Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/шш2024/00463

 

 

 

 

 

 

 

2024 02 05 181/ШШ2024/00463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, ... хороо, .... гудамж, ... дугаар байр, .... тоот хаягт оршин суух Д.Х /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... дүүрэг, .... хороо, .... гудамж,.... байр, .... тоот хаягт оршин суух Л.А /РД:...../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

/Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Л.А-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. ...Д.Х болон Л.А нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Э ХХК -ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан.

Тус гэрээгээр Л.А нь Э ХХК -ийн 50 ширхэг хувьцааг нийт 330,000,000 төгрөгөөр худалдан авч үнийг төлөх, Д.Х нь компанийн 50 ширхэг энгийн хувьцааг худалдах, хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотой өөрөөс шаардагдах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хувьцааг шилжүүлэх үүргүүдийг тус тус хүлээсэн байдаг.

Худалдан авагч тал болох Л.А нь гэрээний үнэ болох 330,000,000 төгрөгийг 4 ээлжээр хуваан төлөхөөр гэрээг байгуулсан. Үүнд: 1 дүгээр ээлжийн төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болсноор 100,000,000 төгрөг, 2 дугаар ээлжийн төлбөрийг Л.А ийн нэр дээр хувьцаа шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэний дараагаар 100,000,000 төгрөг, 3 дугаар ээлжийн төлбөрийг 2019 оны 1 дүгээр сард багтаан 50,000,000 төгрөгийг, 4 дүгээр ээлжийн төлбөрийг 2019 оны 1 дүгээр сараас эхлэн 80,000,000 төгрөгт /хоолны үйлчилгээ, хүлээн авалт, арга хэмжээ зэрэг/ үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон.

Хариуцагч нь гэрээний дагуу 1, 2, 3 дугаар ээлжийн төлбөрт 250,000,000 төгрөгийг төлсөн боловч 4 дүгээр ээлжийн төлбөрийг төлөөгүй буюу төлбөрийн үнийн дүнд дүйцэхүйц хүлээн авалтын арга хэмжээг зохион байгуулаагүй, хүлээн авалтын арга хэмжээ зохиох нөхцөл боломжийг олгоогүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т ...Үлдэгдэл 80 сая төгрөгийг худалдан авагч нъ худалдагчийн хүсэлтийн дагуу хоолны үйлчилгээ болон хүлээн авалтын зохион байгуулах хэлбэрээр 2018 оны 1 дүгээр сараас эхлэн төлөхөөр талууд тохиролцов. ..., тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ... Дөрөв дэх ээлжийн төлбөр болох 80,000,000 төгрөгт үйлчилгээ үзүүлэх байдлаар төлөх бөгөөд чанартай гүйцэтгэх үүрэгтэй. ... гэж харилцан тохиролцсон боловч 2019 оны 1 дүгээр сараас хойш 1-2 удаа л хоолны үйлчилгээг үзүүлсэн ба өнөөдрийг хүртэл Л.А нь гэрээний 4 дүгээр ээлжийн төлөлттэй холбоотой гэрээний үүргээ бүрэн гүйцэд чанартай биелүүлээгүй, гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ... Гэрээний дагуу төлбөрийг шаардах эрхтэй. ... гэж заасны дагуу хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг бодит байдал дээр хүлээн авалт, арга хэмжээгээр гүйцэтгээгүй тул гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэсэн үг юм.

Иймд Л.А ээс Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. ...хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.3, 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. Энэ нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдоно. 4 дүгээр ээлжийн төлөлтийн тухайд хүлээн авалт хийх хугацааг заагаагүй, хүссэн үедээ хоолны үйлчилгээ авах байтал хариуцагч 2022 оноос хойш харилцаагүй. Хариуцагчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан гэх тайлбар, нотлох баримт нь үзлэгийн баримтаас зөрүүтэй байдаг. Хариуцагчид хоол болон хүлээн авалтаар төлбөр төлөх бодит боломж бололцоо байгаагүй. Хоолоор төлбөр төлөх нь цаг үеийн шинжтэй буюу тухайн үедээ ач холбогдолтой байсан учир хүлээн зөвшөөрсөн байтал одоо 6 жилийн дараа хоолоор үүрэг гүйцэтгэх нь ач холбогдлоо алдчихсан.

Талуудын хооронд Арилжааны гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй. Учир нь уг гэрээний ерөнхий нөхцөлийг тохиролцож, тодорхойлоогүй. Харин хариуцагч хувьцааны үнийг төлөх үүрэг хүлээсэн учраас Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Гэрээний 2.5-д хоолоор үйлчилгээ авах бүртээ тооцоо нийлсэн акт үйлдэхээр заасан тул бусад гэрчийн мэдүүлэг, санхүүгийн бүртгэлээр энэ тооцоо гарахгүй. Өөрөөр хэлбэл, тооцоо нийлсэн актыг үндэслэн үлдэгдлийг тодорхойлно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... гэжээ.

 

2. Хариуцагч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1. ...Д.Х тай байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээнд 80,000,000 төгрөг өгөхөөр заагаагүй бөгөөд гэрээний 3.2-т зааснаар хүлээн авалт хэлбэрээр төлбөрийг барагдуулахаар заасан.

Гэрээнд хүлээн авалт хийх тодорхой хугацаа заагаагүй, мөнгөөр сольж болох тапаар ч зохицуулалт байхгүй.

2018 онд гэрээг байгуулсан байдаг бөгөөд цар тахлын нөлөөгөөр нийтийн хоолны салбарт хүндрэл үүссэн, хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй хөл хорио удаан үргэлжилсэн, зээлийн үүрэг, гэрээний үүрэг бүгд хойшлогдсон. Энэ талаар Д.Х т удаа дараа хэлж байсан.

Миний бие гэрээнд заасан үүргээ тодорхой хэмжээнд биелүүлсэн, хэд хэдэн удаа Д.Х манай ресторанаар үйлчлүүлсэн. Энэ тооцоогоо нэхэмжлэлээс хасаагүй байна.

Гэрээнд заасныг зөрчиж мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. ...а. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 80,000,000 төгрөг гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Д.Х Л.А нарын байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээний 2.5-д Үлдэгдэл 80,000,000 төгрөгийг худалдан авагч нь худалдагчийн хүсэлтийн дагуу хоолны үйлчилгээ болон хүлээн авалт зохион байгуулах хэлбэрээр 2019 оны 1 дүгээр сараас эхлэн төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж заасан. Гэрээнд хүлээн авалт хэлбэрээр төлөхөөр тохирсон 80,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгч Д.Х т байхгүй юм. Талууд уг гэрээг байгуулснаас хойш гэрээний 2.5-д заасан дээрх зохицуулалтыг өөрчилсөн, мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон зүйлгүй. Түүнчлэн гэрээнд хэрэв хүлээн авалт хэлбэрээр хийхгүй бол мөнгөөр телөхөөр сольж болох зохицуулалт байхгүй. Худалдагч талын хүсэлтийн дагуу хүлээн авалт хэлбэрээр үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон тохиролцоо хэвээрээ байгаа.

б. Худалдан авагч тал буюу хариуцагч Л.А гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Л.А ийн хувьд Д.Х ийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байсан болох нь хэрэгт авагдсан мессежид үзлэг хийсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, гар билл /төлбөрийн баримт/ зэргээр нотлогдоно. Д.Х хэзээ, хэдэн хүнтэй, хаана очиж хоол идэх хэрэгтэй талаараа Л.А эсхүл түүний найз тухайн үед Л.А ийн нөхөр байсан Б.Гүрбазар нарт мэдэгдэж тэр дагуу нь үйлчилж байсан. Өөрөө ирэхгүй бол эхнэр, найз нөхдийгөө ч явуулж, тэр дагуу нь Д.Х ийн явуулсан хүнд болон өөрт нь үнэгүй хоолоор үйлчилж байсан нь нотлогддог.

Коронавирус тархсан, цар тахлын үед үйлчилгээний салбар гэлтгүй бүх нийтийн хөл хорио болсон үед үйлчилгээ үзүүлэх боломжгүй байсан. 2021 онд хөл хориог хэсэгчлэн сулруулж, зарим үед буцаагаад хатуу хөл хорио тогтоох зэргээр 2021 онд ресторан үйлчилгээний газрууд хүндхэн үед ажиллаж, зээлээ төлөх боломжгүй, ажилчдынхаа цалинг тавихад ч хүндрэлтэй, сул зогсолт олон өдрөөр үргэлжилж ямар ч орлогогүй байсан үед удаа дараа залгаж, мессеж бичиж дарамталдаг байсан гэж хариуцагч хэлдэг. Нөхцөл байдлыг тайлбарлаж, аль болох үйлчилгээ үзүүлэхийг зорьж байсан гэдэг. Гэтэл Д.Х нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл огт харилцаагүй явж байгаад гэнэт 2023 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргахдаа Л.А гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй байгаа мэтээр нэхэмжпэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг 2019 оны 1 дүгээр сараас эхлэн 80,000,000 төгрөгийг хоолны үйлчилгээ, хүлээн авалт хэлбэрээр барагдуулахаар тохиролцсон. Ийнхүү 2019 оны 1 дүгээр сараас Л.А , Д.Х болон түүний найз нөхөд гэр бүлийн хүмүүст хоолоор үйлчилж байсан боловч сүүлийн жилүүдэд буюу 2022, 2023 онд Д.Х ийн зүгээс хоолонд оръё, хүлээн авалт зохион байгуулъя гэж өөрөө огт яриагүй байдаг. Гэрээнд зааснаар Д Хүрэлхуяг өөрөө хүсэлтээ гаргаж хандах талаар тохиролцсон нь түүний хүсэлтийн дагуу орсон заалт бөгөөд тэрээр хүссэн үедээ 80,000,000 төгрөгийн төлбөрийг хэдэн ч удаа хувааж хоол, хүлээн авалт зохион байгуулах байдлаар үйлчлүүлж болох эрхийг түүнд олгож байгаа юм. Л.А ийн хувьд түүнийг хоол ирж ид гэж яаруулах юм уу хүлээн авалт хий гэж тулгах нь зохимжгүй байхад үүргээ зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч тал гэрээний дагуу шаардлага гаргаагүй эс үйлдэхүйд хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхын зэрэгцээ талууд гэрээгээр хүлээсэн үүргийг өөрчилж мөнгөн хэлбэрээр шаардах талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. ...2018 онд би банкнаас зээл авч Д.Х т олгож байсан билээ. Мөн энэ оноос гэрээний дагуу хоол үйчилгээг үзүүлж явсныг Д.Х нь огт үйлчилгээ аваагүй мэтээр илэрхийлсэн нь харамсалтай байна. Хоол үйлчилгээ авч байсныг тухайн үед миний гэр бүл байсан Б.Гүрбазар болон ажиллаж байсан менежер, санхүү нар гэрчилнэ. 2020 онд төрөөд удаагүй нялх биетэй байх үед цар тахал дэгдэж хөл хориотой үйл ажиллагаа зогссоныг үл харгалзан Д.Х нь өөрөө болон найз болох А.Баттулгаар нэхүүлж байсан ба тэр үед нялх биетэй, банкны хүү хуримтлагдсан, үйл ажиллагаа 0 зогссон байгааг үл ойшоон нэхэж байгаад нь маш хүндээр хүлээн авч гэр бүлээр хэрүүл маргаан болж хэрүүл нь хүндэрсээр гэр бүл салсан байдаг. Цар тахал гарсан үед ажлын байраа авч үлдэх ажилчдаа хоол ундтай байлгах гэж болон банкны зээл хуримтлагдсан хүү гэх мэт нэхэгдэж маш хүнд байсан учир би Д.Х т учир байдлаа хэлж надад жаахан эдийн засаг сэргэж ажлаа хэвийн ажиллах хүртэл амьсгаа авах боломж олгооч гэж хүссэн байдаг. 2023 онд надруу мессеж бичихэд нь би шийдвэрлэж өгье одоо заавал надаар дамжихгүйгээр санхүүтэй холбогдоод хуваарь гаргаж тохиролцоод явж болохыг хэлж байсан. Мөн үүний зэрэгцээ энэ асуудлаас болж гэр бүлд маш их хэрүүл гарч салсан үр хүүхдүүдээ би 100 хувь өөрөө өсгөж асран хамгаалахаар болж байгааг болон 2018 оны үед Д.Х ийг нөхрийн найз байсан учраас л банкнаас зээл авч асуудлыг шийдэж өгч Худалдах, худалдан авах гэрээ хийж найзад нь тус болж байгаа л гэж бодож явдаг байснаа илэрхийлж хэлж байсан. Эцэст нь эмэгтэй хүнд сэтгэл санааны болон эдийн засгийн дааж давшгүй том ачаа үүрч явааг мэдэж явах ёстой шүү гэж мессеж илгээж байсан. Гэтэл эсрэгээрээ эмэгтэй хүн энэ их ачааг үүрч явааг үл хайхран илүү бүр улайрч гүтгэж байгаа нь маш их харамсалтай байна. Иймд нэхэмжлэгч тал гэрээний дагуу шаардлага гаргаагүй эс үйлдэхүйд хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхын зэрэгцээ талууд гэрээгээр хүлээсэн үүргийг өөрчилж мөнгөн хэлбэрээр шаардах талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Х болон Л.А нарын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Б.Батчимэг, А.Ц нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд /хх 3-6, 9, 77/-ийг,

3.2. Хариуцагчаас: гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Силкроуд Фронтьерс ХХК-тай байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Ц.Өнөрцэцэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хоолоор үйлчилсэн захиалгын хуудас Order sheet, зарлагын падаан /2019.1.25, 2019.2.16, 2019.3.16, 2019.7.26, 2019.11.8, 2019.11.22, 2020.1.25, 2021.8.20, 2021.10.19, 2021.11.24/ өмгөөлөгч Б.Хэрлэнчимэгтэй байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 24-26, 33-36, 104-107/-ийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2023/11644 дүгээр захирамжийн дагуу:

- Д.Х ийн 88002715 дугаараас Л.А ийн 99998289, 91118289 дугаартай тус тус харилцсан цахим зурвас /message/-т үзлэг хийсэн тэмдэглэл /хх 58-73/

 

3.4. Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/19933 дугаар захирамжийн дагуу:

- Б.Гүрбазарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 137-139/,

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2023/21037 дугаар захирамжийн дагуу:

- Б.Батхишиг, А.Ариунбат нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 120-127/-ийг тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2024/02342 дугаар захирамжаар А.Баттулгыг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн боловч шүүх хуралдааны үед уг хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав. /хх 141/

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 76,107,213 төгрөгийг хангаж, үлдэх 3,892,787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Л.А тэй байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу түүнд Э ХХК -ийн 50 ширхэг энгийн хувьцааг шилжүүлсэн боловч тэрээр төлбөрийн үлдэгдэл 80,000,000 төгрөгт дүйцэх хоолны үйлчилгээ үзүүлээгүй, хүлээн авалт зохион байгуулаагүй. Одоо энэхүү үйлчилгээг авах нь нэгэнт ач холбогдлоо алдсан учир 80,000,000 төгрөгийг гаргуулна... гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...миний бие гэрээнд заасан үүргээ тодорхой хэмжээнд биелүүлсэн. Д.Х нь хоолны үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлээгүй эс үйлдэхүйд намайг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн талууд гэрээний үүргийг өөрчлөөгүй атал ийнхүү мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа нь үндэслэлгүй... гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Л.А тэй 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал буюу Д.Х нь Э ХХК дахь өөрийн эзэмшлийн 50 ширхэг энгийн хувьцааг худалдан авагч Л.А-д шилжүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд түүнийг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэхэд өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөр, худалдан авагч нь хувьцааны үнэ болох 330,000,000 төгрөгийн 250,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, үлдэх 80,000,000 төгрөгийг хоолны үйлчилгээ болон хүлээн авалт зохион байгуулах хэлбэрээр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 5-6/

 

5. Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно.

 

6. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл болох хувьцааг шилжүүлсэн, үнэд 250,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 80,000,000 төгрөгт дүйцэх үйлчилгээг үзүүлээгүйд маргаагүй. Харин хариуцагч үлдэгдэл төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэгтэй эсэхэд маргаж байна.

 

7. Гэрээний 2.5-д Үлдэгдэл 80 сая төгрөгийг худалдан авагч нь худалдагчийн хүсэлтийн дагуу хоолны үйлчилгээ болон хүлээн авалт зохион байгуулах хэлбэрээр 2019 оны 1-р сараас эхлэн төлөхөөр талууд тохиролцов. /Тусдаа гэрээгээр зохицуулна./ Төлбөрийн тооцоог талууд хоолны үйлчилгээ үзүүлэх, хүлээн авалт зохион байгуулах тухай бүрд талууд харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдэхээр тохиролцов. гэж, 3.1-д Худалдан авагч нь ... дөрөв дэх ээлжийн төлбөр болох 80,000,000 төгрөгт үйлчилгээ үзүүлэх байдлаар төлөх бөгөөд чанартай гүйцэтгэх, ... хэлэлцэн тохирсон үнийг төлөх, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

7.1. Хэдийгээр талууд тооцооны үлдэгдлээ баталгаажуулж баримт үйлдээгүй байх боловч хариуцагч 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд нийт 11 удаа хоолны үйлчилгээ үзүүлснээ нотлохоор 3,892,787 төгрөгийн үнэ бүхий захиалгын хуудас /Order sheet/, зарлагын падаан хэрэгт гаргаж өгснийг нэхэмжлэгчийн зүгээс няцаан үгүйсгэж чадаагүй. /хх 104-107/

 

Эдгээр захиалгын хуудас /Order sheet/, зарлагын падаанд нэхэмжлэгч болоод түүний эхнэр Ука, найз Тулгаа гэх хүмүүсийн гарын үсэг зурагдсан байх бөгөөд тэрээр өөрөө эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан ийнхүү хоолны үйлчилгээ авч байсан талаар гэрчүүдээс мэдүүлсэн байна. /хх 120-127, 137-139/

 

Үүнээс үзвэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсанд тооцно.

 

7.2. Гэрээний 2.5-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хоолны болон хүлээн авалт зохион байгуулах үйлчилгээг 2019 оны 1 дүгээр сараас эхлэн 80,000,000 төгрөгийн хэмжээнд хүртэл үзүүлэхээр байна.

 

Гэвч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 208.3, 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй буюу нэхэмжлэгчийн хүсэлтэд тодорхой болон тодорхой бус шалтгаанаар татгалзсан хариу өгч байсан болох нь талуудын хооронд харилцсан цахим зурвас /мессеж/-т үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдов. /хх 24-26, 59-73/

 

Нэхэмжлэгч 2022 оноос хойш тухайн үйлчилгээг аваагүйн гадна, гэрээ байгуулагдаад 5 жил гаруй хугацаа өнгөрсөн, одоо тухайн үйлчилгээг үргэлжлүүлэн авах нь нэгэнт ач холбогдлоо алдсан гэх тайлбарыг буруутгах аргагүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 80,000,000 төгрөгөөс 3,892,787 төгрөгийг хасч, үлдэх 76,107,213 төгрөгийг хохиролд тооцон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд хариуцагч Л.А ээс 76,107,213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,892,787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

9. Шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хариуцагч, түүний өмгөөлөгчид мэдэгдсэн бөгөөд тэд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас /Баримт №9/-тай танилцаад гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Гэвч товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт /баримт/ ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А ээс 76,107,213 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,892,787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 538,486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН