| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2105007990811 |
| Дугаар | 2022/ДШМ/219 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ДШМ/219
2022 02 24 2022/ДШМ/219
И.П-, Б.Э- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхтуул,
шүүгдэгч И.П-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.П-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор И.П-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн 2105007990811 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. П-,
2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан;
2. Э-,
2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 26 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч И.П- нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа
1. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ц.Н-ийн эзэмшлийн “Hyundai porter” загварын ******* УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, бэлэн 250.000 төгрөг, машины MP тоглуулагч, машины холбогч, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком, 2 ширхэг татлага, машины домкрат, дорцов зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 525.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны зогсоолд байрлуулсан иргэн Б.Б-ы эзэмшлийн “Hyundai starex” загварын ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, гартааман толгойтой халтар манан хөөрөг, чинжаал хутга, дугуй хийлэгч, түлхүүр багажны ком зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.033.400 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2021 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын 12 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Д-гийн эзэмшлийн “Toyota prius 30” загварын******улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, “canon” брэндийн зургийн аппарат, 1 ширхэг хос пүүз зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 530.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2021 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны гадна байсан иргэн Г.Б-гийн эзэмшлийн “Toyota prius 20” загварын ***** УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, 1 хос монетон ээмэг, 1 хос Nike загварын пүүз зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 534.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юни газ шатахуун түгээх станцын урд байрлах иргэн М.Б-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан агуулах болох чингэлгийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, автомашины 2 ширхэг радиатор, 3 ширхэг гэрэл, 3 ширхэг стартер, 3 ширхэг кондешн, 7 ширхэг цап, 1 ширхэг аккумлятор, 1 ширхэг домакрат, 1 ширхэг планз, 4 ширхэг сигнал, 1 ширхэг насос зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.221.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2021 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35а байрны орцноос иргэн Б.А-гийн эзэмшлийн “Trek” загварын унадаг дугуйг хулгайлан авч, 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2021 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сот-2-2 дугаар байрны орцонд байсан иргэн Э.Н-ын эзэмшлийн унадаг дугуйг хулгайлан авч, 440.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Б.Д-тай бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар байрны гадна байсан иргэн Ш.Ш-ийн эзэмшлийн “Kia Bongo” загварын ****** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, СZ452-2е ZКМ загварын ангийн зориулалттай калибр буу, 8 ширхэг сум, автомашины ком багаж, дугуй хийлэгч, газын плитка зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.618.440 төгрөгийн хохирол учруулсан, /нийт 9.451.840 төгрөгийн хохирол учруулсан/
шүүгдэгч Б.Э- нь И.П-, Б.Д- нарын бүлэглэн, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон СZ452-2е ZКМ загварын ангийн зориулалттай калибр буу, 8 ширхэг сум, автомашины ком багаж, дугуй хийлэгч зэргийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: И.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт, Э-ыг “Бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдаж авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч И.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, И.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Э-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, И.П-, Б.Э- нар цагдан хоригдсон хоноггүй, Б.Э- нь бусдад болох төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч И.П-гээс нийт 3.783.840 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Н-ид 420.074 төгрөг, Б.А-д 445.074 төгрөг, Б.Д-д 425.074 төгрөг, Г.Б-д 429.074 төгрөг, Б.Б-д 648.474 төгрөг, М.Б-өд 1.416.070 төгрөгийг тус тус олгож, энэ хэргээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Б.Д-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдаж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр, И.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч И.П-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.П-гийн үйлдсэн хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж, баримтаар баталгаажуулсан. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад хамаарч байгаа учир шүүгдэгчийн цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. И.П-гийн тухайд төрөлхийн оюуны хомсдолтой, эхтэйгээ хамт амьдарч ээжиийгээ асардаг, байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.
Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...И.П-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн шинж, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар баримт ирүүлж, энэ талаараа гомдолдоо дурдсан байгаа тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх боломжтой. Энэ талаар прокурорын зүгээс тусгайлан гаргах санал, тайлбар байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч И.П-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч И.П- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 10-ны хооронд 8 удаагийн үйлдлээр тээврийн хэрэгслийн цонхыг хагалан дотор нь байсан эд зүйлсийг авах, орцонд цоожилсон дугуйны цоожийг эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 9.451.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр И.П-, Б.Д- нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон СZ452-2е ZКМ загварын ангийн зориулалттай калибр буу, 8 ширхэг сум, автомашины ком багаж, дугуй хийлэгч зэргийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Н-ийн “...“Hyundai porter” загварын 67-29 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээс бичиг баримт, машины дуу сонсдог МР, машины холбогч, дугуй хийлэгч, түлхүүр багаж, домкрат, татлага, бэлэн 250.000 төгрөг алга болсон байсан. ...” /1хх 14-15/,
хохирогч Б.А-гийн “...би трек загварын унадаг дугуйгаа зориулалтын цоожоор цоожилж үлдээгээд орхисон. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед гэрээсээ гарахад миний унадаг дугуй алдагдсан байсан. ...” /1хх 85-87/,
хохирогч Б.Б-ы “... “Hyundai starex” загварын 79-50 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээсээ гартааман толгойтой халтар манан хөөрөг, ..чинжаал хутга, ..дугуй хийлэгч, ...түлхүүр багажны ком зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан. ...” /1хх 144-145/,
хохирогч Б.Д-гийн “...өөрийн эзэмшлийн хар өнгийн “Toyota prius 30” загварын 63-58 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “Canon” брендийн зургийн аппарат, хар цагаан өнгийн nike брэндийн хэрэглэж байсан хуучин пүүз зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ...” /1хх 186-187/,
хохирогч Г.Б-гийн “...8732 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээсээ грамм нь тодорхойгүй хос монетан ээмэг 2020 оны 08 сард Мөнгөн завьяа их дэлгүүрээс 620.000 төгрөгөөр худалдан авч байсан бол одоо зах зээлийн ханшаар үнэлнэ. Мөн nike брендийн 42 размерын хос пүүз 2021 оны 04 дүгээр сард хорооллын nike дэлгүүрээс 400.000 төгрөгөөр худалдан авсан одоо 400,000 төгрөгөөр үнэлэх, эдгээр эд зүйлсээ хулгайд алдсан...” /2хх 1/,
хохирогч Э.Н-ын “.... 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө эрт ажилтай байсан болохоор 07 цаг өнгөрч босоод ажилдаа явах гээд гэрээс гарсан чинь миний унадаг дугуй байхгүй алга болсон байсан. ...Дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан болохоор ямар нэг гомдол санал байхгүй...” /2хх 38-39, 43-44/,
хохирогч Ш.Ш-ийн “... “Kia Bongo” загварын 64-49 УБП улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аваад эзэмшиж байгаа. Манай “Их Булаг” ХХК нь нийслэлийн тохижилт үйлчилгээний албатай хамтраад тэнэмэл буюу золбин нохой муур устгадаг. Үүнд СZ452-2е ZКМ загварын ангийн зориулалттай калибр буу ашигладаг байсан. Хорио цээрийн дэглэмтэй холбоотой 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буугаа офиссоосоо аваад 64-49 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ хадгалж байгаад алдсан. ...СZ452-2е ZКМ загварын ангийн зориулалттай калибр буу, 7.64 мм хэмжээтэй сум 8 ширхэг, тээврийн хэрэгсэл засварладаг ком багаж, дугуй хийлэгч, газаар ажилладаг плитка хулгайлсан байсан. ...” /2хх 126-128/,
хохирогч М.Б-ийн “...агуулахын хаалгыг эвдэж хулгайч орон дотор нь хураалгаатай байсан автомашины сэлбэг хэрэгслүүд хулгайд алдагдсан байсан. Нийт 700.000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгээ буцаан авсан. Бусад сэлбэгээ аваагүй хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /3хх 52-53/,
гэрч Ч.Б-ын “...тухайн үед П- надад “найздаа багаж зарчихаад эргээд явж байна, одоо надад буу байгаа би тэр буугаа найздаа зарах гээд цаг тохирох гэсэн юм” гэсэн. Тэгэхээр нь би “юун буу вэ” гэж асуухад “Дорнодоос авч ирсэн буу байгаа юм, одоо найздаа өгөх гэж байгаа юм” гээд Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн хашаан дотроос бууг аваад 32-ын тойргийн тэнд байх Бүрд худалдааны төвийн хойно цэнхэр өнгийн машинтай залуу ирж авсан. ...Эргэж ирэхдээ 150.000 төгрөгөөр зарчихлаа, 50.000 төгрөг бэлэн авсан. Хэд хоногоос 100.000 төгрөгөө өгнө гэж байна гэсэн зүйл ярьсан. ... /2хх 152-153/,
Б.Д-ын гэрчээр өгсөн “...нөхөр бид хоёр хулгайлсан эд зүйлсээ авч явж байгаад Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн гадаа хашаан дотор буу болон газын плитка нуугаад үлдсэн эд зүйлсээ хулгайлсан эд зүйлс авдаг ахад зарахаар 32-ын тойргийн тэр хавьд очиж зарсан. Тэндээсээ эргээд 13 дугаар хороолол орох гээд явж байгаад замд нэг ахтай танилцсан. Тэр ах бид хоёрын буу нуусан газарт очиж бууг хараад тэр өдөртөө хамт бууг аваад эргээд 32-ын тойрог орж багаж авсан ахад 50.000 төгрөгөөр зарлаа гэсэн. ...” /2хх 136- 137/,
Д.Б-ын сэжигтнээр өгсөн “...машины сэлбэгүүд авч ирээд бүгд нийлээд 35.000 төгрөг болоод нөгөө хүн мөнгөө аваад гүүр гараад явсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Тэр хүн ээж гэрт хөглөрөөд байдаг юм, эднийг зарж мөнгө болго гэж хэлсэн. Би урьд нь хулгайн эд зүйл авч байгаагүй, тэр хүнийг урьд өмнө нь зүс үзэж байсан болохоор авсан юм...” /3хх 58-59/,
Б.Э-ын яллагдагчаар өгсөн “...хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авсан нь миний буруу. Би тэр хүмүүсээс авсан багаж хэрэгслийг 50.000 төгрөгөөр худалдаж аваад үнэ нэмээд зарна гэж бодож авсан юм. ...” /2хх 221/,
шүүгдэгч И.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 46-48, 104-105, 159-161, 216-217/, /2хх 17-18, 212-249-250/, /3хх 98-99/ гэх мэдүүлгүүд,
алдсан эд хөрөнгийн үнэлгээ /1хх 26, 69, 148, 193/, /2хх 4, 59, 130/, /3хх 103/, алдсан эд хөрөнгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 146/, /2хх 86-90, 159-163/, /3хх 49/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-8, 127-132, 170-173, 225-226, 235-237, 2хх 115-119/, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 75-80/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд И.П-, Б.Э- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч И.П-гийн ганцаараа болон Б.Д-тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Б.Э-ын гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, хохирогч нар биет байдлаар буцаан олгосон болон нөхөн төлсөн дүнг хасч, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч И.П-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дгаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.П-, Б.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан И.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1... дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан үндэслэлд шүүгдэгч И.П-гийн үйлдсэн гэмт хэрэг хамаарч байх тул түүний 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 1 сар 28 хоног цагдан хоригдсоныг хасаж эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ын зорчих эрхийг 7 сарын хугацаагаар хязгаарлахдаа хязгаарлалтын бүсчлэлийг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул дээрх бүсчлэлийг өөрчилж, Б.Э-ыг оршин суух Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт болон нэмэлт заалт оруулж, шүүгдэгч И.П-гийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн “...И.П-д оногдуулсан хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч И.П- нь 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч М.Б-ийн 5079010579 тоот данс руу 1.416.070 төгрөгийг, Г.Б-ийн 5064529273 тоот данс руу 429.074 төгрөгийг, Б.А-гийн 5077527102 тоот данс руу 445.074 төгрөгийг, Ц.Н-ийн 5819214940 тоот данс руу 420.074 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.Д-гийн 5990203982 тоот данс руу 425.074 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.Б-ы 5076062156 тоот данс руу 648.775 төгрөгийг тус тус шижлүүлж төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, түүний эдлэх ялыг мөн хугацаагаар тогтоосугай. ...” гэсэн,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.П-гийн албан ёсны хаяг болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнийг нэн даруй сулласугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Б.Э-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж,
5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.П-, Б.Э- нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай. ...” гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч И.П- нь хохирогч М.Б-өд 1.416.070 /нэг сая дөрвөн зуун арван зургаан мянга дал/ төгрөгийг, Г.Б-ад 429.074 /дөрвөн зуун хорин есөн мянга далан дөрөв/ төгрөгийг, Б.А-д 445.074 /дөрвөн зуун дөчин таван мянга далан дөрөв/ төгрөгийг, Ц.Н-ид 420.074 /дөрвөн зуун хорин мянга далан дөрөв/ төгрөгийг, Б.Д-д 425.074 /дөрвөн зуун хорин таван мянга далан дөрөв/ төгрөгийг, Б.Б-д 648.775 /зургаан зуун дөчин найман мянга долоон зуун далан тав/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН