Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 50

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч В.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Д-д холбогдох 1723000240010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цэцэн-Уул сумд 1974 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам бүл-5 эцэг эх дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Шотойн 4-р багт оршин суух хаягтай Сааралынхан овогт В-ийн Д

Шүүгдэгч В.Д нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Сааралынхан овогт В-ийн Д нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Шотой багт байрлах гэртээ төрсөн дүү В.С-тай хонинд явсангүй гэх шалтгаанаар маргалдаж, түүний гуян тус газар хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч В.С-ийн “... Манай ах Д намайг хонинд яваад ир гэсэн. Тэгэхээр нь би чи архи ууж байхаар өөрөө яв гэсэн. Тэгээд би ах руу сандал авч шидчихээд баруун талын орон дээр сууж байсан чинь ...ах хутга аваад над руу нэг чичээд дараа нь шууд ... зүүн талын гуя руу хутгалсан...” гэсэн мэдүүлгээр, тухайн үед В.С, В.Д нартай гэрт хамт байсан гэрч Г.О-ны “...Манай 2 залуу... хоорондоо малны тухай ярьж байгаад хоорондоо маргалдсан ...Д ...хутга аваад хутгалсан...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч В.Д-ийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өөрийн төрсөн дүүгээ хутгалсан гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. В.Д төрсөн дүү В.С-г хутгалсан үйлдлийн улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 201720156 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Иргэн В.С-ийн гуяны урд дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн хэсгээр тогтоогджээ. Төрсөн ах дүү нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.2 дэх хэсэгт зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон бөгөөд В.Д, В.С-г хутгалсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. В.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүх В.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч В.С хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байгаа нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгаж шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сааралынхан овогт В-ийн Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч В.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000/мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.Д-д оногдуулсан 1000/мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч В.Д-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн “Vannete” маркийн **-** ЗАН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 дүгээр сарын 28-ны өдрийн 5/13 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14.5 см ажлын хэсэгтэй, 11 см шаргал өнгийн бариултай хутгыг устгасугай.

8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ