Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/шш2024/00329

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/00329

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.У-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Н.У нь хариуцагч Б.Э-той 2006 онд Ерөнхий боловсролын сургуульдаа танилцаж байсан. Танилцаад дотно байдаггүй байсан ч оюутан болоод хоёул арилжаа хийдгийг цахимаар мэдээд дахин холбогдсон. 2021 оноос идэвхтэй уулзаж, арилжааны талаар ярилцан дотно найзалж эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын дундуур Б.Э нь Н.У-ын гэрийн гадаа хэд хэдэн удаа ирж, "Хамаатны ах болон найзаасаа нийт 18.000.000 төрөг зээлсэн байгаа, хамаатны ах бол боож ална, амиа хорломоор байна" гэх мэтээр уйлж байсан удаатай. Удаа дараа мөнгө зээлэх талаар асууж, гуйж ирж уулздаг байсан. Тухайн байдлыг нь өрөвдөөд, ар гэрийн боломж, нөхөрлөлөө бодоод мөнгө зээлүүлэхээр болсон. Зээлүүлэхдээ төгрөгөөр авья гэж Б.Э хэлээд, хавар нь буцааж авахдаа ямар ч хүү байхгүй, америк доллароор авна гэж Н.У хэлээд тохиролцсон. Ийнхүү 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.У-ын ******* тоот Г банкны данснаас 4 удаагийн нийт 12.000.000 төгрөгийг Б.Э-ийн ******* тоот Г банкны данс руу шилжүүлсэн. 12 сард хамтран NFT бирж, виртуал хөрөнгийн бирж түүний шимтгэлээс ашиг олох компани байгуулах саналын Н.У Б.Э-д болон дахин нэг хүнд тавин 2022 оны 1 дүгээр сард компаниа байгуулан, анхны хөрөнгө оруулалтаа татсан. Ажиллаж байх хугацаандаа Б.Э-д Зээлсэн мөнгөө авна шүү, санаж байгаа биз дээ гэхэд нь Мэдэж байгаа гэж хариулж байсан. 2022 оны 4 дүгээр сард Н.У, компанийн бусад хоёр удирдлага болох хүмүүстэй санал зөрчилдөн, "Санхүүгийн сахилга бат муутай, оновчтой шийдвэр гаргадаггүй" гэх үндэслэлээр цаашид хамтран ажиллах хүсэлгүй болж компаниас гарсан. Ингэхдээ Б.Э-д нөгөө зээлээ авна гэдгээ сануулаад 4 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. 4 дүгээр сарын 30-ны өдөр дахин Б.Э-с мөнгөө асуутал асуудал ихтэй байгаа гээд зээлээ намар 9 сараас өгөхөөр тохирсон. 7 дугаар сард дахин Б.Э-той холбоо барьсан. Б.Э "Хоёулаа намар болсон биз дээ" гээд утсаа тасалж байсан. Б.Э-ийн ээжид нь Б.Э-г 12.000.000 төгрөгийн өртэй байгаа гэхэд "Сүртэй юм бэ, өгөхгүй яадаг юм, ганц хүүгээ... 09 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэсэн. Аавтай нь холбогдож үзэхэд Надад хамаагүй" гэж байсан. 8 дугаар сарын 01-ний өдөр Н.У уулзах хүсэлт гаргаад, кофе шопод уулзсан. Б.Э "Чи надад тусалсан. Тэр мөнгийг бэлгэлсэн. Оронд нь надад хамтраад ажил хий гэж хэлсэн биз дээ гэсэн агуулга дурдсан. Яриан дундаа хүртэл "Мөнгийг өгч болно хоёулаа дахиж юм хийе, найзууд больё гэж зээлсэн мөнгөө өгөхгүй байх бүхий л аргаар ярьсан боловч Н.У тохиролцоонд хүрээгүй. Б.Э 9 дүгээр сард Н.У-ын ээж рүү залган "Хүүгийн хувийн амьдралыг дэлгэнэ, тэр мөнгө бэлэг байсан, шүүхээр явбал яваарай" гэж ээжийг нь сүрдүүлсэн. Үүнээс хойш Б.Э-той холбогдож чадахгүй, зээлээ буцааж аваагүй байна. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4 удаагийн шилжүүлгээр Б.Э-д зээлүүлсэн 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.У-ын нэхэмжлэлтэй иргэн Б.Э-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл түүний шаардлага, үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Н.У өөрийн гаргасан нэхэмжлэлдээ "2021 оны 10 дугаар сарын дундуур Б.Э нь Н.У-ын гэрийн гадаа хэд хэдэн удаа ирж Хамаатны ах болон найзаасаа нийт 18.000.000 төгрөг зээлсэн байгаа, хамаатны ах бол боож ална амиа хорломоор байна... гээд удаа дараа мөнгө зээлэх талаар асууж гуйж ирж уулздаг байсан, тухайн байдлыг өрөвдөөд ар гэрийн боломж нөхөрлөлөө бодоод мөнгө зээлүүлэхээр болсон" гэжээ бодит байдал дээр Н.У-с мөнгө зээлсэн зүйлгүй бөгөөд нэхэмжлэлдээ зохиомол байдлыг зориудаар бий болгон бичжээ. Б.Э миний бие Н.У-г бага ангиас таних боловч гэрийнх нь гадаа очиж уулзсан, мөнгө зээлээч гэж гуйсан гэдэг нь ор үндэсгүй зүйл юм. Б.Э миний бие Н.У-ын гуйлтаар хэрэгжүүлж буй төсөлд нь тусалж 3 сарын хугацаанд холбогдох ажил үүргийг хийж гүйцэтгэн ажилладаг байсан. Н.У-с миний Голомт банкны ******* тоот дансанд миний ажлын хөлс шилждэг байсан. Тиймээс иргэн Н.У-ын зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.У-с Б.Н-д олгосон итгэмжлэл, Н.Ууганбаярын Г банк ХК-ийн ******* дугаар дансны хуулга, Б.Э-ийн Голомт банкны ******* дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гүйлгээ хийсэн баримт, фэйсбүүкийн харилцан ярианы зураг зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Н.У нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Б.Э-ийн Голомт банкны ******* дугаарын дансанд 4 удаагийн гүйлгээгээр нийт 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй.

4. Хариуцагч Б.Э нь Би Н.У-с мөнгө зээлээгүй гэх тайлбар гаргасан бөгөөд тэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул түүний гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Э-с зээлийн гэрээний үүрэг 12.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.У-т олгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.У-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-c 207.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.У-т олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Э-с зээлийн гэрээний үүрэг 12.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.У-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.У-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-с 207.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.У-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА