Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0639

 

2023 08 22                            128/ШШ2023/0639

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.С*****

Хариуцагч: Н

Маргааны төрөл: Б дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, Н н-т мал бордох аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Н даалгахыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэ******, Ц.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

Б дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, Н н-т мал бордох аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Н-д даалгах

Нэхэмжлэгч Д.С*** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Д****** С****** миний бие 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан "Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах" төсөл сонгон шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/5** дүгээр албан бичгээр нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж хамтран ажиллахыг мэдэгдсэний дагуу "Мал бордох аж ахуй байгуулахаар хамтран ажиллах гэрээ" байгуулан 2011 оны 09 дүгээр сараас хойш Б дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, "Н*** н**"-т 2 га газарт мал бордох аж ахуй байгуулах төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд тухайн газар дээр шалгарсан төслийн дагуу өөрийн хөрөнгөөр болон үйл ажиллагааны орлогоороо малын тэжээлийн хашаа, саравч, гүний худаг, ажилчдын байр барих, цахилгаан шугам татах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд Улаанбаатар хот болон Б дүүргийн малчдад өвс, тэжээл нийлүүлэх зэргээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой үйл ажиллагаа явуулах, газрын төлбөр төлөх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх, газрын тухай хуулийг дагаж мөрдөх үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор биелүүлж байгаа болно.

"Мал бордох аж ахуй байгуулахаар хамтран ажиллах гэрээ"-ний 6.5-д тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой хөрөнгө оруулалт хийсэн бол ашиглалтын 2 дахь жилээс газар эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгч буюу надад шилжүүлэн өгөхөөр тохиролцсоны дагуу миний бие 2019 оноос хойш газар эзэмших эрх олгохыг хүсэж удаа дараа хэд хэдэн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлж чадахгүй хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирч байна.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс хамтран ажиллах гэрээний нэг Захирагчийн ажлын алба тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 20% тал болох Улаанбаатар хотын дугаар захирамжаар эзэмших эрхтэй байх тул тус албанд хандах нь зүйтэй гэж зөвлөсний дагуу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ашиглаж байгаа газрын эзэмших эрх олгохыг хүсэж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн өргөдөл гаргасан бөгөөд Захирагчийн ажлын албанаас "2019 оны хаврын улиралд багтаан газрын эзэмшил шилжүүлэх, материалыг бүрдүүлж, Нийслэлийн Газрын албанд уламжлахаар шийдвэрлэв гэсэн хариу өгсөн боловч тодорхой шийдвэр гарсангүй. Үүний дараа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж ашиглаж байгаа газраа эзэмших хүсэлт гаргасан бөгөөд тус албанаас "материалын бүрдэл дутуу байгаа тул Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг эх хувиар, шилжүүлэн өгч буй байгууллагын албан бичиг зэрэг материалыг бүрдүүлж ирнэ үү гэсэн хариу өгсөн бөгөөд энэ нь иргэн надаас хамаарах биш гэрээний нэг тал болох Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хамаарах асуудал тул энэ байгууллагын даргатай нь уулзаж чадаагүй ч хэлтсийн дарга нартай уулзаж, учирлаад ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна.

Энэхүү газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 2*** дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд үйлдвэржүүлэлт, үндэсний үйлдвэрлэл, эрүүл, чанартай хүнсний хэрэглээг дэмжих, тэдгээрт зориулсан барилга байгууламж, дэд бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжих зорилгоор фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн байгаа болно.

Газрын тухай хуулийн 33.1.2-т "Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ." гэж заасан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан "Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах" төсөл сонгон шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Д.С****** надад Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Н н" нэртэй газарт байрлаж байгаа 2 га газрыг эзэмших эрх олгож өгөхийг хүсч Н даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргалаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, "Н н"-т мал бордох аж ахуйн зориулалтаар 2 м.кв газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбар гаргаж байна. Иргэн Д.С нь 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан "Улаанбаатар хот, хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах" төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан. 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Б*** 1/5** тоот албан мэдэгдлийн дагуу Б дүүргийн *дугаар хороо, Н*** н**** 55 дугаар хаягт 2 м.кв газрыг ашиглаж эхэлсэн. Иргэн, Д.С******* газрын асуудлыг шийдвэрлэхдээ тус албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг. Гэвч Улаанбаатар хотын Захирагчийн албатай байгуулсан гэрээний дагуу ашиглаж буй газрын эрхийг шилжүүлэх тухай дээрх байгууллагын албан бичиг дутуу байх тул материалын бүрдлийг хангасны дараа шийдвэрлэх боломжтой гэжээ.

Нэхэмжлэгч Д.С****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн До****** С**** миний бие 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/5** дүгээр албан бичгээр нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж хамтран ажиллахыг мэдэгдсэний дагуу Мал бордох аж ахуй байгуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулан 2011 оны 09 дүгээр сараас хойш Б дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, Н**** н**** 2 га газарт мал бордох аж ахуй байгуулах төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд тухайн газар дээр шалгарсан төслийн дагуу өөрийн хөрөнгөөр болон үйл ажиллагааны орлогоороо малын тэжээлийн хашаа, саравч, гүний худаг, ажилчдын байр барих, цахилгаан шугам татах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд Улаанбаатар хот болон Б дүүргийн малчдад өвс, тэжээл нийлүүлэх зэргээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой үйл ажиллагаа явуулах, газрын төлбөр төлөх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх, газрын тухай хуулийг дагаж мөрдөх үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор биелүүлж байгаа болно.

Мал бордох аж ахуй байгуулахаар хамтран ажиллах гэрээ-ний 6.5-д тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой хөрөнгө оруулалт хийсэн бол ашиглалтын 2 дахь жилээс газар эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгч буюу надад шилжүүлэн өгөхөөр тохиролцсоны дагуу миний бие 2019 оноос хойш газар эзэмших эрх олгохыг хүсэж удаа дараа хэд хэдэн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлж чадахгүй хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирч байна. Тухайлбал, Н Тамгын газрын Хууль, эрх зүйн газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 2** гэрээний нэг тал болох Улаанбаатар хотын дугаар захирамжаар эзэмших эрхтэй байх тул тус албанд хандах нь зүйтэй гэж зөвлөсний дагуу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ашиглаж байгаа газрын эзэмших эрх олгохыг хүсэж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн өргөдөл гаргасан бөгөөд Захирагчийн ажлын албанаас 2019 оны хаврын улиралд багтаан газрын эзэмшил шилжүүлэх материалыг бүрдүүлж, Нийслэлийн Газрын албанд уламжлахаар шийдвэрлэв гэсэн хариу өгсөн боловч тодорхой шийдвэр гарсангүй.

Үүний дараа 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж ашиглаж байгаа газраа эзэмших хүсэлт гаргасан бөгөөд тус албанаас материалын бүрдэл дутуу байгаа тул Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг эх хувиар, шилжүүлэн өгч буй байгууллагын албан бичиг зэрэг материалыг бүрдүүлж ирнэ үү гэсэн хариу өгсөн бөгөөд энэ нь иргэн надаас хамаарах биш гэрээний нэг тал болох Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамаарах асуудал тул энэ байгууллагын даргатай нь уулзаж чадаагүй ч хэлтсийн дарга нартай уулзаж, учирлаад ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна.

Энэхүү газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 2** дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд үйлдвэржүүлэлт, үндэсний үйлдвэрлэл, эрүүл, чанартай хүнсний хэрэглээг дэмжих, тэдгээрт зориулсан барилга байгууламж, дэд бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжих зорилгоор фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн байгаа болно. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Д.С***** надад Б дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Н**** н*** нэртэй газарт байрлаж байгаа * га газрыг эзэмших эрх олгож өгөхийг хүс Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлдээ нийт 39 хуудас баримтыг шүүхэд нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх бичгээр хариу тайлбараа дэмжиж оролцож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С****** нь Б дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, Н*** н**-т мал бордох аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Н******-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1*/0*-** тоот Мал бордох аж ахуй байгуулахаар хамтран ажиллах гэрээ-ний 6.5-д Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой, хөрөнгө оруулалт оруулсан байна гэж үзвэл ашиглалтын 2 дахь жилээс * талд газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэж заасан байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Албаны эзэмшлийн газар ашиглалтын гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай А/** дүгээр тушаалаар Саалийн үнээний ферм мал бордох аж ахуй байгуулах зорилгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны эзэмшилд олгосон газрын газар ашиглах гэрээг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Дээрх ажлын хэсэг ажиллаж гэрээний биелэлтийг дүгнэсний үндсэн дээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/8** тоот албан бичгийг үйлдсэн гэсэн агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай 01/8** тоот албан бичигт[1] ...Иймд саалийн үнээний фермийн чиглэлээр газар ашиглаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой хөрөнгө оруулалт хийсэн иргэн ... Д.Са******* ... газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй байна гэсэн байна.

Иргэн Д.С***** нарын Сүүний үхрийн аж ахуй, мал бордох аж ахуйн ажиллагааг шалгасан тухай 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн илтгэх хуудас[2] болон гэрээг дүгнэсэн актаас[3] үзэхэд Д.С****** гэрээний үүргийн биелэлтийг 97.5% гэж дүгнэсэн байх ба Д.С****** газар эзэмших, эрх шилжүүлэх хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналыг гаргасан байна.

Мөн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн илгэх хуудаснаас[4] үзэхэд Д.Са****** нь 2016 онд цахилгаан, хашаа худаг гэх мэт дэд бүтцийн асуудлаа шийдвэрлүүлсэн тул түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх саналыг гаргасан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Т****** дүгнэлтээр[5] ...Цахилгаан татсан, гүний худаг гаргасан, үхрийн саравч, хашаа, малын тэжээлийн хашаа, мах, сүүний чиглэлийн 28 үхэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Д.С****** 2 га газрын эзэмших эрхийг хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэж дүгнэсэн байна.

Нийслэлийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын хөдөө аж ахуйн эдэлбэр газар, Усан хангамж, хориглосон бүс хариуцсан мэргэжилтэн Б.Ш*****н 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтээр[6] Д.С***** гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул газар эзэмших эрхийг түүнд шилжүүлэх саналтай байна гэсэн байна.

Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч Д.С****** нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж газраа зориулалтын дагуу ашиглаж тогтвортой хөрөнгө оруулалт оруулсан болох нь дээр тайлбарласан баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой тогтоогдож байна.

Иймд Д.С******* би гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хангалттай биелүүлсэн тул хамтран ажиллах гэрээний 6.5-д заасны дагуу газар эзэмших эрхийг надад шилжүүлэн өгөх үндэслэлтэй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.С****** нь газрын төлбөрт нийт 3,***,*** /гурван сая долоон зуун хорин гурван мянга хоёр зуун дал/ төгрөг төлсөн болох нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах, Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж заасан байна.

Хэрэгт цугларсан дээр тайлбарласан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан нь хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй маргахгүй, маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

Дээрх тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, хариуцагч нь Мал бордох аж ахуй байгуулахаар хамтран ажиллах гэрээ-ний үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хангаж, маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С****** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарийн нуур-т мал бордох аж ахуйн зориулалтаар 2 га газрын эзэмших эрхийг Д.С******** олгохгүй байгаа Н******* З*** д***** эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг байршилд Д.С****** газар эзэмших эрх олгохыг Н**** З*** д****даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Са****** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ