| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/02511/И |
| Дугаар | 102/ШШ2023/02605 |
| Огноо | 2023-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/02605
| 2023 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2023/02605 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Н-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 31,821,932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, гэрч Б.О, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.Н нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр надад хандан, аавынх нь нэр дээр өмчлөлтэй Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, аптаун вилла ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээтэй, 41 м.кв бүхий амины орон сууцыг өөрийн аав болох Ч.Г-с итгэмжлэл хийлгэн барьцаалж 16,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээл олгох хүсэлт гаргасан. С.Б болон Г.Н 2 нь зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээгээ нотариатаар баталгаажуулан 16,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон. Зээлийн Гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр дуусгавар болсон боловч Г.Н нь өнөөдрийг хүртэл С.Бөд зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна. Иймд Г.Н-гаас үндсэн зээл 12,065,406 төгрөг, зээлийн хүү 19,434,324 төгрөг, алданги 5,102 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад тушаасан тэмдэгтийн хураамж болох 317,100 төгрөг нийт 31,821,932 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд тус С.Бийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо аптаун вилла ... хаягт байрлах .. улсын бүртгэлийн дугаартай,... тоот гэрчилгээтэй, 41 м.кв бүхий амины орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэг сарын хүүг 5 хувиар, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тус тус тооцон С.Бөд Г.Н төлөх үүрэгтэйг тогтоож өгнө үү гэсэн шаардлагаа дэмжээгүй болно. гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Г.Н би 2019 оны 10 дугаар сард Б.О-той харилцан тохиролцож мөнгө зээлэхээр болсон. Б.О нь мөнгө зээлэхэд заавал барьцаа авна гээд би аавынхаа орон сууцыг барьцаалж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Бтэй зээл барьцааны гэрээ байгуулсан. Зээл барьцааны гэрээ байгуулахад Б.О нь би өөрөө гэрээ хийхгүй, манай ажилтан С.Б-тэй зээл барьцааны гэрээгээ хийчих гэхэд нь итгээд хамт нотариат орж гэрээ байгуулсан. Би Б.О-с мөнгө зээлж, зээлийн төлөлтөө Б.О-н Хаан банкны 5028559198 тоот дансанд төлдөг байсан. Бидний зүгээс С.Бөөс мөнгө зээлсэн, авсан зүйл байхгүй. 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Б.О-с 12,720,000 төгрөг зээлж, тэр өдрөө 1,000,000 төгрөгийг С.Бөд өгч, 10,040,000 төгрөгийг Б.О-д буцаан төлсөн байдаг. С.Б нь жинхэнэ нэхэмжлэгч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.Н би 2019 оны 10 дугаар сард Б.О-той харилцан тохиролцож мөнгө зээлэхээр болсон. Б.Оргил нь мөнгө зээлэхэд заавал барьцаа авна гээд би аавынхаа орон сууцыг барьцаалж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Бтэй зээл барьцааны гэрээ байгуулсан. Зээл барьцааны гэрээ байгуулахад Б.О нь би өөрөө гэрээ хийхгүй, манай ажилтан С.Бтэй зээл барьцааны гэрээгээ хийчих гэхэд нь итгээд хамт нотариат орж гэрээ байгуулсан. Г.Н би өөрийн нөхөр Я-н данснаас зээлийн төлөлтөө Б.Оргилын Хаан банкны ... тоот дансанд төлдөг байсан. Г.Н миний зүгээс С.Бөөс мөнгө зээлсэн, авсан зүйл байхгүй. 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Б.О-с 12,720,000 төгрөг зээлж, тэр өдрөө 1,000,000 төгрөгийг С.Бөд өгч, 10,040,000 төгрөгийг Б.О-д буцаан төлсөн байдаг. Одоо Б.О-д төлөх зээлийн үлдэгдэл 1,680,000 төгрөг байна. Б.О-д зээлийн үлдэгдэл 1,680,000 төгрөгийг Б.О-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин С.Б-өд ямар ч төлбөр төлөхгүй. Нэгэнт С.Б-өөс ямар ч мөнгөө зээлээгүй болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа тул Б.Б-тэй байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 858 дугаар зээлийн гэрээ, 858 дугаар үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Гэрээнүүд хууль эрх зүйн хувьд алдаатай биш. Зээлийн гэрээг бичгээр байгуулна, талуудын хүсэл зоригийг тусгасан байна гэсэн үндсэн нөхцөлүүд байдаг. 2 тал хүсэл зоригоо илэрхийлээд, Сонгинохайрхан дүүрэгт очиж н.Г гэдэг нотариатчаар батлуулсан. Ямар нэг байдлаар хүчинд автсан зүйл байхгүй. Зээлийн гэрээ нь нэг талыг хохироосон болон хууль эрх зүйн алдаатай биш байгуулагдсан тул 2 гэрээ хүчин төгөлдөр. Ийм ч учраас Улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн газар барьцааны гэрээг алдаатай, хууль зөрчсөн байвал бүртгэдэггүй. С.Б-өөс зээл аваагүй гээд байдаг. Энэ зээлийн гэрээний хоёр оролцогч нь С.Б, Г.Н нар. Б.О гэдэг хүн тухайн үед цуг байж байгаад, мөнгийг С.Бөд өгөөд, С.Б нь 16,000,000 төгрөг Г.Н-д өгсөн байдаг. Энэ хоёр 12,720,000 төгрөг авсан гэж яриад байдаг. Хэрвээ үнэхээр дутуу өгсөн байсан бол гэрээн дээрээ 16,000,000 төгрөг байна, мөнгөө дутуу өгсөн тул бидний эрх зөрчигдөөд байна гэдэг үндэслэлээр шаардах эрх нь байсан. Мөнгөө бүрэн авсан нь нотлогддог. Гэр бүлийн гишүүн н.Я нь Б.О-н дансанд мөнгө төлөөд байгаа нь ямар нэг байдлаар 16,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бид мөнгө авсан зүйлгүй гэж яриад байдаг. Зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт Зээл олгох хэлбэр хугацаа, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийг зээлдэгчид хүлээлгэж өгнө гэсэн байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг дээр Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж байгаа. С.Бөөс мөнгө аваагүй гээд яриад байгаа боловч, мөнгөө авсан, С.Бтэй гэрээ байгуулсан нь мөнгө хүлээн авсан баримтаар нотлогдож байгаа. Б.Оргил гэдэг хүний данс руу мөнгө хийсэн нь иргэд хоорондоо Б.Ор данс руу төлөлтөө хийж байхаар тохиролцсон асуудал. Мөн гүйлгээний утган дээр Г.Н гэсэн нэг ч гүйлгээ байдаггүй. Дандаа Я-с гэсэн агуулгатай гүйлгээнүүд байдаг. Хэрэв эдний хэлж байгаа шиг Бид С.Бөөс мөнгө аваагүй гэж байгаа бол төлөлт яагаад н.Я гэдэг хүнээс хийгдээд байгаа вэ? Энэ 2 хүн хоорондоо тохиролцсон гэдэг нь нотлогдож байгаа. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдаад, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Тухайн үед яаралтай 1 хоног, энгийнээр 72 цаг гэдэг зохицуулалттай байсан. Тэр зохицуулалтаараа барьцааны гэрээ хүчин төгөлдөр болж бүртгэгдсэний дараа зээлийг олгосон. Зээлийн гэрээг заавал барьцаа авч байгуулна гэсэн гээд байгаа. Зээлийн гэрээ барьцаатай болон барьцаагүй байж болно. Энэ талаар хоорондоо тохиролцоод барьцаалсан. Зээлийн гэрээн дээр хүү, алдангийн талаар тусгагдсан. Иргэний хуулиар зээлийн гэрээ хүүтэй болон хүүгүй байж болно. Хүүг харилцан тохиролцохоор заасан. Тэгээд анз буюу алдангийг хоног тутамд 0.5%-иар тооцож болно гэсэн зохицуулалт байгаа. Үүнийхээ дагуу гэрээ байгуулаад, гэрээ нь хүчин төгөлдөр гэдгийг Улсын бүртгэлийн байгууллага, нотариатч гэрчилсэн. Хэрэв буруу байсан бол батлахгүй байх байсан. Яагаад С.Бөд 1,000,000 төгрөг өгсөн нь ойлгомжгүй. С.Б нь өөрөө мөнгө гаргачхаад, буцаагаад тэр мөнгөнөөсөө яагаад авах вэ? Мөн 12,720,000 төгрөг авсан бол тухайн үед шаардах эрхтэй байсан. Б.Оргилтой эрх зүйн харилцаа үүссэн гэж байгаа ч тийм харилцаа үүсээгүй нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр харагдаж байгаа гэсэн тайлбарыг гаргаж байна.
5. Нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн итгэмжлэл /хх 5/, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ /хх 6/, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээ /хх 7-8/, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхоны 53/а дугаар байрны 1 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх 9/, Зээл хүсэж буй зээлдэгчийн мэдээлэл /хх 11/, Б.Оргилын капитрон банкны харилцах дансны хуулга /хх 50/, хариуцагчаас гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 32/, Э.Ядамдоржийн хаан банкны дансны хуулга /хх 33-37/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Оргилыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулав.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 31,504,832 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураараа төлөөлгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй учир бичгээр байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Б болон хариуцагч Г.Н нар харилцан тохиролцож, зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулсан байгуулсан болох нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн итгэмжлэл, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээ, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхоны 53/а дугаар байрны 1 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргээр тогтоогджээ.
Мөн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөгийг Г.Нд өгснөөс буцаан 10,040,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт гэрч, Б.О-н тайлбар, түүний капитрон банкны харилцах дансны хуулга, Э.Я-н хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь С.Бөд 1,000,000 төгрөг буцаан өгсөн, 16,000,000 төгрөгөөс 3,280,000 төгрөг дутуу авсан болохоо баримтаар нотлоогүй байна.
7. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь 10,040,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхоны ...дугаар байрны орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцжээ.
Нэхэмжлэгч С.Б нь бичгээр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр гэрч Б.О-с 16,000,000 төгрөгийг авч хариуцагч Г.Нд өгсөн болон хариуцагч буцаан гэрчийн дансаар 10,040,000 төгрөг төлснийг зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхгүй. Гэрч Б.О-н 16,000,000 төгрөгийг миний хажууд Г.Нд өгсөн, над руу шилжүүлсэн мөнгийг С.Б зээлийн төлбөрөөс нь хасаж байсан гэсэн мэдүүлгээс харахад Б.Оргил зээлийн гэрээний тал болоогүй байна. Энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэл муутай болжээ.
Түүнчлэн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулсан тул зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсжээ.
8. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 6,760,000 төгрөгийг шаардах эрхтэй болжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн байна.
2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд 1 сарын зээлийн хүүг 5 хувиар, хугацааг 1 сар байхаар тус тус тохирсон нь хуульд нийцжээ.
2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Н нь нийт 800,000 төгрөгийн хүү төлөхөөр байна. Үүнийг хариуцагчийн төлсөн 10,040,000 төгрөгөөс хасахад 9,240,000 төгрөг болно. Уг мөнгийг хариуцагчийн үндсэн зээл 16,000,000 төгрөгөөс хасахад үлдэх 6,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
9. Талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.
Алдангийн хэмжээг зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 6,760,000 төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 3,380,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
10. Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Гэхдээ нэхэмжлэгч барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа барьцаалуулагч бус этгээд болох зээлдэгч Г.Нд холбогдуулан гаргасан нь буруу байх ба энэ шаардлагын холбогдох этгээд буюу хариуцагч нь хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан барьцаалуулагч байх, хэрэв барьцааны зүйлийн өмчлөх эрх ипотек хүчин төгөлдөр байх хугацаанд өөрчлөгдсөн бол шинэ өмчлөгч байхыг шаардана. Учир нь барьцааны шаардлагыг хэрэгжүүлснээс бий болох эдийн засаг, эрх зүйн үр дагавар барьцааны зүйлийн өмчлөгчид үүсэх тул тус этгээдийг хариуцагчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэтгэлцэх боломжоор хангах, түүнчлэн материаллаг эрх зүйн үүднээс барьцаалуулагчийн хэрэгжүүлэх боломжтой эрх, үүргийг эдлэх, татгалзал, зөвшөөрлийг гаргах боломжийг олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч барьцааны шаардлагыг барьцаалуулагч, эсхүл барьцааны зүйлийн өмчлөгч бус зээлдэгч Г.Нд холбогдуулан гаргасан, барьцаалуулагч буюу барьцааны зүйлийн өмчлөгч Ч.Гантулгаыг энэ хэрэг маргаанд хариуцагчаар тодорхойлоогүй байх тул хариуцагч Г.Нд холбогдуулан гаргасан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасантай нийцнэ.
11. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх бусад, тухайлбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
12. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 6,760,000 төгрөг, алданги 3,380,000 төгрөг, нийт 10,140,000 төгрөг хариуцагчаас гаргуулахыг хангаж, үлдэх үүргээ гүйцэтгээгүй бол эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхоны 53/а дугаар байрны .... орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон 21,681,932 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчаас 175,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас илүү төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н-гаас 9,060,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бөд олгож, үлдэх 22,761,932 төгрөг болон үүргээ гүйцэтгээгүй бол эрхийн улсын ...дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхоны 53/а дугаар байрны ...тоот орон сууцаар үүргийн гүйцэтгүүлийг хангуулах шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчаас 175,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас илүү төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ