| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04559/И |
| Дугаар | 183/шш2024/00642 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 183/шш2024/00642
| 2024 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2024/00642 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-д холбогдох,
10.428.915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, У.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын Ж ХХК нь хариуцагч Х.Бд холбогдуулан 10.428.915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Нийслэлийн ерөнхий боловсролын Ж ХХК нь иргэн Х.Бетэй 2022 оноос 2023 оны хичээлийн жилд 3 хүүхдийг тус тус сургахаар Төлбөртэй сургалтын гэрээ-г байгуулсан. Нийслэлийн ерөнхий боловсролын Ж ХХК нь гэрээнд заасан үүргийн дагуу ажилласан боловч хариуцагч нь дээрх гэрээний үлдэгдэл болох 10.428.915 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Уг төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлөхийг шаардсан боловч одоо болтол барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 10.428.915 төгрөгийг гаргуулан өгч Ж ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. .... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 3.000.000 төгрөгийг төлсөн тул энэхүү үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа ба үлдэгдэл төлбөр 4.601.250 төгрөгийг алданги 1.711.665 төгрөг, нийт 6.312.915 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус сургууль болон Х.Б нарын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ********** дугаар бүхий Төлбөртэй сургалтын гэрээ-ний хуулбарууд, уг гэрээний хавсралт, тус сургуулиас Ц.Б, У.Ч нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгийн хураамж төлсөн баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч Ж ХХК болон Х.Б нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ********** дугаар, ********** дугаар болон ********** дүгээр Төлбөртэй сургалтын гэрээ-үүд байгуулагдаж, нэхэмжлэгч байгууллага нь 3 хүүхдийг 2022 оноос 2023 он хүртэлх хугацаанд сургах, хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Ингээд нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 10.428.915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, гэрээний үндсэн үүрэг 4.601.250 төгрөг, алданги 1.711.665 төгрөг, нийт 6.312.915 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй.
4. Хариуцагч Х.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.
5. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Х.Б-с хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 4.601.250 төгрөг, алданги 1.711.665 төгрөг, нийт 6.312.915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-ээс 115.957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Х.Б-с хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 4.601.250 төгрөг, алданги 1.711.665 төгрөг, нийт 6.312.915 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-ээс 115.957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА