Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 15

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145/ШШ2019/00172 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.С-н нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Ч-д холбогдох

“10000000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал, нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.Ч гэх хүнээс экскаватор худалдаж аваад 5, 6 сар өөр дээрээ байлгасан. Ажиллаж байх явцад ажил хийх боломж нэг сарын хугацаа гарсан. Яг ажилласан өдрийг тоолох юм бол 10 өдөр байдаг. Бусад үед нь техникийн саатал, эвдэрэлтэй байсан. Техник хэрэгслээ янзалж засвар үйлчилгээ хийгээд ажлын үр дүн муутай байсан учраас зээлээр авсан экскаваторын үлдэгдэл мөнгө болох 15000000 төгрөгийг өгч чадахгүй буусан. Гэтэл надтай хамж ажиллаж байсан Ц.Э гэдэг залуу Ч.Ч-г ирж экскаватораа ав гэж хэлсэн чинь ирээд экскаватораа аваад явсан байсан. Ч.Ч-оос экскаваторыг авч байх хугацаанд экскаватор ямар байсан түүнээс нь дордуулж өгөөгүй гэж бодож байгаа. Ч.Ч-с экскаваторыг буцааж авсан учраас экскаватор зээлээр худалдан авахдаа урьдчилгаа гэж 10000000 төгрөг өгсөн байсан. Тийм учраас урьдчилгаанд өгсөн 10000000 төгрөгийг буцааж авъя гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэжээ.

Хариуцагч Ч.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн экскаваторыг бүрэн бүтэн аваад явсан нь үнэн. Ажлын явцын дунд ямар ч техник элэгдэл, хорогдол гэж тодорхой хэмжээний үйлчилгээ хийдэг. Тиймэрхүү үйлчилгээнүүд хийсэн байсан. Би техникийг дээрдүүлсэн, дордуулсан талаар яриагүй. 1000000 төгрөг өгөөд хоёулаа тохиролцъё. Ц.Э та хоёр хоорондоо ярилц гэсэн чинь тийм зүйл байхгүй гээд байх шиг байна. Түрээсээр бодох юм бол батлагдсан 12 цагийн 12000000 төгрөгийн үнэтэй түрээсээр явдаг. Түрээсэлж байгаа компани тухайн техникийн үйлчилгээг бүрэн хариуцдаг. Жаахан юм хийчихээд түүнийгээ их юм хийсэн гэж тооцоод байх шиг байна. 10 хоног ажилласан гэдэг нь худлаа. Б.С, Ц.Э нар хоёр сар гаруй ажилласан нь үнэн. Тэгээд би Ц.Э руу яриад үлдсэн 15000000 төгрөгөө хэзээ төлөх юм бэ? гэсэн чинь Б.С бид хоёр эвтэй ажиллаж чадахгүй байна. Ч.Ч чи ирж экскаватораа ав гэж хэлсэн. Урьдчилгаа гэж өгсөн 10000000 төгрөгийг түрээс гэж бодно уу? юу гэж бодно уу? бид хоёр илүү мөнгө төгрөг өгч чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би экскаватораа 3 сард очиж авсан. Би өөрөө тэр талын бизнес эрхэлж байсан учраас надад их хэрэг болж байсан. Экскаватораа өгч явуулсны дараа миний техник ч бас эвдэрсэн. Тухайн экскаватор хэрвээ надад байсан бол маш их хэрэг болох байсан. Б.С, Ц.Э хоёрыг гуйгаад байхаар нь итгээд л өгсөн. Итгээд экскаватораа өгснөөрөө би одоо буруутай болоод байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар хариуцагч Ч.Ч-с 10000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 174950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145/ШШ2019/00172 дугаар шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн би эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ч.Ч-той экскаваторын наймаа хийж, 10000000 төгрөгийн урьдчилгаа өгсөн байна. Ингээд Ч.Ч-с худалдан авсан экскаватороо хагас жил шахам үйлдвэрлэлд ашиглаж үлэмж хэмжээний ашиг олсоны дараа буцаан өгч урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэмжилж байна. Анхан шатны шүүх нэг талыг барьсан зөвхөн Б.С-н гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж хариуцагч Ч.Ч-г илт хохироосон шийдвэр гаргалаа. Экскаваторыг үйлдвэрлэлд ашиглаж сард 8000000 төгрөгөөс дээш ашиг олдог байхад анхан шатны шүүх дүгнэлт үүнд хийгээгүй. Тэр байтугай Б.С-тэй хамт ажилласан гэрч эхний ээлжинд 7000000 төгрөгийн ашиг олсон гэж байхад үүнд ч дүгнэлт хийсэнгүй. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.С-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдлын хариу тайлбартаа: Б.С-н нэхэмжлэлтэй “Ч.Ч-с 10000000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол гаргажээ. Энэхүү гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Нэхэмжлэгч Б.С-г гэрээний хугацаанд гэрээний зүйлийг ашиглаж үлэмж хэмжээний ашиг олсон гэж үзэж байвал ашиг олсон гэдгийг нь нотолж сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь хариуцагч талд нээлттэй байсан. Мөн одоо иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр нэхэмжлэл гаргах эрх нь ч нээлттэй. Хоёр. Анхан шатны шүүх уг иргэний хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангасан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гурав. Нэхэмжлэгч Б.С болон гэрч Ц.Э нь олсон ашгаараа Ч.Ч-н экскаваторт засвар хийсэн гэдгээ мэдүүлсэн. Гэрээний хугацаанд 7000000 төгрөгийн орлого олсон байлаа гэхэд эндээс ажилчны цалин хөлс, хоол хүнс, орон байр, бензин шатахуун, техникт засвар хийсэн зардал, шинээр авч сэлбэсэн сэлбэг зэрэг зардлыг хасаж ашгийг тооцох ёстой. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145/ШШ2019/00172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

        Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ч.Ч-с холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан 10000000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ч-н өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс Д.Б-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хангахгүй орхисон захирамж гаргахдаа үндэслэл, дүгнэлтийг тодорхой заагаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх “...хэрэгт ач холбогдолгүй...” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, тухайн гэрчийн мэдүүлэг, холбогдох баримтыг ямар үндэслэлээр хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.  

           Иймд хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхийг шүүх хангаагүй, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг шийдвэрт  өөрчлөлт оруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.     

Давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн хэлэлцээгүй тул хариуцагч Ч.Ч-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  174950 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145/ШШ2019/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Ч.Ч-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  174950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.