| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03478/И |
| Дугаар | 183/шш2024/00159 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 183/шш2024/00159
| 2024 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2024/00159 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д ХХК-д холбогдох,
6.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х газар нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 6.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Х газар нь Монгол Улсад аж ахуйн нэгж, иргэд харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргаж Харилцаа холбооны тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг байгууллаг юм. Харилцаа холбооны зохицуулах хороо болон Д ХХК-ийн хооронд нь ***** тоот тусгай дугаар ашиглах гэрээг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай байгуулсан. Энэ тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт жилд 1.560.000 төгрөг төлөх ёстой бөгөөд 4 жилийн нийт төлбөр 6.240.000 төгрөгийг огт төлөөгүй байна. Иймд Д ХХК-иас тусгай дугаар ашиглалтын төлбөрт 6.240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би төлбөрөө хийсэн. Миний асуудал надад 2 дугаар байсан. Миний нэг дугаарыг зарсан байсан ба надаас зөвшөөрөл аваагүй, надад энэ талаар огт мэдэгдээгүй. Тэгээд 5 жилийн дараа яагаад 8 жилийн өмнөх мөнгөө нэхээд байгаа юм бэ гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас Х газраас М.А-д олгосон итгэмжлэл, Х газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэл, Х газар болон Д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******** дугаартай Тусгай дугаар ашиглах гэрээ-ний хуулбар, мөн гэрээний хавсралт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х газар нь хариуцагч Д ХХК-иас тусгай дугаар ашиглах гэрээний төлбөрт 6.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгч талаас гэрээний үүрэг биелүүлэх талаар мэдэгдэж байгаагүй, тухайн тусгай дугаарыг мэдэгдэлгүй бусдад худалдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х газар болон хариуцагч Д ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ********* дугаартай Тусгай дугаар ашиглах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Д ХХК нь ******* гэх дугааруудыг пицца хүргэлтийн захиалга авах зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ашиглахаар тохиролцсон байна.
Улмаар тухайн гэрээний дагуу хариуцагч Д ХХК-д уг тусгай дугаарыг 2 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээг олгожээ.
Дээрх гэрээнд тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний нэг жилийн хөлсний хэмжээг дурдаагүй байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан нэг жилийн хөлс 1.560.000 төгрөг гэснийг эрх бүхий ямар этгээдийн шийдвэрээр тогтоосон үнэлгээ болох талаарх баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй.
Мөн хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэх гэх баримтад 6.240.000 төгрөг нэхэмжилсэн агуулга тусгагдсан боловч тухайн төлбөрийн хэмжээг тогтоосон үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй, уг нэхэмжлэхийг хариуцагч Д ХХК-д хүргүүлсэн, гардуулсан, мэдэгдсэн талаарх баримтыг мөн шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн тусгай дугаар эзэмшигчийн гэрээний хугацаа болон тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар гэрээ болон зөвшөөрөлд дурдсан байх боловч уг хугацаанаас хойш хариуцагч Д ХХК-д уг хөлсийг төлүүлэх талаарх шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нь тус шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо улсын төсөвт үйлдвэрийн газар нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй болох нь тогтоогдов.
Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн тусгай хугацаа үйлчилнэ гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэн 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд дээрх гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, уг хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаарх үйл баримтыг нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-д холбогдох 6.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-д холбогдох 6.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА