Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 49

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.М-д холбогдох 1723000010009 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Завхан аймгийн ******* сумд 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай ******* овогт Р-ийн М

Шүүгдэгч Р.М нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны орой 17 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын Дархан-Уул багийн нутаг *******гийн дөрөлж гэх газарт өөрийн УАЗ-31519 маркийн **-** УБН дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад өгсүүр замд хойш ухраан алдаж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь түүнтэй хамт явж байсан хохирогч Э.Т-ын “...17 цагийн орчимд гэр лүүгээ яваад *******гийн дөрөлж дээр гарах гээд явж байхад машин ухраад байсан. Зөөлөн ухарч байгаад нэг эвгүй болоод явчихсан. Нэг мэдэхэд машин уначихсан намайг манай нөхөр Р татаж гаргасан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ж.Р-ийн “ .... *******гийн дөрөлжөөр давах гэж байсан ... дөрөлжийн дээд талд нь 2 тал руугаа хазгайдуу гүвгэр байдаг. Машины урд дугуй гүвгэр хэсэг дээр гараад хойд дугуй нь гарч чадаагүй байхад машин ухарсан. Хүндрүүлэгч нь мултарсан байх гэж би бодсон. Машин ухрах үед мост хүндрүүлэгчиндээ хийгээд нэг зогссон. Тэгээд алгуурхан ухарч эхэлсэн. Тэгж байгаад их ганганаас мултараад дахиж нэг зогссон. Тэгээд хурдтай өнхөрч байгаад ... машин нэг хавтгайлдаад дээш харчих шиг болсон гэсэн мэдүүлгээр, гэрч Н.Ц-ийн “ ... Машин хөдөлж дөрөлж дээр бараг гарах гээд явж байгаад буцаад ухарсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.Т-ийн “... *******гийн дөрөлж өөд өгсөөд явж байхад машин хүч алдаад хойшоо ухарсан...” гэсэн мэдүүлгээр болон дээрх гэрч хохирогч нарын мэдүүлгийн баталж мэдүүлсэн гэрч Р.Д-ийн мэдүүлгээр нотлогдож байна. Зам тээврийн ослын улмаас Р.Д, Н.Н, Г.Т, Ц.Ц, Р.Ж нарын биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 201720121, 201720118, 201720117, 201720119, 201720116, дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ. Ослын улмаас хохирогч Э.Т-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 201720120 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ Иргэн Э.Т-ын биед хүзүүний 3 дугаар нугаламын арын сэртэн яс 2 талын суурь хэсгээрээ хугарсан, нугас дарагдлын шинжтэй хүзүүний нугаламуудад муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. М нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангалгүй замын хөдөлгөөнд оролцосноос шалтгаалж автомашины хүндрүүлэгч араа мултарсан байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа уг дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчжээ. Мөн түүнчлэн Р.М нь тээврийн хэрэгслийн техникийин тодорхойлолтоос олон хүн тээвэрлэсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а дах заалтыг зөрчсөн байна. Р.М нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль дагаж мөрдөхөөс өмнө зам тээврийн осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Р.М-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэр учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх Р.М-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Т хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байгаа нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Р.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Надад торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр эрх хасах, эсхүл тэнсэх ял оноож өгнө үү “ гэжээ. Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах ял болон хорих ял оногдуулахаар заагаагүй бөгөөд хуульд заагаагүй ялыг шүүгдэгчид оногдуулах боломжгүй учир түүний дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Р-ийн М-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Р.М-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.М-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Р.М-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн хар өнгийн SAMSUNG-2 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 5/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ