Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 159

 

С.М, Т.Н нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Б.Мөнхтуяа

                         Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д олгосон ашиглалтын MV-017590 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0804 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0067 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар,

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Ц.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0804 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4.2, 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1.9, 27.1.10, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М, Т.Н нарын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Г” ХХК-д манай өвөлжөөний бэлчээр болон манай малчин Т.Н-ын өвөлжөөний эзэмшлийн гэрчилгээтэй газрыг давхардуулан олгосон MV-017590 ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0067 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0804 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. МV-017590 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчигдөж байхад хариуцагч нь “Г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж зөвшөөрөл олгосон, манай кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэгдээд бүртгэл хариуцсан мэргэжилтэн сервертээ шивж оруулдаг. Ингээд оруулсан тохиолдолд уг өргөдөл нь хуулийн шаардлага хангасан бол хүний хүчин зүйлээс хамааралгүйгээр шууд зохицуулагддаг” гэж тайлбарласан. Захиргааны байгууллага нь өргөдөл, хүсэлт шийдвэрлэхдээ бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй эсэхийг шалгалгүйгээр шууд шийдвэрлэдэг гэсэн тайлбар хийсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэж зөвтгөж байгаад гомдолтой байна.

4. Магадлалын үндэслэх хэсэгт “Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/604 дүгээр албан бичгээр тус аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт “Г” ХХК-ийн МV-017590 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай 3 иргэний өвөлжөө, хаваржааны газар давхцалтай, уг талбайн эргэн тойронд 237-1675 метр зайд 9 иргэний өвөлжөө, хаваржааны газар байрладаг, түүнчлэн уг талбайгаас 1844 метр зайд Хан шахайт уул байрладаг болох нь тогтоогдсон, давхцал, давхцалын хэмжээний талаар хэргийн оролцогчид маргаагүй байна” гэжээ. Гэвч нэхэмжлэгч Т.Н-ын өвөлжөө, хаваржаа нь тус газартай давхцсан, давхцалтай гэдэг нь тогтоогдсон, түүний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Магадлалын Үндэслэх хэсэгт маргаан бүхий газрыг “...нэхэмжлэгчийн өвөлжөөний зориулалтаар хүсч гаргасан өргөдөлд тусгагдсан талбайн зарим хэсэг нь давхцалтай байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй...” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэсэн заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон талаар маргаж байхад шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж байгаа явдал хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох асуудлаар нэхэмжлэл гаргасан
байхад 41 дүгээр зүйлд олгосноос хойш үүсэх асуудлыг зохицуулсан.

6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зөрчин MV-017590 ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

7. Магадлалын үндэслэх хэсэгт “...хэдийгээр хавтаст хэрэгт 1970-1971, 1989-1991, 1995 онд Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших ХҮ-149778 МV017590 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажлыг хийж С зэргээр нөөц тогтоогдон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байсан нь 2 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудаст байх нотлох баримтаар нотлогдсон байхад шүүх урьд нь хайгуул хийгдсэн мөртөө нөөц тогтоогдоогүй газарт “Г” ХХК нь үргэлжлүүлэн өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, шинээр нөөц тогтоосон мэтээр тайлбарлан Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох байсан” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж заасан нь буруу болжээ.

8. Нотлох баримт бүрдээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчин ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргээ биелүүлээгүй. Тухайлбал, шүүхийн магадлалд “...дээрх нарийвчилсан үнэлгээний тайланг үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага болох “П” ХХК-д боловсруулан батлуулсан болох нь Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12/3767 дугаар албан бичиг, мөн тухайн компани хайгуулын ажлын явцад байгалын нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэсэн болох нь Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 дугаар албан бичгээр нотлогдож байх тул хариуцагчийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй” гэжээ. Гэвч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж заасан. Гэтэл хариуцагч нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэсэн гэх боловч шүүхэд цугларсан хавтаст хэргийн материалд Үнэлгээний зөвхөн хавтас /нүүр/-ыг гаргаж өгсөн байдаг. Энэ талаар хэргийн 2 дугаар хавтасны 70 дугаар хуудсанд Аялал жуучлалын яамны хариугаар Ерөнхий үнэлгээний нүүр болон төгсгөлийг явуулсан гэсэн албан бичиг авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Байгаль орчны үнэлгээ, тайлан, түүнд хийсэн дүгнэлт хавтас хэрэгт авагдаагүй, хуульд заасны дагуу төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал авсан эсэх тодорхойгүй, тэмдэглэл нь хэрэгт авагдаагүй, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн үү, эсвэл төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, буцаах үндэслэл байсан эсэх нь тодорхойгүй, тодорхойлох боломжгүй байхад шүүх байгаль орчны нөлөөлех байдлын үнэлгээ хийсэн байх бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 7 дугаар зүйлийн 7.4.1-д “техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах”-аар заасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-д “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл”-ийг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгахаар тус тус заасан. Гэтэл “Г” ХХК нь энэхүү төслийг хэрэгжүүлэх гэж байгаа тухай, газар эзэмших хүсэлтийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулаагүй гэдэг нь хэргийн 1 дүгээр хавтасны 199 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Иймд эдгээр асуудлыг шүүх тодруулалгүйгээр, хуулийт буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, асуултанд хариулсан байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаар захиргааны байгууллага захиргааны актыг гаргахдаа хуулийн дагуу гаргасан эсэх нь бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0804 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0067 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах онцгой эрх”-ийнхээ дагуу “Г” ХХК-иас гаргасан хүсэлтийг хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн хариуцагчаас маргаан бүхий акт буюу 2014 оны “Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай” 328 дугаар шийдвэр гаргасан нь хууль ёсны, учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах /гуравдагч этгээдийн хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцсан гэх/ үндэслэл байхгүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

14. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан бүрэн эрхийнхээ дагуу нутгийн удирдлагын байгууллагаас тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй, гэвч ийнхүү аваагүйн зэрэгцээ хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгоход аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжсэн санал ирүүлсний үндсэн дээр хайгуулын ажил хийгдэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон гэж үзэх тул нэхэмжлэгчийн “малын бэлчээр, өвөлжөө, хаваржаатай давхцсан, шашин шүтэх, оюун санааны эрх нь зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий акт буюу гуравдагч этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй, иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4-т заасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байхад энэ талаарх нотлох баримтыг үнэлэлгүйгээр шүүх хуулийг буруу тайлбарласан гэх гомдлын тухайд /Тодорхойлох хэсгийн 5, 7-д/ маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн уг зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхтэй шалтгаант холбоогүй байна. Тодруулбал, сонгон шалгаруулалт явуулаагүй учраас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, явуулсан бол түүний бэлчээр болон шүтэх эрх нь хамгаалагдах, сэргээгдэх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “...захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх...”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ...-г хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргадаг. Гэтэл энэхүү маргааны тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн гэх үндэслэл үгүй тул гомдлыг хангах боломжгүй.

16. Нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэх уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8, 9-д заасан нэхэмжлэгчийн гомдлын тухайд; нэхэмжлэгч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 7.4.1 дэх хэсгийг зөрчсөн гэж маргасан, үүнтэй холбоотойгоор шүүх нотлох баримтыг цуглуулахад хариуцагчаас ирүүлсэн баримт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12/3767 дугаар албан бичиг, Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 дугаар албан бичгээр “нөлөөллийн үнэлгээ” болон “байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийгдсэн болох нь тогтоогддог. Харин нэхэмжлэгч байгаль орчны нарийвчилсан үнэлгээний агуулгын талаар буюу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн гэж анхнаасаа маргаагүй, нарийвчилсан үнэлгээг бүрэн эхээр нь нотлох баримтаар гаргуулах талаар шүүхэд хүсэлт тавиагүй атлаа /3 дахь хавтаст хэргийн 11-28 дахь тал/ хяналтын шатны шүүхэд энэ талаар маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

17. Маргаан бүхий актыг гаргах үед Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлээгүй байсан тул уг хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх /Тодорхойлох хэсгийн 6-д/ гомдлыг хянахгүй.

18. Түүнчлэн магадлалын үндэслэх хэсэгт “Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/604 дүгээр албан бичгээр тус аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт “Г” ХХК-ийн МV-017590 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай 3 иргэний өвөлжөө, хаваржааны газар давхцалтай, уг талбайн эргэн тойронд 237-1675 метр зайд 9 иргэний өвөлжөө, хаваржааны газар байрладаг, түүнчлэн уг талбайгаас 1844 метр зайд Хан шахайт уул байрладаг болох нь тогтоогдсон, давхцал, давхцалын хэмжээний талаар хэргийн оролцогчид маргаагүй байна” гэсэн нь агуулгын хувьд нэхэмжлэгчийн өвөлжөө, хаваржааны газар нь ашиглалтын талбайтай давхцаагүй гэж дүгнээгүй, харин давхцалтай гэдэг нь тогтоогдсон, хэргийн оролцогч нар “давхцаагүй” гэж маргаагүй гэсэн утгыг илэрхийлж байгаа болно /Тодорхойлох хэсгийн 4-т/.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0804 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0067 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ