| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03544/И |
| Дугаар | 183/шш2024/00272 |
| Огноо | 2024-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 183/шш2024/00272
| 2024 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2024/00272 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 160.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 160.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Ц.Ц нь Б ХХК-ийн Т ХХК-д түлшний барьцалдуулагч нийлүүлэх тендерт орох зорилгоор тендерийн баталгаанд байршуулж байсан 160.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлээч гэж хүсэлт гаргасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14:16:21 цагт Худалдаа хөгжлийн банкин дахь Б ХХК-ийн ****** тоот данснаас Ц.Ц-ийн Б банкин дахь ********* тоот данс уруу 150.000.000 төгрөгийг бэлэн бус гүйлгээ хийж шилжүүлсэн, иргэн Н.Т-ын Хаан банкны ********* тоот данснаас Б ХХК-иас зээл гэсэн утгатай Ц.Ц-ийн Б банкны ******** тоот данс уруу бэлэн бусаар 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт дүнгээрээ 160.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг Т ХХК-д түлшний барьцалдуулагч нийлүүлэх тендерт орох зорилгоор тендерийн баталгаанд байршуулж байсан 160.000.000 төгрөгийг бид хүнээс зээлж авсан байсан ба зээлсэн мөнгөө яаралтай төлөхөөр болж Ц.Ц-с удаа дараа 160.000.000 төгрөг шаардсан боловч удахгүй төлнө гэж явсаар өдийг хүрсэн. Иймд Ц.Ц-с 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1 сарын хугацаатай зээлсэн 160.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П.Х-с Н.Н-д олгосон итгэмжлэл, Х банк ХК-ийн шилжүүлгийн баримт, гар утсаар харилцсан зурвас, Ц.Ц-н Б ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, Х банкны шилжүүлгийн баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц.Цолмонд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150.000.000 төгрөгийг бэлнээр, иргэн Н.Т-ын Х банкны ********** тоот данснаас Ц.Ц-ийн Б банкны ********* тоот дансанд 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг Б ХХК-иас зээл гэсэн утгатай шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй.
4. Хариуцагч Ц.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.
5. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ц.Ц-с зээлийн гэрээний үүрэг 160.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-с 957.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ц.Ц-с зээлийн гэрээний үүрэг 160.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б- ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-с 957.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА