Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

 

 

 

2017        10            12                                                   151

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, хохирогч А.Дархижав, шүүгдэгч Ү.Арсландорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эцээд овогт Үржингийн Арсландоржид холбогдох эрүүгийн 1721000620012 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Булган суманд 1971 оны 09 сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “Холбоо” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖГ71091073/, Эцээд овогт Үржингийн Арсландорж.  

 Шүүгдэгч Ү.Арсландорж нь 2017 оны 07 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Норовлин” гэх газар нутаглах хохирогч А.Дархижавын бэлчээрт байсан хониноос 4 тооны хонь, 1 тооны хурга, нийт 5 тооны бог мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ү.Арсландорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

   Хохирогч А.Дархижав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, нутгийн ах болохоор ар гэрийг нь бодоод бага ял оноогоосой гэж хүсэж байна” гэв.

-Хохирогч А.Дархижавын мэдүүлэг /хх-ийн 9-11/

-Гэрч Д.Доржхандын мэдүүлэг / хх-ийн 15-17/

            -Гэрч  С.Гантулгын мэдүүлэг / хх-ийн 20-21/

-Гэрч  А.Оюунбаярын мэдүүлэг / хх-ийн 22/

-Шүүгдэгч Ү.Арсландоржийн  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26, 67-68, 75-76/

  -Эд зүйлийн үнэлгээ, тэмдэглэл /хх-ийн 27, 65-66/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ү.Арсландорж нь 2017 оны 07 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Норовлин” гэх газар нутаглах хохирогч А.Дархижавын бэлчээрт байсан хониноос 4 хонь, 1 хурга, нийт 5  бог мал хулгайлсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ү.Арсландоржийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би нийт 5 хонь авсан. Уг 5 хонийг Доржхандын хониноос тасдаж аваад өөрийнхөө хонинд нийлүүлээд орой нь 2 хонийг нь зарсан. Ийм үйлдэл хийсэн нь миний буруу” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч А.Дархижав, гэрч Д.Доржханд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ү.Арсландоржид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо адил бөгөөд хэн нэгэндээ нөлөөлөөгүй, бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн мэдүүлэг нь үүнийг баталж байх тул эдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:       

Шүүгдэгч Ү.Арсландоржийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг санаатай үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ү.Арсландоржид хорих ял оногдуулахгүйгээр  2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс ухаа зүсмийн нэг тооны морь битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 09 сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, түүнд буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Эцээд овогт Үржингийн Арсландоржийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Үржингийн Арсландоржийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ү.Арсландоржид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1721000620012 тоот хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Ү.Арсландорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс “Ухаа халзан” зүсмийн бүдүүн морь битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 09 сарын 03-ны өдрийн ”Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖГ71091073 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа,   “Ухаа халзан” зүсмийн бүдүүн морь зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ү.Арсландоржид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР