Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2022/00182

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” *******ийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******тай 2012 онд хамтран амьдарч, 2014 онд гэрлэлтээ батлуулсан. 2014.02.17-нд хүү төрсөн. Эхнэр бид хоёр хоёулаа сонсголгүй, хэлгүй, хоорондоо таарч тохирохгүй, байнга муудалцаж, бие биеэ цагдаад ч хүч хэрэглэсэн гэх үндэслэлээр арга хэмжээ авахуулж байсан. Хүү г 1 настай байхад ажлын газрын маань жижүүр дээр орхиод явсан. Түүнээс хойш хааяа нэг ирж, хэд хоноод алга болдог. 2020 оны 12 дугаар сард ирээд цуг байгаа ч байнга хэрэлдэн салъя гээд өргөдлөө өг гэдэг. 2020 оны 07 дугаар сард цагдаа дагуулж ирээд хүчээр хүүг минь авч явсан боловч 2020 оны 11 дүгээр сард хүүг харж чадахгүй нь ирж ав гэхэд нь би очиж хүүгээ авсан. Хүү маань ч тэднээс зугтаадаг. Ээжийнх нь эгч Батханд зоддог, загнадаг. Иймд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулъя. Миний хүүг ээж нь авахгүй, над дээр байлгая гэдэг учир хүү гийн асран хамгаалалтыг тогтоолгож, салах хүсэлтэй байна. Одоогоор хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй, эд хөрөнгийн маргаангүй. Иймд яаралтай шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******д холбогдуулан тус шүүхэд хандаж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Би эхнэртэйгээ ярилцаад хүүхдээ бодож бид салахгүйгээр цаашид хамт амьдрахаар болсон тул би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг төлсөн байх ба үүнээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35 100 төгрөгийг төсвийн орлогод илүү төлсөн 70 200 төгрөгийг хамт нийт 105 300 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийн 35 100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 105 300 /нэг зуун таван мянга гурван зуу/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Г.ЖАРГАЛТУЯА