Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/01623

 

 

 

 

 

         2024        04         15  

      182/ШШ2024/01623

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч:  Нийслэлийн Замын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч:  В ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны ТЗГ-2022/71 дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүссэн 34,896,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Од,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Нийслэлийн Замын хөгжлийн газар нь Викторицентр ХХК-д холбогдуулан Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний үүрэгт 34,896,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 4/27, 2011 оны 7/66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ын дагуу Нийслэлийн Замын хөгжлийн газар болон “Викторицентр” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ТЗГ-2022/71 дугаартай “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Тусгаар Тогтнолын талбай 3/1 “Викторицентр” ХХК-ийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд 20 автомашины тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд эрхлэн явуулж үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Нийслэлийн Замын санд төвлөрүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл *******нь өмнөх 2021 оны төлбөртэй зогсоолын төлбөр болох 14,472,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, мөн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг буюу нийт 15,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ төлөлтийг 2021 оны үлдэгдэл төлбөр болох 4,472,000  төгрөгөөс хасаж бодож, үлдсэн мөнгөн дүн болох 528,000 төгрөгийг 2022 оны төлбөртэй зогсоолын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувь болох 17,568,000 төгрөгөөс 528,000 төгрөгийн төлсөн дүнг хасаж, үлдэгдэл 17,040,000 төгрөг байгаа нь төрийн сангийн дансны хуулгаар тогтоогдож байна. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний 2.2.4 дэх зүйл заалтыг зөрчиж үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Нийслэлийн Замын сангийн дансанд төвлөрүүлэх, 2.4.4 дэх хэсэгт заасан төлбөртэй зогсоолын орлогыг тухайн сар бүрийн 25-ны өдөр Нийслэлийн төрийн сан банкны замын сангийн 100200000931 тоот дансанд шилжүүлэх гэх мэт гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Манай газрын зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5/2479 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч буюу Викторицентр ХХК-д нэмэлт хугацаа өгч үүргээ гүйцэтгэх боломжоор хангасан боловч тус газар нь нийслэлийн замын санд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаанаас олсон орлогынхоо тодорхой хувийг төвлөрүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу Нийслэлийн Замын хөгжлийн газар нь иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтуудаар үүрэг гүйцэтгэгч буюу Виктори центр ХХК -иас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүссэн хохирлыг шаардах эрхтэй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь хэсгүүдэд заасан үүрэг гүйцэтгэгч байгууллагын үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулсаар байтал биелүүлээгүй байна. Иймд 2022 онд гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн 17,040,000 төгрөгийн төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна.

1.2. Мөн Виктори центр ХХК нь 2023 онд Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээгээ шинэчлэн байгуулаагүй бөгөөд тухайн үед зогсоол хэриуцсан мэргэжилтэн нь гэрээг шинэчлэн байгуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан. Тус компани нь ТЗГ-2022/71 дугаартай гэрээний хугацааг дуусгавар болсныг мэдсээр байж хэрэгжүүлэгч байгууллагын зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байгаа тул Нийслэлийн Замын хөгжлийн газар нь тус компаниас 2023 онд үйл ажиллагаа эрхэлсэн төлбөрийн 60 хувь болох Нийслэлийн Замын сангийн дансанд төвлөрүүлэхээр заасан 17,856,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд нийт 34,896,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч *******шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. ******* болон Виктори центр ХХК нь 2021 оны сарын 1 дүгээр сарын 1-ний өдөр нэг жилийн хугацаатай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол эрхлэн явуулах гэрээг байгуулсан. Гэрээ сунгах хүсэлтийг 2021 онд хүргүүлсэн ба 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэрээг сунгасан боловч Нийслэлийн засаг даргын А/615 тоот захирамж бүхий 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших 000026163 дугаартай гэрчилгээ гарсныг мэдсэн болно. Виктори центр ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангасан ба гэрээтэй байх хугацааны үүргийн гүйцэтгэлийн өр төлбөр байхгүй болно. Гэрээний үүргийг бүхэлд нь  биелүүлээд 520,000 төгрөгийн илүү төлөлтийн асуудал яригдаж байна. 2021 онд гэрээ байгуулаад, 2022 ондоо гэрээ байгуулах үед тухайн байгууллага гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш болчихсон юм. Яагаад эрх бүхий этгээд биш болчихсон юм бэ гэхээр Викторицентр компанийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд авто тээврийн зогсоол эрхэлнэ гэсэн гэрээ байгуулсан юм. Гэтэл тухайн нийтийн эзэмшлийн зам талбай нь Нийслэлийн Засаг даргын 615 дугаар захирамжаар Гранд Моторс ХХК-ийн эзэмшилд 15 жилийн хугацаатайгаар шилжсэн байдаг. Гэрээ байгуулах үүрэг нь Гранд Моторс ХХК-д шилжсэн. Гранд Моторс ХХК-тай өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй. Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн 2009 оны 12 сарын 23-ны өдрийн 4/27 дугаартай хавсралтаар нийтийн эзэмшлийн талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам гэж байгаа. Энэ журмын 5.1.4-д гэрээ байгуулах этгээд нь тухайн авто тээврийн зогсоол байгуулах, зогсоол ажиллуулах этгээдтэйгээ гэрээ байгуулж, тухайн гэрээнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй гэж заасан.  Нэхэмжлэгч нь гэрээ байгуулаагүй этгээдээс шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Газрын гэрчилгээ нь 2022 оны 6 сард Гранд Моторс ХХК-ийн нэр дээр гарсан байдаг. Ингээд Гранд Моторс ХХК-тай гэрээ байгуулах ёстой гэдэг ийм нөхцөл байдал үүсээд тухайн үед Авто тээврийн хөгжлийн газарт мэдэгдэж байсан. Үүнийг мэдсээр байж гэрээгээ байгуулаагүйгээрээ төлбөр шаардах эрхгүй юм гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 3-4/

3.2. Итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын 2023.04.06-ны өдрийн Б/49 дүгээр захирамж /хх 5, 27, 66, 108/

3.3. Виктория центр ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг /хх 6/

3.4. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ТЗГ-2021/57 дугаар гэрээ /хх 9-13/

3.5. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ТЗГ-2022/71 дугаар гэрээ /хх 14-17/

3.6. Дансны хуулга /хх 18-19/

3.7. Замын хөгжлийн газрын 2022.05.26-ны өдрийн 5/1068 дугаар албан бичиг /хх 20/

3.8. Замын хөгжлийн газрын 2022.12.07-ны өдрийн 5/2479 дугаар албан бичиг /хх 25-26/

3.9. Нийслэлийн Засаг даргын 2018.07.06-ны өдрийн А/615 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамж, түүний хавсралт /хх 109-111/

3.10. Замын хөгжлийн газрын 2022.03.23-ны өдрийн 2/381 дугаар албан бичиг /хх 125/

3.11. Зогсоолын байршлын зураг /хх 126-127/

3.12. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009.12.23-ны өдрийн 4/27 дугаар тогтоол, түүний хавсралт /хх 138-142/

3.13. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011.11.09-ний өдрийн 7/66 дугаар Журамд өөрчлөлт ороуулах тухай тогтоол /хх 143-144/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 33/

4.2. Итгэмжлэл /хх 34/

4.3. Хариу тайлбар /хх 40/

4.4. Грандмоторс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 41/

4.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын нэгж талбарын тодорхойлолт /хх 42-43/

4.6. Кадастрын зураг /хх 92-93/

 

5. Шүүх талуудын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6-р хороолол, Тусгаар тогтнолын талбай 3/1 Викторицентр ХХК-ийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 116-123/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нийслэлийн Замын хөгжлийн газар нь хариуцагч Викторицентр ХХК-д холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ТЗГ-2022/71 дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээнд заасны дагуу 2022 оны төлбөр 17,040,000 төгрөг, 2023 оны төлбөр 17,856,000 төгрөг, нийт 34,896,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ.

 

            2. Хариуцагч нь гэрээгээр эзэмшиж байсан 850 м.кв талбай нь Нийслэлийн Засаг Даргын А/615 тоот захирамжаар Гранд моторс ХХК-ийн эзэмшилд шилжсэн төлбөртэй зогсоолын гэрээг бид Гранд Моторс ХХК-тай гэрээ байгуулах ёстой. Нэхэмжлэгч үүнийг мэдсээр байж гэрээгээ байгуулаагүй учир төлбөр шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            3. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “замын байгууламж” гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг;” ойлгохоор заажээ.

 

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ” гэж хуульчилсан байна.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №4/27 дугаар тогтоолоор “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” /цаашид журам гэх/-ыг баталсан байх бөгөөд тус журам нь Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэх байгууллага болон төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилготой байна.

 

Журмын 3.1-д “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар /одоо бол Нийслэлийн авто замын хөгжлийн газар/ нь төлбөртэй зогсоолын үйлчилгээ явуулах эрх бүхий хэрэгжүүлэгч байгууллага байна”, 5.1.4-д “Зогсоолын үйлчилгээ эрхлэхээр сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасны дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулахдаа Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллуулахаар заажээ.

 

            4. Дээрх хууль болон журамд заасныг үндэслэн талууд 2021.01.01-ний өдөр ТЗГ-2021/57 дугаар, 2022.01.03-ны өдөр ТЗГ-2022/71 дугаар Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээнүүдийг байгуулсан байх ба гэрээгээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа, үйлчилгээ эрхлэгчийн харилцаа, талуудын харилцан хүлээх эрх, үүргийг зохицуулсан, зохигчид тус гэрээ байгуулагдсан талаар маргаангүй байна. /хх 9-17/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй ... гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.” гэж заасан.

 

           Зохигчийн байгуулсан тус Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул нэрлэгдээгүй гэрээ гэж үзнэ.

 

Зохигчид Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээгээр Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол Тусгаар тогтнолын талбай 3/1 Викторицентр ХХК-ийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд 20 автомашины тээврийн  хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд эрхлэн явуулахаар тохиролцож, хариуцагч нь гэрээний 2.2.4-т зааснаар үйл ажиллагаанаас орсон орлогын 60 хувийг Нийслэлийн замын сангийн дансанд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Журмын 5 дугаар зүйлийн 5.2.1-д “Хэрэгжүүлэгч байгууллага нь зогсоолын үйлчилгээнээс орох орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлэх” үүрэгтэй гэж заасан байх талуудын байгуулсан гэрээний хавсралтаар үйлчилгээ эрхлэгч /Викторицентр ХХК/-ээс Нийслэлийн замын санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө гаргаж, жилд замын санд төвлөрүүлэх нийт орлогын 60 хувь нь 17,568,000 төгрөг байхаар тогтсон байна. /хх 17/

 

Нэхэмжлэгчээс хариуцагч Викторицентр ХХК  нь 2022 оны гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, 2023 оны гэрээ байгуулаагүй атлаа төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулсан тул төлбөр төлөх үүрэгтэй гэж 2022 оны гэрээний төлбөрийн үүрэгт 17,040,000 төгрөг, 2023 оны гэрээний төлбөрийн үүрэгт 17,568,000 төгрөгийг тус тус шаардсан.

 

2022 оны гэрээний төлбөрт 17,568,000 төгрөгийг төлөх ёстойгоос 528,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 17,040,000 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болох нь Сангийн яамны дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна. /хх 18-19/

 

Өөрөөр хэлбэл хариуцагч *******нь 2021 оны гэрээний төлбөр болон 14,472,000 төгрөгийг 2021.10.11-ний өдөр 5,000,000 төгрөгөөр, 2021.10.14-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 2022.01.25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр, 2022.03.18-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж нийт 15,000,000 төгрөгийг төлсөн байх ба 528,000 төгрөгийг илүү төлснийг нэхэмжлэгч нь 2022 оны гэрээний төлбөрт суутгасан байна.

 

5. Хариуцагчийн  2021 оны 6 сарын 7-ны өдрөөс гэрээгээр эзэмшиж байсан 850 м.кв талбай нь Нийслэлийн Засаг Даргын А/615 тоот захирамжаар Гранд моторс ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Гранд моторс ХХК нь төлбөртэй зогсоолын гэрээг хийх ёстой. Нэхэмжлэгч гэрээ байгуулах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Авто замын тухай хууль, Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журмын 3.1-д зааснаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэх тохиолдолд хэрэгжүүлэгч байгууллага болох Нийслэлийн замын хөгжлийн газраас зөвшөөрөл авч, гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах эрх үүсэхээр заасан байна.

 

Өөрөөр хэлбэл Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулах гэрээний нэг тал буюу хэрэгжүүлэгч байгууллага нь ******* байхаар хуульчлагдсан байна.

Иймээс хариуцагчийн Гранд моторс ХХК нь төлбөртэй зогсоолын гэрээг байгуулах эрх бүхий этгээд гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагч нь төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгч мөн байна.

 

6. Нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэгч нь төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчээс журмаар тогтоосон хувь хэмжээгээр төлбөр авч, олсон орлогын 60 хувийг Авто замын санд төвлөрүүлэх үүргийг хууль түүнд нийцүүлэн гаргасан журам, талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн байна.

 

Хариуцагч *******нь гэрээнд заасны дагуу Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол Тусгаар тогтнолын талбай 3/1 Викторицентр ХХК-ийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулсан, энэ нь одоо ч үргэлжилж байгаа болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

 

Тухайлбал *******нь 2022.05.30-ны өдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газарт “*******нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ТЗГ-2018/26 дугаартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээг хийсэн. Энэхүү гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 12 сарын 31 хүртэл сунгаж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг албан бичгээр гаргасан байх бөгөөд энэхүү үйл баримттыг хариуцагч нь үгүйсгээгүй. /хх 6/

 

Мөн нэхэмжлэгчээс 2022.12.07-ны өдөр 5/2479 дугаар “… төлбөртэй зогсоолын үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлээгүй тул 2022.12.15-ны өдрийн дотор 15,744,000 төгрөгийн өр авлагыг төлж барагдуулна уу …” гэх мэдэгдлийг хариуцагч Викторицентр ХХК-д хүргүүлснийг хариуцагчийн төлөөлөгч Мөнх-Од хүлээн авсан байна.

 

Түүнчлэн шүүхээс 2024.03.13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол Тусгаар тогтнолын талбай 3/1 Викторицентр ХХК-ийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбай гэх газарт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр хариуцагч *******нь тус газарт төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа байдал тогтоогдсон бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа болохоо тайлбарласан.

 

7. Ийнхүү хариуцагч нь төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхэлж, төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэгчээс төлбөр хураан орлого олж байх тул зогсоолын үйлчилгээнээс орох орлогын 60 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлэхийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

8. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар 2022.12.07-ны өдөр нэхэмжлэгч байгууллаагаас төлбөр төлөх мэдэгдлийг хүргүүлснийг хариуцагч үгүйсгэж байгаагүй буюу гэрээнд заасан газрын тодорхой хувийг Гранд моторс ХХК нь эзэмших болсноор төлбөртэй зогсоолын гэрээнд заасны дагуу 20 автомашины зогсоолыг түрээслэх боломжгүй болсон талаар санал хүсэлт гаргаж байгаагүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу хариуцагч *******нь 2022 оны гэрээний төлбөрт 17,040,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

           

            9. Харин нэхэмжлэгч байгууллагаас 2023 онд гэрээг шинэчлэн байгуулахаар хандахад хариуцагч нь Викторицентр ХХК-ийн урд талын талбайн эзэмших эрхийн гэрчилгээ нь Гранд Моторс ХХК-ийн нэр дээр гарсан учир гэрээ байгуулахгүй гэснээр талууд 2023 онд гэрээ байгуулаагүй талаараа хэн аль нь тайлбарлаж байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдлыг харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т гэрээгээр зохицуулаагүй бусад асуудлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулахаар заасан байна.

 

            Тодруулбал 2022 оны гэрээний хугацаа дууссан хэдий ч хариуцагч нь төрийн эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр явуулах үйл ажиллагаа буюу төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхэлсээр өдийг хүрсэн, нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийн үйл ажиллагааг таслан зогсоосон үйл баримтгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу 2023 онд талуудын хооронд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ бодит үйлдлээр хийгдсэн байна гэж дүгнэв.

 

            Түүнчлэн хариуцагчийн гэрээгээр тогтоосон талбайн 50 хувийг Гранд моторс ХХК нь эзэмшдэг гэх тайлбар үндэслэлтэй болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны нэгж талбарын 1500600582 дугаартай кадастрийн зураг, Нийслэлийн Засаг даргын 2018.07.06-ны өдрийн А/615 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамж, түүний хавсралт, талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

 

             Гранд моторс ХХК нь Викторицентр ХХК-ийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж буй Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Тусгаар Тогтнолын талбай 3/1 “Викторицентр” ХХК-ийн урд талын нийтийн эзэмшлийн талбайн тал хувийг эзэмшиж байх тул түүний эзэмшлийн газрыг нийтийн эзэмшлийн зам талбай гэж үзэхгүй юм.

 

            Иймээс хариуцагч Викторицентр ХХК-ийг гэрээгээр тогтсон газрын тал хувьд төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг эрхлэн явуулсан гэж үзэж 2023 оны төлбөрт 17,856,000 төгрөгийн 50 хувь болох 8,928,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

            10. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,968,000 төгрөгийг хангаж, үлдэх 8,928,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Викторицентр ХХК-иас 287,790 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Викторицентр ХХК-иас тээврийн хэрэгслийн төлбөртэй  зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний үүрэгт 25,968,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Нийслэлийн Замын хөгжлийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,928,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Викторицентр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 287,790  төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА