Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 10

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж,  ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 145/ШШ2019/00043 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.У-н нэхэмжлэлтэй

Хариуцагч *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин 8451301 төгрөг, амралтын мөнгө 1408230 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Х орон тооны цомхотголоор намайг халсныг эс зөвшөөрч тус шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч шүүгч  миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг хууль бус хэмээн давж заалдах шатны шүүхэд хандан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагаад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхээс намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл захирал Ц.Х нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд хандаж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхээс надад ажилгүй байсан хугацааны цалин болох 2110592 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас тус мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсан. Шүүхээс миний 1 өдрийн цалинг бодохдоо амралтын мөнгөний дундажаар бодсон нь надад хохиролтой байсан. Учир нь  миний үндсэн цалин 641091 төгрөг, заах аргач 10 хувь, орон нутгийн нэмэгдэл 15 хувь тус тус авдаг байсан. Мөн ажлын 30 хоног амардаг бөгөөд амарч орж ирэнгүүт ажлаас халагдсан учир миний ажлын 1 өдрийн цалинг 16328 төгрөгөөр бодсон. Ажлын өдрүүдээр бодвол 1 өдрийн цалин 38159 төгрөг болж байгаа учир надад хохиролтой байна. Иймээс дараах ажлын өдрүүдээр цалин бодож олгоно уу. Үндсэн цалин 641091 төгрөг, заах аргач 10 хувь, орон нутгийн нэмэгдэл 15 хувь үүнээс 1 өдрийн цалин 38159 төгрөг. 2017.08.21-9 /хоног/ 274752 төгрөг, 9 cap 21x38159=801339 төгрөг, 10 сар 22x36425=801350 төгрөг, 11 cap 22x36425=801350 төгрөг, 12 сар 21x38159=801339 төгрөг, 2018.1 cap 22x36425=801350 төгрөг, 2 сар 20x40067 =801340 төгрөг, З сар 22x36425=801350 төгрөг, 4 сар 21x38159=801339 төгрөг, 5 cap 23x34823=801044 төгрөг, 6 сар 20x40067=801340 төгрөг, 7 сар 2x30528=61056 төгрөг /7.3-аас 30 хоног амардаг/, 8 сар 8x30528=244224 төгрөг, 9 сар 20x40067=801340 төгрөг, 10  сар 23x34823=801044 төгрөг, 11 cap 12x30528=366336 төгрөг нийт 10561893 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр авсан 2110592 төгрөгийг хасч 8451301 төгрөгийн цалин, амралтын мөнгө ажлын 225 хоног. Нэг өдрийн цалин 10561893:225 хоног=46941 төгрөг. 46941х30 хоног=1408230 төгрөг. Нийт 9859531 төгрөгийг *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж өгнө үү. Амралтын мөнгө 1408230 төгрөгийг авсан тул энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би анх тус шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сургалтын менежерээс үндсэн багш болоод 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цагийн багш болгосон талаар 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр анх хандсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Х хүлээн зөвшөөрөхгүй , давж заалдах шатны шүүх, Монгол улсын дээд шүүхэд хандсан. 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн. Тэгээд би ажилдаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилд орсон.  2018 оны 03 дугаар сараас 10 сарыг хүртэл нийт 8 сарын хугацаанд миний нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хоцорсон. Энэ хугацаан дахь нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх хүсэлтэй байна. Тэгээд 2018 оны 03 дугаар сараас 10 сарыг хүртэл нийт 8 сарын цалингаа нэхэмжилж байна. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилд орсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгосон. Цалин олгохдоо шүүх миний бодсоноос өөрөөр шүүх бодож олгосон. Нэг өдрийн цалинг 16328 төгрөгөөр бодсон байсан. Энэ нь надад хохиролтой байгаа. Яагаад гэвэл 2016-2017 оны бичилт харахад 400000-800000 төгрөгийн хооронд 50%-ийн зөрүүтэй байгаа учраас шүүхийн шийдвэрээр олгосон 2689408 сая төгрөгийн зөрүүг бас бодож нэхэмжлэлдээ оруулсан. Энэ асуудлаас болж надад мөнгө төгрөгийн асуудал их үүссэн. Улаанбаатар хот болон Өвөрхангай аймаг хоёрын хооронд гарсан зардал өмгөөлөгч хөлсөлсөн. Надад санхүүгийн баримт хэрэгтэй байсан учраас би шүүхэд хандсан. Тэгээд захирал надтай шүүхийн шатанд эвлэрнэ гэж ярьсан боловч, эвлэрсэнгүй хуулийн дагуу шийдүүлнэ гэж байгаа учраас цалин нийгмийн даатгалаа шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна... гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг хашдаг. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2018/00200 Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Г.У-д ажилгүй байсан хугацааны цалин 2110592 төгрөгийг хариуцагч байгууллагаас олгохоор шийдвэр гарсан тул үүнийг олгосон. Шүүхээс ажилд орох хүртэлх хугацааны мөнгийг гаргуул гэсэн шийдвэр өгөөгүй. Шүүхээр шат дараалан хянуулж байгаа нь миний буруу биш тул үүнийг гэм хорын хохирол гэж үзэхгүй байна. Иймд Г.У-н ажилгүй байсан хугацааны төлбөрийг хариуцахгүй. 2017 оны 03 дугаар сарын 17-нд орон тоо батлах тухай Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж гарч манай сургуулийн нэг сургалтын менежерийн орон тоо хасагдсан. Г.У менежерт нэг хоёр ажлын санал тавьсан. Гэвч ажлын саналыг хүлээн аваагүй. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Г.У сургалтын менежерийн албан тушаалтай байхдаа амарч ирэхэд нь сургалтын менежерийн орон тоо байхгүй. Өөр ажлын санал тавьж албан ёсоор бичгээр мэдэгдсэн. Г.У нь тушаалыг уншиж үзээд гарын үсэг зуралгүй, буцааж ширээн дээр тавьчихаад миний бие муу байна. Улаанбаатар хот явж эмчлүүлнэ гээд гараад явсан. Ийм учраас шүүхийн шийдвэр 45 хоногийн өмнө гарын үсэг зуруулж, баримтжуулсан байх ёстой гэдэг хуулийн заалтаараа 2018 оны 02 сарын 28-ны өдөр анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийг хянуулахаар 2 шатны шүүхээр явсан. 2017 оны 06 дугаар сарын 28-аас 2017 оны 08 дугаар сарын 19-ний хүртэл амарсан. Энэ хугацааны амралтын мөнгөө аваад явсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээд өгөх ёстой мөнгийг өгч, нийгмийн даатгалын дэвтрийг нь бөглүүлсэн. Одоо нэхэмжилж байгаа нийгмийн даатгал, ажилгүй хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна. 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 28-ны хүртэлх хугацааны мөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2 сард нь багтаан олгосон. 2017 оны 09 дүгээр сараас эхлэн цагийн багш хийсэн. Г.У-н цагийн багш хийсэн хугацааны цалин тооцоог хүснэгтээр гаргаж хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Энэ нотлох баримтад 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 10 cap хүртэлх нийгмийн даатгалын мөнгө тасарсан байгаа. Энэ хугацааны мөнгийг бас нэхэмжилсэн. 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 11 дүгээр cap хүртзлх цалинг нэхэмжилсэн.  Энэ хугацааны мөнгийг нягтлангаараа бодуулж нотлох баримтаар хавсаргасан. Энэ хугацааны цалинг тооцоолж үзээд би хариуцахгүй гэж үзэж байна ...гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Г.У-н нэхэмжлэлтэй, *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох "2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр cap хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3368481 төгрөг, 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 10 дугаар cap хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлөхийг даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г.У-н нэхэмжлэлтэй, *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох “2017 оны 08 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 5082820 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.У “амралтын мөнгө 1408230 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Г.У-д 96275 төгрөг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 18741 төгрөгийг тус тус орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 57686 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6/17 дугаар тушаалаар *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалаас халагдсан. Би өөрийн эрх ашгаа хамгаалж, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр үндсэн ажилдаа эргэн тогтоогдсон. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох шүүхүүд хэвээр баталж, миний бие 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үндсэн ажилдаа орсон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг үл биелүүлж анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байлгаж хохироосон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилдаа орох буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цалин хөлсгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан. Энэ хугацааны хохирол буюу 8451301 төгрөг, амралтын мөнгө 1408230 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэв *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, намайг ажлаар хангасан бол би ийм нэхэмжлэл гаргахгүй байсан.  *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Х-г эрхээ эдэлсэн гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 43 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж байгаад дүгнэлт хийж, миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү...  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Г.У нь хариуцагч тус аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр capын 22-ны өдөр  хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 8451301 төгрөг, амралтын 1408230 төгрөг  2017 оны 08 дугаар сараас 2018 оны 10 дугаар capын хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Г.У-г Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилсон бөгөөд уг шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагын гомдлоор давах болон хяналтын шатны шүүхүүдээр тус тус хянуулж уг шийдвэр хэвээр батлагдсан байна.

Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/39 дүгээр тушаалаар  нэхэмжлэгч Г.У-г мөн өдрөөс сургалтын менежерийн ажилд томилон ажиллуулжээ.

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр capын 22-ны өдөр хүртэлх хугацаанд буюу шүүхийн шийдвэрийг шат шатны шүүхээр хянагдсан хугацаанд нэхэмжлэгч Г.У-н ажилгүй байсан нь түүнээс шалтгаалсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр capын 22-ны өдөр  хүртэлх хугацаанд Г.У-н ажилгүй байсны нөхөх олговрыг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр Г.У-нажилгүй байсан хугацааны нэг өдрийн цалинтай тэнцэх  олговрыг 16328 төгрөгөөр тооцон гаргуулсан байсан учир дурьдсан төгрөгөөр тооцон *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас 3004352 төгрөгийг /2018 оны 3-р сар 21х16328 = 342888 , 4-р сар 21х16328=342888 , 5-р сар  23х16328=375544 , 6-р сар 20х16328= 326560 , 7-р сар 19х16328=310232 , 8-р сар 23х16328= 375544 , 9-р сар 20х16328=326560 , 10-р сар 23х16328=375544 , 11 сар 14х16328=228592 , нийт 3004352 / гаргуулан олгох, мөн хугацаанд төлөгдөөгүй Г.У-ннийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тус сургуулиас төлөхийг даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч Г.У нь анхан шатны шүүх хуралдаан дээр амралтын 1408230 төгрөг  гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж,  түүний илүү нэхэмжилсэн 5446949 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсонтой холбоотойгоор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 145/ШШ2019/00043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1  дэх заалтыг бүхэлд нь “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас 3004352 /Гурван сая дөрвөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж Г.У-д олгож, Г.У-н нэхэмжлэлээс 5446949 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 11 дүгээр cap хүртэлх хугацааны Г.У-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг мөн сургуулиас төлөхийг даалгасугай” гэж,

2 дахь заалт бүхэлд нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Г.У-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 172702 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээн, Өвөрхангай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас 133220 төгрөгийг гаргуулж Г.У-д олгосугай” гэж тус тус өөрчлөн,

4 дэх заалтыг бүхэлд нь хасч, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Угаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 150171 төгрөгөөс 16951 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, 133220 төгрөгийг орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.