник хэрэгслээр газрыг тэгшлэх байдлаар ашиглахаар бэлдэж байсан,

 Суурь судалгаа хийсэн баримтын хувьд 1 л зураг байгаа. Энэ суурь судалгааг хэзээ хийсэн нь тодорхойгүй. Огноо тодорхойгүй байгаа. Шийдвэр гарсны дараа нөхөх байдлаар судалгаа хийсэн үү. Шийдвэр гарснаас хойш хийсэн бол энэ нотлох баримт болохгүй. Газар хоосон тул хүчингүй болгосон гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 104 дүгээр захиргааны актаар иргэн Х******* овогтой Х*******н энэ газар нь Сүхбаатар дүүргийн 700 м.кв газар байгаа. Энэ газрыг дүүргийн Засаг даргаас газраас 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон 2 жилийн хугацаа гэдэг дээр Монгол Улсад газрын эрхтэй холбоотой эрх зүйн харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг. Газрын тухай хуульд заасан 7 нөхцөлөөр газрын эрхийг хүчингүй болгодог. Дүүргийн Засаг дарга хүчингүй болгохдоо 2 үндэслэл байгаа гэж үзэж байгаа. Х.Х*******д 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгоод иргэн хуулийн этгээд гэрээ байгуулснаар эзэмших эрх нь үүсэж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс энэ оны энэ сард 2 жилийн хугацаа дуусахаар байгаа.Газрын төлбөртэй холбоотой баримт дээр газрын төлбөр төлөгдөөгүй гэсэн зүйл байдаггүй. 2023 оны төлбөрийг төлөөгүй байгаа. Газрын төлбөрийг жилээр төлөгдөг учраас түдгэлзүүлсэн байгаа. 2 жилийн хугацаанд газраа ашиглаагүй болон төлбөр төлөөгүй гэж дурдаагүй, үүнтэй маргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Хэргийн материалд авагдсанаар харсан. Авлигатай тэмцэх газар газар эзэмших эрхийг цуцлах, хүчингүй болгохтой холбоотой шийдвэр гаргах, хүчингүй болгох үүрэг өгөх зэрэг ажиллагааг хийдэггүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Гэмт хэргийн шинжтэй зүйл байдаг бол бид түүнийг мэдэхгүй. Газрын эрхийг цуцлах үндэслэлгүй учраас захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай албан тоотыг ирүүлсэн байдаг. Ойн сан бүхий хуулийг зөрчиж газар эзэмших эрхийг олгосон байна. Энэ хүмүүсийн 2023 оны 01 сард хээрийн судалгаа буюу хээрийн судалгаа хийсэн. Хэргийн материалд тухайн үед хийсэн фото зургийг хавсаргасан байдаг. Яг энэ үед газар хоосон байсан. Газрын тухай хуулиа уялдуулаад газар дээрээ 2 жил, газар эзэмших эрх цуцлахдаа 1 дүгээр сарын, албан, хариу тайлбар ирүүлээгүй. Суурин судалгааг үндэслээд 2 жил эзэмшиж ашиглаагүй гэж он зааж байна. Олгосноос хойш 2 жил гэж үздэг. 2021 онд Х*******д эрхээ шилжүүлсэн байдаг. Газрын төлбөрийн тухайд тайлбар байхгүй. Газрын төлбөрөө төлж байсан гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үхэлд нь хангаж шийдвэрлэв.

Анх маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/282 дугаар захирамжаар Г.Г*******т Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн амны 700м.кв, нэгж талбарын ******* дугаартай газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/303 дугаартай захирамжийн 540 дэх талд нэхэмжлэгч Х.Х*******д шилжүүлэн эзэмшүүлж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2021 оны 10 дугаар сарын  15-ны өдөр газар эзэмшүүлэх  01119-2021/03485 дугаартай гэрээ байгуулжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх  заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, дахь заалтыг үндэслэн тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлхийн аманд олгогдсон нэгж талбарын 1462623603 дугаартай 700 м.кв талбай бүхий газрын эзэмшигч иргэн Х.Х*******г тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/15150 дугаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай албан бичиг, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгчээс “... газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авснаас хойш хуанлийн бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй, Авлигатай тэмцэх газрын хуульд заасан чиг үүрэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах чиг үүрэг байхгүй...” гэж, хариуцагчаас “...маргаан бүхий газар усны сан бүхий онцгой хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарч байгаа тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон...” гэж маргаж, харин газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн талаар маргахгүй гэжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд дээрх заалтын агуулга нь урьдчилсан гурван нөхцөлтэй, эдгээр нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд уг заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Дээрх хуулийн заалтыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэн авч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өөр газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, түүний газрын эрхийг захиргааны байгууллагаас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болгосон байх тул хоёр жилийн хугацаа хүрээгүй мөн энэ цаг үед улс орон даяар цар тахлын хөл хорионы үе хамаарч байх тул нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхаар хууль тогтоогчоос урьдчилсан нөхцөл заасан, энэхүү маргааны үйл баримтын тухайд эдгээр шаардлагыг хангаагүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйгээс захиргааны акт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/15150 дугаартай албан бичгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн хавсралтын 7 дах талд  нэгж талбарын ******* дугаар бүхий иргэн Х.Х*******н нэр дээр бүртгэлтэй маргаан бүхий газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эзэмшүүлэхийг хориглоно”, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна”, 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж зуслангийн зориулалтаар  газар эзэмшүүлэх хууль бус шийдвэр гаргасан байх тул холбогдох арга хэмжээ авч, хариуг өгөхийг үүрэг болгосныг захиргааны байгууллагаас иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болгосон нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй, уг  шийдвэр  нь хуульд үндэслэх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмыг зөрчсөн байна.

Нөгөөтэйгөөр Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг нь “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох”, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт нь “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах хориглох” зохицуулалт болохоос газар эзэмших эрхийг хүчингүй болгох, захиргааны байгууллага шийдвэрээ хүчингүй болгох зохицуулалт агуулаагүй байна.

Тус дүүргийн Газрын албанаас маргаан бүхий газарт хээрийн судалгаа хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий газрыг Ойн  болон Усны сан бүхий газарт байршилтай талаарх судалгаа, эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт зэрэг баримтгүй, харин шүүхийн үзлэгээр маргаан бүхий газрыг ухаж тэгшилсэн байдалтай ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,  бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцүүлэн ажиллаж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байх ба энэ нь захиргааны байгууллагад “алдаатай шийдвэр”-ээ залруулах боломж олгож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой зохицуулалт юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3,12 дахь  хэсэгт заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* захирамжийг хүчингүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ