Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0004/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох 2118000420370 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* ******* нутаг дэвсгэрт бэлчиж байсан иргэн ******* эзэмшлийн 1 тооны хээлтэй үхрийг өөрийн эзэмшлийн *******- улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор:

- овогт машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4.т заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4.т зааснаар ******* 1 /нэг/ жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар ******* оногдуулсан 1 /нэг/ жил 03 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 9 хоногийг хорих ялын 9 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 20 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн, КМНЕ1141МР6А2479******* тоот арлын дугаартай “Соната-6” маркийн *******- улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хураан авч улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж,

-Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди, гарын мөр 2 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4.т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.

Яллагдагч нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн асуудлаар огт маргаан үүсгээгүй бөгөөд хохирол төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлж барагдуулан улмаар хор уршгийг арилгасан байна. Тиймээс түүнд 2021 оны 07 дугаар сарын 2-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн шүүхээс оноосон хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.... гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 7.2., 7.3.т хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэргийн зүйл ангийг тусгаж, хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлж буй хэлбэр бус, харин шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн өөрчилж байгаа ойлголт юм.

2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл "Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” заалт нь тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, мөн гэмт хэрэг үйлдэж хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үйлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалт бөгөөд хуулийн уг заалтыг шүүхээс гэм буруутайд тооцож, ял оногдуулсны дараа хэрэглэхээр заасан байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Прокурор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ялын саналыг тавихдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” талаар дүгнэлт хэлэх боломжгүй бөгөөд шүүх шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, хорих ял оногдуулсны дараа өөрийн эрх хэмжээний хүрээнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байхад улсын яллагч санал хэлээгүй гэх үндэслэлээр Өршөөлд хамруулаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээгээр шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох тул анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Миний үйлчлүүлэгчид Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах сольж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******ыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* ******* нутаг дэвсгэрт бэлчиж байсан иргэн ******* эзэмшлийн 1 тооны хээлтэй үхрийг өөрийн эзэмшлийн *******- улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4.т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч ******* нь иргэн ******* эзэмшлийн 1 тооны хээлтэй үхрийг өөрийн эзэмшлийн *******- улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ******* мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гутлын болон гарын мөрөнд шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон, шүүгдэгч *******ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгчийн өөрийнх нь автомашиныг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй..

 Харин анхан шатны шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4.т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2.т заасныг хэрэглээгүй, шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлээгүй нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Монгол улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т “2015 оны 12 сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ......Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/.... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэсэн заалтад шүүгдэгч *******ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хамаарч байна.  

Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг дугаарлахдаа давхардуулан дугаарлаж, техникийн шинжтэй алдаа гаргасныг зөв дэс дугаарт оруулж дугаарласан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., 4 дүгээр заалтыг: 

            “3.Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4.т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай” гэж.,

            “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгч *******ыг эрх бүхий байгууллагын хяналтад түүний оршин суух Дархан-Уул аймгийн Дархан сумаас явахыг хориглох үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч ******* урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3. Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 ШҮҮГЧ                         Ц.АМАРЖАРГАЛ