| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02391/И |
| Дугаар | 102/ШШ2024/02382 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/02382
| Дугаар 102/ШШ2024/02382 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ... дугаар хороо, бичил ... дугаар байрны .... тоотод оршин суух, ............., Тайж овогт Хүдэрзааны .............,
Хариуцагч:Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, .................., Бадарч овогт Түмэнбаярын .................,
Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Х.............., хариуцагч Т.................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч Х.............. нь хариуцагч Т..................д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би Т..................тэй 10 жилийн сургуульд нэг ангид сурдаг байсан, 2011 онд би бие давхар болсноо хэлэхэд холбогдохгүй болоод намайг жирэмсэн 5 сартай байхад нэг удаа уулзсан, төрөхийн өмнө нэг удаа утсаар ярьсан, түүнээс хойш ямар ч холбоогүй байсан.Би 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдөр охин О..............г төрүүлсэн, миний охин аавыгаа мэдэхгүй, уулзаж байгаагүй.Охин маань одоо 13 настай, 6 дугаар ангид сурдаг.Би охиноо төрснөөс хойш Т..................гээс нэг ч удаа мөнгөн тусламж авч байгаагүй, өнгөрсөн намар охиноо сургуулийн шилжүүлэг хийлгэх гэж нэг удаа мөнгө авсан.Иймд охины эцгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс:Баянгол дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Аргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Төв аймгийн Аргалант сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Охин .............д эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тайлбарласан.
Охин .............д тэтгэлэг өгнө гэж хариуцагч тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Аргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Төв аймгийн Аргалант сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Х.............., Т.................. нар 2009 онд танилцан үерхэж байсан, тэдний дундаас 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдөр ............. төрсөн болох нь талуудын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Зохигчид хамт амьдарч байгаагүй, гэрлээгүй, бүртгэл хийгдээгүй гэж тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэдэг.
О.............. нь эхийнхээ асрамжид байгаа бөгөөд эцэг Т..................гээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж зааснаар эцэг Т.................. нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байна гэж зааснаар Т..................н хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төрсөн О..............г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Т..................гээр нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т..................гээс 70 200 төгрөг гаргуулан Х..............т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.