Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 48

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгч Ц.А Хохирогч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох 1726000070013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Тариат сумд 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн *** хэсэг ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай Саарал адуу овогт Ц-ын А

Шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Саарал-Адуу овогт Цэдэндамбын Амарбаясгалан нь 2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг **** хэсэг **** тоотод байрлах гэртээ эхнэр Г.Э ах дүү нартайгаа архи уугаад надтай архи уусангүй гэсэн шалтгаанаар маргалдаж түүнийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодсон болох нь хохирогч Г.Э-ийн “...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай ах дүү нар бүгдээрээ нийлээд салхинд гарсан юм.... Тэгээд тэд нарын араас явах гэлээ ах дүү нартайгаа болохоор уугаад надтай болохоор уусангүй гээд маргалдаж байснаа намайг шууд цохиод авсан. Тэгээд 2-3 цохиж авснаа ална гээд тогооны савнаас хутга авч гарч ирээд хатгах гэж байгаа юм шиг байхаар нь би хутганы ирнээс барьж аваад хутгыг булаагаад авсан чинь гар зүсэгдсэн байсан. Дахиад хайч бариад ална гээд гэдэс рүү тулгаад байсан. Тэгээд хайчаа шидчихээд гараараа зодсон. Зогсож байхад толгой цээж рүү цохиод асгарсан пивон дээр халтирч унасан чинь гэдэс рүү өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.Г-ийн “ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр байх аа... би Э-ийнд яваад очсон чинь нүд нүүр нь хөхөрсөн,гар хөл нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна Ц.А Г.Э-г зодсон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 201720129 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “... Иргэн Г.Э-ийн баруун зүүн нүд цээжний баруун урд тал, баруун мөрний урд, баруун шууны ар, зүүн мөрний ард, зүүн бугалга, баруун зүүн шилбэний ард, баруун гуяны дотор талд зүүн өгзөгний дээр цус хуралт, хэвлийн баруун доод хэсэг, зүүн тохойн ард зулгаралт, зүүн алганы дотор талд өнгөц зүсэгдсэн шарх, дээд эрүүний 1-р шүд уг хэсгээрээ хугарсан гэмтэл тогтоогдлоо. Зүүн алганы дотор талд өнгөц зүсэгдсэн шарх, дээд эрүүний зүүн 1-р шүд уг хэсгээр хугарал учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид биеийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... ” гэсэн хэсгээр тогтоогджээ. Эхнэр, нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Ц.А Г.Э-г зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Ц.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх Ц.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял оногдлуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Э хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байгаа нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Саарал-Адуу овогт Ц-ын А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.А-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн “HYUNDAI PORTER” маркийн **-** ЗАН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ