Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 47

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.Гантулга Шүүгдэгч Д.Э Хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох 1723000050002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай сумд 1971 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Улиастай сумын **** баг **** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Д-ын Э

Шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Сартуул овогт Д-ын Э нь Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Агьт дэлгүүрийн үүдэнд Д.Б машиныхаа аккумляторыг авъя гэсэн шалтгаанаар маргалдаж түүнийг боож унагаан нүүрэн тус газар нь өшиглөсөн үйл баримт болсон нь хохирогч Д.Б-ийн “2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө ...Э намайг өшиглөөд авсан. Тэгэхээр нь хөлийг нь барьж авсан чинь намайг зөрүүлээд барьж авч боож унагаасан. Би ухаан алдаад газар унасан байсан ба …намайг ухаан ороход миний нүүр рүү өшиглөсөн гэсэн мэдүүлгээр, Д.Б-той хамт явсан тухайн үйл баримтыг харсан гэрч Д.Д-ын “...Дэлгүүрийн үүдэнд... Ойгон гэх хүн... хажуу талаар өнгөрөөд ... шууд Б-ийг өшиглөөд авсан. Тэгэхэд Б нь хөлнөөс нь барьсан харагдсан. Намайг дэлгүүр явах гэтэл тэр хоёр дахин барилцаад авсан бие биенийхээ хоолойг боосон зогсож байсан. Тэгээд Б ухаан алдаж унасан байхаар нь би болиоч ээ хүн аллаа гээд салгасан. Би Б-ийг сэргээх гээд хацар дээр нь зөөлөн алгадаад сэрээрэй гэж байтал О гэх хүн Батцоожийг босож ирээгүй байхад нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр болон гэрч Ж.С, Д.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Д.Э-ын Д.Б-ийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 02 ны өдрийн 201720143 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Д.Б-ийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, нүдний салстанд цус хуралт, дээд доод зовхинд зулгаралт, зүүн нүдний нулимсны сувгийн тасралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Д.Э-ын бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсгийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Хохирогч Ц.Б нь шүүгдэгчээс Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан зардал 167600 төгрөг, мөн түүнчлэн цаашид нулимсны суваг залгуулах мэс ажилбар хийлгэхэд гарах зардлыг нэхэмжилсэн бөгөөд тэрээр цаашид гарах эмчилгээний зардлаа нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг энэ шүүх хуралдаанаар гаргаж шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй. Харин түүний нэхэмжилсэн Улаанбаатар хот руу эмчилгээнд явсны ирж очих зардал, эх Г-ын Улаанбаатар хотоос ирэхдээ машин хийсэн шатахууны зардал нь хэрэгт авагдсан зорчих эрхийн тасалбарууд болон 10000 төгрөг, 60000 төгрөгөөр шатахуун худалдаж авсан баримтуудаар тогтоогдож байх тул нийт 167600 төгрөгийг шүүгдэгч Д.Э-аас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх Д.Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэж байгаа нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч хохирогчид хохирол нөхөн төлөөгүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Д-ын Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Э-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-аас 167600 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгож, шүүгдэгч Д.Э-д хохирлыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

6. Шүүгдэгчийн Toyato vitz маркийн **-** ЗАН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5/ 01 дугаартай прокурорын тогтоолыг хохирол 167600 төгрөгийг төлөгдтөл хэвээр үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ