Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0715

 

 

     2023          09          25                                     128/ШШ2023/0715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Монголсат нэтворкс ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхжин, Ц.Дөлгөөнтэнгис

            Хариуцагч: Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Нямдорж, Ж.Эрхэмбаатар нарын хоорондын “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 тоот гэрээний үнийг тус яамны 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, тус яамны 2023 оны улсын төсөвт суусан 2,5 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр төсвийг хуваарилж, гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, Ц.Дөлгөөнтэнгис, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Монголсат нэтворкс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 тоот гэрээний үнийг тус яамны 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, тус яамны 2023 оны улсын төсөвт суусан 2,5 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр төсвийг хуваарилж, гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгуулах” гэж тодорхойлжээ.

             Нэхэмжлэгч  компани нь 2023 оны  01 дүгээр сарын 16-ны өдөр 05/23 тоот албан бичгээр ХХМТГ/201911001 тоот гэрээний сунгалтаа хийх, 2023 оны төсөвт суусан дүнгээр гэрээний дүнг нэмэгдүүлэх талаар санаалаа захиалагч талд хүргүүлж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/554 дүгээр албан бичгээр гэрээг сунгаж, харин тус яамны 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэх боломжгүй тухай мэдэгдсэн тул 2023 оны 04 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

             Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Манай компани 2022 оны 9 сарын 15-ны өдөр ам долларын ханшийн өсөлтөөс шалтгаалаад олон сувгийг улс даяар дамжуулахад хүндрэл үүсэж сайдад хандаж, 2023 оны санхүүжилтийг 2,5 тэрбум төгрөг болгож өгнө үү гэдэг хүсэлтийг уламжилсан. Уг одоо хүсэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Сангийн сайдад уламжлан холбогдох хууль журмын дагуу гэрээний үнийг нэмэгдүүлсэн атлаа гэрээний үнийг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн нь хууль бус гэж,

 Цахим хөгжил харилцаа холбооны сайд өөрийн чиг үүргийн хүрээнд улсын төсөвт тусгуулсан дүнгээр гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх үүргээ биелүүлээгүй.

 Нэгэнт 2023 оны улсын төсөвт 2,5 тэрбум төгрөг хуваарилагдчихсан нэмэгдүүлэхгүй гэж байгаа шийдвэр нь холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголсат нетворк ХХК нь 2019 онд Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас гаргасан Сансрын холбооны технологи ашиглаад телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх тендер сонгон шалгаруулалтад орж, тэнцээд ХХМТГ 201911001 тоот гэрээг явуулаад уг гэрээнийхээ хүрээнд сансрын холбооны Кэй Виллд улсын технологийг ашиглаад олон сувгийг улс орон даяар хүргэх үйлчилгээг үзүүлж байсан.

Захиалагч жил бүр гэрээний хэрэгжилтийг дүгнээд тухайн жилд батлагдсан улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг тогтоон гэрээний сунгалтыг хийх тохиролцоотой гэрээ байгуулсан. Энэ утгаараа захиалагч болон гүйцэтгэгч нар нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 201911001 тоот гэрээ нь гэрээний үнийг 2022 оны улсын бүртгэлд суусан үнээр нэмэлт өөрчлөлт оруулан сургалтыг хийсэн байдаг. Уг гэрээний дүн нь 1,5 тэрбум төгрөг байгаа. Төсвийн тухай хуулийн 4.1.36-д зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг төлөвлөх батлагдсан төсвийн хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлах, тайлагнах эрх бүхий этгээд буюу Цахим хөгжил харилцаа холбооны сайд нь төсвийн ерөнхийлөн захирагч болдог.

Цахим хөгжил харилцаа холбооны сайд өөрийн чиг үүргийн хүрээнд улсын төсөвт тусгуулсан дүнгээр гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх үүрэгтэй. Мөн бид талуудын хооронд байгуулсан гэрээ одоо жил бүр сунгаад төсөвт суусан үнийн дүнгээр гэрээний төлбөрийг төлөхөөр гэрээний С нөхцөл, тусгай нөхцөлийн 2.3, 6.4.1 хэсэгт зааснаар нэмэгдүүлэх боломжгүй гэж хариу өгсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс уг үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай бол Канадын Философи гэдэг компани тусгайлсан шугам сүлжээ гэдэг зүйлийг авдаг. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас 2023 онд 2,5 тэрбум төгрөгийг төлөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 198 сая төгрөг төлсөн. Энэ үүднээс бид 2 төрлийн дарамтад орох, цаашид үйлчилгээг хэвийн явуулах нөхцөл байдал маш их дордож байна гэж харж байгаа. Иймд тоот гэрээний үнийг улсын төсөвт тусгагдсан дүнгээр хуваарилах, сангийн өр татгалзлыг хуульд бус болохыг тогтоох, хуваарилсан үүргийг гэрээний үүргээр хүргүүлэхийг зохиох журмын дагуу шийдвэрлэхийг сайдад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаан дээр дэмжиж оролцож байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөнтэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн 1-т зааснаар болбол УИХ нь хууль батлах өөрчлөх нэмэлт өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхтэй байдаг. Энэ эрх эдгээр хүрээд Монгол Улсын 2023 оны улсын төсвийн тухай хуулийг баталсан байдаг. Энэ баталсан хуульд нь нэхэмжлэгч компанийн үйлчилгээ үзүүлдэг шугам сүлжээ ашигласны төлбөр татаасанд 2,5 тэрбум төгрөг тусгана гэдэг хуулиа нэгэнт баталчихсан байна аа. Гэтэл захиргааны байгууллага үүргийг хангах хууль бус төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Мөн хуулийн 20 дугаар зүйлд УИХ-д төрийн эрх барих дээд байгууллага буюу хууль тогтоомж тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгалагдана гэж заасан байхад УИХ-аас баталсан хуулийг бид нар хэрэгжүүлэхгүй ээ төсвийг чинь олгохгүй ээ олгох боломжгүй байна гээд хууль бус үндэслэлээр 2,5 тэрбум төгрөгийг олгохоос татгалзаж байгаа үйлдэл нь хуульд нийцээгүй, энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эрх хууль ёсны, ашиг сонирхол зөрчигдсөн буюу одоо байгуулсан гэрээнийхээ дагуу төлбөрөө авч чадахгүй. Үйлчилгээ үзүүлчхээд байдаг тухайн төлбөрөө өнөөдрийг хүртэл хугацаанд авах боломжгүй, эрх, хууль ёсны, ашиг сонирхол нь зөрчигдсөөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сансрын холбооны Кэй Ю зурвасын технологийг ашиглан телевизийн олон сувагт үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны 8 сарын 27-ны өдөр гаргасан. Энэ гэрээ нь ерөнхийдөө Иргэний хуулиараа биш үү гэдэг санааг харуулсан. Гэвч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шатны шүүх дээр бид ер нь захиргааны хэргийн шүүхийг шийдтэл түдгэлзүүлж шийдвэрлэчихсэн байгаа. Захиргааны хэргийн шүүхээр энэ хэргээ шийдвэрлэе гэсэн байр суурьтай байгаа.

Маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө сайд яг хариуцагч мөн үү гэдэг дээр асуудал байгаа. Учир нь Яамны эрх зүйн байдлын тухай хуульд батлагдсан төсвийг захиран зарцуулах, зохицуулах эрх нь Төрийн нарийн бичгийн даргад байдаг. Яг нэхэмжлэгчийн яриад байгаа энэ сайд нь хариуцагч өөрөө мөн үү, биш үү гэдэг дээр асуудал байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.1-т заасан. Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхэд төсөл арга хэмжээний тоо хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсвийг хуулиар баталсан бол нэг удаа өгчхөж болно гэж байгаа. Гэтэл яг тоо хэмжээнд хэр зэрэг өөрчлөгдсөн байдаг дээр бас эргэлзээ байгаа гэж үзэж байгаа.

Тэгэхээр энэ дээр бол саяын ярьсанчлан нэхэмжлэгчийн эрх ашиг бол маш их хохирч байгаа цахим үйлчилгээ хэрэгцээ бол манай сайд үйлчилгээгээ авчихсан улсын төсөвт суусан дүнгээ үнийн дүнгээ олохгүй байгаа өнөөдөр бол нэхэмжлэгч компаниудын эрх хууль ашиг сонирхлыг ихэд хөндөж байгаа өөрсдийнхөө үйлдлээр хүлээн зөвшөөрчхөөд байдаг албан бичгүүдээрээ хүсэлтийг хүлээж авч байснаараа бас улсын төсөвт 2,5 тэрбум төгрөг явуулахыг зөвшөөрөөд тэр хүсэлтийг нь уламжилчхаад сүүлд ингээд он гарсны дараа одоо энэ чинь 2022 оны үйлчилгээг үзүүлчхээд байгаа шүү дээ. Бид нар тэрнийхээ хүрээнд төлбөрөө авъя 2023 онд гэрээ сунгасан чинь бид нар ажил үйлчилгээгээ хийж байгаа энэнийхээ төлбөрийг авъя гэнгүүт он гарсны дараагаар энэ чинь хууль бус аа бид нар энэ гэрээний санхүүжилтээр болохгүй ээ гэдэг ийм одоо шийдвэр гараад байгаа нь нэг ёсоороо үндэслэлгүй хөрөнгө болчхоод байгаа юм.

Энэ дээр нь холбогдуулаад ерөөсөө хоёрхон одоо шалтгаан байж байгаа 1 дүгээрт одоо тоо хэмжээ  өссөн байхыг шаарддаг 2 дугаарт тохирол хийхгүй байхыг шаардаж байгаа. Хэдийгээр одоо хууль хүчингүй болсон ч гэсэн хууль хүчингүй болсон гээд гэрээний тусгай нөхцөлийг одоо үндэслэлгүй гэж үзэх байсан гэв.

                        ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/554 дугаартай  албан бичгийн тус яамны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс  татгалзсан шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Их хурлын 2021 оны 86 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар татан буугдаж, Засгийн газрын бүтцэд нэмэгдсэн Цахим, хөгжил харилцаа холбооны яаманд шилжсэн байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийг төрөөс үнэ төлбөргүйгээр орон даяар дамжуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас /тухайн үеийн/  Сансарын холбооны Кэй Юү /KU/ зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХХМТГ/201911001 дугаартай хязгаарлагдмал тендерийг зарлан гүйцэтгэгчээр Монголсат нэтворкс ХХК-ийг шалгарч талууд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж гэрээний үнэ жилд 397,499,999.50 төгрөг байхаар тусгаж, ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж хиймэл дагуулын транспондер түрээслэх зардал огцом нэмэгдсэнийг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний үнийн дүнг 1,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нөхцөл байдалтай талууд маргаагүй байна.

Харин Монгол Улсын төсвийн 2023 оны төсөл /зориулалтаар/ Уул уурхай, дэд бүтэц, тээвэр, барилга, харилцаа холбоо: INTEL SAT ба RELTERS-ийн суваг ашигласны төлбөр 2.500.0 төгрөг суулгасныг нэхэмжлэгч талаас “...Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны төсөвт 2,500,000,000 төгрөг суулган шилжүүлсэн тул манай компани 2023 оны 01дүгээр сарын 16-ны өдөр 05/23 тоот албан бичгээр ХХМТГ/201911001 тоот гэрээний сунгалтаа хийх, 2023 оны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэх ёстой...” гэж , хариуцагч талаас “...Сансарын холбооны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 дугаартай гэрээний нөхцөлд үнийн тохируулга хийгдэхгүй гэж заасан зохицуулалт байгаа бөгөөд мөн гэрээний хүрээнд гүйцэтгэгчийн хариуцан гүйцэтгэх ажлын тоо хэмжээнд захиалагчаас өөрчлөлт оруулаагүй тул гэрээний үнийг нэмэгдүүлэх боломжгүй гэж маргажээ.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах гүйцэтгэлийг хангах, өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах  бүрэн эрхтэй, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д бүх шатны төсвийн захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэгтэй хүлээхээр заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Монголсат нэтворкс ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140/22 дугаартай албан бичгээр гэрээний санхүүжилтийн дүнг 2,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэх хүсэлтийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдад хүргүүлж, тус яамнаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/1366 дугаартай албан бичгээр сангийн сайд болон УИХ-ын даргад хүргүүлсэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төсөл, 2024-2025 оны төсвийн төсөөллийг боловсруулан хүргүүлж, Монгол Улсын төсвийн 2023 оны төсөл /зориулалтаар/ Уул уурхай, дэд бүтэц, тээвэр, барилга, харилцаа холбоо: INTEL SAT ба RELTERS-ийн суваг ашигласны төлбөр 2.5 тэрбум төгрөг суулгасан болох нь тогтоогдож байна.

Сансарын холбооны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 дугаартай гэрээний нөхцөлийг үзвэл гэрээний тусгай нөхцөлийн 2.3-д Үйлчилгээг дуусгахаар төлөвлөсөн хугацаанд гэрээний хэрэгжилтийг жил тус бүрээр дүгнэж, холбогдох хяналтын журамд үндэслэн улирал тус бүрээр төлбөрийг тооцож олгох бөгөөд тухайн жилд батлагдсан улсын төсөв, гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг жил тус бүрээр сунгана, харин гэрээний 6.6-д үнийн тохируулга хийгдэхгүй гэж заажээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/1581 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/2110 дугаартай албан бичгүүдээр Сангийн сайдад улсын төсвөөс санхүүжих жилийн төлбөрийн хэмжээг 2,500,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэх хүсэлтийг хүргүүлж, Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 83/8289 дугаартай албан бичигт “...бүх шатны төсвийн захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээсэн байна. Батлагдсан төсөвтөө багтаан ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулах, санхүүжилт олгох асуудал нь төсвийн захирагчийн эрх, үүргийн асуудал байх тул Төсвийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ үү” гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч М ХХК болон Телесат интернэшнл лимитэд компаний хооронд байгуулсан телесатын хиймэл дагуулын зурвасын үйлчилгээний гэрээний нэмэлтээр сарын төлбөрт 291,600 доллар төлөхөөр байна.

Гэвч хариуцагч гүйцэтгэлийн төлбөрийг Татаас-2122-Хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас зардлын ангиллаас санхүүжүүлдэг, энэ ангиллаас гарах зардлын тодорхойлолтыг үйлдвэрлэлийн хэмжээ, үнэ эсвэл тухайн жилийн алдагдлыг нөхөх зорилгоор хувийн хэвшлийн байгууллагад олгож байгаа татаас энд хамаарна гэж зааснаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас дэд ангиллын зардалд 2,450,500.0 төгрөг батлагдсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд мөн нэхэмжлэгч компани Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн нөхцөл байдалд шүүхээс захиргааны байгууллагыг Сансарын холбооны Кэй Юү зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ үзүүлэх ХХМТГ/201911001 дугаартай гэрээний  үнийн дүнг нэмэгдүүл гэсэн шийдвэр гаргаж, төсвийн захирагчийн батлагдсан төсвөө захиран зарцуулах эрх хэмжээнд хөндлөнгөөс оролцох эрхгүй юм.

Иймд Ц нь Телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийг төрөөс үнэ төлбөргүйгээр орон даяар дамжуулах үүргээ хэрэгжүүлж, ХХМТГ/201911001 дугаартай гэрээний үнийн дүнг батлагдсан төсвийн хүрээнд нэмэгдүүлэхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дахин судалж, энэ хүрээнд дахин шинэ акт гаргах хүртэлх нэг сарын хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/554 дугаартай албан бичгийн тус яамны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан шийдвэрийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/554 дугаартай  албан бичгийн тус яамны улсын төсөвт суусан дүнгээр гэрээний үнийг нэмэгдүүлэхээс татгалзсан шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг дурдсугай

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ