| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/0333/И |
| Дугаар | 001/ХТ2016/00771 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2016/00771
Н.Номтойбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02423 дугаар шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 798 дугаар магадлалтай,
Н.Номтойбаярын нэхэмжлэлтэй
Г.Нямдоржид холбогдох
Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Нямдорж нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Номтойбаярын тухай гүтгэлгийн шинжтэй, ор үндэсгүй худал мэдээллийг “Мэдээ.мн”, “Чухал.мн”, “Дорнод.нет”, “Сенсацимэдээ.мн”, “Фактньюс.мн” сайт болон олон нийтийн сүлжээгээр /Фейсбүүк, твиттер/ “Мунзуй” Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар дахин маш ноцтой баримтуудыг дэлгэлээ”, “Н.Номтойбаярыг шалгах болоогүй юу”, “Шаардлагатай бол шатъя” гэсэн гарчигтайгаар нийтлүүлсэн. Эдгээр нийтлэлд, найз Д.Баттулгыг 2 удаа хутгалсан, С.Батзоригоос 1 000 000 ам.долларын хаус авчихаад мөнгө өгөхгүй унжиж зодсон, дуучин н.Дэлгэрмөрөнг Богд-Уулын аманд аваачиж зодож, шөнөжин тамалсан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Б.Жавхланг том хутга гаргаж “ална” гэж сүрдүүлж цавчиж дайрсан, “Эрэл”-ийн н.Эрдэнэбатын том хүүг зодож, толгой дээр нь шээсэн, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан н.Батмөнхийг Амгалангийн гудамж болон “Сүнжин гранд” зочид буудалд аваачиж зодсон, Тангадын Галсангийн хүүг зодож “ална” гэж заналхийлсэн. “BRIX” бааранд С.Ганбаатарыг зодож, 3 шүдийг нь унагасан, н.Бүжин гэдэг эмэгтэйг зодож, хүчиндсэн, үйлчлэгч н.Энхтуяаг согтоож, хүчиндсэн, эм баавгайг 2 бамбаруушийн хамт алсан, мөн дархан цаазат газраас буга, хандгай, баавгай, гахай гэх мэт хориотой амьтдыг алсан, байлдааны АКА-47 бууг найз Б-ээсээ 1300 ам.доллароор авч, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хураалгасан, дунд сургуулиа төгсөөгүй хүн дээд сургуулийн дипломтой байж болох уу, яг үнэндээ дээд сургууль төгсөөгүй хүн шүү дээ. АНУ-ын Чикаго хотын бааранд бусадтай зодолдон, бусдыг хутгалсан хэргээр шоронд орсон, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон ял авсан учир АНУ-д орох эрхээ хасуулсан гэх мэт зүйл нийтлэгдсэн. Г.Нямдорж нэхэмжлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд болон онц хүнд гэмт хэргүүд үйлдсэн, холбогдож байсан мэтээр гүтгэж, үнэнд үл нийцэх худал мэдээллийг түгээсэн, үүгээрээ нэр төрийг гутаан доромжилж ажил хэргийн нэр хүндэд халдаж, улс төрийн ажилд хор хохирол учрууллаа. Түүний тараасан энэхүү мэдээлэл үндэслэлгүй, худал болохыг зүйл нэг бүрээр нь нотолж болох ч дараах хоёр асуудлаар тайлбар гаргая.
Д.Баттулгыг хутгалсан гэх асуудал нь Г.Нямдоржийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1697 тоот тогтоолоор Н.Номтойбаярыг уг асуудалд холбогдолгүй, гэм буруугүй болохыг тогтоосон. 2 бамбарууштай баавгайг хууль бусаар агнаж, 18 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэлд Н.Номтойбаярыг холбогдолгүй болохыг тогтоосон Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 398 тоот тогтоол байдаг. Нэхэмжлэгч нь үүнээс өөрөөр дээрх мэдээлэлд дурдсан асуудлуудаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагүй. Г.Нямдорж удаа дараа Н.Номтойбаярыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тарааж буй нь нэхэмжлэгчийн хувь хүний нэр төрийг гутааж байгаа төдий бус Улсын Их Хурлын гишүүн гэх ажил хэргийн нэр хүндийг гутааж, цаашлаад иргэд сонгогчдын төрд итгэх итгэлийг унагахад чиглэсэн үйлдэл. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, дээрх үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Надад гэрээгээр төлөөлөх эрх олгоогүй тул шүүх хуралдаанд тайлбар гаргах боломжгүй гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02423 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг тус тус баримтлан Н.Номтойбаярын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг Г.Нямдоржид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 798 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/02423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчГ.Нямдоржоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн шийдвэр байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг зөвшөөрөхгүй байна.
Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгчийн хүсэлтээр нэр бүхий цахим хуудаст тавигдсан мэдээлэл, нийтлэлд үзлэг хийхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан журам зөрчигдсөн байх тул тухайн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт гэж үзэхгүй.” гэжээ. Нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэх нийтлэл, мэдээллүүдийг хэвлэмэл байдлаар шүүхэд гаргаж өгсөн ба түүнийг шүүгчээс өгсөн даалгаврын хүрээнд нягтлан шалгаж буй шүүгчийн туслахын ажиллагааг хууль бус үзэх үндэслэлгүй. Үзлэгийн хүрээнд шүүхээс олон нийтэд нээлттэй одоог хүртэл байх цахим хуудсууд дээрх нийтлэл, мэдээллүүдийг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн хэвлэмэл хувиудтай тулгаж үзэх замаар үзлэг хийж, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн. Анхан шатны шүүхээс ийнхүү тодорхой ажиллагаа явуулж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад үзлэг хийн тэмдэглэл хөтөлж нотлох баримтыг бэхжүүлэхээс өөр ямар арга замаар үзлэг хийхийг үндэслэлтэй тайлбар дүгнэлт өгөлгүй тодорхойгүй орхисон. Мөн “хариуцагч талаас шүүх хуралдааны явцад 2 ширхэг сиди бичлэг, түүний агуулгыг тусгасан бичвэрийг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх хуралдаан эхлэхийн өмнө өгөх боломжтой байсан гэж хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг буруу хэрэглэсэн. Зүй нь уг баримтуудаар ямар үйл баримтыг нотлох талуудын тайлбарыг сонсож, хэрэгт ач холбогдолгүй, тухайн хэрэгт хамааралгүй гэж үзсэн тохиолдолд Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар нотлох баримтаас хасах эсэх асуудлыг шийдвэрлэх байсан”, “мөн шүүх гэрч Д.Баттулгаас тодруулах асуудал, холбогдох мэдээллийг хариуцагчаас авч болох байтал гэрч асуулгах хусэлтийг хангахаас татгалзсан нь мөн зүйлийн 38.6-д нийцсэнгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн хувийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан танилцуулж, хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэсэн хэдий ч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл баримт тогтооход ач холбогдолтой гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, нотлох баримтыг бүрдүүлэх, түүний өмгөөлөгч авах, өмгөөлөгчид нь хэргийн материалтай танилцах боломж олгох шалтгаануудаар шүүх хуралдааныг хойшлуулж, өөрсдийнх нь чөлөөт цагт шүүх хуралдааныг товлох зэргээр хуульд заасан хэргийн оролцогчийнх нь эрхээр хангасан. Хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэрэгт ач холбогдол бүхий гэрчээр Д.Баттулга, Б.Хашмаргад нарыг асуулгах хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхдээ тодорхой тайлбарлаж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүй хүсэлт гаргаж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ч өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 34 дүгээр зүйл болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1, 2.2.2-т заасан эрх, үүргийн дагуу хуульд заасан хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг үгүйсгэх замаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Иймд магадлалыг хүчилгүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Номтойбаяр нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Нямдоржид холбогдуулан гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 44 дүгээр зүйлийн 44.1, Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг тус тус зөрчсөн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон талаар давж заалдах шатны шүүх хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Магадлалд заасан дээрх үндэслэлээс гадна хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хуульд заасан хугацаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй байхад шүүх түүний гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ.
Нэхэмжлэлийн талаар хариуцагч байр сууриа илэрхийлээгүй, тайлбар гаргаагүй нөхцөлд шүүх зохигчдын маргасан, маргаагүй үйл баримтыг ялгаж, зааглах боломжгүй, улмаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэх үндэслэл бүрдэхгүй учраас хариуцагчаас хариу тайлбар гаргах хугацааг хуулиар тогтоож өгсөн, улмаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.
Хариуцагч нэхэмжлэлд тайлбар огт гаргаагүйгээс гадна шүүх хуралдаанаас өмнө нотлох баримтыг шүүхэд гаргах боломжгүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаан байсныг нотлоогүй тул шүүх хуралдаан дээр түүний гаргасан баримтыг хүлээж аваагүй шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байжээ. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, харин хариуцагч үүргээ биелүүлээгүй буруутай байна. Хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 798 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Мөнхболдын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА