Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 14

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00749 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЦБ” ХХК-д холбогдох

“154375000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “ДХ” ХХК-иас 15437500 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгч Д.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ДХ” ХХК-ийн Д хотхоны 80 айлын орон сууцны барилга барих зориулалтаар зохих журмын газраа авч зураг төслөө хийлгэсэн. Гэтэл “ЦБ” ХХК нь эхний авсан техникийн нөхцөл болон эскизээ зөрчин манай газарт тулган барьсан нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №3В/241 тоот албан бичгээр нотлогдож байна. Тухайн үед зохих журмын дагуу газар дээр нь очиж хэмжилт хийн нөхцөл байдалтай танилцсан аймгийн ерөнхий архитектор Л.М нь манай компаний “2 дахь барилгын зураг төслийг нь өөрчлөн барих, зураг төсөл өөрчлөгдсөний төлбөрийг “ЦБ” ХХК-иас гаргуулах зөвлөмж өгсөн бөгөөд тэр үед “ЦБ” ХХК-ийн инженер Д, Д хотхоны барилгын гүйцэтгэгч болох “АШ” ХХК-ний захирал М нар байлцаж тус төлбөрийг “ЦБ” ХХК хариуцахаар харилцан тохиролцсон. Ингээд манай компани 25000000 төгрөгөөр “ИДГ” ХХК нар 25 айлын орон сууцны барилгын зураг төсөл хийлгэсэн. Гэтэл “ЦБ” ХХК нь барилгын зураг төсөл өөрчлөгдсөний төлбөр болох 25000000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд барилгын зураг төсөлд өөрчлүүлсний төлбөр болох 25000000 төгрөг болон анхны зураг төсөл төлөвлөгөөний дагуу барилгаа барьж чадаагүйгээс шалтгаалан олох байсан ашиг 129375000 төгрөг нийт 154375000 төгрөгийг “ЦБ” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч “ЦБ” ХХК-ийн захирал С.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ДХ” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байна. “ДХ” ХХК нь манайхаас нэхэмжилж буй 154375000 төгрөг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал өөрийнхөө нэхэмжлэлийг Аймгийн Засаг даргын тамгын газрын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн б-36/241 тоот албан бичгээр нотлогдож байна гэж буй нь  хууль ёсны нотлох баримт болж чадахгүй. “ЦБ” ХХК нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр дээр 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай засаг даргын захирамжаар 2500м2 газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмших зөвшөөрлийн дагуу кадастрын зураг, эскиз, ерөнхий төлөвлөгөөг аймгийн ерөнхий архитектор Л.М-аар 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлуулж барилга хот байгуулалтын хууль болон бусад холбогдох норм дүрмийн дагуу үйлчилгээний төвтэй 3*25 айлын орон сууцны барилгын зургийг “ЭНЭ” ХХК-иар зохиолгож улсын экспертизээр баталгаажуулсанаар 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эрх бүхий “С” ХХК-ийн инженер Ц.Б-өөр 1 дүгээр ээлжийн үйлчилгээний төвтэй 25 айлын орон сууцны барилгын тэг тэнхлэгийг газар дээр нь байгуулж 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. “ДХ” ХХК-ийн нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь манай барилгыг ашиглалтад орсны дараа үйлдэгдсэн тул манай буруугаас шалтгаалж барих барилгын зураг нь өөрчлөгдсөн гэдгийг нотолж чадахгүй байна. Бидний хооронд үүсэж буй энэ маргааныг үнэн зөв шийдвэрлэхийн тулд мэргэжлийн байгууллагаар хийгдсэн хөндлөнгийн дүгнэлт чухал бичиг баримт болно гэж үзэж байна гэжээ.  

            Хариуцагч “ЦБ” ХХК-ийн захирал С.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ЦБ” ХХК нь 25*3=75 айлын орон сууцны барилгын эхний 25 айлын орон сууцны барилгыг барихдаа барилгын зургийн техникийн нөхцлийн схемээ зөрчсөнөөс болж 40*2=80 айлын орон сууцны барилга барихаас 15 айлын орон сууцны барилгыг барьж чадаагүй, мөн барилгын зургийг өөрчлөн зуруулснаас болж нийт 154375000 төгрөгийн хохирол учирсныг гаргуулах тухай “ДХ” ХХК-ийн хууль зүйн үндэслэлгүй маргаанаас болж “ЦБ” ХХК нь бүтэн 3 жил 4 сар шүүхэд хариуцагчаар татагдаж, олон шатны шүүхийн хаалга татаж байгууллагын нэр төр, хэдэн арван тэр бум төгрөгийн орлого олох боломжоо алдаж хохирлоо. Захирал С.Л миний бие болон ерөнхий инженер Г.Д бид Улаанбаатар хотод амьдардаг, өвлийн цагт нь Америк улс руу явж охиноо төрүүлэх, зээгээ асрах, инженер Г.Д нь Америкт суралцах зэргээр Өвөрхангай аймагт суурин ажиллаж амьдардаггүй тул энэ 3 жил 4 сарын хугацаанд А.Т-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулсан юм. Хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй байж энэ хугацаанд их хэмжээний алдагдал хүлээсэн ч нэр төрөө сэргээлгэх, олох ёстой байсан орлогоо гаргуулана гэхгүй ч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 15437500 төгрөгөөр хохирох ёсгүй. Харин энэ мөнгийг цалингаа авч чадахгүй байгаа хэд хэдэн ажилчдын маань цалин хөлсөнд зарцуулагдах ёстой тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал болох 15437500 төгрөгийг “ДХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЦБ” ХХК-иас 25000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 129375000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “15437500 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 282950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929830 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243800 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээн, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 145\ШШ2018\00749 тоот шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн “1.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЦБ” ХХК-иас 25000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДХ” ХХК-д олгож...” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулж байх тул тус шүүхэд хандан гомдол гаргаж байна. Үүнд: НЭГ. Мэргэжлийн эрх бүхий байгууллагууд шинжилгээ хийж “ЦБ” ХХК нь 25x3=75 орон сууцны барилга барихдаа нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн эзэмшил газрын хилийг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтүүд гаргасан байхад нэг талыг барин гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн тусгай мэргэжлийн мэдлэг шаардсан асуудалд шүүгч эрх зүйн дүгнэлт шууд гаргаж хууль зөрчжээ. Тайлбар: шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын  2016  оны шинжээчийн  дугнэлт, Өвөрхангай  аймгийн  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны шинжээчийн дүгнэлт, Газрын   харилцаа,   геодези   зураг   зүйн   газрын   2018 оны шинжээчийн дүгнэлтүүдэд хариуцагч “ЦБ” ХХК нь 25*3=75 орон сууцны барилга барихдаа нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн эзэмшил газрын хилийг зөрчөөгүй талаар тус тус дүгнэсэн байдаг. Хариуцагч “ЦБ” ХХК нь 25x3=75 орон сууцны барилга барихдаа анх батлагдсан техникийн нөхцлийн үндсэн схем зургаа зөрчиж, барилгын зургаа зөөж, эргүүлж барьсан болох нь хэрэгт авагдсан схем зургууд болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотогдож байгаа ч анхны зураг төслөө өөрчлөн барьсан эзэмшил газрын хил заагийг зөрчөөгүй болох нь мөн шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогддог гэж мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний дүгнэлтүүдийг дурдсан атлаа албан тоот, гэрчийн мэдүүлгийг иш үндэс болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Нэхэмжлэгч “ДХ” ХХК-иас 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн 49 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүйгээс болж энэ хэрэг давж заалдах, хяналтын шатны бүх шүүхүүдийг дамжин анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэхээр шийдвэрлэгдсэн боловч анхан шатны шүүх дахин 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр авч хэлэлцсэн ч ийнхүү дахин үндэслэлгүй шийдвэр гаргасанд харамсаж байна. Шүүх нь мэргэжлийн байгууллагаар шинжилгээний дүгнэлт гаргуулах тухай хариуцагч манай “ЦБ” ХХК-ийн захирал С.Л-ийн хууль ёсны хүсэлтийг 2013 оны 11 дүгээр 20-ны №1/520 тоот захирамжаар хүлээн авахаас үндэслэлгүй татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1 “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын түлд хэргийн оролцогчийн хүсэлтээр, шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэсэн хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг анхнаасаа зөрчсөнөөс болж бүтэн 5 жилийн нүүр үзэж хохирч байна.

Энэхүү хэрэг анхан шатанд буцсанаас хойш аймгийн Шүүхийн шинжилгээний алба-2, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар-1, аймгийн Мэргэжлийн хяналтын алба-1, Мэргэжлийн ерөнхий хяналтын газар-1, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-2, Геодези зураг зүйн газраар-5, нийт 12 удаа шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг гаргаснаар шүүх хүлээн авч шинжилгээ хийлгүүлсэн байдаг. Шүүх үндэслэх нь хэсэгтээ “шинжилгээний дүгнэлтүүдээр нотлогдож байна.” гэж дүгнэлт хийчихээд хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй төрийн захиргааны албан тушаалтны албан захидал, барилгын мэргэжлийн бус нягтлан бодогчийн мэргэжилтэй нэгэн залуугийн гэрчийн мэдүүлгийг иш үндэс болгон шийдвэрлэсэн нь үнэхээрийн “тэнэг” шийдвэр болжээ.

Төрийн мэргэжлийн байгууллагуудын тангараг өргөсөн 20 шахам төрийн шинжээчдээс цаг хугацаа зориулан газар дээр нь ирж барилгын орчин үеийн шинжилгээний дуран техник хэрэгслэлийг ашиглан хийсэн шинжээчдийн дүгнэлтүүд бол хууль зүйн маш чухал ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж байна.

Шинжилгээ хэрэггүй байсан юм болбол, тусгай мэргэжлийн мэдлэг шаардсан асуудалд шүүгч өөрөө шууд эрх зүйн дүгнэлт гаргах ёстой юм бол энэ асуудлыг зохицуулахаар хуульчилсан “Шүүхийн шинжилгээний тухай хууль” болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1 “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хусэлтээр, шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.” гэсэн хуулийн заалт хэнд, юунд хэрэгтэй хэзээ, ямар тохиолдолд үйлчлэх хуулиуд юм бэ? Шинжилгээ хэрэггүй байсан юм бол шүүх яагаад шинжилгээ хийлгүүлэх 12 удаагийн хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэн, төрийн байгууллагуудаас хүн хүч, хөрөнгө зардал гаргуулан шинжлүүлээд цаг хугацаа алдуулан бүтэн 5 жил компанийн ажил амьдралыг алдагдуулж чирэгдэл учруулсан юм бэ? Шинжилгээ хэрэггүй байсан юм бол үүний өмнө давж заалдах шатны шүүх яагаад оролцогчийн эрхийг хангаагүй, шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй байна гэж үзэж анхан шатанд буцаасан юм бэ? Шинжилгээнүүд шүүгчийн сэтгэлд нийцэхгүй байгаа юм бол яагаад нэмэлт шинжилгээ, дахин шинжилгээг санаачилгаараа хийлгэж, хуульд заасан боломжийг ашиглаагүй юм бэ?

ХОЁР: Шүүх нь “Үндэслэх нь” хэсэгтээ “Өвөрхангай аймгийн Ерөнхий архитектор Л.М-ын гарын үсэг бүхий аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 тоот албан бичгээр “ДХ” ХХК-ийн газар эзэмших эрхэд хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч болох “ЦБ” ХХК-иас нөлөөл үзүүлсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ.” гэж мэдээлэл лавлагааны шинж чанартай албан захидлыг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулжээ.

Тайлбар: 1. Албан тоот буюу албан захидал нь шүүх шийдвэр гаргахдаа үндэслэж болох захирамжлалын шинжтэй, өөрөөр хэлбэл эрх зүйн акт мөн үү? Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ үндэслэж буй аливаа баримтаа хууль зүйн талаас нь зөрчилтэй эсэхийг судлан шинжилж байж эрх зүйн дүгнэлт гаргах ёстой биш үү? Үндэсний архивын Ерөнхий газрын даргын “Төрийн албан хэрэг хөтлөх үндсэн заавар”-т тогтоол, тушаал захирамж нь захирамжлалын баримт бичигт, албан захидал, тайлан, илтгэх хуудас, танилцуулга нь мэдээлэл лавлагааны шинж чанартай баримт бичигт хамаардаг болохыг өөрөөр хэлбэл албан захидал бол хууль ба түүнийг хэрэгжүүлэх үүднээс батлан гаргасан эрх зүйн акт биш болохыг тогтоосон байдаг тул шүүхийн үндэслэсэн энэхүү албан захидал нь хэлбэрийн хувьд нотлох чанараа шууд алдана.

Тайлбар: 2. Л.М-ын гарын үсэг, аймгийн ЗДТГ-ын тэмдэг бүхий аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 тоот албан тоотыг ашиглах эрхгүй албан тушаалтан болох ерөнхий архитектор Л.М ашигласан нь хууль зөрчиж байгаа тул мөн нотлох чанараа алдана. Үндэсний архивын Ерөнхий газрын даргын 2011 оны ....тушаалаар баталсан “Төрийн албан хэрэг хөтлөх үндсэн заавар”-ын 2.4.4.7. “Албан бичгийг байгууллагын нэрийн өмнөөс боловсруулж, явуулах бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын дарга, зохион байгуулалтын нэгжийн дарга нар чиг үүргийнхээ хүрээнд гарын үсэг зурна,” гэсэн заалт зөрчигдсөн. Л.М нь 2013 онд Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Г-ын удирдлага дор ажиллаж байжээ.

Тайлбар: 3. Аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 тоот албан тоотод гарын үсэг зурж баталгаажуулахдаа аймгийн ЗДТГ-ын тэмдгийг ерөнхий архитектор Л.М ашигласан нь Үндэсний архивын Ерөнхий газрын даргын 2011 оны тушаалаар баталсан “Төрийн албан хэрэг хөтлөх үндсэн заавар”-ын 2.3.12 “Баримт бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал болон албан тушаалтны гарын үсгийг тамга, тэмдэг дарж, баталгаажуулна. Байгууллагын тамгыг дарга, орлогчийн, байгууллагын тэмдгийг зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тайлбар: 4. Өвөрхангай аймгийн Ерөнхий архитектор Л.М-ын гарын үсэг аймгийн ЗДТГ-ын тэмдэг бүхий аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 тоот албан бичиг нь агуулгын хувьд ч Үндэсний архивын Ерөнхий газрын даргын “Төрийн албан хэрэг хөтлөх үндсэн зааврын 2.4.4.2-ын “Албан бичиг төлөвлөхөд тавигдах нийтлэг шаардлага”-д “Албан бичгийн агуулга хууль, эрх зүйн үүднээс зөв томъёологдсон байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Аймгийн Ерөнхий архитектор Л.М нь “ДХ” ХХК-д хүргүүлсэн аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-нийөдрийн Зв/241 тоот албан бичигтээ “ЦБ” ХХК нь эхний барьсан 25 айлын орон сууцны барилгын техникийн нөхцөл болон эскизээ зөрчин ажил эхэлснээс танай газарт орж танай 2-р ээлжийн барилгатай хэт ойрхон зайд байрлах нөхцөл үүссэн нь норм, дүрэм зөрчин танайх шинээр барих барилгынхаа зураг төслийг өөрчлөн, богиносгон төлөвлөхөд хүрсэн. Танай байгууллага болон “ЦБ” ХХК-ийн удирдлагууд ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Х бид газар дээр нь очиж хэмжилт хийн нөхцөл байдалтай танилцаад танайд 2-р ээлжийн барилгын зураг төслөө өөрчлөн, 2 барилгын хоорондох зайг холдуулан төлөвлөх зөвлөмж өгсөн. “ЦБ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж танай байгууллага зураг өөрчлөх болсон тул гарах зардлыг “ЦБ” ХХК хариуцахаар  2 тал  газар  дээрээ  тохиролцсон. Иймд зураг төслийн зардал,тооцооны асуудлаа танай 2 байгууллага хоорондоо шийдэх нь зүйтэй” гэж мэдүүлэн бичсэнийг хууль зүйн үүднээс авч үзвэл хууль зөрчсөн албан тоот юм. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмээр хүлээсэн тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээсэн төрийн захиргааны албан тушаалтан Л.М нь хууль дүрмээр хүлээсэн үүргээсээ гадуур, ерөнхий архитекторын үүрэг функцэд байхгүй, хамааралгүй асуудлаар өөрөөр хэлбэл хүндээ хөнгөнөөс өгч, ашиг сонирхолдоо хөтлөгдөн 2 барилгын компанийн барилгын зургийн зардалтай холбоотой асуудал руу хөндлөнгөөс нь орж зохицуулалт /одоогоор бол эвлэрүүлэн зуучлал/ хийсэн гэх утгатай тоот “ДХ” ХХК-нд хүрүүлсэн нь энэ компанид энэ албан тоотоор мөнгө олж болох юм байна гэсэн ойлголтыг төрүүлснээр энэ маргааныг дэгдүүлсэн түүх үүссэн байдаг. Ерөнхий архитектор гэдэг албан тушаалтан бол хот байгуулалттай холбоотой бүх шатны зураг төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, газар, техникийн нөхцөл олгох, барилгажилт, архитектур, тохижилт, гоо зүйн асуудлыг уялдуулан зохицуулж, мэргэжилийн урирдлагаар хангах, тухайн аймаг хотын нутаг дэвсгэрийн хөгжил, хот суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилгажилт, зам талбай, тохижилт, цэцэрлэгжилт, инженерийн шугам сүлжээний асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэх, хот тосгонд баригдах барилгуудыг тухайн орон нутгийн онцлог, орчин суугчдын зан заншил, үндэсний архитектурын уламжлал, орчны барилгажилт, орон зайн харьцаа, зайлшгүй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайлан боловсруулсан төслөөр бариулах, тохижилт зам талбай, реклам чимэглэл, архитектурын жижиг хэлбэрүүдийг иж бүрнээр гүйцэтгэх арга хэмжээ зохион байгуулах зэргээр бодлогын чанартай эрх эдэлж үүрэг гүйцэтгэдгийг Хот байгуулалтын тухай хуулийн 10-р зүйл, Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмээс харж болно.

Тайлбар: 5. “ЦБ” ХХК-ийн удирдлагууд зардлыг “ЦБ” ХХК хариуцахаар 2 тал газар дээрээ тохиролцсон. Иймд зураг төслийн зардал, тооцооны асуудлаа танай 2 байгууллага хоорондоо шийдэх нь зүйтэй.

Тайлбар: 6. Ерөнхий архитектор Л.М нь өөрийн гарын үсэг, аймгийн ЗДТГ-ын тэмдэг бүхий аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 тоот албан тоотоо аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байдаг ба энэ албан тоотын дагуу байгаль орчин, газар хариуцсан улсын байцаагч Г.Д, барилга техникийн улсын байцаагч Г нар манай компанийн орон сууц барьж буй газар дээр ирж хэмжилт хийн, бичиг баримтанд шалгалт хийгээд “хууль дүрэм зөрчигдөөгүй” гэсэн дүгнэлт хийж, хариулт өгснөөр уг асуудлыг Мэргэжлийн хяналтын газраас тухайн үед орхисон байдаг.

Тайлбар: 6. Ерөнхий архитектор Л.М-аас “ДХ” ХХК-нд хүргүүлсэн аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 албан захидалд “ЦБ” ХХК-ийн удирдлагуудтай ярьж, зургийн зардлыг төлүүлэхээр тохирсон" гэж худал бичсэн байдаг. Ингэж ярилцах үед нь Ерөнхий инженер Г.Д-г байсан гэдэг ба энэ хүн инженерийн ажлаа л мэдэхээс зургийн зардлыг гаргаж төлүүлэх гэх мэт компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл түүнд хуулиар ч байхгүй. Компанийн удирдлагууд болох “ЦБ” ХХК-ийн ерөнхий захирал С.Л болон ерөнхий менежер Л.Г нартай энэ талаар ярьж тохиролцсон зүйл байхгүй ба тэд “тохиролцох ч үгүй байсан гэдэг.

Тайлбар: 7. Ерөнхий архитектор Л.М-аас “ДХ” ХХК-нд хүргүүлсэн аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 албан захидалд “зургийн зардлыг “ЦБ” ХХК хариуцахаар 2 тал газар дээрээ тохиролцсон. Иймд зураг төслийн зардал, тооцооны асуудлаа танай 2 байгууллага хоорондоо шийдэх нь зүйтэй гэх утгатай зүйл бичсэн нь 2 компанийг тохиролцуулчихсан юм шиг тохиролцуулаагүй ч юм шиг “орон гаран” зүйлийг бичсэн зэргээс үзэхэд шүүх энэ маргааныг шийдвэрлэхдээ хууль зүйн талаас нь хандаагүй гэж үзэхээс өөр аргагүй юм.

ГУРАВ: Ерөнхий архитектор Л.М-аас “ДХ” ХХК-нд хүргүүлсэн аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 албан захидал нь Ерөнхий архитектор Л.М-аас шүүхэд 2 удаа өгсөн гэрчийн мэдүүлгүүдээс агуулгын хувьд тэс зөрүүтэй байгааг шүүх олж хараагүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитойгоор харьцуулан сайтар судлаагүй нь хууль зөрчсөн шүүхийн шийдвэр гаргахад хүргэжээ.

Тайлбар: Ерөнхий архитектор Л.М-аас “ДХ” ХХК-нд хүргүүлсэн аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-нийөдрийн Зв/241 албан захидалдаа “ЦБ ХХК нь “ДХ” ХХК-ийн газрын хил рүү орж нөлөөлснөөс “ДХ” ХХК-нь зургаа өөрчилсөн. “ЦБ” ХХК буруутай гэж мэдүүлсэн байхад, ерөнхий архитектор Л.М-аас шүүгч Х.Отгонжаргалд 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гэрчээр асуугдахдаа “ЦБ” ХХК нь анхны байршлаа үл ялиг хөдөлгөөд барьсан байсан. Тэхдээ газрын хэмжээнээс гараагүй гэж өгсөн мэдүүлэг, мөн аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хурал дээр Л.М биечлэн ирж өгсөн гэрчийн мэдүүлэг өгөхөд нь шүүгчээс “Та ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Х-ийн хамт 2 компанийн барилгын газар дээр хэмжилт хийхэд “ЦБ” ХХК-ийн орон сууцны барилга нь “ДХ” ХХК-ийн газрын хилийг давсан байсан уу? гэсэн асуултанд “Давсан байсан довжоог нь буулгасан. Х бид 2 хэмжээд газрын хэмжээг давсан довжоог нурааж газрын хэмжээндээ тааруулж довжоогоо өөрчлөх зөвлөмж өгсөн. Түүний дагуу “ЦБ” ХХК өөрчилсөн. Газрын хэмжээнээс гараагүй...” гэж манай “ЦБ” ХХК-ийг “ДХ” ХХК-нд нөлөөлөл үзүүлээгүй тухай шүүхэд 2 удаа мэдүүлсэнээс үзэхэд Ерөнхий архитектор Л.М-аас “ДХ” ХХК-нд хүргүүлсэн аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 албан захидал нь бодит байдал, өөрийнх нь шүүхэд өгсөн мэдүүлгүүдээс агуулгын хувьд зөрүүтэй ийм баримт гэдгийг хэлэхийг хүсэж байна.

ДӨРӨВ: Ерөнхий архитектор Л.М нь манай “ЦБ” ХХК-ийн 25x3=75 айлын орон сууцны барилгын эхний 25 айлын орон сууцны барилгын зургийн ерөнхий төлөвлөгөөг өөрөө баталж баталгаажуулж зөвшөөрчихөөд түүнийгээ албан захидлаараа үгүйсгэж байгааг шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг сайтар судалсан бол олж үзэх байсан.

Тайлбар: Ерөнхий архитектор Л.М-ын баталсан 25x3=75 айлын орон сууцны барилгын эхний 25 айлын орон сууцны барилгын зургийн ерөнхий төлөвлөгөөг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол батлахгүй байх татгалзах эрх нь өөрт нь байсан шүү дээ.  Өөрөө баталж барилга бариулчихаад өөрөө түүнийгээ үгүйсгэсэн ийм албан захидлыг барилгын нэгэн компанид явуулж л байдаг сонин архитектор гэж хэлж болно. Ерөнхий архитектор нь Л.М нь ийм албан захидал бичиж байхын оронд Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмийн 3.1.18 “Холбогдох хууль тогтоомж, норматив баримт бичиг, стандарт, дүрэм журам, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн барилга, зам, тээвэр, инженерийн шугам сүлжээний байршил, чиглэл (трасс), зураг төслийг өөрчлөх, хүчингүй болгох, барилгын ажлыгзогсоох зэрэг асуудлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэсэн эрхийнхээ дагуу шүүх хууль хяналтын байгууллагад хандаж болох шүү дээ.

TАВ: Шүүх нь шийдвэрийнхээ “үндэслэх нь хэсэгтээ” гэрч Л.М-ын “Давсан байсан довжоог нь Х бид 2 хэмжээд газрын хэмжээг давсан довжоог нурааж, газрын хэмжээндээ тааруулж довжоогоо өөрчлөх зөвлөмж өгсөн. Түүний дагуу “ЦБ” ХХК довжоог буулгасан. Гэхдээ газрын хэмжээнээс гараагүй... гэсэн мэдүүлгээр “ДХ” ХХК-ийн газар эзэмших эрхэд хөрш залгаа эд хөрөнгийн эзэмшигч болох “ЦБ” ХХК-иас нөлөөл үзүүлсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ” гэж гэрч Л.М нь “ЦБ” ХХК-ийн талд гэрийн мэдүүлэг өгсөн байхад шүүх эсрэгээр нь андуурч ойлгож нотлох баримтыг буруу үнэлсэнээрээ хууль зөрчсөн.

Тайлбар: Ерөнхий архитектор Л.М нь шүүхэд 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Үүнд: 1. Шүүгч Х.Отгонжаргалаас 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ерөнхий архитектор Л.М-ыг гэрчээр асуусан тэмдэглэлд Л.М нь “ЦБ” ХХК-нь анхны байршлаа үл ялиг хөдөлгөөд барьсан байсан. Гэхдээ газрын хэмжээнээс гараагүй...” гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүгчээс “Та ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Х-ийн хамт 2 компанийн барилгын газар дээр хэмжилт хийхэд “ЦБ” ХХК-ийн орон сууцны барилга нь “ДХ” ХХК-ийн газрын хилийг давсан байсан уу? гэсэн асуултанд “Давсан байсан довжоог нь буулгасан. Х бид 2 хэмжээд газрын хэмжээг давсан довжоог нурааж газрын хэмжээндээ тааруулж довжоогоо өөрчлөх зөвлөмж өгсөн. Түүний дагуу “ЦБ” ХХК өөрчилсөн гэсэн мэдүүлэг,

2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7-р сарын 21-ний өдрийн шүүх хурал дээр ерөнхий архитектор Л.М-ыг гэрчээр асуусан шүүх хурлын протоколд “ЦБ” ХХК-ийн барилгын эхний 25 айлын орон сууцны барилгын ажил явагдаж байхад “ДХ” ХХК-нь гомдол гаргаж, тэдний хүсэлтээр хэмжихэд “Үл ялиг зурагнаас зөрж баригдсан. Довжоо нь “ДХ” ХХК-ийн газар руу орсон байсан. Довжоог ав гэсний дагуу довжоог буулгасан.” гэсэн мэдүүлэг тус тус өгч “ЦБ” ХХК-нь “ДХ” ХХК-ийн газар руу ороогүй, нөлөөлөл үзүүлээгүй тухай мэдүүлсэн байдгийг шүүх буруу үнэлсэн нь алдах эрхгүй шүүхийн байж боломгүй алдаа юм.

ЗУРГАА: Шүүх нь энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй аймгийн ерөнхий архитектор Л.М-аас “ДХ” ХХК-нд хүргүүлсэн аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 тоот албан бичгийг үндэслэсэн нь шүүхийн шийдвэрийг “унахад” хүргэж байна.

Тайлбар: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд зааснаар аймгийн ерөнхий архитектор Л.М нь ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтан юм. “ДХ” ХХК-нд өөрийн гарын үсэг, аймгийн ЗДТГ-ын тамга бүхий аймгийн ЗДТГ-ын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зв/241 тоот албан бичгийг хүргүүлж байх үед төрийн захиргааны албан тушаалтан байсан байдаг. Яагаад ерөнхий архитектор Л.М ашиг сонирхлын зөрчилтэй гэж?

1.Аймгийн ерөнхий архитектор Л.М нь “ДХ” ХХК-тай хуйвалдаж өөрийн эрхэлж буй албан тушаалын хүрээнээс гадуур өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй асуудлаар аймгийн ЗДТГ-ын албан тоотыг хууль бусаар ашиглаж хэрүүлийн алим тарьсан албан захидал илгээсэн.

2.Аймгийн ерөнхий архитектор Л.М нь “ЦБ” ХХК-ийн анхны схем болон анхны схемийг өөрчилж хийсэн зургийн ерөнхий төлөвлөгөөг ерөнхий архитекторын тэмдэг дарж, гарын үсгээ зурж баталгаажуулчихаад зөвшөөрлөө өгчихөөд “ДХ” ХХК-нд манай компанийг барилгаа зөөж барьсан нь “ЦБ” ХХК-ийн буруу гэсэн утгатай албан захидал хүргүүлж, түүний талд үйлчилсэн нь хэнд ч ойлгомжтой л байгаа шүү дээ. Манай компанийн зургийн ерөнхий төлөвлөгөө хууль зөрчсөн бол харин ерөнхий архитекторын эрх үүргийг баталсан аймаг, хот, нийслэлийн ерөнхий архитекторын дүрмийн 3.1.18 “холбогдох хууль тогтоомж, норматив баримт бичиг, стандарт, дүрэм журам, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн барилга, зам, тээвэр, инженерийн шугам сүлжээний байршил, чиглэл (трасс), зураг төслийг өөрчлөх, хүчингүй болгох, барилгын ажлыг зогсоох зэрэг асуудлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэсэн заалтын дагуу энэхүү эрхээ эдлэх ёстой байсан биз дээ. Гэтэл өөрөө баталж гарын үсэг зурсан хүн шүү дээ. Ерөнхий архитектор Л.М нь манай “ЦБ” ХХК-ийн барилгын зургийн ерөнхий төлөвлөгөөг батлаагүй бол манай компани орон сууцны барилгаа барихгүй ш дээ. Энэ хүний ажил, үйлдэл нь ингэж зөрдөг нь түүний ёс зүй, ашиг сонирхлын зөрчилтэйг илтгэдэг.

ДОЛОО: Шүүх иргэн А.Э-ийн гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргахдаа энэхүү гэрчийн мэдүүлгийг туйлын үнэн зөв баримт гэж үзсэн үндэслэсэн нь тусгай мэргэжлийн мэдлэг, нарийн шинжилгээ шаардсан маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт буй нотлох баримтуудыг тал бүрээс нь нухацтай судлан шинжлээгүй, асуудалд хэтэрхий харалган ханддагийг харууллаа.

Тайлбар: А.Э нь манай компанийн нягтлан бодогч. Энэ хүн бол нягтлан бодох бүртгэлийн ажлаа л мэдэхээс барилгын талаар А ч үгүй хүн. Хүн амьтны ярианаас сонссон зүйлээ л ярьсан хэрэг. “ЦБ” ХХК нь “ДХ” ХХК-ийн барилгын газрын хил рүү ороогүй болохыг мэргэжлийн байгууллагуудын 12 удаагийн 20 шахам шинжээчид барилгын орчин үеийн дуран техник хэрэгсэл ашиглан дүгнэлтүүд гаргасан байхад нягтлан бодогч нэгэн залуугийн мэдүүлгийг үндэслэж хууль зөрчлөө. Хууль зүйн ач холбогдолтой нотлох баримтууд олноор байсаар байхад шүүх хууль зөрчин байж хэн нэгний ашиг сонирхолд илүү илэрхий үйлчлээд “амьгүй шийдвэр” гаргаж төрийн шүүхийн нэрийг барж болохгүй.

НАЙМ: “ДХ” ХХК-нь орон сууцны барилгаа барихдаа Барилгын тухай хууль тоггоомжийг өөрөө ноцтой зөрчиж барьсан учраас 40x2-80 айлын орон сууцны барилга барихаас 15 айлын орон сууцны барилгыг барьж чадаагүй гэж гомдоллож байгаа нь өөрийнх нь хууль зөрчсөн буруутай үйлдлээс болсон байдгийг шүүх хэргийн материалаас олж мэдээгүй буюу мэдэхийг хүсээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтыг сайтар судлаагүйтэй бас л холбоотой.

            Тайлбар: Барилга барихад эхлээд тухайн барилгын техникийн нөхцлийн схемийг батлуулан дараа нь зургийн ерөнхий төлөвлөгөөгөө гарган батлуулдаг. “ДХ” ХХК-ийн 40x2=80 айлын орон сууцны барилгын зургийн техникийн нөхцлийн үндсэн схем, ерөнхий төлөвлөгөөгүй барьсан байдаг. Тийм ч учраас аймгийн архивт ч байдаггүй, хавтаст хэрэгт ч байдаггүй. Харин “60” айлын орон сууцны барилгыг “80” болгон засварласан техникийн нөхцлийн схем л аймгийн архивт байдаг нь “60” айлын орон сууцны барилга барих байснаа 40x2=80 айлын орон сууц болгон барих гэж зүтгүүлэн барилгын техникийн нөхцлийн схемийг засварласан нь хэнд ч ойлгомжтой байдаг.

“ДХ” ХХК-ийн 40x2=80 айлын орон сууцны барилга нь анхнаасаа зургийн техникийн нөхцөлгүй, зургийн ерөнхий төлөвлөгөөгүй баригдсан барилга болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 7-р сарын 17-ны 43 тоот шинжилгээгээр тогтоогддог ба энэ шинжилгээгээр “ДХ” ХХК-ийн 80 айлын орон сууцны барилгын зургийн техникийн нөхцлийн үндсэн схемийн засварлагдсан цифр нь “60” гэсэн цифр мөн гэж 80 айлын орон сууцны барилга барихдаа хуурамч баримт бүрдүүлэн төрийн байгууллагад өгснийг тогтоосон нь хэрэгт бий. “ДХ” ХХК-нь 40x2=80 айлын орон сууцны барилга барихдаа анхнаасаа батлагдсан техникийн нөхцлийн үндсэн схемгүй, ерөнхий төлөвлөгөөгүй, зураг төслийн гэрээгүй, ажлын зураг хянасан дүгнэлтгүй, барилгын явцад техник хяналт гүйцэтгэх гэрээгүйгээр аймгийн ГХБХБГ-аар улаан шугам татуулж, барилгын зураг төслийн баримт бичгийн магадлалын дүгнэлт гаргуулж, аймгийн МХХ-ээс барилга эхлэх зөвшөөрөл авч, улмаар улсын комисст хүлээлгэн өгсөнөөс харахад энэ компанийн 40x2=80 орон сууцны барилга нь Монгол улсын Барилгын тухай хууль тогтоомжийн хаагуур нь боссон нь ид шидийн мэт хэн хүний гайхлыг төрүүлдэг юм.

“ДХ” ХХК нь анхнаасаа барилга багтах боломжгүй газар барина гэж зүтгүүлсэн нь санасан бодсон хэмжээнд нь хүргээгүй нь өөрийнх нь буруу. Мэргэжлийн байгууллагууд нь “ДХ” ХХК-ийн 40x2=80 айлын орон сууц нь үйлчилгээтэй 25 айлын орон сууцны барилгыг барьсан 2500м2 талбай бүхий газарт 40 айлын 2 орон сууцны барилгыг барихад багтах боломжгүй” гэсэн шинжилгээний дүгнэлтүүдийг удаа дараа гаргасан нь хэрэгт бий. “ДХ” ХХК нь 40x2=80 айлын орон сууцны барилга барихдаа ерөнхий төлөвлөгөөгүй барьснаас болж сүүлийн 40 айлын орон сууцны барилга нь эзэмшил газартаа багтахгүй хууль зөрчих болсныг гэрчлэх бас нэгэн нотлох баримт хэрэгт бий энэ нь ГХГЗЗГ-ын 2014 оны 1/661 тоот шинжилгээний дүгнэлтийн хариулт 3-т “Шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн хийсэн хэмжилтээр “ДХ” ХХК нь өөрийн эзэмших ёстой газраас 503 м2 талбайг илүү эзэмшиж байгаа нь тогтоогдов гэж тогтоосноос харж болно.

ЕС: Аливаа барилгын нөлөөллийн талаарх маргааныг шийдвэрлэхэд “цаг хугацаа”-ны үнэ цэнэ чухал ба энэ асуудлыг Барилгын тухай хуулиар хуульчилсан байдаг талаар ярьж байсан ч шүүх ойлгоогүй учраас авч хэлэлцээгүй.

Тайлбар: Нэхэмжлэгч “ДХ” ХХК нь 40x2=80 айлыш орон сууцны барилгыг бүрэн гүйцэд барих багтаамжгүй газар хэзээ хойно хэдэн жилийн дараа “ЦБ” ХХК-ийн 25x3=75 айлын орон сууцны хотхоны эхний ба 2 дахь 25 айлын орон сууцны барилга баригдсан хойно ирж барьчихаад хил залгаа эд хөрөнгийн нөлөөллийн асуудал ярьж байгаа нь яагаад ч хууль зүйд нийцэхгүй байна. Уурын зуухны дэргэд ирж цэцэрлэг барьчихаад уурын зуухны утаа хүүхдүүдийг хордууллаа гэж шүүхдээд ялагддаг жишээтэй энэ маргаан агуулгын хувьд адилхан.

Ийнхүү шүүх нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байсаар байхад түүнийг үнэлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, нотлох баримтуудыг хооронд нь бодитойгоор харьцуулан судлаагүй, тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нотлох баримтуудыг хэрэгт хууль зүйн ач холбогдолтой эсэх, хуулиар зөвшөөрөгдсөн эсэхийгтал бүрээс нь нухацтай судлалгүйгээр нэхэмжлэгчийн тайлбар, ашиг сонирхолд хэт хөтлөгдөн дагалдан баяссан нь Монгол улсын олон олон хуулийг зөрчиж, манай “ЦБ” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байгаа тул эцэс төгсгөлгүй олон жил үргэлжилсэн энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгон зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00749 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Манай талаас гаргасан нотлох баримт болох 40 айлын орон сууцны барилга угсралтын ажлын төсөв тооцоог нотлох баримтын шаардлага хангахгүй хэмээн үзэж байгаад гомдолтой байна.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан Шинжээчийн дүгнэлтүүдээр “ЦБ” ХХК нь орон сууцны барилга барихдаа нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн эзэмшил газрын хилийг зөрчөөгүй гэж үзэж байгаа мөртлөө, нөгөө талаас “ЦБ” ХХК нь орон сууцны барилга барихдаа анх батлагдсан техникийн нөхцөлийн үндсэн схем зургаа зөрчиж, барилгын зургаа зөөж, эргүүлж барьсан болохыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүйгээс харахад хэт нэг талыг барьсан болох нь харагдаж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00749 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан “нэхэмжлэлийн шаардлагаас 129375000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         “ДХ” ХХК нь “ЦБ” ХХК-д холбогдуулан 154375000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.   

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болгож, “ЦБ” ХХК нь “ДХ” ХХК-ийн эзэмшлийн газар луу нэвтэрч барилга байгууламж барьсаны улмаас  өөрийн эзэмшлийн газарт барихаар төлөвлөж байсан барилгаа барьж чадаагүй, зураг төслөө дахин өөрчлөхөд гарсан зардал, мөн олох байсан орлогоо нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЦБ ХХК, ДХ ХХК-ний хил нэвтэрсэн байсан хэсгээ өөрчилж, хил зөрчиж барьсан довжоогоо буулгасан болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс талуудын хүсэлтээр долоон удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна.

Эдгээр дүгнэлтүүдийг шүүхээс хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, “...Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны шинжээчийн дүгнэлт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2018 оны шинжээчийн дүгнэлтүүдэд “ЦБ” ХХК нь барилга барихдаа “ДХ” ХХК-ийн эзэмшлийн газрын хилийг зөрчөөгүй талаар дүгнэсэн байна...” гэж дурдаад орхисон байна.

             Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байдаг.

Гэтэл шүүх ямар учраас нөлөөлөл нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн гэрч Л.М-ын мэдүүлгийг үндэслэн “ДХ” ХХК-ийн газар эзэмших эрхэд “ЦБ” ХХК-аас нөлөөлөл үзүүлсэн гэж дүгнэжээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, тухайлбал Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот дүгнэлт нь шинжээчид тавьсан асуултад хэрхэн хариулт өгсөн нь ойлгомжгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно.” гэснийг, Өвөрхангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргасан дүгнэлтэд урьд газраар дахин дүгнэлт гаргуулсан боловч урьд нь шинжээчийн дүгнэлт гаргахад оролцож байсан А.Э-ийг дахин оролцуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно.” гэснийг зөрчсөн байхад эдгээрийг хэрхэн үнэлсэн тодорхойгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн нөхцөл байдлыг тухайлбал хөрш залгаа эд хөрөнгийн нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, ойлгомжгүй, тодорхой бус эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байвал шүүх нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтийн аль нь зөв болохыг нэг мөр болгох нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ. Шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон тохиолдолд хэрэгт авагдсан бусад нотлох баримт нь шинжээчийн дүгнэлтээр хэрхэн үгүйсгэгдэж байгааг, үндэслэл болгоогүй бол хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа үндэслэлийг тодорхой зааж өгөх бөгөөд  хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт дахин гаргах шаардлагагүй гэж үзвэл ямар шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт заавал тусгах шаардлагатай.

            Шинжээчийн гол зорилго бол эрх бүхий байгууллагын тавьсан асуултад өөрийн мэргэжлийн ур чадвар, мэргэжил, мэргэшлийг ашиглан хариулт өгөх явдал юм.

Иймд шүүхээс асуулт тавиагүй байхад дүгнэлт гаргасан, эсхүл шүүхийн тавьсан асуултад хариулаагүй бол шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т 8 асуудлыг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан байхад /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/ шүүх түүний хүсэлтийг хангаж, шинжээч томилох захирамж гаргасан хэдий ч /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/ захирамжид зөвхөн 2 асуулт тавигдсан, бусад асуултыг ямар үндэслэлээр орхигдуулсан нь тодорхойгүй үлджээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлээгүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Давж заалдах шатны шүүх шийдвэрийг зөвтгөх, маргааны талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгийг, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ж-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 804830 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 05-ны өдрийн 145/ШШ2018/00749 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282950 төгрөгийг, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ж-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 804830 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.