Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2026/ШЦТ/216

 

 

 

 

 

 

 

2026     04         17                                           2026/ШЦТ/216

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга О.О

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2625000000080 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д овгийн Д-ын С, Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, тусгай дунд боловсролтой, зэвсгийн засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ***  дугаар ангид артиллерын агуулахын нярав засварчнаар ажиллаж байсан, ам бүл бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.С нь Зэвсэгт хүчний ***  дугаар ангид артиллерын агуулахын нярав-засварчнаар ажиллаж байхдаа 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс ээлжийн амралт авч 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр амралтын хоног дууссан боловч эргэж ирээгүй, цэргийн байгууллагыг дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-г цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг офицер, ахлагч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ “Анги байрлалаа 72 цагаас илүү хугацаагаар зөвшөөрөлгүй орхин явж болохгүй талаар мэдэж байна. Миний буруу. Амралтаа аваад гэр бүлийн асуудлаас болоод ажилдаа очоогүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Д.С-н ажлын цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-23 дугаар хуудас/

2. Гэрч Э.З-н “Би Зэвсэгт хүчний *** -р ангийн дайчилгааны офицеороор ажилладаг. Д.С-н ээлжийн амралтын тушаал 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан. 2025 оны 10 сарын 13-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлээд 2025 оны 11 сарын 14-ний өдөр ажилдаа орох байсан. Д.С нь 2025 оны 11 сарын 14-ний өдөр ажилдаа ирээгүй сураггүй болсон. Манай байгууллага 2025 оны эхэнд ээлжийн амралт эдлэх алба хаагчдын амрах судалгаа гаргадаг. Сар болгоны эхний 7 хоногт тухайн сард ээлжийн амралтаа эдлэх алба хаагчдад ээлжийн амралт олгох тушаал гаргадаг. Ээлжийн амралтаа авсан алба хаагчдын ээлжийн амралт эхлэх болон дуусах хугацааг ээлжийн амралт авагсдын бүртгэл дээр бүртгэдэг юм. Соёлчхүү нь 2025 оны ээлжийн амралтаа 09 сард авах хуваарьтай байсан боловч 2025 оны 09 сард буудлагын талбайн засварын ажилтай байсан тул ажлаа дуусгаад 10 дугаар сарын 13-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр хуудас/

3. Гэрч Г.Г-н  “Би Зэвсэгт хүчний ***  дугаар ангид Зэвсгийн албаны даргаар 2015 оноос хойш ажиллаж байна. Д.С нь Зэвсэгт хүчний ***  дугаар ангид тасгийн засварын цолтой, Д.С-тэй 2018 оноос хойш хамтарч ажиллаж байгаа, зэвсгийн засварын захирагч ажилтай, ахлах ахлагч миний удирдлага доор ажилладаг юм. Д.С нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан ба 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Д.С-тэй холбогдох гэж удаа дараа залгасан боловч холбогдож чадаагүй. Д.С-н ээжтэй холбогдоход ажлаасаа гарна гээд ажилдаа явахгүй байна гэж хэлсэн. Цэргийн нийтлэг дүрэм дээр анги байрлал дээрээ 72 цагаас илүү ирээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Д.С нь хамт олонтойгоо нийтэч, найрсаг уур амьсгалтай. Ямар нэгэн зүйл болохгүй тохиолдолд их дотогшоо бусадтай хуваалцаж ярилцдаггүй хүн байгаа юм. Ажилдаа сайн бусад алба хаагчдадаа үлгэр дуурайлал болсон сайн алба хаагч байгаа юм. Согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглээд байдаггүй баяр ёслолын үеэр зүй зохистой хэрэглэдэг хүн байгаа юм. Эхнэр хүүхдээсээ салаад 6 жил болж байгаа одоо эцэг, эхтэйгээ амьдарч байгаа. Цэргийн ангид нийтдээ 19 жил ажиллаж байгаа” гэх мэдүүлэг. /хх-гийн 33-35 дугаар хуудас/

4. Д.С нь 2025 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа. /хх-ийн 77 дугаар хуудас/

5. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/324 дугаартай тушаалын хуулбар. /хх-ийн 84 дүгээр хуудас/

6. Зэвсэгт хүчний ***  дугаар ангийн захирагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/212 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал. /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.С нь Зэвсэгт хүчний ***  дугаар ангид артиллерын агуулахын нярав-засварчнаар ажиллаж байхдаа 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс ээлжийн амралт авч 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр амралтын хоног дууссан боловч эргэж ирээгүй, цэргийн байгууллагыг дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.С-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан Д.С-н ажлын цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.З-н “Би Зэвсэгт хүчний *** -р ангийн дайчилгааны офицеороор ажилладаг. Д.С-н ээлжийн амралтын тушаал 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан. 2025 оны 10 сарын 13-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлээд 2025 оны 11 сарын 14-ний өдөр ажилдаа орох байсан. Д.С нь 2025 оны 11 сарын 14-ний өдөр ажилдаа ирээгүй сураггүй болсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-н  “...Д.С нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан ба 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Д.С-тэй холбогдох гэж удаа дараа залгасан боловч холбогдож чадаагүй. Д.С-н ээжтэй холбогдоход ажлаасаа гарна гээд ажилдаа явахгүй байна гэж хэлсэн. Цэргийн нийтлэг дүрэм дээр анги байрлал дээрээ 72 цагаас илүү ирээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг, Д.С нь 2025 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/324 дугаартай тушаалын хуулбар, Зэвсэгт хүчний ***  дугаар ангийн захирагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/212 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.С нь Зэвсэгт хүчний ***  дугаар ангид артиллерын агуулахын нярав-засварчнаар ажиллаж байхдаа 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс ээлжийн амралт авч 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр амралтын хоног дууссан боловч эргэж ирээгүй, цэргийн байгууллагыг дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.С-н цэргийн жинхэнэ албанд ахлагчаар ажиллаж байхдаа цэргийн албыг дур мэдэн орхиж явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг офицер, ахлагч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол тогтоогдоогүй байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчий иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Д-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг офицер, ахлагч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.С-д хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А