Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/шш2024/00626

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/00626

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15.162.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 15.162.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Манай компани нь С ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ******* дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бетон зуурмаг нийлүүлэхээр болсон. Гэрээний 4.2-т "...нийт авах барааны хэмжээ, дүн: нийт 5000 м.куб буюу 960.000.000 төгрөгийн бетон зуурмаг байхаар урьдчилан тооцсон бөгөөд худалдан авагчийн захиалгын дагуу нийлүүлсэн бодит хэмжээгээр буюу гүйцэтгэлээр нийт авсан бетон зуурмагийн хэмжээг тооцно..." гэж заасан боловч С ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр М200 маркийн 46 м.куб, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр М300 маркийн 49 м.куб, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр М250 маркийн 14 м.куб, нийт 109 м.куб буюу 18.652.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг худалдан авсан байна. Гэрээний 4.4-т бетон зуурмагийн үнийн дүнгийн 50 хувийг бэлэн мөнгөөр төлнө...урьдчилгаа 30 хувь ... бетон зуурмаг нийлүүлсэн өдрөөс хойш 2 хоногт багтаан үлдэгдэл 20 хувийг бэлэн мөнгөөр төлнө...", үлдэгдэл 50 хувийг төлбөрийг гэрээний 4.5-д заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орох Хулан Тоувэр төслийн байрнаас бартераар төлөхөөр тохирсон юм. Гэтэл тус барилгын төсөл нь манай компаниас бетон зуурмаг авсанаас хойш огт хийгдээгүй, гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэрээний 4.10-т ... Худалдан авагч тал уг гэрээний 4.4, 4.5, 4.5.1, 4.5.2, 4.6, 4.7, 4.8-д заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцороосон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож худалдагч талд төлнө...", мөн гэрээний 6.2-т ... Худалдан авагч тал уг гэрээний 4.4, 4.5, 4.5.1, 4.5.2, 4.6, 4.7, 4.8-д заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч тал нь гэрээг дангаараа цуцалж учирсан хохиролоо мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрхтэй ..." гэж тус тус заасны дагуу бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 10.108.000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй байна. Үлдэгдэл 50 хувийн төлбөрийг бартерийн эд хөрөнгө болох төслийн байрыг 2022 оны 8 дугаар сарын 30-ны дотор хүлээлгэн өгөхөөр гэрээний 4.5.1-т тохирсон байх тул 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш алданги тооцох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй ..." гэсэн заалтын дагуу хугацаандаа төлөөгүй үлдэгдэл төлбөр 10.108.000 төгрөгийн 50 хувь буюу 5.054.000 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ******* дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч нь Налайх дүүргийн хаягтай байсан тул манай компаниас 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ************** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэргэсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа манай компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэх гаргасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ************** дугаар шүүхийн шийдвэрээр С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган шийдвэрлэсэн юм. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэсээс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ******* албан тоотоор С  ХХК-ийг эрэн сурважлах ажиллагаа явуулж, олж тогтоосон талаар мэдэгдлийг ирүүлсэн байна. Манай компанийн зүгээс 2023 оны 6 дугаар сараас хойш хариуцагч компаниас төлбөр гаргуулах талаар удаа дараа шүүх, цагдаагийн байгууллагад хандаж, хугацаа их алдаж, өнөөдрийг хүртэл гэрээний төлбөрөө авч чадалгүй хохирсоор байна. Иймд С ХХК-тай байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10.108.000 төгрөг, алданги 5.054.000 төгрөг, нийт 15.162.000 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-ийн дүрмийн хуулбар, тус компаниас Ш.У-д олгосон итгэмжлэл болон Ч.Б-г өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Б ХХК-иас ирүүлсэн хүсэлт, Б ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Б ХХК-иас гаргасан ******* гэрээний дугаартай бетон зуурмаг нийлүүлсэн тооцооны баримт, С ХХК-иас Б ХХК-д бетон зуурмаг нийлүүлсэн баримт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК болон С ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 5.000 м.куб буюу 960.000.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч С ХХК нь төлбөрийн 50 хувь буюу 480.000.000 төгрөгийг мөнгөөр, үлдэгдэл 50 хувийг бартер хэлбэрээр төлөхөөр тус тус тохиролцсон байна.

Ингээд нэхэмжлэгчээс хариуцагч С ХХК-д 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр М200 маркийн, 46 м.куб буюу 7.452.000 төгрөгийн бетон зуурмаг, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр М300 маркийн, 49 м.куб буюу 8.820.000 төгрөгийн бетон зуурмаг, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр М250 маркийн, 14 м.куб буюу 2.380.000 төгрөгийн бетон зуурмаг, нийт 109 м.куб буюу 18.652.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн боловч хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 3.886.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.250.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 408.000 төгрөг, нийт 8.544.000 төгрөг төлсөн байна.

Иймээс нэхэмжлэгч Б ХХК нь үлдэгдэл төлбөр болох 10.108.000 төгрөгийг алдангийн хамт хариуцагч С ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.10 дугаар зүйлд Худалдан авагч тал төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцроосон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож худалдагч талд төлөх-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай, мөн гүйцэтгээгүй үүрэг 10.108.000 төгрөгийн 50 хувь болох 5.054.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай тус тус нийцсэн байна.

4. Хариуцагч С ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хариу тайлбар, бичгийн баримт гаргаж ирүүлээгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, компанийн төлөөлөгчийн эзгүйд, хэргийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч С ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.162.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 233.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч С ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15.162.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 233.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА