Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

2026       05          01                                            2026/ШЦТ/239

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Н.Д

Хохирогч Ч.Г

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-т холбогдох эрүүгийн 2625000000135 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

И овгийн П-н Э, Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч П.Э нь 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагийн орчим Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шуудан ХК-ны хашаан дотор хохирогч Ч.Г ийг зөвшөөрөлгүй агуулах руу нэвтэрч орсон гэсэн шалтгаанаар маргалдан улмаар куртикнээс заамдан биед нь халдах явцад тус үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Ч.Г ийн үйлдлийг эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд нь зүүн алганы дөрөв, тавдугаар шивнүүр ясны хугарал, зүүн сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ “Би энэ хүний гарыг гэмтээгээгүй, хувцсыг нь ураагүй. Хохирогч зүгээр салж яваад 40 орчим минутын дараа ирээд куртик урагдсан гар гэмтсэн гэж хэлсэн.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Г мэдүүлэхдээ “Монгол шуудангийн дайвар олгох цэг дээр ирээд утасны дугаараа хэлээд бараагаа шүүлгэсэн чинь байхгүй байна араар орж харахгүй юу гэхээр нь өөрийнхөө барааг үзэх гээд орсон чинь Э  чи наагуураа юу хийж яваа юм бэ хулгай хийх гээ юу гэх мэтээр харьцааны алдаа гаргаж надтай муухай харьцсан би ачаагаа харж явна ороод хар гэсэн шүү дээ гэж хэлсэн чинь чамайг би гар гэж байна гээд миний өмсөж явсан хар өнгийн куртикний захнаас заамдаж авсан. Би өөрийгөө хамгаалах гэхэд гар эвгүй болчихсон. Ачаагаа аваад тэр хүн дээр очоод уучлаарай хө би орж болохгүй гэдгийг мэдэхгүй орчихлоо гэж хэлээд гэртээ иртэл нөгөө эвгүй болсон хуруу хавдаад байхаар нь би буцаж очоод чи миний гарыг гэмтээсэн байна гэсэн чинь би ажил ихтэй байна гээд дургүй маягтай харьцаад байхаар нь би өөрийнх нь гэх **** дугаарт залгаад би залгачихлаа шүү энэ миний дугаар шүү чи ажлаа дуусгаад залгаад холбогдоорой гэж хэлсэн. Куртикний цахилгаан гэмтсэн өмсөөгүй хэвээрээ байгаа. Эмчилгээний зардал 1 411 600 төгрөг куртикний үнэ 250 000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ч.Г ийн “Миний бие 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагийн орчим Монгол шуудан компанийн хашаанд үл таних хүнд биедээ халдуулсны улмаас эрүүл мэндэд хохирол учирсан буюу зүүн гарын ядам хурууны савхан яс хугарсан хохирол учирсан тул энэ гэмтлийг учруулсан хүн учраа олъё гэсэн боловч өөрөө холбогдохгүй утсаа авахгүй байгаа учраас арга буюу цагдаа хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм. Миний бие 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр онлайн дэлгүүрээс хайруулын таваг худалдан аваад улмаар худалдан авсан газар маань Эрдэнэт рүү өгч явуулахдаа Монгол шуудан компаниар явуулсан байсан ба явуулсан дайвар ачаа бараа 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Монгол шуудан компани дээр ирсэн тухай утсаар мэдэгдсэн юм. Ингээд би тэр өдрийн буюу 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагийн орчим ирсэн ачаа дайвар бараагаа авахаар Зэст багийн нутаг дэвсгэрт иргэдийн холбооны газар гэж нэрлэдэг Монгол шуудан компанийн дайвар олгох цэг дээр ирсэн ингээд утасны дугаараа хэлээд бараагаа шүүлгэсэн чинь байхгүй байна араар орж харахгүй юу гэхээр нь би байр руу нь нэвтэрч ороод өөрийнхөө барааг үзэх гээд орсон чинь тэнд ажилладаг бололтой 40-45 насны орчим эрэгтэй чи наагуураа юу хийж яваа юм бэ хулгай хийх гээ юу гэх мэтээр харьцааны алдаа гаргаж надтай муухай харьцсан би ачаагаа харж явна ороод хар гэсэн шүү дээ гэж хэлсэн чинь чамайг би гар гэж байна гээд миний өмсөж явсан хар өнгийн куртикний захнаас заамдаж аваад улмаар би өөрийгөө хамгаалах гээд хоёр гараа өөдөөс нь болгох үед зүүн гарын ядам хуруу эвгүй болчихсон би хуруугаа тулгачихлаа гэж тухайн үедээ бодоод улмаар ачаагаа аваад тэр хүн дээр очоод уучлаарай хө би орж болохгүй гэдгийг мэдэхгүй орчихлоо гэж хэлээд гэртээ иртэл нөгөө эвгүй болсон хуруу хавдаад байхаар нь би буцаж очоод чи миний гарыг гэмтээсэн байна гэсэн чинь би ажил ихтэй байна гээд дургүй маягтай харьцаад байхаар нь би өөрийнх нь гэх ****  дугаарт залгаад би залгачихлаа шүү энэ миний дугаар шүү чи ажлаа дуусгаад залгаад холбогдоорой гэж хэлсэн ба өөрөө ч гэсэн чи учрыг нь олъё ажлаа дуусгаад залгая гэсэн тэгээд би явсан. Гэртээ иртэл янгинаж өвдөөд болохгүй байхаар нь би тэр өдрийнхөө 14:20 минутын орчим эмнэлэг орж хурууны гарын зураг авхуулсан чинь зургийг маань хараад зүүн гарын ядам хурууны савхан яс хугарсан байна хагалгааны заалттай учраас хагалгаанд орно 1 дэх өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирж гэмтлийн эмчид үзүүлж хагалгаанд орох талаараа асуугаарай гэж хүлээн авах тасгийн тэр өдрийн жижүүр эмч нь хэлсэн. Өнөөдрийн байдлаар би гэмтлийн эмчид үзүүлж амжаагүй хагалгаанд орох үгүйгээ шийдээгүй, одоо хуруу хөндүүртэй хөдөлж болохгүй, гар хавдаж хөхөрсөн боолттой явж байна. Тэр залуу намайг цохиж зодсон зүйл бол байхгүй ба куртикний захаар хоолой боох үед би гараараа салгах явцдаа зүүн гарынхаа ядам хурууг гэмтээсэн ба тэр үедээ хуруу тулчихлаа бариулаад хэсэг хавдаж байгаад зүгээр болчих байх гэж бодож явсан чинь савхан яс хугарчихсан байсан байна. Миний куртикний цахилгааныг татаж зулгаахдаа эвдэлсэн. Куртикээ 2025 оны 12 сард 250,000 төгрөгөөр авч байсан. Үүнийгээ нэхэмжилнэ. Эмчилгээний зардал мөнгө хэд болохыг мэдэхгүй байна, эмчилгээнд гарсан зардал мөнгийг сүүлд гаргаж байгаад нэхэмжлэх болно. Тэр байгууллагын ажилтан нар харьцаа хандлага муутай цаашид ийм байдал дахин дахин гарах магадлал өндөртэй учраас би энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгааг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надад сэтгэл санааны гэм хор учирсан зүйл байхгүй, тогтоолгох шаардлага байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-14-р тал/

2. Гэрч У.Х-н “Улаанбаатар хотоос болон Орхон аймгаас Улаанбаатар хот руу иргэдээс өгч явуулсан дайвар ачаа барааг Монгол шуудан ХК- ны ачаа тээшинд хүлээлгэн өгч буулгах, мөн өөрөө иргэд рүү утасдан уг байгууллагын хашаан дотор зогсож байгаад ачаа барааг хүлээлгэн өгдөг учраас уг байгууллагын ачаа бараа тээш хариуцдаг ажилтан П.Э-г таньдаг мэддэг болсон. Ажлын шугамаар л таньдаг ба ямар нэг найз нөхөд болон төрөл садны харьцаа холбоо бол байхгүй. П.Э зан байдлын хувьд төлөв даруу, зан харьцаа сайтай, архи дарс хэрэглэдэггүй хүн болгонтой инээж харьцдаг хүн ба найзалж нөхөрлөдөггүй болохоор зан байдлыг сайн тодорхойлж хэлж мэдэхгүй байна. Өдөр бүр буюу хотоос ирэх бүрдээ уг байгууллагын хашаанд очиж зогсдог ба 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн ачаа дайвар барааг тараагаад зогсож байсан чинь 10:00 цагийн орчим байх нэг үл таних залуу бараа ачаа байдаг агуулах хэсэг рүү ороод явсан ба П.Э ах тэр залууд юун гаднын хүн яваад байгаа юм бэ наанаасаа гар гэж хэлсэн чинь нөгөө залуу сүртэй пизда вэ хэнийг нь оруулаад хэнийг нь оруулдаггүй юм бэ гэж маргалдаад улмаар гарч ирээд чи яагаад хүний тавьсан шаардлага биелүүлэхгүй, байгууллага хүндлэхгүй байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс хуц пизда минь гэх мэтээр хэрэлдээд улмаар Э  ах уурлаад очоод куртикнээс нь барьж аваад заамдсан байхад нь миний бие очиж салгасан, салгасны дараа тэр залуу миний сая хэдэн зууч гэлээ нэг үнэ хэлээд миний куртикийг урчихлаа, гарын хуруу гэмтээчихлээ гэж хэлж байсан тэгээд утсаа өг чамд би хэн гэдгээ мэдрүүлнэ гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд хоорондоо учраа олоод салсан байх нарийн учрыг бол хэлж мэдэхгүй байна, тэр хоёр хоёулаа эрүүл байсан архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Ямар ч байсан нэг нэгийгээ бол цохиж зодож ямар нэг зодоон хийсэн үйлдэл бол гараагүй, маргалдаж муудалцаад улмаар Э  тэр залууг куртикнээс нь бариад заамдсан байдалтай салгахгүй бол зодолдох шинжтэй байхад нь би очиж салгаж таслан зогсоосон. Тэр залуу куртик урсан, гар хуруу гэмтээчихлээ гэж хэлж байсан, би бол тэрийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-18-р тал/

3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ0726/185 дугаартай “Ч.Г ийн биед зүүн алганы дөрөв, тавдугаар шивнүүр ясны хугарал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт. /хх-ийн 33-34-р тал/

4. Гар, сарвууны рентген зураг. /хх-ийн 35-р тал/

5. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн “эрэгтэй хүний хагас богино урттай хар өнгийн сөдөн куртик үнэ 250,000 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 40-43-р тал/

6. Яллагдагч П.Э ийн “Би прокурорын тогтоолтой танилцлаа, намайг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол шуудан ХХК-ийн ажлын байран дээр тээш олгож байх үед С  гэдэг залуу орж ирээд манайхаас тээш асуухаар нь би таны тээш алга байна. Гадаа жолооч тарааж байгаа гэж хэлтэл нөгөө залуу манай ажлын байрны дундуур гарж явах гэхээр нь би наагуур явж болохгүй гэж хэлж шаардлага тавьсан чинь сүртэй писда вэ гэж хэлээд гараад явсан. Тэгээд би араас нь гарч очиж би чамд шаардлага тавьж байхад яагаад дураараа гарч явж байгаа юм бэ гэж хэлтэл юун сүртэй юм бэ гэж хэлээд би хоёрын дунд маргаан үүсэж хоорондоо заамдалцаж барилцаж авсан чинь хажууд байсан Х   жолооч бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би ажлын байрлуугаа орсон юм, тэгсэн нөгөө залуу гадна машинаас дайвраа авчихаад буцаж орж ирээд надаас уучлаарай жоохон эвгүй юм болчихлоо гэж хэлээд надтай гар бариад явсан юм. Дээрх гэмтлийг тухайн залуу өөрөө учруулсан намайг хоолойноос нэлээн хүчтэй боохоор нь би гарын нэг гараараа тавиулах явцад бэртэж гэмтсэн байж магадаггүй би сайн санахгүй байна. Тухайн залуу эхлээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдаж бид хоёр хоорондоо барилцаж авсан юм. Би хохирол төлбөрийг барагдуулсан зүйл байхгүй надаас нэхэмжилсэн зүйл байхгүй. Би тухайн эрэгтэйн куртикийг урсан зүйл байхгүй тийм урагдахаар зүйл болоогүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Э нь 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагийн орчим Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шуудан ХК-ны хашаан дотор хохирогч Ч.Г ийг зөвшөөрөлгүй агуулах руу нэвтэрч орсон гэсэн шалтгаанаар маргалдан улмаар куртикнээс заамдан биед нь халдах явцад тус үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Ч.Г ийн үйлдлийг эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд нь зүүн алганы дөрөв, тавдугаар шивнүүр ясны хугарал, зүүн сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Г ийн “чамайг би гар гэж байна гээд миний өмсөж явсан хар өнгийн куртикний захнаас заамдаж аваад улмаар би өөрийгөө хамгаалах гээд хоёр гараа өөдөөс нь болгох үед зүүн гарын ядам хуруу эвгүй болчихсон би хуруугаа тулгачихлаа гэж тухайн үедээ бодоод улмаар ачаагаа аваад тэр хүн дээр очоод уучлаарай хө би орж болохгүй гэдгийг мэдэхгүй орчихлоо гэж хэлээд гэртээ иртэл нөгөө эвгүй болсон хуруу хавдаад байхаар нь би буцаж очоод чи миний гарыг гэмтээсэн байна гэсэн. Тэр өдрийнхөө 14:20 минутын орчим эмнэлэг орж хурууны гарын зураг авхуулсан чинь зургийг маань хараад зүүн гарын ядам хурууны савхан яс хугарсан байна хагалгааны заалттай учраас хагалгаанд орно 1 дэх өдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирж гэмтлийн эмчид үзүүлж хагалгаанд орох талаараа асуугаарай гэж хүлээн авах тасгийн тэр өдрийн жижүүр эмч нь хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч У.Х-н “П.Э ах тэр залууд юун гаднын хүн яваад байгаа юм бэ наанаасаа гар гэж хэлсэн чинь нөгөө залуу сүртэй пизда вэ хэнийг нь оруулаад хэнийг нь оруулдаггүй юм бэ гэж маргалдаад улмаар гарч ирээд чи яагаад хүний тавьсан шаардлага биелүүлэхгүй, байгууллага хүндлэхгүй байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс хуц пизда минь гэх мэтээр хэрэлдээд улмаар Э  ах уурлаад очоод куртикнээс нь барьж аваад заамдсан байхад нь миний бие очиж салгасан, салгасны дараа тэр залуу миний сая хэдэн зууч гэлээ нэг үнэ хэлээд миний куртикийг урчихлаа, гарын хуруу гэмтээчихлээ гэж хэлж байсан Тэр залуу куртик урсан, гар хуруу гэмтээчихлээ гэж хэлж байсан, би бол тэрийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ0726/185 дугаартай дүгнэлт, гар, сарвууны рентген зураг, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, яллагдагч П.Э ийн “Дээрх гэмтлийг тухайн залуу өөрөө учруулсан намайг хоолойноос нэлээн хүчтэй боохоор нь би гарын нэг гараараа тавиулах явцад бэртэж гэмтсэн байж магадаггүй би сайн санахгүй байна. Тухайн залуу эхлээд намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдаж бид хоёр хоорондоо барилцаж авсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Э нь 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагийн орчим Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шуудан ХК-ны хашаан дотор хохирогч Ч.Г ийг зөвшөөрөлгүй агуулах руу нэвтэрч орсон гэсэн шалтгаанаар маргалдан улмаар куртикнээс заамдан биед нь халдах явцад хохирогч Ч.Г  эсэргүүцэж, эрүүл мэндэд нь зүүн алганы дөрөв, тавдугаар шивнүүр ясны хугарал, зүүн сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Э нь хохирогчийн биед халдаж заамдсан, хохирогч Ч.Г  нь уг үйлдлийг эсэргүүцэж ноцолдох явцад эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Э нь хохирогчид гэмтэл учруулаагүй, хувцсыг ураагүй, гэм буруугүй гэж мэтгэлцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч нь санаатай үйлдлээр хүч хэрэглэж, хохирогчийн гадуур хувцасны энгэрээс зуурсан боловч шууд санаатай идэвхтэй үйлдлээр хохирогчийн гарт хүч хэрэглэж халдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирогч шүүгдэгчийн үйлдлийг эсэргүүцэж харилцан зууралдах явцад хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Шүүгдэгч хохирогчийн гарт гэмтэл учруулахаар халдаагүй боловч түүний үйлдлийн явцад хохирогчид хүндэвтэр хохирол учирсныг хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулж болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч П.Э нь болгоомжгүй үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд  зүүн алганы дөрөв, тавдугаар шивнүүр ясны хугарал, зүүн сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Мөрдөх ажиллагааны явцад хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Г ийн эрүүл мэндэд нь “зүүн алганы дөрөв, тавдугаар шивнүүр ясны хугарал, зүүн сарвуунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал 1 411 600 төгрөг, куртикний үнэ 250 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эмчилгээний зардал 1 411 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогчийн куртик цаашид ашиглах боломжгүй болсон эсэх нь тодорхойгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, мөн хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овгийн П-н Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч П.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э оос 1 411 600 /нэг сая дөрвөн зуун арван нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан хохирогч М овгийн Ч-ийн С  /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн **** тоотод оршин суух, РД:   , утас /-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон куртикний үнийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.А