| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03589/И |
| Дугаар | 183/шш2024/00357 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 183/шш2024/00357
| 2024 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2024/00357 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Г.Төрболд, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-д холбогдох,
Гэм хорын хохиролд 425.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т газар нь хариуцагч Б.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 425.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ ** дугаар багийн нутагт **-ийн давааны ар хэсэгт шороон зам дээр 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.М нь Тоёота хайлюкс маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Ц.М-ын жолоодож явсан Хюньдэй сонота-6 маркийн **** улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас иргэн Н.У-ийн нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн ******* дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Б.М, Ц.М нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас шинжээчийн ажлын хөлсөнд Цагаан шонхорын жигүүр төрийн бус байгууллагад 850.000 төгрөг төлсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулана" гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас гаргасан 850.000 төгрөгнөөс гэмт хэрэг үйлдэж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон Б.М-д ногдох 50 хувь болох 425.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. ... Шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд явуулж, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.М-д холбогдох хэрэг Төв аймгийн Цагдаагийн газар, Прокурор, шүүхээр дамжаад бараг 3 жил болсон. Тухайн үед өмгөөлөгчөөр миний бие явж байсан. Тухайн үед 1, 3, 5, 7 гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Миний үйлчлүүлэгч Б.М-ийн хувьд өөрийнх хүсэлт гаргасан буюу 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаж, төлбөрийг зохих журмын дагуу тухайн байгууллагын данс руу шилжүүлсэн байдаг. Харин тухайн шинжээчийн дүгнэлт нь хэт нэг талыг баримталсан буюу тиймэрхүү хүсэлт бичээд 2 удаагийн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Нөгөө шүүгдэгч буюу н.М-ын зүгээс шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тийм учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа мөнгийг нөгөө шүүгдэгч буюу н.М хүсэлт гаргасан тал төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Ц.Э-д олгосон итгэмжлэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн маягтын хуулбар, Төв аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ****** дугаар албан бичгийн хуулбар, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар тогтоолын хуулбар, Төв аймгийн Цагдаагийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Цагдаагийн газар болон Цагаан шонхор жигүүр НҮТББ нарын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолын хуулбар, нотариатын зардал төлсөн баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хариуцагч Б.М нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байна.
Тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу эрүүгийн ****** дугаар хэрэгт 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарч, нэхэмжлэгч Төв аймгийн Цагдаагийн газраас шинжээчийн ажлын хөлсөд 850.000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан Төв аймаг дахь Прокурорын газрын Прокурорын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолын хуулбар, Төв аймгийн Цагдаагийн газар болон Цагаан шонхор жигүүр нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Цагаан шонхор жигүүр нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Нэхэмжлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, Төв аймгийн Цагдаагийн газраас Цагаан шонхор жигүүр нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагад шинжээчийн зардал 850.000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Төлбөрийн хүсэлт зэргээр тус тус нотлогдсон.
3. Хариуцагч Б.М нь Шүүгдэгч Ц.М-ын хүсэлтийн дагуу тухайн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан тул тэрээр уг зардлыг бүхэлд нь хариуцах ёстой хэмээн маргав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.М-ийн гэм бурууг тогтоосон бөгөөд тухайн ажиллагааны явцад гарсан зардлыг шүүгдэгч нар тэнцүү хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч байгууллагаас гарсан зардал 850.000 төгрөгийн 50 хувь болох 425.000 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасанд нийцнэ.
4. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.М-с гэм хорын хохирол 425.000 төгрөгийг гаргуулж Сангийн яамны бусад орлогын данс буюу Төрийн сангийн 100900000707 дугаар дансанд оруулахаар шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.М-с улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.М-с гэм хорын хохиролд 425.000 төгрөгийг гаргуулж Сангийн яамны бусад орлогын данс буюу Төрийн сангийн 100900000707 дугаар дансанд оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.М-с улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Г.ТӨРБОЛД
Д.ЭНХЦЭЦЭГ