Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 2017         09           28                                                     143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн мгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгч Ц.Мөнхбат нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Цэрэндуламын Мөнхбатад холбогдох эрүүгийн 201711000232 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Бодонгууд овогт Цэрэндуламын Мөнхбат, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1997 оны 05 сарын 09-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖВ97050911/, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баян-Уул сумын 05 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2017 оны 05 сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 сарын 20-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Улзын буян” ХХК-ны зочид буудлын гадна байсан хохирогч Т.Отгонбаатарын эзэмшлийн Стана маркийн 23-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл /бүтээлэг, “любимый” гэх хайрцагтай ундаа, “преш пей” гэх печень тус бүр 1 ширхэг/, хэтэвчтэй 1 /нэг/ сая төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 сарын 19-ний өдөр Түмэндэлгэр ахтай уулзаад Дашжавхлан ахын бааранд орж пиво уугаад сууж байхад Ариунболд, Төгсөө, Тулгаа нар орж ирээд бид хоёртой хамт сууж уусан...Би Түмэндэлгэр ахыг хүргэж өгөх болоод урагш явж цагдаагийн байрны урд талаас салж, хойшоо ганцаараа явж байтал “Стана” маркийн машины буруу талын хаалга нь онгорхой байхаар нь дотор нь Ганболор ах сууж байж магадгүй гэж бодоод очиход хүн байхгүй байсан. Ингээд би жолоочийн эсрэг талын суудлын доод талд ууттай юм байхаар нь аваад хаалгыг нь хаагаад гэр рүүгээ харьж байхдаа уутанд байгаа зүйлийг үзэхэд хөх өнгийн одьяал, ундаа, печень байсан. Тэгээд одьяалыг нь сургуулийн хойд талын айлын хашаа руу давуулж шидээд, ундаа, печенийг гэр рүүгээ авч явсан...” гэжээ. /хх  71-81/

 

Иргэний нэхэмжлэгч З.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 сарын 19-ний өдөр манай байгууллагын хамт олон Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг “Онон” гол руу амрахаар явсан юм. ...Баян-Уул сумын Ганболор бид нарыг тосч авсан тэгээд сумын буудалд байрлуулсан юм. ... тэр үеэр танихгүй хоёр залуу Баян-Уул сумын улсын бүртгэгч Ганболорыг хэд хэдэн удаа дуудаад байсан. Ганболор буудлаас гарахгүй суугаад байсан. Тэгээд тэр залуучууд дуудаад байсан учир аргагүй гарсан. Үүнээс хойш манай ажлынхан орж гараад байж байтал жолооч мөнгө төгрөгөө алдсан гэсэн яриа гарсан. Ингээд би хэрэг гарсаны маргааш өөрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд бүтээлэг, ундаа, печень зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэжээ. /хх 34-35/

 

Хохирогч Т.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... би хүмүүсээ буудалд оруулаад гадаа тамхи татаад зогсож байхад Ганболортой уулзана гээд хоёр залуу тэр хавиар эргэлдээд байсан түүнээс өөр хүн тэр хавиар огт яваагүй, буудлын тэнд Ганболортой уулзана гээд эргэлдээд байхаар нь би буудалд оролгүй машиндаа сууж байгаад тэр хоёр залууг харагдахгүй болохоор нь буудал руу дөнгөж ороод сууж байхад саарал цамцтай залуу нь Ганболорыг дуудаад байсан. Тэгэхэд нь Ганболор “байж бай, явж бай” гээд гарахгүй байсан. Тэгээд тэр хоёр залуу цааш явахаар нь би араас нь залгаж гарахад тэр хоёр залуу байхгүй байсан. Би тамхи татаад буцаад буудал руу ороход удалгүй надтай зөрөөд Ууганчимэг хоёр хүүхний хамт гараад орж ирэхдээ “машиныг чинь ухсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх 39-40/

Гэрч Л.Туяажаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнийн 3 цагийн орчим Ууганчимэг, Наранжаргал бид нар бие засах гээд буудлаасаа гарахад гадаа тавиатай байсан бид нарын сууж ирсэн машин дотор жолоочийн эсрэг талын суудал дээр сааралдуу өнгийн хувцастай эрэгтэй хүн юм ухаад байгаа бололтой доошоо тонголзоод байсан. Тэгэхээр нь би Ууганчимэг, Наранжаргал нарт хандаж “машин дотор хүн байна” гэж хэлсэн чинь тэр хүн маш хурдан машинаас гараад ертөнцийн зүгээр зүүн зүгт гүйсэн. Ингээд би тэр даруй буудал руу орж жолоочид “машин дотор чинь хүн орсон байсан, тэгээд зүүн тийш гүйгээд зугтчихлаа” гэж хэлсэн...бид машинаас юм алга болсон эсэхийг шалгаж үзэхэд жолооч Отгонбаатар хэтэвчтэй 1 сая төгрөг алга болчихлоо гэж хэлсэн...” гэжээ. /хх 41-42/

 

Гэрч Д.Ууганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнийн 02 цаг өнгөрөөд 3 цаг өнгөрч байх үед Туяажаргал, Наранжаргал нартай хамт бие засах гээд гарсан чинь Туяажаргал бид хоёрт хандаж “манай машинд хүн байна, машинаас гараад гүйчихлээ” гэж хэлэхээр нь харсан боловч надад хүн харагдаагүй...жолооч Отгонбаатар “хэтэвчтэй 1 сая төгрөг алга болчихлоо, миний мөнгө жолоочийн эсрэг талын суудлын урд талын хайрцагт байсан” гэж хэлсэн. Тэр орой бид нарыг буудалд орж байхад Баян-Уул сумын улсын бүртгэгч Ганболорыг нутгийн хоёр залуу байн байн дуудаад буудлын хаалгыг онгойлгож гарч ороод байсан” гэжээ. /хх 43-45/

 

Гэрч Э.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Үйлчлэгч Туяажаргал, эд хөрөнгийн улсын бүртгэгч Г.Ууганчимэг нар “дотор эвгүй оргиод байна” гээд буудлаас гараад 5 орчим минутын дараа эргээд орж ирээд Туяажаргал бид нарт “машинаас цагаан хувцастай хүн гараад явчихлаа” гэж хэлсэн...буудалд байрлаад удаагүй байхад Ганболортой уулзана гээд хоёр залуу ирээд нэлээд удаан байсан. Тэр хоёр залуугийн нэг нь энгэр дээрээ бичигтэй цагаан саарал өнгийн малгайтай цамцтай 20 гаруй насны залуу байсан. Тэр хоёр нэлээд согтуу харагдсан ...” гэжээ. /хх 46-47/

 Гэрч Ө.Түмэндэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Буудлын урдуур өнгөрөх гэтэл Ганболор буудлын урд зогсож байсан. Тэгээд уулзах гээд очтол Ганболор буудал руу орчихсон. Тэгэхлээр нь би Ганболорыг Мөнхбатаар дуудуулахад гарч ирэхгүй байсан. Тэгээд би өөрөө дотогшоо орж Ганболортой уулзаад тэндээс гараад Мөнхбат бид хоёр урагш явж байтал цагдаагийн байрны урд талын төв байрнаас урагш дөнгөж гарсан чинь Мөнхбат “би харилаа” гээд надаас салаад хойшоо явсан. Харин би гэртээ харьж амарсан... Нэлээд хэдэн цагийн дараа би Мөнхбатыг “үнэнгээ хэлчих” гээд гуйж байгаад тэр машинаас юм авсан талаар хэлүүлсэн. Тэгэхэд Мөнхбат тэр машинаас “мөнгө аваагүй харин бүтээлэг, ундаа, печень авсан” гэж байсан. Тэгээд тэр зүйлийг нь авахаар явахад сургуулийн хойд талын хашааны буланд ууттай алчуур байсан. Тэгээд Мөнхбат гэрийнхээ хойд талд байх хуучин пингээс ундаа, цаасан хайрцагтай печень гаргаж ирсэн. Мөнхбат тухайн үед надад “би танаас салаад хойш явж байхад буудлын урд талд байсан машины хаалга онгорхой байхаар нь тэр машинд ороод ууттай юм байхаар нь аваад гарсан” гэж хэлсэн...” гэжээ. /хх 48-49/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хохирогч Т.Отгонбаатарын гэрч, хохирогчоор /хх 5-7, 38-40/, шүүгдэгч А.Мөнхбатын гэрч, яллагдагчаар /хх 8-9, 72-74/, гэрч Ө.Түмэндэлгэр /хх 10-11, 48-49/, Б.Гантулга /хх 12-13, 61-62/, Б.Баянжаргал /хх 14-15, 55-56/, Г.Ганболор /хх 16-17, 52-54/, Г.Ганчимэг /хх 50-51/, Ч.Цэрэнчимэг /хх 18-19, 59-60/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-25/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 26/, Хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 27-29/, Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-31/, Эд зүйлийн үнэлгээ /хх 36, 02/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 87/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбат нь 2017 оны 05 сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 сарын 20-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Улзын буян” ХХК-ны зочид буудлын гадна байсан хохирогч Т.Отгонбаатарын эзэмшлийн “Istana” маркийн 23-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээс бүтээлэг, “любимый” хайрцагтай ундаа, “преш пей” печень тус бүр 1 ширхэг, хэтэвчтэй 1000000 /нэг сая/ төгрөг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Т.Отгонбаатарын “...Би тамхи татаад буцаад буудал руу ороход удалгүй надтай зөрөөд Ууганчимэг хоёр хүүхний хамт гараад орж ирэхдээ “машиныг чинь ухсан гэж хэлсэн...” гэх /хх 39-40/, үйл баримтыг нүдээр харсан гэрч Л.Туяажаргалын “...машин дотор жолоочийн эсрэг талын суудал дээр сааралдуу өнгийн хувцастай эрэгтэй хүн юм ухаад байгаа бололтой доошоо тонголзоод байсан... тэр хүн маш хурдан машинаас гараад ертөнцийн зүгээр зүүн зүгт гүйсэн” гэх /хх 41-42/, гэрч Д.Ууганчимэгийн “...жолооч Отгонбаатар “хэтэвчтэй 1 сая төгрөг алга болчихлоо, миний мөнгө жолоочийн эсрэг талын суудлын урд талын хайрцагт байсан” гэж хэлсэн. Тэр орой бид нарыг буудалд орж байхад Баян-Уул сумын улсын бүртгэгч Ганболорыг нутгийн хоёр залуу байн байн дуудаад буудлын хаалгыг онгойлгож гарч ороод байсан...” гэх /хх 43-45/, гэрч Э.Эрдэнэчимэгийн “...Тэр хоёр залуугийн нэг нь энгэр дээрээ бичигтэй цагаан саарал өнгийн малгайтай цамцтай 20 гаран насны залуу байсан...” гэх /хх 46-47/, гэрч Ө.Түмэндэмбэрэлийн “...нэлээд хэдэн цагийн дараа би Мөнхбатыг үнэнгээ хэлчих гээд гуйж байгаад тэр машинаас юм авсан талаар хэлүүлсэн. Тэгэхэд Мөнхбат тэр машинаас мөнгө аваагүй харин бүтээлэг, ундаа, печень авсан гэж байсан...” гэх /хх 48-49/ мэдүүлгүүд, Эд зүйлийг тухайн цаг хугацаанд хулгайд алдсан талаар хохирогч Цагдаагийн байгууллагад хандсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-25/, Эд зүйлийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 28-29/, Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Мөнхбатын үйлдсэн гэмт хэрэгт шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Харин уг гэмт хэрэг 2017 оны 05 сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх ба Прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Мөнхбатын эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна. Түүний гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн  болох нь хохирогч Т.Отгонбаатарын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх 94/, дансны хуулга /хх 93/, Иргэний нэхэмжлэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 33-34/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 46 дугаар зүйлийн 46.1.5-д заасан “баривчлах” ял нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тусгагдаагүй тул дүйцүүлэх тухай ойлголт үүсэхгүй, ялаас чөлөөлөх үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Мөнхбатыг оногдуулсан баривчлах ялаас чөлөөлж, шүүх хуралдааны танхимаас суллах зүйтэй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт энэ тогтооолоор төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD 1 ширхэгийг хэрэгт хавсаргах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бодонгууд овогт Цэрэндуламын Мөнхбатад холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бодонгууд овогт Цэрэндуламын Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбатыг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Мөнхбатыг оногдуулсан 4 сарын баривчлах ял эдлэхээс чөлөөлж, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.  

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн DVD 1-ийг хэрэгт хавсаргасуай.

 

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Мөнхбатын ЖВ97050911 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

  

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ