Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 181/шш2024/00613

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 19 181/ШШ2024/00613

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг,.....хороо, .... тоот хаягт оршин суух Ж.М  /РД:./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:...... дүүрэг, .... хороо, ..... байранд байрлах НШ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч НШ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 1461300303 дугаартай, 960 м.кв талбайтай газрыг үнэлсэн Д ХХК -ийн ШГ23-09 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр Зохигчийн эвлэрлийг батлах тухай захирамжийн дагуу НШ-т гүйцэтгэгдэж байгаа төлбөр авагч У.Н, С.У нар, төлбөр төлөгч С ХХК К /РД:..../-д холбогдох 71,697,024 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдаж байгаад маш их гомдолтой байдаг.

Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа хийж Ж.М миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай дуусаагүй барилга үл хөдлөх хөрөнгө болон тус хаяг байршилтай нэгж талбарын 1461300303 дугаартай, 960 кв.м талбайтай газрыг хөрөнгүүдийг Д ХХК -иар үнэлүүлсэн байх бөгөөд нийт 1,649,208,481 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 4-150/4445 дугаар үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж зааснаар эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор гаргаж байна.

Д ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг нийт 1,649,208,481 төгрөг, газрыг 1,242,556,665 төгрөг, дуусаагүй барилгыг 406,651,816 гэж хэт бага үнэлсэнг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчийг томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гаргуулсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж гаргасан дүгнэлт болсон байна. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэгт "Энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглоно. гэж заасан журмыг зөрчиж шинжээч томилсон байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавъж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна. гэж, 10.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг уръдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж заасныг зөрчиж шинжээч томилогдсон гэж үзэж байна. Хуульд зааснаар дээрх ажиллагаануудыг шинжилгээ хийлгэхийн өмнө буюу урьдчилан хийж гүйцэтгэх ёстой байтал шинжилгээ хийсний дараа буюу дүгнэлтийг хүлээн авсаны дараа дүгнэлтэд холбогдох баримтуудыг хавсаргасан байгаа нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Энэ нь шинжээчээс шинжээчийн дүгнэлтийг ирүүлэхдээ холбогдох баримтуудыг хавсаргасан байгаагаас урьдчилан хийлгэх тухай журмыг зөрчсөн нь нотлогдож байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгө нь бизнесийн хамгийн ашигтай байршилтай, орон сууц, оффис, худалдаа, үйлчилгээний төвүүдийн дунд байрладаг, давуу талуудтай байтал эдгээр нөхцөл байдлуудыг хөрөнгийг үнэлэхдээ тооцож үзээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зориулалтаар үнэлэгдэж байгаа нь хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилготой бөгөөд үнэлгээг бодитоор тогтоох нь өмчлөгчийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Ж.М надаас төлбөр гаргуулахтай холбоотой ямар ч шүүхийн шийдвэр байхгүй байхад миний эд хөрөнгөнд шууд бүдүүлгээр халдаж шинжээч томилогдон үнэлгээ гаргасан байна. С ХХК К-д би хувьцаа эзэмшдэггүй.

Шинжээчээр ажилласан Д ХХК -иас шинжилгээ хийх объекттой холбоотойгоор төлбөр төлөгч, өмчлөгчөөс ямар ч материал шаардан аваагүй, уулзаагүй, хөрөнгийн талаар асууж тодруулаагүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Шинжээч томилох тухай тогтоолыг дүгнэлт гаргахаас өмнө танилцуулаагүй, шинжээчид ямар ч материал өгөөгүй, шаардан аваагүй, ямар баримт мэдээлэлд тулгуурлан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьж ажилласан байна.

Шинжээч нь хөрөнгийг үл хөрөнгийг хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж дүгнэн үнэлгээг хийсэн нь тодорхойгүй байх бөгөөд хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг хэрхэн яаж тодорхойлсон нь олйгомжгүй, энэ талаар ямар ч баримт үнэлгээний тайланд авагдаагүй байна. Үзлэгийг хэзээ хэрхэн хийсэн, ямар тэмдэглэл хөтөлсөн, үзлэгийн үеэр ямар нөхцөл байдал илэрсэн, барилгын зураг төсөл, ажлын зургыг авч танилцсан эсэх зэргээс үнэлгээ бодитой, үнэн зөв болоогүй байна.

Мөн шинжээч нь дуусаагүй барилгыг үнэлэхдээ талбайг хэрхэн тооцон гаргасан нь тодорхойгүй, өртгийн хандлагын аргаар тооцоолсон гэх боловч бусад аргатай харьцуулаагүй үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шударга, бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг хангаагүй байна.

Хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэхдээ төлбөр төлөгчийн саналыг харгалзах буюу шинжээч нь хөрөнгийн талаар мэдээллийг төлбөр төлөгч, өмчлөгчөөс аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, баръцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасныг зөрчсөн байна.

Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ харьцуулах хөрөнгийн мэдээллийг хавсаргасан боловч зөвхөн 1 хөрөнгөтэй харьцуулж гаргасан зэрэг нь бодит үнэлгээг гаргаж чадаагүй гэж үзэж байгаа ба хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах ямарч баримт, материалыг аваагүй, барилгын зураг, ажлын төсөв зэрэг үнэлгээ гаргахад зайлшгүй шаардлагатай мэдээлэлгүй үнэлгээг гаргасан байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт "Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана. гэж, 8.3.9-д "хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, 8.3.10-т "хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал гэж заасан шаардлагад огт нийцээгүй байна.

Иймд хуульд заасан журмыг зөрчин үндэслэлгүйгээр хийгдсэн Ж.М миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай дуусаагүй барилга үл хөдлөх хөрөнгө болон тус хаяг байршилтай нэгж талбарын 1461300303 дугаартай, 960 кв.м талбайтай газрыг үнэлсэн Д ХХК -ийн ШГ23-09 дугаартай 1,649,208,481 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр захирамжаар С ХХК К-иас 71,960,994 төгрөгийг гаргуулж У.Н, С.У нарт олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Төлбөр төлөгч С ХХК К, Ж.М нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2203009516 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаягт байрлах 32 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай дуусаагүй барилга, тус хаягт байрлах Ж.М ын эзэмшилд бүртгэлтэй нэгж талбарын 1461300303 дугаартай 960 м.кв талбайтай газрын хамт битүүмжпэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Д ХХК -ийг томилж үнэлгээ тогтоолгоход 1,649,208,481 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжпэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У.Номинчимэгээс нэхэмжлэлийн шаардлага эсхүл хариуцагчийн татгалзлыг дэмжиж буй эсэх талаар тайлбар гаргаагүй.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

4.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Д-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 4-150/4445 дугаар үнэлгээний мэдэгдлийн хуулбар, Д ХХК -ийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ШГ23-09 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр Зохигчийн эвлэрлийг батлах тухай, 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2777 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбарууд, 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 300 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/66 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 150/79 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 200925040010/150-06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 200925040010/150-07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 200925040010/150-08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1хх 4-49/-г,

 

4.2. Хариуцагчаас: Г.А ад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр Зохигчийн эвлэрлийг батлах тухай, 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2777 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжууд, 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 300 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1340 дугаар хариу албан бичиг, С ХХК К болон Ж.М ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ж.М ын эзэмшлийн нэгж талбарын 3006/0044 дугаартай газрын гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 150/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 20092504000/150-06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 200925040010/150-07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 200925040010/150-08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, өмчлөгч болон талуудад хүргүүлсэн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 4-150/3714, 4-150/3715, 4-150/3716 дугаар Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, тэмдэглэл, төлбөр төлөгчөөс 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гаргасан үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/66 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчид эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан, шинжээчээр оролцохоос татгалзах нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тухай тэмдэглэл, мөн өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, өмчлөгч болон талуудад хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 4-150/4445, 4-150/4446, 4-150/4447 дугаар Үнэлгээний мэдэгдэл, тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/53 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, өмчлөг болон талуудад хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4-150/6094, 4-150/6095, 4-150/6096 дугаар анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тэмдэглэл зэргийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С ХХК К болон Ж.М ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн үед бүрдүүлсэн бичиг баримтын хуулбар /1хх 53, 64-105, 1хх 234-250, 2хх 1-42/-ыг,

 

4.3. Гуравдагч этгээдээс: Б.Б-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /1хх 133/-г тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

4.4. Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/17890 дүгээр захирамжийн дагуу шинжээч Ц.Т-ийн ийн өгсөн гэрчийн мэдүүлэг /1хх 136-140/,

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/20481 дүгээр захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас С ХХК К /РД:...../-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /1хх 141-205/,

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас иргэн Ж.М ын эзэмшиж буй газрын нэгж талбарын хувийн хэргийн хуулбар /1хх 206-232/-ыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

4.5. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч НШ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 1461300303 дугаартай, 960 м.кв талбайтай газрыг үнэлсэн Д ХХК -ийн ШГ23-09 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзжээ.

 

6. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.1. У.Н, С.У нарын нэхэмжлэлтэй, С ХХК К-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 84,387,858 төгрөгийн 12,684,924 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 71,697,024 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дүгээр захирамжид 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж байна. /1хх 41-43, 64-67/

 

6.2. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн зүүн хойд тал /11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаяг/-д байрлах газрыг Хэрлэн трейд ХХК-д эзэмшүүлснийг 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 463 дугаар шийдвэрээр талбайн хэмжээг 960 м.кв болгон өөрчилж, нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр Ж.М д шилжүүлжээ. /1хх 206-232/

 

Ж.М болон С ХХК К-ийн хооронд байгуулсан 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар Барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 020 дугаар Хамтран ажиллах гэрээний дагуу тухайн газарт 59 айлын 12 давхар орон сууцны барилга барих ажлыг мөн оноос эхлүүлсэн гэх бөгөөд тэдгээрийн хүсэлтээр тус хаягт байршилтай 1036.8 м.кв талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай 32 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000082373 тоот гэрчилгээг олгосон байна. /1хх 234-250, 2хх 1-42/

 

6.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С ХХК К, Ж.М ын хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 150/03 дугаар тогтоолоор, Ж.М ын эзэмшлийн нэгж талбарын 1461300303 дугаартай, 960 м.кв талбайтай газрыг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 200925040010/150-07 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 200925040010/150-06, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 200925040010/150-07 дугаар тогтоолоор тус тус хураасан байх ба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/66 дугаар тогтоолоор шинжээч томилж үнэлүүлсэн байна. /1хх 44-49, 69-88/

 

6.4. Д ХХК /үнэлгээчин Ц.Т-ийн / нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 406,651,816 төгрөгөөр, нэгж талбарын 1461300303 дугаартай, 960 м.кв талбайтай газрын зах зээлийн үнэ, цэнийг 1,242,556,665 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /1хх 7-40, 90/

 

6.5. Дээрх ШГ23-09 дугаартай үнэлгээний тайланг өмчлөгч Ж.М д 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр танилцуулж, мөн өдрийн 4-150/4445 дугаар мэдэгдлийг, тайлангийн хамтаар гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /1хх 6, 91-94/

 

7. Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан хөрөнгө битүүмжилж хураасан, шинжээч томилсон ажиллагаанд хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр ажиллагааг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчээс шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн, эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэд нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр Д ХХК -ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд энэхүү гомдлоо 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Иймээс хуульд заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 

8. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч мэргэшсэн үнэлгээчин Л.Түвшинцэнгэл нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа тухайн хөрөнгийн байдалтай танилцаж, ажлын нөхцөл, зорилгод тохируулан холбогдох мэдээллийг авсны үндсэн дээр зах зээлийн судалдаа, шинжилгээг хийж, хөрөнгийн үнэлгээний өртгийн болон жишиг үнийн аргыг сонгон ашиглаж, олон улсын ба үндэсний стандарт бүхий эрх зүйн актуудад нийцүүлэн тодорхойлсон талаар тайландаа тусгажээ. /1хх 7-40, 136-140/

 

9. Хэрэгт цугларсан нотлох баримт болох шинжээчээр оролцоход татгалзах болон оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгсөн акт зэрэг нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн огноотой байна. /1хх 87-89/

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан ...он, сар, өдрийг бичихдээ техникийн алдаа гаргасан... гэх тайлбар, гэрч Л.Түвшинцэнгэлийн өгсөн ...үнэлгээ гаргахаас өмнө тогтоолоо гардаж авахдаа сануулаад баримтаа аваад, тэрнийхээ дагуу үзлэгээ хийсэн. Ер нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал тэгж явагддаг... гэсэн мэдүүлэг болон 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/66 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын 2, 3 дахь заалтаас үзвэл 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцэх үед эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тодорхойлсон үнэлгээг үгүйсгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ийнхүү нотлохыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй юм.

 

Иймд Д ХХК -ийн ШГ23-09 дугаартай үнэлгээг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул Ж.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхүү нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан эзгүйд нь хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009516 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 12 тоот хаягт байршилтай, 32 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 1461300303 дугаартай, 960 м.кв талбайтай газрыг үнэлсэн Д ХХК -ийн ШГ23-09 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ж.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН