Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 11

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 145/ШШ2019/00048 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.М-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Т-д холбогдох

Гэм хорын хохирол 2973670 төгрөг гаргуулах, авах ёстой байсан цалин, авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүр тэжээн тэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэ

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т нь миний биед хөнгөн гэмтэл санаатай учруулж, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 83 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн. Ингээд Г.Т-н учруулсан гэм хорын улмаас миний бие өөрийн хийж байсан ажлаа хийж гүйцэтгэж чадахгүйд хүрч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай болж, ажил хөдөлмөр хийх ямар ч боломжгүйд хүрсэн учраас 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар cap хүртэлх авах ёстой байсан цалингийн зөрүү 2973670 төгрөгийг гаргуулж, хөдөлмөрийн чадвар алдалттай байх хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх авах ёстой цалин хөлснөөс хасч тооцсон тэтгэмжийн зөрүүгээр cap бүр тэжээн тэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулга бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, олох байсан орлогыг Г.Т-с нэхэмжилж байгаа. Харин олох байсан орлогын хэмжээг тодорхойлохдоо авах байсан цалин, одоо авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр тооцно гэсэн хуулийн зохицуулалтын дагуу 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар cap хүртэлх нийт зөрүү болох 2.973.670 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн хариу тайлбартай танилцахад нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөхгүй гэсэн байсан. Гэтэл ямар шалтгаанаар төлөхгүй гэж байгаа тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэм хорын хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримт байгаа. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Ц.М-н биед Г.Т гэм хор учруулсан гэдэг нь тогтоогдсон. Мөн энэ хугацаанд Ц.М хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг нь эмнэлгийн шийдвэрээр тогтоогдсон. Нийгмийн халамжийн тэтгэмж авах нөхцөл үүссэн байна гэж үзээд одоо болтол тэтгэмжээ аваад явж байна. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 650 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Т нь гэм буруугийн хохирлын тухай маргадаггүй. Тийм учраас Ц.М-н ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Ц.М нь 2017 оны 05 дугаар cap хүртэл ажлаа хийгээд эрүүл саруул явж байсан. Гэтэл Г.Т-н буруугаас болж Ц.М нь хохироод байгаа. Иймд авах ёстой байсан цалингаас одоо авч байгаа тэтгэмжийг хасаад зөрүү нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М-т хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Миний бие өмнө нь гэм хорын хохирлын ямар ч баримтгүй байхад нь 3.400.000 төгрөг төлсөн. Мөн Иргэний шүүхийн шийдвэрийн дагуу 1197100 төгрөгийг боломж бололцоогоороо төлсөн. Харин түүний одоо олох ёстой байсан цалин хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хөнгөн гэмтэлд хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг заасан. Одоо энэ хүн эрүүл саруул болсон. Мөн тухайн гэмт хэрэг гарахад Ц.М-н буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Авах ёстой байсан цалин 300000 төгрөг гэж байгаа боловч тухайн ажиллаж байсан байгууллагаас сард хэдэн төгрөгийн цалинтай эсэх талаарх баримт байхгүй. Миний зүгээс Ц.М-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Нөгөө талаас Ц.М гэмтлийн зэргийн шинжээрээ эдгэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний хувьд одоо нэхэмжилж байгаа 2973670 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй байна. Учир нь цалингийн зээл өндөр болсон. Мөн аавын бие муу, байнгын асаргаанд байдаг. Хэрэг гарах үед миний ээж өвчтэй байж байгаад би тухайн үед анхаарлаа хандуулж чадаагүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Т-д холбогдох гэм хорын хохирол 2973670 төгрөг гаргуулах, авах ёстой байсан цалин, авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл cap бүр тэжээн тэтгэхийг даалгах тухай Ц.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэгч Ц.М-н нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 145/ШШ2019/00048 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.М нь Г.Т-н буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан байгаа бодит нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.        

           Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Г.Т-д холбогдуулан гэм хорын хохирол 2973670 төгрөг гаргуулах, авах ёстой байсан цалин, авч байгаа тэтгэмжийн зөрүүгээр 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сар бүр тэжээн тэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч нь энэ гэмт хэргийн улмаас биед нь учирсан гэмтлээс болж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон.   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь гэм хорын хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсэн хэм хэмжээ боловч хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл эс үйлдэхүй болон хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ёстой. Хэдийгээр  хариуцагч Г.Т нь Ц.М-н биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаартай хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн гэрээг хуульд заасан ямар үндэслэлээр цуцалсан, ямар өвчний улмаас ердийн хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэдэг нь тодорхойгүй, тухайлбал Г.Т-н учруулсан хөнгөн гэмтлээс шалтгаалан хөдөлмөрийн чадвар алдсан  болохоо баримтаар нотолж чадаагүй байна.

           Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

           Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 145/ШШ2019/00048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ий давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ий давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.