| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/03518/И |
| Дугаар | 183/шш2024/00409 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 183/шш2024/00409
| 2024 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2024/00409 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.А-д холбогдох,
14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ч.А-д 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. М.Б нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоот дүүгийнхээ ** өрөө байрыг худалдан авна гэхээр Ч.А-г суулгаж байсан боловч тэрээр хууль бусаар эзэмшиж байхдаа цааш нь М.Э гэгч хүнийг 2 жил түрээсээр суулгана гэж 24.000.000 төгрөгийг нь аваад, өгч чадаагүй ингээд надаас нийт 40.000.000 төгрөг зээлж авсан боловч түүнийгээ өгөөгүй, улмаар байрыг маань чөлөөлж өгөхгүй байсан тул дээрх иргэн М.Э-т өгөх өр болох 14.000.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ч.А-ын өмнөөс төлж барагдуулсан, тэгээд байрнаас гаргасан байдаг бөгөөд ийнхүү бусдын өмнөөс төлсөн буюу тус шүүхийн 2023 онны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183 тоот шийдвэрээр, түүний 5.7-д зааснаар М.Б нь бусдын буюу Ч.А-н төлөх үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзвэл үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг 8 дугаар зүйлийн Ч.А-с шаардах эрхтэй, мөн Иргэний хуулийн 8.1.2.-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу, мөн Ч.А нь ийнхүү дээрх байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэж үзэж байх тул өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх үндэслэл бүхий байх тул М.Б миний бие иргэн Ч.А-с бусдын өмнөөс төлсөн өөрийн 14.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.А нь М.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд М.Б-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 227.950 төгрөг төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаар шийдвэр, М.Б болон М.Энхдэлгэр нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Р.Б болон Ч.А нарын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, М.Б-с А.Э-т олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ч.А-с иргэн М.Э-т өгөх байсан 24.000.000 төгрөгийг төлж, бусдын төлөх үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн хэмээн үзэж хариуцагчаас 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэдийгээр тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар шийдвэрт М.Б нь бусдын буюу Ч.А-ын төлөх үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзвэл үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг Ч.А-с шаардах эрхтэй хэмээн дүгнэж, улмаар хэрэгт М.Б болон М.Э нарын мөнгө хүлээн авсан тухай гар бичмэл баримт авагдсан боловч М.Б-с М.Э-т мөнгө бодитоор шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, тус шүүхийн шийдвэр гарахаас өмнө дээрх мөнгө хүлээн авсан тухай бичгийг шүүхэд гаргаж өгөөгүй атлаа одоо энэхүү хэрэгт эх хувийг гаргаж ирүүлсэн нь эргэлзээ үүсгэж байх бөгөөд М.Б нь яагаад, ямар учир шалтгааны улмаас М.Эт нийт 24.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн хэрэгт М.Б-с М.Э-т өгөх ёстой байсан гэх мөнгийг өмнөөс нь төлж байгаагаа хариуцагч Ч.А-д мэдэгдсэн гэх баримт авагдаагүй байх бөгөөд Ч.А-ын хүсэл зоригийн эсрэг, дур мэдэн түүний ашиг сонирхлын төлөө уг үйлдлийг хийсэн бол нөхөн олговорыг хариуцагчаас гаргуулж олгох боломжгүй.
Энэ талаар Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.4-т Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд боломж гармагц ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээд өөрөө уг үүргийг гүйцэтгэж эхлэх буюу уг үүргээс татгалзах хүртэл үүргийг гүйцэтгэнэ гэж, мөн зүйлийн 491.5-д Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг гаргаж, үүргийн үр дүнгээс олсон бүх зүйлийг ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 491.7-д Үүргийн гүйцэтгэл ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэхгүй бол үйлдэл хийсэн этгээд зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй ... гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ч.А-с Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар шаардах эрх үүсээгүй байх тул 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 491 дугаар зүйлийн 491.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.А-д холбогдох 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА