Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 12

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр  сарын 29-ний өдрийн 146/ШШ2019/00031 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-д холбогдох

Гэм хорын хохирол 980 000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 350 000 төгрөг, цахилгааны төлбөр 61 692 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “...Нэг удаа биш 3 удаа ус алдуулсан. Анх удаа бол санаандгүй байдлаар ус алдуулж болно. Гэхдээ 2, 3 удаа бол арай биш байна. Бид нар бас зөндөө л гадагшаа явдаг. Явахдаа дандаа усаа хаагаад явдаг. Тийм хариуцлагагүй байж болохгүй. Бид нар байранд байгаа. Өөрийн болон хүний эд хөрөнгөнд хохирол учирна. 2 дах удаа ус алдахад бол хариуцагч халаалтын шугамаа өөрчилсөн юм байна лээ. Хэрвээ өөрчилөхөөр бол “О” ус суваг руу яриад усаа хаалгах ёстой юм байна лээ. Гэтэл хариуцагч тал маань цааш нь мэдэгдэх ёстой байсан. Тэгэж ном журмынх нь талаар яваагүй өөрсдөө салгаад тавьчихсан байдаг. 25-ны өдөр халаалт ирнэ гээд журам батлагдчихсан, хэвлэл мэдээллээр гараад байхад цааш нь холбогдох байгууллагад нь мэдэгдэх ёстой байсан. Хариуцагч паараа нойлын хананы дундуур явуулсан байдаг. Тэрнээс нь ус алдсан. Хэлээд байхад үг сонсохгүй. Танайхаас ус дуслаад байна гэхэд юу яриад байгаа юм гээд тоодоггүй. Танайх шүүхэд өгчихсөн би орж харахгүй гэдэг. Ах нь Х гэдэг хүн байсан. Тэр хүнд нь хэлэхэд маргааш очоод янзлаад өгнө гэсэн. Гэтэл ирэлгүй алга болчихсон. Тэгээд ахтай нь уулзахад хүн байхгүй танайх хаалгыг нь эвдээд орохгүй юу гэсэн. Энэ бол арай дэндэх байх айлын гэр эвдээд ордог хүн гэж юу байх вэ дээ. Хүү нь засвар хийх гэж орж ирэхдээ манайх боломжгүй байна. Танайх тэр явдаг газраар нь яваад аваарай гэсэн. Урд нь Д.Б гуай өөрөө орж ирэхдээ та нар хуулийн байгууллагаар нь яваад олоод аваарай гэж хэлж байсан. Энэ хүмүүст хэл амаа ололцоод ядаж талыг нь ч болтугай өгье гэсэн бодол байдаггүй. Би 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Намайг төрөхөд манайх янзалж өгөх боломжгүй гэсэн. Дүүд нь хэлэхэд би засаад өгье гэсэн. Тэгээд энэ хүмүүс засч өгч чадахгүй гээд байхаар нь дүү рүү нь залгасан. Гэтэл утсаа авахгүй байсан. Тэгээд намайг өвдөөд явсан хойно манай нөхөртэй таараад би засаад өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд бид нар засаад өгөх болов уу гээд хараад байсан чинь засвар хийж өгөөгүй. Өөрсдөө болохоор шөнийн 1, 2 цаг хүртэл засвараа хийж байсан. Хариуцагч хотоос засварчин авч ирж засвараа хийлгэсэн. Тэрнээс хойш тэгж явсаар байгаад засварчин нь яваад өгсөн. Тэр хооронд манайхаар яаж байна гэж орж ирээгүй. Тэгээд хамгийн сүүлд нь ус алдахад ах нь орж ирээд би ус алдаж байгаа газрыг нь олчихлоо гээд гараад явсан. Гэтэл Д.Б гуай шүүх хуралдаан дээр тайлбар өгөхдөө тийм юм болоогүй манайх засвар хийгээгүй гэж ярьдаг би тэрийг нь ойлгохгүй байна. Би “О” ус сувагад 2, 3 удаа дуудлага өгөхөд хүмүүс ирээд нойлын хананаас нь ус алдаж байна. Бид нар хүний юм эвдэх эрх байхгүй. Энэ хүмүүс өөрсдөө засчихна гээд байна гэсэн. Ингэж хугацаа алдаж явсаар байгаад өдийг хүрч байна. Эрүүл мэндийн хувьд манайхан ханиаднаас салаагүй. Тэгээд байнга эмнэлэгээр явж байгаа. Манай хана ногоороод хөгцөрчихсөн хүн амьдархад хэцүү болчихсон байсан. Тэгээд зун цонхоо онгойлгоод гайгүй болох болов уу гэж бодоход муухай үнэртээд байсан. Тэгээд хэлэхээр яасан сүртэй юм бэ? Манайх хүйтэн газар амьдраад ирсэн. Манай паарнаас байнга ус дусалдаг тэгээд бид нар хувин тосоод л байж байдаг гэж хэлж байсан. Хэрвээ нээрэн тэгээд хувин тосоод байдаг байсан юм бол нэг өдөр ус нь халиад бусад айлаа баллачих байх гэж яагаад боддоггүй байсан юм бэ?. Ийм хэнэггүй, хүн үл ойшоосон байдлаар ханддаг. Манай хүүхэд байнга ханиад хүрсээр байгаад уушгиндаа хатгай авсан. Тэр явцад нэг удаа ч орж ирээд бодит байдалтай танилцаагүй. Тэгээд хүн нэг юм хэлэхээр өөдөөс загнаад байдаг. Ингээд яриад байвал зөндөө юм байдаг. Бид нар эвээр үзлээ, гуйж үзлээ. Манайх энэ байрыг аваад засвар хийсэн. Тэрний үнийн дүнг харьцуулаад 980 000 төгрөгийг нэхэмжилж байсан. Тэгээд шинжээчийн зардал 350 000 төгрөг нэхэмжилсэн. 1-т хэрвээ хариуцлагагүй байдлаасаа болж ус алдуулаагүй байсан бол манайх тийм байдалд орохгүй байсан. 2-т ус алдаагүй бол манайх үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Тэгээд мөн хариуцагч халаалт зогсоогоогүй байсан бол манайх тень хэрэглэхгүй байсан. Тэгэхээр би нэхэмжлэлээ нэмэгдүүлж байгаа. Тогны мөнгөний хувьд 09 дүгээр сарын 25-ны өдөр халаалтгүй байсан. Тэгээд хүйтэн байсан болохоор тень залгасан. Тэгээд ганцхан тень залгаад хатдаггүй юм байна лээ. Зориулалтын халаадаг юмаар халаах ёстой юм байна лээ. 2017 оны 09 дүгээр сард гарсан мөнгө буюу 61 692 төгрөг байгаа...” гэжээ.

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх бол анх 1.5 м2 талбайд ус алдуулсан. Дээр үеийн 16 м2 талбайтай нэг өрөө байр байгаа. Гэтэл 40, 50 м2 талбайн мөнгө нэхээд байгаад гайхаж байна. Манайх бодит хохирлыг л барагдуулна гэж хэлсэн. Тэгээд би аргаа бараад надад 500 000 төгрөг байна. Би 500 000 төгрөг өгье гэж хэлсэн. Би ганцаараа амьдардаг, ганц бие. Манай байр ер нь аймаар хүйтэн. Манай гэрийн нэг хана байнга цантаж мөстдөг. “Өвөрхангай аймагтаа нэртэй хүйтэн байр байгаа юм” эдний байр мөн их чийгтэй байдаг. Цанталт бол манайхаас болоогүй. Тэр бол байдаг зүйл. Манайх бодит хохирлыг барагдуулна. Манайх тийм их ус алдуулаагүй. Энэ айл бол 16м2 талбайтай нэг өрөө байртай. Гэтэл надаас 40, 50 м талбайн мөнгө нэхээд байна. Тэрэнд нь би их гайхаж байна. Хүүхэд нь ханиад хүрлээ гээд цанталт, агаараас болсон гээд байдаг үнэхээр тэрнээс болсон юм уу? би гайхаж байна. Би худлаа ярьдаг хүн биш үнэний төлөө яваад өдий зэрэгт хүрсэн. Анх шүүх хуралд ороход манайх шорттой пудволктой явдаг гэж ярьсан. Манай Өвөрхангай аймагт тийм байр байхгүй. Байнгийн халаалттай Улаанбаатар хотын байр шиг биш. Би гомдолтой байна. Залуу хүмүүс байж дандаа худлаа ярьдаг. Манай байр захын байр учраас маш их цанталт үүсдэг. Манайх гэртээ байнга ус алдуулаад байдаг тийм арчаагүй айл биш. Манайхыг ямар цэвэрхэн айл вэ гэдгийг хүн болгон мэднэ. Нэг удаа ус алдсан. Тэр нь засвар хийж байхдаа усаа хаагаагүй орхисон байсан. Тэрнээс болоод ус алдуулчихсан юм. Би энэ байранд 10 жил амьдарч байна. Энэ хугацаанд ганц удаа засвар хийхдээ л нэг ус алдуулсан. Түүнээс манайх байнга ус алдуулаад байдаг айл биш. Энэ хүн худлаа яриад байна. Намайг ганц бие гээд дээрэлхээд байгаа юм уу. Би худлаа яриад байгаад нь гомдолтой байна. Манайх 1.5 м2 талбайд л ус алдуулсан байх. Би тэр үнэлгээний 350 000 төгрөгийг төлж чадахгүй. Хэрвээ үнэлгээ тогтоолгосон юм бол 2 талаасаа хүн байх ёстой байсан байх. Гэтэл бид нарт юу ч хэлээгүй. Би 500 000 төгрөгийг төлж чадахгүй...” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Б-с гэм хорын хохирол 1219567 /нэг сая хоёр зуун арван ёсөн мянга таван зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 172125 /нэг зуун далан хоёр мянган нэг зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагн Д.Б-с 33820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар
зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн
дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг
дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146/ШШ2019/00031 дүгээр шийдвэрийн эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч талд хэт их орсон. Нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжилсэн 1219567 төгрөгийг хариуцагч надаас гаргуулахаар шийдвэрлэснийг би эрс эсэргүүцэж байна. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 203 дугаар байр 07 тоотод учирсан хохирлыг Хөрөнгө даатгалын үнэлгээний “ЛЭНДС” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/41 дугаартай шинжээчийн дүгнэлтийг буруу дүгнэлт гэж үзэж байна. Манайх Ц.Б байранд ус алдуулсан хэсгийнхээ бодит хохирлыг л барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.   

             Ц.Б нь гэм хорын хохирол 980000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөр 350000 төгрөг, цахилгааны төлбөр 61692 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Д.Б-д холбогдуулан гаргажээ.

           Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Б-с гэм хорын хохирол 1219567 /нэг сая хоёр зуун арван eсөн мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 172125 /нэг зуун далан хоёр мянган нэг зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

         Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.

         Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан  “Эвлэрлийн гэрээ”-нд “...Нэхэмжлэгч Ц.Б 1391200 төгрөг нэхэмжилсэн. Энэхүү эвлэрлийн гэрээгээр 900000 /есөн зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас өгөхөөр тохиролцлоо. 900000 төгрөгөө 5 сарын 15-20-ны хооронд төлж барагдуулна...” гэжээ.

          Зохигчид нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөнгөн дүн болон төлөх хугацаагаа харилцан тохирч талууд эвлэрсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

        Нэхэмжлэгч Ц.Б нь 2019 оны 04 сарын 23-ны өдөр Б.А нэхэмжлэгчийг шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэл олгосон байх тул хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж үзлээ.

         Иймд шийдвэрийг хүчингүй болгож, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г баталж, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтлана.” гэж заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар зохигчид эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгөний 50 хувийг буцаан гаргуулж, эвлэрэн хэлэлцсэн үнийн дүнг харгалзан шүүх хуваарилан хариуцагчид оногдох хэсгийн тал хувийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 32620 төгрөгний 50 хувь болох 16310 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, эвлэрсэн 900000 төгрөгнөөс тооцох улсын тэмдэгтийн хураамж 26150 төгрөгний тал хувь 13075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33820 төгрөгнөөс эвлэрэн хэлэлцсэн хэмжээгээр буюу 900000 төгрөгнөөс тооцох 26150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үнийн дүнгээс илүү гарсан /33820-26150=7670/ 7670 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 146/ШШ2019/00031 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын  хооронд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 32620 төгрөгийн 50 хувь болох 16310 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж буцаан олгож, 900000 төгрөгнөөс тооцох тэмдэгтийн хураамж 26150 төгрөгний тал хувь 13075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33820 төгрөгнөөс эвлэрэн хэлэлцсэн хэмжээгээр буюу 900000 төгрөгнөөс тооцох 26150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үнийн дүнгээс илүү гарсан 7670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.