2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/868

 

 

 

 

 

  2026        04         01                                  2026/ШЦТ/868

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч С.Болорзул,

хохирогч Т.А , түүний өмгөөлөгч О.Б,

          гэрч Э.У , Э.С /цахим/, Л.Г /цахим/,

шинжээч Д.Цэцэгээ, Х.Ц /цахим/, Б.Болорчимэг /цахим/,

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч П.А ,

шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* , Б.О  нарт холбогдох эрүүгийн 2309 00138 0444 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол улсын иргэн, ...............-ны ........ хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ......................тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овогт Ц-ийн Т /РД:............../,

2. Монгол улсын иргэн, ............-ны өдөр ........... аймаг ......... суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ............... эмч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ...................тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн харуицлага хүлээж байгаагүй, Г  овогт Б-ийн  О  /РД:.........../.

           Холбогдсон хэргийн талаар:

******* , Б.О  нар ............... нутаг дэвсгэрт байрлах ............ газарт жижүүр эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 цагийн орчим жирэмсний 39-40 долоо хоногтой хохирогч Т.А ыг төрөх өрөөнд хүлээн авч эхийн төрөлтийг эх барихын тусламж үйлчилгээг үзүүлэх зарчмын дагуу эрсдэлтэй төрөлтийг жижүүрийн багаар удирдан явуулахдаа тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүл мэндийн яамны сайдын 2022 оны А/313 дугаартай тушаалд заасан төрөлтийн I үед 4 цагийн зайтай үтрээний үзлэг хийх, УЗЦ 30 минут тутамд чагнах, КТГ эмч эрсдэлийг үнэлж 40-90 минутаар бичлэг хийхийг шийднэ, төрөлтийн II үед базлалт бүрийн дараа буюу 5 минут тутамд УЗЦ чагнах, КТГ тасралтгүй бичнэ гэж заасныг баримталж ажиллаагүй буюу өөрсдийн ажлын байрны тодорхойлолтын Б заалтад заагдсан төрөх өрөөнд төрөх эхчүүдийг стандарт, удирдамжийн дагуу тогтмол хянана гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас хохирогчийн ургийн бүтэлтийг эрт оношлоогүй, төрөлтийн үеийн тусламжийг чанаргүй, оройтуулж үзүүлснээс хохирогч Т.А аас хүнд бүтэлттэй нярай төрж, улмаар бүтэлттэй төрсөн нярай ураг орчмын шингэнээр хахсанаас уушгины хатгаа үүсэж олон эрхтийн дутагдлаар нас барсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:

Шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ “Тухайн өдөр А  00 цаг 24 минутад хүлээн авах тасгаар стори нээлгээд 1 цагт төрөх өрөөнд орж ирсэн. Төрөх өрөөнд орж ирснээс хойш 2 удаа ургийн бичлэг хийгээд, үүрийн 5 цагт би үтрээний үзлэг хийсэн. А ыг төрөх өрөөнд орох үед би өөр нэг эх төрүүлж байсан тул ургийн цахилгаан бичлэг хийлгээд, 3 цаг 50 минутаас 4 цаг 50 минут хүртэл А ын ургийн бичлэг хэвийн байсан учраас үзэлгүйгээр, өмнөх төрөлтөө дуусгаж байж үзье гэж шийдээд 5 цагт А д үтрээний үзлэг хийсэн. Үзлэг хийхэд умай 8 см нээлттэй, ураг усны хальстайгаа хэвийн байсан учраас А ыг 2 цагийн дараа үзэхээр төлөвлөсөн. Умайн хүзүүний нээлт 1 цагт 1 см нээгдэнэ гэж үздэг тул 7 цаг гэхэд бүрэн нээгдэх юм байна гэж үзээд 2 цагийн дараа үзлэг хийхээр төлөвлөсөн. Дараагийн ургийн бичлэг нь 6 цаг 16 минутаас 6 цаг 46 минут хүртэл хийгдсэн энэ бичлэг нь хэвийн байсан тул 7 цагт үзээд ургийн усыг авсан. Ургийн усыг авах үед тунгалаг байсан учир би А ын ээж болон сувилагчдаа хэлж мэдэгдсэн. Умай хүзүү 9 см нээгдэхийг бид бүрэн нээгдсэн гэж үздэг ба төрөлтийн үе эхлээгүй тул бид нар 1-2 цаг хүлээх тактик барьсан. Үүнээс хойш 7 цаг 20 минутын үед өөр нэг ээжийг хянаж төрүүлчхээд байж байхад буюу 7 цаг 50 минутад А  дүлэх гээд байна гэж сувилагч дуудахаар нь очоод үзлэг хийхэд умай хүзүү бүрэн нээлттэй, ургийн толгой дээр усны хальсгүй, толгой дээшээ түлхэгдэхгүй бага зэргийн хавдар мэдрэгдэж байсан. 7 цагийн үед үзлэг хийхэд ургийн толгой давшиж байсан, харин 7 цаг 50 минутад үзэхэд ургийн толгой давшихгүй хөдөлгөөнгүй байсан тул ахлах эмчийг дуудах шийдвэр гаргасан. Ахлах эмч 8 цагт үзээд төрөлтийг эрчимжүүлэх окситоциныг хийгээд хүлээе хэрвээ урагт ямар нэгэн өөрчлөлт гарах юм бол төрөлтийн төлөвлөгөөг өөрчилье гэж шийдвэр гаргаад төрөлтийн түүхэн дээр бичсэн байгаа. А ыг 1-5 цагийн хооронд эх баригч хянаж байсан. Эх баригч ураг болон эхийг хянаж, партограмм бөглөнө гэж заасан. Партограмм нь умай хүзүү 4 см нээгдсэнээр бөглөдөг тэмдэглэлийн хуудас байдаг.  Энэ хуудсыг С бид 2 хамт хөтөлдөг. Миний хувьд 4 цагийн зайтай үзээд тэмдэглэгээгээ хийгээд явж байсан. 8 цагаас хойш би ахлах эмчийн туслахын үүрэгтэй л оролцсон” гэв,

Шүүгдэгч Б.О  мэдүүлэхдээ “Тухайн өдөр 7 цаг 40 минутын үед дуудагдаад очиход 40 минутын өмнө ураг орчмын шингэний бүрхүүл хальсыг авч төрөлтийг эрчимжүүлэх окситоциныг залгасан гэж эх баригч танилцуулсан. 8 цаг 10 минутын үед үзэхэд умай хүзүү бүрэн нээлттэй, ургийн толгой гарах хэсэгт ирсэн окситоцины эрчимжүүлэлт үргэлжилж байсан тул төрөх замаар эхийг төрүүлэх шийдвэр гаргасан. Ургийн цахилгаан бичлэг 100 болж цөөрч байсан тул төрөлтийг хурдан хугацаанд төрүүлэх зорилгоор ургийн толгойд вакум таталт хийх шийдвэрт хүрсэн. Яагаад касерво хагалгаа яагаад хийгээгүй вэ гэхээр эхийн аарцгийн ясаар ургийн толгой даваад гараад ирсэн үед хүүхдийн толгойг доороос нь түлхээд хийсвэр хагалгаа хийх үед умай урагдах, эх халдвараар өвдөх, буцаж умай авах мөн эхийн эндэгдлийн асуудал яригдаж болох байсан тул хийсвэр хагалгаа хийх нь эрсдэлтэй байсан. Тухайн эх нь тээлтийн явцад .............газарт 2 удаа хэвтэн эмчлүүлэхдээ дутуу төрөхөөр завдаж тусгай зориулалтын багаж тавьсан байсныг авхуулахаар хэвтсэн байсан. Шүүх шинжилгээний шинжээч эмч нар вакум таталт нь нярайг үхэлд хүргээгүй гэдэг дүгнэлтийг гаргасан байсан. Мөн эхийн эхсийг эмгэг судлалын шинжилгээнд явуулахад хийсвэр хагалгаа хийхэд эрсдэлтэй байсан гэсэн дүгнэлтийг мөн гаргасан байдаг. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар 2 хүний амь нас хариуцаж ажилладаг. Ийм явдал гарсанд маш их харамсаж байна” гэв,

Хохирогч Т.А  мэдүүлэхдээ “Миний бие 2022 оны 02 дугаар сарын 28-нд жирэмсэн гэдгээ мэдээд Өөжин мед үр шилжүүлэн суулгах хувийн эмнэлгийн хяналтад явж байгаад 11 долоо хоногтойгоос Баянгол дүүргийн 7 дугаар төвийн хяналтад орсон. Хяналтад байх хугацаанд надад ямар нэгэн асуудал байгаагүй, ургийг хэвийн тээж байсан. Тонус өгсөн тул 2 удаа .............газарт хэвтсэн. Төрөхөөс  2 хоногийн өмнө .............газарт үзүүлэхэд ургийн ус хэвийн, урагт ямар нэгэн асуудал байхгүй, 2 хоногийн дараа өвдөөд эхэлчих байх өвдвөл ирээрэй гэж хэлсэн. Эмчийн хэлсний дагуу 2 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө өвдөөд 23 цагт .............газрын хүлээн авах тасагт очсон. Хүлээн авах дээр доогуур үзлэг, ургийн цахилгаан бичлэг хийлгэсэн. 00 цаг өнгөрөөгөөд төрөх тасагт хэвтсэн. Төрөх тасагт хэвтэх үед асрагч гээд нэг эгч намайг төрөх өрөө рүү оруулсан. Үүнээс хойш 1 цагийн дараа буюу 01 цагт С гэдэг сувилагч надад ургийн цахилгаан бичлэг хийсэн. Төрөх өрөөнд орсны дараагаас би бөөлжиж эхэлсэн. Маш их бөөлжөөд, шөрмөс татаад, үнэхээр их  тамирдаад байна эмч дуудаад үзүүлээд өгөөч гэж асрагч болон С сувилагчаар өчнөөн олон удаа эмчийг дуудуудсан боловч эмч нэг ч удаа үзээгүй. Миний бөөлжсийг асрагч нь удаа дараа цэвэрлэсэн. Манай ээж төрөх тасагт 5 цагийн үед орж ирсэн. Орж ирээд миний бөөлжсийг цэвэрлээд намайг хөнжлөөр хучиж дулаацуулаад 5 цаг 30 минутын үед сувилагчийг дуудаад манай охиныг үзээд өгөөч гэж гуйж байж дараагийн цахилгаан бичлэгээ хийлгэсэн. Хавтаст хэрэгт 4 удаагийн цахилгаан бичлэг хийсэн гэснийг ойлгохгүй байна. Надад 2 удаа л зүрхний цахилгаан бичлэг хийсэн. Цахилгаан бичлэгийг яг гэдсэн дээр тавьж байгаад  хийдэг, би өөрийнхөө гэдсэн дээр байгаа зүйлийг мэдэхгүй байх юм уу, миний гэдсэн дээр ургийн бичлэг хийх багаж байхад та нар гэдсэн дээр минь дараад тохойлдоод байсан юм уу, төрөх явцад үнэхээр ургийн зүрхний бичлэг хийгээгүй. 5 цаг 30 минутад ээж минь гуйж байж таг нойрмог унтаж байхад нь сэрээж авчирсан, С зүрхний бичлэг хийхдээ би залгачихлаа 30 минут хүлээгээрэй гэж хэлээд гарсан. Би өөрөө аймаар их өвдөлттэй байсан болохоор бичиж байна гэж ойлгоод байж байтал ээж маань энэ төхөөрөмж ажиллахгүй байгаа юм шиг байна гээд Соёл-Эрдэнийг дахин дуудаж оруулж ирэхэд өө яанаа би залгаагүй гарчихсан байна гээд 2 дахь удаагаа залгаад дахиад 30 минутаар бичсэн. Энэ цахилгаан бичлэг 5 цаг 30 минутаас эхлээд 2 удаа хийгдээд 6 цаг 30 минутын үед дууссан энэ үед манай ээж Т эмчийг өөрөө дуудаад гуйж байгаад оруулж ирсэн. Энэ эмч би өөрөө орж ирээд үзсэн гэж яриад байна. Тийм зүйл болоогүй дандаа бид нар араас нь гуйж байж дуудаж үйлчилгээ авсан. 6 цаг 30 минутад Т эмч намайг анхны удаа үзсэн. Ингэж үзэхдээ 8-9 см нээлт өгчихсөн байна гэж хэлээд өндөр орон дээр гарангуутаа шууд ургийн хальсыг хальсалсан. Хальсалсны дараа ургийн толгой бүрэн доошлоогүй. Чи дахиад зогс гээд намайг 30 минут хавьцаа зогсоосон, цаанаасаа төрөх гээд хүчээр дүлэлт өгөөд эхэлсэн тул би ээжээрээ сувилагчийг дуудуулаад тэгээд удаагүй Т эмч орж ирээд өндөр орон дээр гаргаад төрөх үйл явц эхлээд дүлж байхад ургийн толгой нь бүрэн доошлоогүй байна, чи ингээд хэсэг хүлээж бай гэж хэлээд гарсан. Т сая дундуур нь дахиад нэг хүн төрөх гээд байсан тул би өөр эх төрүүлснээс болоод А ын үзлэгийг оройтуулсан гэж тайлбарлаад байна. Ийм зүйл байхгүй. Энэ хүнийг унтаж байхад нь манай ээж дуудаж оруулж ирсэн. Өөрөө ч орж ирээд сайхан унтаж байгаад ирлээ чи чинь харин гүргэр охин байна. Чамайг орилж уйлахгүй болохоор сайхан унтаж амарлаа гэж хэлсэн. Орж ирсний дараагаас би дүлэлт өгөөд тэрийг дэмжиж дүлээд төрөх үйл явц эхэлснээс хойш 10 орчим минутын дараагаас дүлэх хугацаа нь багасаад гэдсээр базлаад эхэлсэн. Надад төрөлт хурдасгадаг тариа залгасан. Би цаанаасаа дүлэлт өгөхгүй байна, энэ тариа нөлөөлөхгүй байгаа юм биш үү гэж хэлээд мөн манай ээж 2-3 удаа хэлэхэд ерөөсөө авч хэлэлцээгүй тоогоогүй. Миний гэдсэн дээр тохойлдоод бараг миний гэдсэн дээр авирч гарах гээд байсан. Ямарч дүлэлт өгөхгүй байхад чи өөрөө дүл гээд миний гэдсэн дээр 3-4 лээ зэрэг дарчихаар би амьсгалж чадахгүй, миний хамаг цус тархиндаа орчихсон юм шиг ухаан санаа балартаад дүлж чадахгүй байсан. Би дүлэлт өгөхгүй байна гэж хэлснээс биш дүлж чадахгүй байна гэж хэлээгүй. Т мэдүүлэгтээ А  өөрөө дүлж чадахгүй байсан гэж яриад байгаа. Цаанаасаа дүлэлт өгөхгүй байхад 3-4 эмч миний гэдсэн дээр тохойлдоод миний ухаан санаа балартаад орж гараад амьсгаа авч чадахгүй байсан. Тэгээд О  эмч орж ирээд чи өөрөө төрөхгүй яадаг юм, яах гэж ээжийг нь оруулсан юм гээд хэрүүл  хийгээд байсан. Надад санаа тавьсан шинж энэ О  эмчид байгаагүй. Түүнээс хойш би юу ч санахгүй байгаа. Би хэсэг хугацаанд ухаан алдаад нэг сэрсэн чинь Т хажууд сууж байсан харин миний хүүхэд ч ээж ч миний хажууд байгаагүй. Миний ээж хүүхдийн минь араас явсан байсан. Би тухайн үедээ миний хүүхдийг асуудалгүй сайхан төрүүлчихсэн юм байна даа гэж бодоод намайг төрүүлж өгсөнд баярлалаа эмчээ гэж хэлээд хүүхдээ хаана байгааг асуухад Т би хүүхдийг чинь мэдэхгүй, амь насыг нь ч мэдэхгүй гээд ямар ч хамааралгүй хүн шиг хариулсан. Эх хүн байж яаж тийм аймар хариулт хэлж чаддаг юм бэ тэгээд ээжийг ороод ирэхээр нь би юу болсон гэж асуухад хүүхэд бүтэлттэй цав цагаан хүүхэд төрсөн төрөөд уйлаагүй хөдлөөгүй учир бид нар сандралдаад хүчилтөрөгч залгаж байгаад нярайн сэхээн амьдруулах тасаг руу аваад явчихлаа гэсэн тэгээд энэ үед би өндөр орон дээрээс буугаад өөрийгөө харахад хэвлий хэсэг тэр чигтэй хөхөрсөн, няцарсан, энд тэнд цусан толбо тогтсон байдалтай байсан. Намайг ухаан алдсан чинь О  миний нүд рүү гэрэл тусгаад харах үед ээж минь намайг үхчихлээ л гэж бодсон гэсэн. Ээжийг минь төрөх явцад саад учрууллаа гээд өөр өрөөнд хийгээд 10 гаран минут түгжсэн байсан. Ингэж хүнтэй харьцчихаад өнөөдөр би Монгол Улсад дагаж мөрддөг стандарт, хууль, дүрмийн дагуу үзлэг хийж төрүүлсэн гэж яаж хэлж чадаж байна. Эхийг нь мал нядалж байгаа юм шиг 4-5уулаа гэдсэн дээр нь дараад үр хүүхдийг алаад төрүүлж байгаагаа стандартын дагуу хийсэн гэж  хэлээд байгаа юм уу, би өөрийгөө хараад шоконд ороод миний даралт унаад өөр өрөөнд ороод эмчилгээ хийлгэж байхад Солонго гээд эмч орж ирээд би миний хүүхэд яаж байна гэж асуухад эгч нь үнэхээр хэлж мэдэхгүй байна, амьдрах ямарч боломжгүй, нуруу нугасандаа гэмтэлтэй, нүд нь хараагүй болчихсон хүүхэд надад хүлээлгэж өглөө гэж хэлсэн. Эмнэлгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан тул бид нар эх нялхас эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Туулыг бид нар өөрсдөө гуйгаад авчирч үзүүлсэн. Тэгэхэд тэр эмч төрөлтөөс шалтгаалсан архаг бүтэлттэй. Мөн нуруу нугасандаа гэмтэл авсан байх магадлалтай. Нугаснаас нь ус авч үзье гээд байж байх үед миний хүү өнгөрсөн. Энэ хооронд энэ эмч нар бүр хүний урманд нэг удаа яаж байна гэж орж ирж үзээгүй. Тийм байж Т манай аавын төрсөн ах болон хамаатан садан руу хүмүүсээр яриулаад би танай дүүг төрүүлээд хүүхэд нь эндчихлээ гомдол саналгүй шүүх цагдаагаар явуулахгүй болгоод өгөөч гэж ярьсан байсан. Ингэж яриулж байгаа хүн чинь өөрийнхөө гэм бурууг мэдэж байгаа л гэсэн үг. Би энэ 2 эмчээс болоод өчнөөн олон жил хүлээж байгаад арай гэж олсон хүүхдээ алдсан. Хүүхдээ энгэртээ ч тэвэрч үзээгүй. Би эзэнгүй мөөмөө бүтэн 1 жил 5 сар саасан. Би яг галзуурч шар хаданд хэвтэхийн даваан дээр очсон. Бүхэл бүтэн нэг гэр бүлийг амьдын тамд унагааж үр хүүхдийг нь алчихаад өнөөдөр би стандартын дагуу ажлаа хийсэн би буруугүй гэж яаж хэлж чаддаг юм бэ. Би үнэхээр их гомдолтой байна. Би 9 сар тээсэн үрээ алдсан. Энэ бид хоёрын аймар их хүсэж хүлээж байсан үр хүүхэд байсан. Би хүүгээ төрүүлснээс хойш сэтгэл санаа хямраад галзуурчих гээд охиноо төрөн төртөл сэтгэл зүйчийн зөвлөгөө авсан. Би нэг бол их хэмжээгээр идээд нэг бол юу ч идэхгүй байсаар байгаад миний дотор эрхтэнд асуудал үүсээд цөсөө авахуулсан. Би ингэж байхаар өөрөө ч үхчихгүй яав даа гэсэн бодол орж ирээд шар хаданд хэвтэх хүртлээ дордсон тэгээд шар хаданд хэвтэх гээд цаг авч явж байгаад би жирэмсэн болсноо мэдээд хүүхдээ бодоод тэвчээд амьдарч байгаа. Энэ хүмүүсийн хувьд цаг хугацаа өнгөрөөд бараг мартчихсан байх. Харин үрээ алдсан эхийн сэтгэл хуучирдаггүй. Шарх нь хэзээ ч аньдаггүй. Жил ирэх тусам л миний хүүхэд амьд байсан бол өдийд ингээд байж байсан байхдаа гэж бодож амьсгалах төдий л амьдарч байна” гэв,

Шинжээч Д.Ц мэдүүлэхдээ “Энэ хэрэгт Эрүүл мэндийн яамны эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн томилгоогоор томилогдсон. Эмгэг судлалын үндэсний төвийн 3 эмч, эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн эмч Ц нартай хамтарч дүгнэлт гаргасан. Бид нарын хувьд материалаа тус тусдаа авч судлаад тэр судалсан материалаа нэгтгэх байдлаар дүгнэлтийн үйл ажиллагаа явагдсан. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар төрөлтийн үед 2 хүний амь насыг хариуцдаг учраас 2 хүний амь насыг тооцож эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Энэ эхийн тухайд шөнийн 00 цаг 30 минутад .............газар орж ирэхдээ умай хүзүү 5 см нээлттэй, төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн мөн эх барихын ужиг дурдатгалтай нэлээд анхаарал татахаар үйлчлүүлэгч байсан гэж дүгнэж байгаа. Төрөлтийн хяналтууд болон үйл ажиллагаануудыг хянахад ургийн зүрхний цохилтыг төрөлтийн 1 дүгээр үед хянасан, дотуур үзлэг хийсэн, үйл ажиллагаануудыг төрөлтийн түүхэнд баримтжуулсан зэрэг байдлыг хараад журмыг баримталж үйл ажиллагаа явуулсан байна гэж үзсэн. 2 дугаарт нь төрөлтийн үйл ажиллагааны явцад эмч нарын шийдвэр гаргалтын асуудал дээр  вакум таталт хийх нь зөв байсан уу эсвэл хийсвэр хагалгаа хийх нь зөв байсан уу гэдэг дээр вакум таталтыг төрөлтийн үйл ажиллагааны 2 дугаар үеийн төгсгөл дээр хийдэг гэхдээ ургийн толгойн байрлал хаана байна гэдгээс хамаарч хийх боломжтой. Энэ тохиолдол дээр ургийн толгой нэмэх 2 буюу хүүхдийн толгой аарцгийн гарах хэсэг рүү нэлээд ороод ирчихсэн байсан тул дараа дараагийн эрсдэл хүндрэлийн хувьд хагалгаа хийх нь эрсдэлтэй нэлээд их төвөгтэй. Төрөлтийн 2 дугаар үе эхэлчихсэн тохиолдолд шууд хаалгаанд ордоггүй. Төрөлтийн үйл ажиллагааны 2 дугаар үе буюу умайн хүзүү бүрэн нээгдчихсэн, ураг орчмын шингэн нь гарчихсан үед вакум таталтаар төрөлтийн үйл ажиллагааг удирддаг. Энэ тохиолдолд вакум таталт хийх нөхцөл нь бүрдсэн байсан. Вакум таталтын үед үүсдэг хүндрэлийн хувьд хуйхан доор цус хурах эмгэг 10-17 хувьд тохиолддог. Энэ эмгэгшил бид нарын нөлөөлөх хүчин зүйлүүдээс гадна ургийн талаас бас нөлөөлсөн байдаг. Яагаад гэхээр вакум таталт нь зөвхөн ээжийг дүлүүлэхгүйгээр гүйцэд татаж байгаа ажилбар биш, ээжийн дүүлэлтийн хүчийг ашиглаж явуулдаг. Эмгэг судлалын дүгнэлт болон тодорхой хэмжээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсны тухайд хүүхдэд халдварын эрсдэл үүсчихсэн байх болов уу гэмээр эрсдэлүүд байсан. Архаг дутагдал ч бай, халдварын эрсдэл ч бай аль ч үед хүний бие махбод дотор цус бүлэгнэлтийн системд өөрчлөлт орсон учраас энэ эмгэг нь илүүтэйгээр вакум татах үед хуйхан доогуур цус хурахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзсэн. Дүгнэлтийнхээ явцад бид нар шүүх эмнэлгийн эмч нар биш тул гэмтлийг зэргийг тогтоож чадаагүй. Харин нөлөөлсөн хүчин зүйлүүд байна гэж үзсэн. 3 дугаарт вакум таталт болон тусламж үйлчилгээний үед эх барих эмч нарын туршлага маш их хамаардаг. Вакум таталтын үед ямар нэгэн нөлөөлөх хүчин зүйл буюу төрөлтийн халдвар нэлээд том хэмжээтэй байсан учраас эмчийн туршлагын байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзсэн. 4 дүгээрт шинжилгээний явцад архаг бүтэлтийг оношилсон бол эрт хийсвэр хагалгаанд орчих боломж байсан гэдэг дүгнэлтийг гаргасан. Архаг бүтэлтийг яагаад оношилж чадаагүй вэ гэдэг дээр дүгнэлт хийхээр төрөлтийн үйл ажиллагаа нь гүйцэд хийгдээд 39-40 долоо хоног болчихсон, ураг орчмын ус тунгалаг гараад ирчихсэн мөн ургийн цахилгаан бичлэгийн 30 минутын хугацаатай 4 удаа хийсний 3 нь хэвийн 1 нь эргэлзээтэй гэж дүгнэгдсэн. Эргэлзээтэй байгаа тохиолдолд хагалгаанд ордоггүй харин төрөлтийг эрчимжүүлэх шаардлагатай байсан. Магадгүй тасралтгүй буюу 90 минутаас дээшээ ургийн зүрхний бичлэгийг хийсэн бол явцын дунд өөрчлөлтүүд гарч энэ архаг бүтэлтийг оношлох боломж гарах байсан гэж үзэж байгаа. Жижүүрийн ахлах эмч ирээд ургийн зүрхний цохилт 100 хүртэл цөөрөөд ирэнгүүт маш хурдан хугацаанд шийдвэр гаргаад төрүүлж байгаа. Эх барихын ужиг дурдатгал гэдэг дээр тодорхой хэмжээний PCR тавигдаад халдварын эрсдэл байхгүй гэдэг протоколууд байсан бол хяналтын үзлэг болон хяналтуудыг арай өргөтгөсөн байдлаар авсан бол энэ ужиг дурдгаталыг оношлох боломж байсан. Их хурдан хугацаанд хагалгаа ордог тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ тохиолдлын хувьд ураг бүтээд ургийн зүрхний цохилт 100-аас доошоо болоод умай хүзүү бүрэн нээгдчихсэн тохиолдолд вакум таталт хийх нь арай хурдан зөв шийдвэр байсан гэж үзсэн. Гэхдээ эрсдэл, хүндрэлийн хувьд хүүхдийг бид нар үнэлж чадаагүй асуудал нь энэ төрөлтийн үйл ажиллагааг удирдахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Эх барихын тусламж үйлчилгээний хувьд жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй дээр эх баригч, эмч нар багаараа энэ тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой байдаг. Байгууллага болгон Эрүүл мэндийн сайдын тушаалаас үндэслээд ажлын байрны тодорхойлолт дээрээ эх баригч нар юу хийх вэ гэдгийг заагаад өгчихсөн байгаа. Энэ тохиолдлын хувьд ургийн зүрхний бичлэгийг эх баригч нар хийгээд үнэлээд хэрвээ эргэлзээтэй байх юм бол эмчдээ үзүүлээд эмч бичигдсэн бичлэгийг хянах үүрэгтэй. Төрөлтийн 1 дүгээр үеийн жирэмслэлт хүндрэлийг удирдах арга зүйн хувьд 30 минут тутамд ургийн зүрхний бичлэгийг хянаж сонсох багажаар чагнах бусад үйлдлүүдийг заавал үнэлж байх ёстой. Төрөлтийн үйл ажиллагааны явцад архаг бүтэлттэй хүүхдүүд явж байгаад яг төрөлтийн төгсгөлийн 2 дугаар үе дээр орохоор хүчилтөрөгчийн дутмагшилд ороод маш хурдан бүтэлтэд ордог, тархи цусны эргэлтийн бүх үйл ажиллагаа алдагдчихдаг учраас энэ үйл ажиллагаанаас сэргийлэхийн тулд 30 минутын хяналтуудыг явуулдаг. Төрөлтийн 2 дугаар үе дээр төрөлт удирдаж байгаа эмч нар бүгдээрээ 5 минутын зайтай чагнах ёстой. Умайн хүзүүний үзлэг буюу үтрээний үзлэг нь халдварын эрсдэлтэй байдаг учраас халдвар хамгааллын болон эмнэлгийн тусламж үйлчилгээний дагуу нарийн заалтаар хийдэг. Төрөлтийн үйл ажиллагаа эхлээд эхний үзлэг хийгдсэнээс хойш 4 цагийн зайтайгаар хэвийн байх юм бол үзнэ. Ураг орчмын шингэн цагаасаа эрт гарах, тодорхой хэмжээгээр халдварын эрсдэлийн шинж тэмдэг илрэх, ураг бүтэлтийн шинж магадгүй яаралтайгаар төрөлт шийдвэрлэх ийм үйлдэл дээр 4 цагаасаа өмнө үзнэ. Бид нар чанар болон үзлэгийн хяналтын асуудлын тал дээр эмч нар эх барихын ужиг дурдгатал эрсдэлүүд дээр бусад багаж шинжилгээ зүйлүүд нэмээд архаг өвдөлтийг оношлох боломжууд байсан болов уу гэдэг тал дээр дүгнэлт өгсөн. Ургийн архаг бүтэлтийг оношлоод асуудлыг шийдсэн бол чанартай тусламж үйлчилгээ болох байсан. Яг төрөлтийн 2 дугаар үе дээр хүүхэд төрөх үед архаг бүтэлт байгаа юм уу үгүй юу эх барихын ужиг дурдгатал байна уу гэж тохиолдлуудыг хайж оношлох боломжууд нь жоохон дутмаг гэж үзсэн” гэв,

Шинжээч Х.Ц мэдүүлэхдээ “Өмнө хийсэн шинжээч нарын дүгнэлтийг уншиж танилцаад нярайн болон эхийн түүх дээр тулгуурлаад шинжээчийн дүгнэлт гаргасан. Төрөлтийн түүхэн дээр төрөлтийн 2 дугаар үе 30 минут гэж тэмдэглэсэн байсан. Анхан төрөлт дээр 30 минут гэдгийг сулрал гэж үзэхгүй, цагаар хэмжээд сулрал гэж үзээгүй. Төрөлт удирдаж байгаа эмчлэгч эмч нь баг удирдаж байсан. Хүчин чадал хүрэхгүй бол нэмэлтээр ахлах эмчээ дууддаг тийм тогтолцоотой.  Ахлах эмчээ дуудсанаас хойш аль ахлах зэрэгтэй эмч багийг ахалж удирддаг. Энэ хэргийн хувьд вакум таталт хүртэл Т эмч удирдаж байгаад вакум таталтаас хойш О  эмч багийг ахалсан гэж дүгнэсэн. Дүлэлтийн сулрал гэж оношилсон үед тухайн арга хэмжээнээс цаг хугацааг нь богиносгох арга хэмжээ авах ёстой байсан. Сандартын дагуу хийсэн гэвч үр нөлөө, үр дагавар нь хүүхэд нас барсан учраас стандарт чинь одоо ийм үр дагаварт хүргэсэн үү гэдэг асуулт гараад байгаа байхгүй юу тэгэхээр эмч нарын ур чадвар дутагджээ л гэдэг дүгнэлтийг хийж байгаа” гэв,

Шинжээч Б.Б мэдүүлэхдээ “Төрөх өрөөний эмч төрөх өрөөг хариуцаж ажиллана. Эрсдэл гарах үед ахлах жижүүр эмчийг дуудна. Ахлах жижүүр эмчийн статус нь тухайн шөнийн буюу тухайн жижүүрийн хугацаан дахь амаржих газрын бүх үйл ажиллагааг үндсэнд нь зохицуулдаг ийм үүрэгтэйгээр ажилладаг. Тухайн хариуцаж байгаа эмч нь дуудах юм бол ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх статустай. Т эмчийн тухайд дуудсан байна гэж харсан. Оройтчихсон байгаа нь нэг талаасаа тусламж үйлчилгээний чанартай холбоотой асуудал яригдаж байна. Энэ 2 эмчийн гүйцэтгэсэн үүрэг стандарт удирдамжийн дагуу хийгдсэн байгаа. Энэ хүн дүлэлтийн сулралтай, ураг орчмын шингэн хальслаад окситоцин залгасан, тодорхой хугацааны дараа вакум таталт хийх ийм шийдвэр гаргасан байгаа нь дарааллын дагуу зөв байна. Тэгээд тухайн үед бол хамгийн боломжтой шийдвэр нь вакум таталт хийх гэж манай 2 эмч шийдсэн байх. Аливаа асуудлыг болоод өнгөрснийх нь дараа ингээд дүгнэхэд их төвөгтэй байдаг” гэв,

Гэрч Э.У  мэдүүлэхдээ “4 жилийн өмнө болсон процесс учир нарийн сайн санахгүй байна. Хүлээн авах яаралтай тусламжийн жижүүр эмч 8 цаг 30 минутаас жижүүр хүлээлцдэг. Ар гэрийнхэнтэйгээ хамт орж болдог өрөөнд нэг ээж төрж байна гээд орсон намайг орох үед гадна бэлгэ эрхтэн буюу умайгаас хүүхдийн толгой цухалзаж байсан. Тухайн үйлчлүүлэгчийн ээж нь яг хажууд нь зогсоод миний охин яг гарлаа шүү дүлээрэй гэж хэлж байсныг санаж байна” гэв,

Гэрч Л.Г мэдүүлэхдээ “2022 оын 12 дугаар сарын 03-ны 23 цагийн цагийн үед бид нар охиноо төрүүлэхээр .............газар очсон байдаг. Хүлээн авах дээр охиноо үзүүлээд охиныг маань хэвтүүлнэ гээд дотогш аваад орсон. Миний охиныг хэвтэх өрөөнд авч орохдоо асуух лавлах юм байвал энэ дугаараар холбогдоорой гээд нэг дугаар өгсөн. Тэгээд нөгөө дугаар руу бид нар өглөөний 5 цаг болтол залгасан ч аваагүй. Би эргээд хүлээн авах руу гүйж очоод би учраа хэлсэн, эгч нь яаж охинтойгоо уулзах вэ тэдэн цагт хэвтүүлсэн ямар ч холбоо байдаггүй, утсаа өөрөө авдаггүй, танай утас руу залгаад хэн ч авдаггүй, хаалга цонх чинь онгойдоггүй гэсэн чинь эгчээ нэг арга байна, та төлбөртэй өрөө аваад ор, тэгвэл та охинтойгоо хамт байж байгаад охиноо төрүүлнэ гэж тэр хүн зөвлөсөн. Тэгээд би тэр хүнээр дамжуулаад төлбөртэй өрөө аваад эмнэлгийн хувцас олж өмсөөд охин дээрээ ороход миний охин маш их өвдчихсөн даарчихсан бөөлжчихсөн гар хөлийнх нь шөрмөс татчихсан өөрөө ямар ч хөдлөх боломжгүй байдалтай байсан. Тэгээд би охин дээрээ ороод юу болов оо миний охин яаж байна эмч үзсэн үү гэхэд орж ирсний дараа нэг ургийн бичлэг хийсэн. Дахиад хэн ч орж ирээгүй гээд уйлаад байсан. Би тэвдээд гүйж гараад сувилагч байна уу, эмч байна уу гээд орилоод гүйж яваад нэг өрөөнд орсон чинь сувилагч ширээгээ дэрлээд унтаж байсан. Тэгээд сэрээгээд авч орж ирэхэд сувилагч ургийн бичлэг хийсэн, ургийн бичлэг хийхдээ 30 минут хөдөлж болохгүй гэж хэлсэн. Тэр хооронд би охиныхоо нурууг илээд гар хөлийг нь бариад 30 минут цагаа харж байгаад үзсэн чинь аппаратаа залгаагүй гараад явчихсан байсан. Тэгээд би дахиад сувилагчаа дуудсан сувилагч орж ирээд аппаратаа залгаад дахиад 30 минут ургийн бичлэг хийсэн. Охин өвдөөд шаналаад уйлаад байхаар нь би эмч хаана байна гэсэн чинь эмч амарчихсан байгаа одоо хэлье гэхээр нь би Т эмч байна уу гээд гүйсэн чинь гарч ирсэн. Эмч орж ирээд үзээд л өндөр орон дээр гаргаад хүүхдийн толгой сайн доошлоогүй байна. Буугаад жоохон алхаад яваадах гээд арваад минут зогсоогоод явуулсан. Тэгээд буцааж хэвтүүлээд тэгээд төрөлт эхэлсэн, ерөөсөө төрүүлж чадахгүй байгаад байсан. Сүүлдээ маш олон хүн орж ирээд гэдсэн дээр нь дараад байсан. Эхлээд ургийн усыг хагалчихаад тариа хийсэн. Тэгээд О  гэдэг эмчээ дуудаж ирсэн. О  эмч нь орж ирж үзээд эрт арга хэмжээ авахгүй яасан юм бэ гээд үзэж байснаа хүүхдийг ерөөсөө вакум таталтаар татна гэсэн тэгээд би эсэргүүцээд та нар өөр арга хэмжээ аваад өгөөч, вакум татуулмааргүй байна хүүхдийн тархи толгой гэмтчихнэ гэсэн хүсэлт тавьсан тэгсэн би өөрөө яаж төрүүлэхээ мэдэж байна гээд төрөлт удирдсан. Т эмч, О  эмч 2-оос гадна 5 хүн орж ирсэн. Тэнд ерөөсөө мал нядалгаа хийж байгаа юм шиг тийм аймаар бохир аргаар миний охиныг гэдэс хэвлийг хүрэн нөж болтол дарсан. Ингэж байхад миний охин ухаан алдсан. Би дахин дахин хүсэлт тавьсан. Өөр арга хэмжээ аваад өгөөч, одоо хэцүүдлээ гээд тэвдээд, охиноо ухаан алдахаар уйлж унжаад охиноосоо зуурч зулгаахаар намайг бид 2-ын авсан өрөөнд хийгээд цоожилсон, ээжийг нь оруулаад цоожил гэж О  үүрэг өгсөн. Би тэр хооронд маш их тэмцэж өрөөнийх нь хаалга үүдийг нүдэж өшиглөж уйлж орилж байж гарч ирэхэд миний охин ухаан алдчихсан, гар хөл нь унжчихсан, хамаг нус нулимс нь гарчихсан байсан. Орчин үед ийм аймаар харгисаар төрүүлж байхыг би анх удаа харсан, сумандаа төрүүлчих минь яав даа гэж би халаглаж орилсон. Хярзанг тэр чигт нь хяргаад л цус нөж бэлхүүс хэвлий аймшгийн байдалтай ургийг гаргаж авсан. Тэгээд гаргаж авахад хүүхэд цав цагаан, ямар ч хөдөлгөөнгүй зовхио анивчихгүй, ямар ч гаднын хариу мэдээлэл үзүүлэхгүй байсан тэгээд аваад явахад нь би охинтойгоо ноцолдоод охиноо үлдээж чадахгүй байж байгаад охиноо жоохон ухаан орохоор нь хүүхдийнхээ араас гүйсэн. Тэгсэн 1 өрөөнд хоолой ам руу нэг гуурс шургуулаад алгадаад татаж чангаагаад байсан. Би тэгээд амьгүй болчихжээ гэж бодсон. Тэгээд охин ухаан ороод Тгаас асуусан чинь хүүхдийг би мэдэхгүй шүү гэж хариулж байсан. Тэгээд тэр хооронд би хүргэн рүүгээ хэлсэн сэтгүүлчид, цагдаа ирсэн. Тэгээд би нөгөө хүүхдээ үзэх гээд эргээд гүйгээд очсон чинь О  тэргүүтэй нөгөө орж ирсэн эмч нар бүгд компьютер дээрээ шаваад суучихсан ёстой балай юманд холбогдчихлоо, аль болох өөрсдийгөө хамгаалах юм бичнэ шүү, тэгж бич ингэж бич гээд бөөнөөрөө дүгнэлт бичиж байсан. Намайг ардаа байгааг мэдээгүй. Үзээгүй үзлэгээ үзсэн болгоод бичиж байсан. Тэгээд би тэр байдлыг цагдаад хэлэхэд компьютер процессороо авч нуусан, цагдааг аргалах гэж үзсэн, сэтгүүлчдийг ирэхэд байдгаараа зугтаасан. Эмч нарын хариуцлагагүй алдаанаас болж хүүхдийн амь нас эрсдэж, миний охин сэтгэл санаа болон бие цогцсоороо маш урт хугацаанд хохирсон, ар гэр нь ч гэсэн маш их хохирсон. Хүргэн 2 жил ажлаа хийж чадахгүй охиныг минь асарсан. Сэхээн амьдрахад очоод гар хөлөөс нь барихад ерөөсөө хариу урвал үзүүлэхгүй байдалтай хүүхэд аппаратад орсон байсан. Тэгээд эмч нар тэр цагаас хойш өөрсдийгөө л хамгаалсан. Бид нар аргаа бараад эх нялхсаас эмч авчирч үзүүлсэн. Эмч энэ хүүхэд амьдрах боломжгүй, тархинд нь цус харвалт, бүтэлтээс болоод ямар ч мэдрэлгүй болсон байна. Т, О  нарыг оруулж ирээд багш нь бололтой хүн байсан загнаж байсан. Ингэж төрөлт удирддаггүй гээд Т уучлалт гуйж уйлж байсан. Би сумандаа авчирч ирээд охиноо төрүүлчихсэн бол ийм асуудал болохгүй байжээ гэж бодож харамсдаг гэв,

Гэрч Э.С мэдүүлэхдээ “Ургийн бичлэгийг эмч хэвийн гээд дүгнэсэн байсан. 106 гэдэг өрөө нь төлбөртэй өрөө болохоор тус өрөөний ургийн бичлэгийн түүх нь эрх баригчийн постын тэнд хянагдаад явж байдаг. Би тухайн үед залгачхаад хэвлэхийг дараагүй өнгөрөөсөн байсан. Ургийн зүрхний цохилтыг би чагнаад, шаардлагатай тохиолдолд эмчид хэлнэ. Энэ ээжид аппарат байнгын холбоотой байсан тул чагнаагүй. Т эмч энэ эхийг хамгийн эхэлж 6 цагийн үед үзсэн. Төрөлт дүлэх явцдаа нэлээн удааширсан. Тэрнээс өмнө эхийн биеийн байдал хэвийн байсан. Протгарамыг эмч хөтөлдөг. Төрөх үед эхэд нэг удаа ургийн бичлэг хийгдээд тэгээд байнгын холбоотой байсан. эмчийн заавраар би Окситоцин залгасан. Бичлэг хийчихээд өвчний түүхийн хамт эмчдээ өгсөн. Бичлэгийг эмч хэвийн гэж дүгнэсэн. Эмчийг дуудахад 5 хуруу нээлттэй байна арай болоогүй гэж хэлсэн. Ургийн бичлэг 103 тоот өрөөнд 1 удаа бичлэг хийгдээд, 106 тоот төлбөртэй өрөөнд 1 удаа хэвлэгдээгүй хийгдээд, араас нь 1 удаа хийгдсэн. Төрөх дөхөөд ирэх үед байнга залгаатай байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд.

         Улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав, үүнд:

Хохирогч Т.А ын өгсөн "Тухайн үед намайг төрүүлэх үед ажиллаж байсан О , Т, С нарт гомдолтой байна. Учир нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй хугацаа алдсан, 00-06 цагр хүртэл намайг ирж үзээгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-66 дахь тал/,

Т.А ын гэрчээр өгсөн “2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед .............газрын хүлээн авахын эмч намайг үзэн ургийн эхо бичлэг хийж 3 хуруу нээлт өгсөн байна гээд төрөх өрөө рүү оруулсан, тэгээд төрөх өрөөнд орсноос хойш ямар нэг үзлэг хийгээгүй. Төрөх өрөөнд ороод 30 минут болсны дараагаас бөөлжиж эхэлсэн бөгөөд асрагч эгчид би өвдөөд бөөлжөөд байна, эмчид хэлээд өгөх талаар удаа дараа хүссэн, гэхдээ эмч ирж үзээгүй, тэгээд төрөх өрөөнд орсноос хойш 2 цагийн дараа эмч орж ирээд ургийн бичлэг хийсэн, энэ үед би их хэмжээгээр бөөлжөөд байна ямар нэг арга хэмжээ авах уу гэхэд өвдөлт өгсөн байдлаасаа болоод бөөлжиж байгаа байх гэж хэлээд гарсан. Би өглөө 6 цаг хүртэл бөөлжин огиулж байсан. Ингээд 6 цаг буюу төрөх үйл явц эхлэхээс 1 цагийн өмнө манай ээж Г орж ирсэн бөгөөд вип өрөөнд оруулсан. Тэгээд ээжийн хамт тусдаа өрөөнд байх үед 30 минутын дараа өвдөлт хоорондын зай ойртож хүчтэй өвдөлт өгөөд эмчийг дуудуулсан, тэгээд 6 цагийн үед эмч орж ирсэн, яагаад удаж байгаад орж ирсэн талаар асуухад сувилагч нь хажуу өрөөнд унтаж байсан гэсэн, эмч Т нь орж ирээд унтаж байсан талаараа хэлсэн. Тэгээд орж ирээд эмчийн үзлэг хийсэн бөгөөд савны амсар 10 хуруу нээгдсэн байна, гэхдээ ургийн толгой бүрэн доошлоогүй байна гээд 20 орчим минут зогсоосон, үүний дараа өвдөлт нэмэгдээд байхаар нь эмч орж ирээд өвдөлт нэмэгдүүлдэг шингэн тарьсан, тариа хийсний дараа дүлэлт өгч эхлээд эмнэлгийн орон дээр гарсан. Эмнэлгийн орон дээр гарсны дараа нярайн толгой бүрэн доошлоогүй байна гээд хэсэг хүлээгээд тэгээд цаанаасаа дүлэлт өгч эхэлсэн, 30 орчим минут үргэлжилсэн, үүний дараагаас өгч байсан дүлэлт нь удаашран холдож эхэлсэн, энэ талаар би эмч Т, О  нарт дүлэлт өгөх хугацаа нь холдоод байна гэхэд ямар нэг хариу арга хэмжээ аваагүй, цаанаасаа дүлэлт өгөхгүй ч гэсэн, чи өөрөө дүлэх ёстой тэгэж байж төрнө гээд байсан. Энэ үед манай ээж дусал нь гүйхгүй байна, мөн өвдөлт өгөхгүй байгаа учир төрөхгүй ш дээ гэхэд О  эмч өвдөлт өгөхгүй байсан ч гэсэн охин чинь өөрөө дүлж байж төрнө, тариа хийсэн байгаа юм чинь доошилно гээд байсан. Тэгээд би шөнөжингөө бөөлжөөд байсан, цаанаасаа дүлэлт өгч чадахгүй байхад Т, О  эмч нар, сувилагчийн хамт миний гэдсэн дээр тохойгоороо дараад нярайг доошлуулж байна гээд тэгээд хүчээр дүлүүлж байж төрүүлсэн, энэ үйл явдал намайг төрөн төртөл хийгдсэн. Гэдсэн дээр дараад байсан учир би амьсгалж чадахгүй, дүлж чадахгүй байсан, тэгээд би дунд нь ухаан алдах, ухаан санаа орж гарах ийм байдал үүссэн байсан. Манай ээжийн хэлж байгаагаар намайг дүлэх үед би хараад байгаа мөртлөө ямар нэг хариу үзүүлэхгүй, их хэмжээний дүлэлт өгснөөс болоод миний судас тодроод гараад ирсэн, хумсны үзүүрт хүртэл цус хурсан байсан гэж хэлсэн. Төрсний дараа ухаан орох үед Т эмч надад оёдол хийгээд байж байсан, тэгээд миний хүүхэд яасан гэж асуухад хүүхдийг чинь ёстой хэлж мэдэхгүй шүү гэж хариулсан. Маргааш нь Эх нялхасаас 3 эмч ирж нярайг үзүүд та нар төрөлт ингэж удирдахгүй ээ архаг бүтэлт болсон байна, нуруу нугас гэмтсэн байх магадлалтай гэж хэлээд, товлоод байж байхад миний хүү өөд болсон” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72-73 дахь тал/,

Гэрч Л.Г-ийн өгсөн "Манай охин Т.А  нь бие давхар байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өвдөлт өгөөд төрүүлэхээр ............ 1 дүгээр хороо .............газарт шөнийн 00 цагийн үед ирсэн. Ингээд жижүүрийн эмч үзээд төрөх тасаг руу хэвтүүлсэн. Тухайн үед охин их өвдөлттэй байсан, ингээд төрөх тасаг руу орсны дараа охинтойгоо холбоо барих боломжгүй гадаа нь хүлээж байсан. 04-05 цагийн үед жижүүрт гарч байсан эмч, сувилагч нартай уулзаад охинтойгоо яаж уулзах вэ гэхэд төлбөртэй өрөө авах юм бол ороод уулзаж болно гэсэн, ингээд төлбөртэй өрөө аваад хувцсаа солиод орсон. Намайг өрөө рүү ороход охин А  маш их өвдөлт өгсөн, шөрмөс нь татсан даарсан байдалтай байсан, манай охин надад төрөх тасаг руу орсноос хойш нэг ч удаа эмч, сувилагч нар үзлэг хийгээгүй гэж хэлсэн, тэгээд би эмч, сувилагч байна уу гэхэд ээлжийн сувилагч нар нь унтаж байсан, тэгээд тэр 2 хүнийг сэрээгээд үзээд өг гэсэн, тэгтэл сувилагч нь орж ирээд ургийн бичлэг хийсэн, охиныг 30 минут хөдөлж болохгүй гээд бичлэгийн аппарат залгаад гараад явсан. Ингээд 30 минут хүлээхэд тухайн аппарат нь бичлэг хийхгүй байсан учир тухайн аппарат залгасан сувилагчаас энэ аппарат чинь ажиллаж байгаа юм уу гэхэд аппаратыг залгаагүй байна гэж хэлээд дахиад аппарат 30 минут залгасан. Энэ үед эмч ирж үзэхгүй байсан бөгөөд эмчийг хайхад унтаж байсан, тэгээд тэр Т гэдэг эмчийг сэрээгээд дуудан үзүүлэхэд ураг доошлоогүй байна гээд, төрүүлэх өндөр орон дээр гаргаад төрөлт удирдана гээд утсаар эмч, сувилагч нарыг дуудаад эмч, сувилагч нийлсэн 7 хүн орж ирсэн. Хамгийн сүүлд жижүүр ахлаж байсан О  эмч орж ирсэн. Ингээд О  эмч төрөлт удирдсан. Охиныг өндөр орон дээрээс буулгаад хүүхэд доошлоогүй байна гээд алхуулсан. Эргээд өндөр орон дээр гаргаад төрүүлэх явц гээд 2-3 эмч тохойгоороо хэвлийн дээд хэсгээр доош нь олон удаа дараад байсан. өөр аргаар төрүүлээд өгөөч гэхэд О  эмч өөрөөр нь төрүүлнэ гэж хэлээд дахиад дараад байсан, энэ үед охин дүлэлт өгөхөө болиод О  эмч өвдөлт нэмэгдүүлэх тариа залгасан боловч тариа дусахгүй байгаад байсан. Би энэ тариа чинь дусахгүй байна гээд 2 удаа тариаг нь сольж хийсэн. Тэгтэл өвдөлт ерөөсөө өгөхгүй байсан. Би дахиад хийсвэр хийж өгөх талаар хүссэн. О  эмч өөрөөр нь төрүүлнэ гээд дахиад нөгөө тохойгоороо дарах аргаа хэрэглэсэн, хүүхдийн толгой цухуйх үед вакумдаж татна гээд вакум цагариг аятай юм хийгээд хүүхдийн толгойг хийгээд соруулан татдаг аппаратаар татуулсан. Ингээд төрүүлэх гэж маш удаа ноцолдсон. Тэгээд төрөхгүй, хүүхэд гарахгүй байсан учир эхийн хярзан хайчилсан. Энэ үед охин ухаан алдсан байсан. Би тэгэхэд охиноо үхчихлээ л гэж бодсон. Тэгтэл О  эмч ээжийг нь өрөө рүү нь оруул гэж хэлсэн. намайг өрөөнд оруулаад түгжсэн, арваад минутын дараа хаалга үүд нүдэж байгаад гарч ирэхэд эмч нар нүдийг нь гэрэл тусган хараад тариа хийж байсан. Хүүхдийн толгой цухуйсан, маш их цус гарсан харагдаж байсан. Бүрэн төрөх болоогүй байсан, төрүүлэх гэж татаж зулгаан аймшигтай үйлдэл гаргаж байсан. Ингээд 8 цагийн үед 2 яс салсан. Хүүхэд хөдөлгөөн байхгүй, уйлахгүй, цонхийсон цагаан байсан. хүүхдийг эмч нар тэвэрч гүйгээд өөр өрөө рүү оруулсан. Хүүхдийн хоолой руу урт гуурс хийгээд, аманд нь хүчил төрөгч хийж байгаа юм шиг, алгадаад, гар хөлнөөс нь татаад байгаа харагдсан. Ингээд Т эмч эхийн хярзанг оёж байх үед хүүхэд яасан болоо гэж асуухад хүүхдийг чинь ёстой мэдэхгүй шүү гэсэн. Тэгээд хүүхдийг сэхээний тасаг руу шилжүүлээд, эмч сувилагч нар нь компьютер дээр суугаад хоорондоо балай юманд орчихлоо, ингэж бич тэгэж бич гээд юм бичээд байсан. Төрсний дараа 2 дахь хоног дээр нь Эх нялхсаас Туул гээд эмч ирсэн, хүүхдийг үзээд биеийн байдал нь их хүнд байна, тархинд цус харвасан, төв мэдрэлийн систем гэмтсэн, нүд хараагүй болсон, бүх биед саажилт үүссэн, гадна орчинд хариу урвал мэдрэхгүй болсон байна, амь насанд маш өндөр эрсдэлтэй, амьдрах боломжгүй шахуу болсон байна гэж хэлсэн. Тэгээд та нар төрөлтийг ингэж удирддаг юм уу гэж загнах маягаар хэлсэн тэгтэл О  нь юу ч хэлэхгүй дуугүй зогсоод байсан, харин Т эмч нь уйлаад, тэр эмчээс багшаа уучлаарай гээд байсан, бид нараас бол уучлалт гуйгаагүй. Т эмч нь буяны ажлаас 2 хоногийн дараа манай хамаатны Б, түүний ах Б нар руу Б гэдэг хүнээр манай охин А ыг хүнд байдалтай төрүүлсэн, ийм учир харж үзээч гэж хэлүүлсэн байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 76-77 дахь тал/,

Гэрч Э.С-ий өгсөн "Эх баригч гэдэг нь эмч нарын удирдлага дор ажил үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь төрөх гэж байгаа эхийг төрөх өрөөнд орж ирснээс эхлэн эх болон ургийг хянана, эхийн амин үзүүлэлт, өвдөлт базлалт, ургийн бичлэгийг хийх, эмч нарын удирдлага дор ажил эмчийн зааврын дагуу эмчилгээ үйлчилгээ хийнэ, ургийн бичлэгийг хийж хянах, эмчийн удирдлага дор ургийг эх барьж авах үүрэгтэй байдаг. Би энэ үүргийг гүйцэтгэсэн. Төрөх өрөөг хариуцсан эмч Т, ахлах эмч О  нар шийдвэр гаргаж хярзан хайчлах болон вакум таталтыг өөрсдөө гардан хийсэн. Төрөх өрөөнд 01 цагийн үед хүлээн авахаас ирсэн, ингээд эхийн амин үзүүлэлтийг үзээд ургийн бичлэгийг хийсэн хэвийн байсан. Тухайн үед эх нь 6-7 минутын зайтай өвдөж байна гэж хэлж байсан, эх баригч миний зүгээс 2 цаг тутамд амин үзүүлэлт болон ургийн бичлэгийг хийсэн. Тэгээд эх өвдөөд байна гэж хэлээд зовиурлаад байсан тул 5 цаг 30 минутад эмч Т-д үзүүлсэн. Тэр үед умайн хүзүү 7-8 см нээлттэй гээд жаахан ажиглах үүргийг өгсөн. Ингээд 06 цаг 35 минутад эмч үзээд ураг орчмын шингэн хальсалсан. Төрөх үйл ажиллагааны явцад эх өөрөө дүлж өгөхгүй, муу дүлж байсан, энэ үед ургийн бичлэг давхар тасралтгүй хийгдэж байсан, ингээд эх сайн дүлэхгүй байсан учир У гээд жижүүр эмч эхийн хэвлий хэсэгт бага зэрэг даралт өгсөн. Нярайг төрөнгүүт нярайн эмч С-ын хэлсний дагуу сэхээн амьдруулалт хийсэн, нярайд салиаг соруулж, амбуц хийсэн хийсэн, хүчилтөрөгч өгч амьсгал дэмжсэн. Хамгийн сүүлд 06 цаг 16 минутаас 06 цаг 40 минут хүртэл КТГ буюу ургийн бичлэгийг хийсэн. Эмч энэ үед ургийн зүрхний цохилт хэвийн гэж үнэлсэн. Ер нь 7 цаг 30 минутаас төрөх хүртэл ургийн зүрхний цохилтыг чагнах болон ургийн бичлэгийн аппарат байнга холбоостой байсан, энэ аппарат нь цаасаар хэвлэгдэхгүй ч гэсэн дэлгэц дээр хянагдаж харагддаг ... Тухайн үед амин үзүүлэлт, ургийн бичлэгийг хэвийн гэж Т эмч дүгнэсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 79-80, 3 хх-ийн 208-209 дэх тал/,

Гэрч*******-ы өгсөн “2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ээлжийн жижүүртэй байсан. Санаж байгаагаар тухайн үед О  эмч, Т эмч 2 хүнд бүтэлттэй хүүхэд төрсөн гэж хэлж байсан. Харин тэр хоёрыг хамтдаа төрөлтийн түүхийг бичиж байсныг хараагүй. Би тухайн үед О  эмчээс дараагийн төрөх дөхсөн хэдэн ээж байна гэж асуугаад ээлжээ хүлээж авч байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 146-р хуудас/

Шинжээч Б.Б-н өгсөн "Эх баригч Э.С нь дээрх хамтарсан үзлэгт орж шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй, хүнд бүтэлттэй нярай төрүүлэхэд эх баригчийн буруутай үйлдэл байхгүй. Гэхдээ эх баригч төрөх эхийн ургийн зүрхний цохилтын цахилгаан бичлэгийг хийх, эхийн амин үзүүлэлтийг хянах үүрэгтэй. Эх барихын тусламж үйлчилгээ бол багийн тусламж үйлчилгээ бөгөөд эмчлэгч эмч *******  нь хүнээ үзэж үнэлж, хүндрэлтэй гэж үзвэл ахлах жижүүр эмч Б.О д мэдээлэл өгч хамтарсан шийдвэр гаргана. Энэ тохиолдолд ахлах жижүүр эмчид хожуу үед мэдэгдэж, ахлах жижүүр эмч яаралтай вакум таталт хийж төрүүлэх шийдвэр гаргаж, өөрөө гардан төрүүлэх үйл явцыг удирдсан. Тухайн тохиолдолд кесар мэс засал хийж төрөлтийг удирдахад эх болон урагт аль алинд нь эрсдэл үүснэ. Ургийн толгой аарцаг бага ясны гарах хэсэгт ирсэн үед төрөлтийг удирдан ургийг дээшлүүлэх нь умай урагдах эрсдэлтэй байдаг. Төрөх өрөөний эмч *******  нь эхийг хянах явцад дутуу үнэлж хожуу хугацаанд ахлах жижүүр эмчид мэдэгдсэн нь алдаа байсан" гэх мэдүүлэг /1 хх-ийн 108-109 дэх/,

Шинжээч Ж.С-н өгсөн "Төрөлт удирдаж буй эмч *******  нь шаардлагатай гэж үзвэл ахлах жижүүр эмчид хандаж, хамтарсан үзлэгийг хийж ямар замаар төрүүлэх шийдвэрийг ахлах жижүүр эмч гаргана. Ахлах жижүүр эмч хамтарсан үзлэгийг хийж дангаараа шийдвэр гаргах эрхтэй. Хянах үүргийг төрөх тасгийн эмч *******  хариуцна, эхийг хянах үүргээ гүйцэтгээгүй, ахлах жижүүр эмчид хожуу мэдэгдэж хамтарсан үзлэгийг хийсэн нь алдаа. Ахлах жижүүр эмч Б.О  нь төрөлтийн эрчимжүүлтийг 5 ед эхлүүлсэн, вакум таталт хийж төрүүлэх шийдвэрийг гаргасан нь Эрүүл мэндийн сайдын 313 тоот тушаалыг зөрчсөн. Төрөлтийг 2.5 ед эрчимжүүлэлт эхлэх ёстой байдаг. Төрөлтийг хүчилж вакум таталтаар төрүүлсэн нь ургийн хүнд бүтэлт болон тархинд цус харвалт өгөх шалтгаан болсон. Эмч *******  нь эхийн аарцаг, ургийн толгойн үл тохироо эсхүл ургийн толгойн буруу тавилтыг эрт оношилж, төрөлтийн төлөвлөгөө эрт гаргасан бол дараагийн хүндрэл болон үйлдлийн тусламжтай төрөлтийг хийхгүй байх боломжтой байсан ... Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжийг мөрдөж ажилласан байна" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105, 113-114 дэх тал/,

  Гэрч З.Г-ийн өгсөн “Нярайн биед үзлэг хийхэд биеийн байдал туйлын хүнд, 4 мөч чангарсан, эрүү гарын сарвуу чичирхийлтэй, толгойн зүүн зулай ясны хэсэгт овгор хавантай, мэдрэлийн талын эмгэг илүү давуу илэрсэн, 2 нүд нээлттэй боловч нүдээ анивчихгүй, хүнд бүтэлттэй нярай байсан. Нярайд сэхээн амьдруулах арга хэмжээ авагдсан байсан. Нярайг төрснөөс 1 хоногийн дараа намайг дуудаж нярайг үзүүлсэн. Нярай амь нас өндөр эрсдэлтэй түвшинд байсан” гэх мэдүүлэг /4 хх-ийн 20-21 дэх тал/,

          Гэрч Э.У гийн өгсөн “Намайг 106 тоот өрөөнд ороход эхийн гадна бэлэг эрхтнээр ургийн толгой цухалзсан байдалтай харагдаж байсан. Эмч, эх баригч, төрж байгаа эхийн асран хамгаалагч нар дүлээч ээ дүлээч удахгүй гарлаа гээд байсан. Гэхдээ төрөгч эх сайн дүлж чадахгүй байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 211-212 дахь тал/,

Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжилийн салбар зөвлөлийн шинжээч Б.Б, Ж.С нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20/24 дугаартай “Эмч Б.О  нь нярайн толгойд вакум таталт хийсэн үйлдэл эмнэлэгт эмчилгээний явцад дагаж мөрдөх ёстой удирдамж зааврын дагуу хийгдсэн, шууд мэргэжлийн алдаа гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд вакум таталтыг хийсэн байна. Вакум таталт нь урагт болон эхийн төрөх замд гэмтэл учруулах эрсдэл багатай аргад тооцогоддог. Энэ тохиолдолд ургийн бага тархи, гавлын дуулга хальсан доорх цус харвалт гэмтлийг шууд холбон тайлбарлах боломжгүй. Эх Т.А  нь амаржих газарт удаа дараа эмнэлгийн тусламж авахаар хэвтэн эмчлүүлсэн байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-нд ургийн архаг бүтэлт оношоор хэвтсэн байна. А/313 тоот тушаалд төрөлтийн 1 дүгээр үед 4 цагийн зайтай үтрээний үзлэг хийх, УЗЦ 30 минут тутамд чагнах, КТГ эмч эрсдэлийг үнэлж 40-90 минутаар бичлэг хийхийг шийднэ, төрөлтийн 2 дугаар үед базлалт бүрийн дараа буюу 5 минут тутамд УЗЦ чагнах, КТГ тасралтгүй бичнэ гэж заасан. Энэ тохиолдолд үтрээний үзлэг 6 цагийн дараа, КТГ сүүлийн 2 цаг бичигдээгүй, төрөлтийн окситоцины эрчимжүүлэлтийг 5ед эхэлсэн зэрэг нь ургийн бүтэлтийг эрт оношлоогүй, төрөлтийн үеийн тусламжийг чанаргүй оройтуулж үзүүлсэн, ургийн хяналт хангалтгүй улмаас хүнд бүтэлттэй нярай төрүүлсэн. Энэ тохиолдолд 04 цагийн үзлэгийг төрөх өрөөний эмч хийж төрөлтийг хэрхэн шийдэх талаар ахлах жижүүр эмчтэй хамтарсан үзлэгийг хийх боломжтой байсан” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 163-165 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч Т.Н, С.Э, Ө.С, Б.Б, Ж.С нарын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаартай “Эх ургийн хяналт хангалтгүй, ургийн КТГ удирдамжийн дагуу хийгдээгүй, үнэлээгүй, төрөлт эрчимжүүлэлт стандартын дагуу хийгдээгүй, төрөлтийн үеийн тусламжийг чанаргүй оройтуулж үзүүлснээр хүнд бүтэлттэй нярай төрүүлсэн байна. Эмч Б.О  нь нярайн толгойд вакум таталт хийсэн үйлдэл эмнэлэгт эмчилгээний явцад дагаж мөрдөх ёстой удирдамж зааврын дагуу хийгдсэн байна. Нярайн 2 талын чамархай, дагз хэсгийн төрөлхийн хавдар, бага тархи, гавлын дулга хальсан доорх цус харвалт харвалт гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй, хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.1-д зааснаар оношилгоо эмчилгээний зорилгоор техникийн хувьд зөв хийгдсэн гардан үйлдэлд хохирлын зэрэг тогтоохгүй. Төрөлтийн II үед төрөх хүчний сулрал үүсч, төрөх замаар хүнд бүтэлттэй төрсөн нярай ураг орчмын шингэнээр хахсанаас уушгины хатгаа үүсэж олон эрхтний дутагдлаар нас баржээ. Төрөлт удирдахдаа эмч нарын хамтарсан үзлэгийг төрөлтийн аль ч үед хийж болох бөгөөд эх, нярайд эрсдэлгүй шийдвэр гаргах боломжтой. Энэ тохиолдолд 04 цагийн үзлэгийг төрөх өрөөний эмч хийж, төрөлтийг хэрхэн шийдэх талаар ахлах жижүүр эмчтэй хамтарсан үзлэгийг хийх боломжтой байсан” гэсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт /1 хх-ийн 166-169 дэх тал/,

Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн шинжээч Х.Ц-н 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэр дурдагдсан эмч нарын үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын А/313 тоот тушаалаар батлагдсан удирдамжийг мөрдөн зохион байгуулагдсан байна. Үйлдлийн тусламжтай төрөлт (Vacuum-assisted)-ийн заалтыг Төрөлтийн II үеийн сулрал гэж тэмдэглэсэн боловч төрөлтийн түүхэнд уг нөхцөл нотлогдоогүй байна. Төрөлтийн түүхэнд II үе 30 минут үргэлжилсэн гэж тэмдэглэгдсэн нь сулрал гэж үзэх үндэслэл хангахгүй байна. Төрөлтийн түүхийн баримтжуулалтаас үзэхэд тухайн өдөр 08 цагт болон 08 цаг 15 минутад тус тус хамтарсан үзлэг хийсэн гэж тэмдэглэгджээ. Эдгээр 2 удаагийн хамтарсан үзлэгийн алинд ч төрөлтийн төлөвлөгөө боловсруулах бүрэн боломж байсан бөгөөд эмч нар хамтарсан үзлэгийг аливаа үед хийх нөхцөл байсан. Төрөлтийг удирдах явцад багийн зарчмаар тусламж үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой байна. Иймээс тухайн эмч нарын хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас нярай эндсэн гэж дүгнэх нь учир дутагдалтай байна” гэсэн дүгнэлт /3 хх-ийн 161 дэх тал/,

Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч Д.Ц-н 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Жижүүр эмч Б.О , төрөх өрөөний эмч *******  нарын төрөгч эхэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үзүүлэхдээ Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжийг мөрдөж ажилласан байна. Эмч Б.О  нь нярайн толгойд вакум таталтыг дээрх удирдамжийн P27-30 шаардлага заалтаар  үзүүлсэн байна. Энэ тохиолдолд төрөх үйл ажиллагааг эмээр эрчимжүүлсэн боловч базлалтын хүч 25 секунд үргэлжилсэн, сул, ургийн зүрхний цохилт 1 минутад 100 хүрч цөөрөн ураг бүтэж эхэлсэн тул төрөлтийг вакум таталтаар төрүүлсэн байна. Ургийн толгой 2/5 гарах хэсэгт цухалзсан, умайн хүзүү бүрэн нээгдсэн, эх, ургийн талаас заалт гарсан тул гардан үйлдлийг гүйцэтгэсэн нь эмнэлгийн тусламжийн заалт бүрдсэн үйлдэл гэж үзэж байна. Дээр дурдагдсан нярайн эмгэг өөрчлөлт нь гарч болох ургийн талын хүндрэл тул нярай нас барахад энэ гэмтлийг шууд нөлөөлсөн гэж тайлбарлах боломжгүй. Ургийн архаг бүтэлт, халдварын эрсдэлүүд дурдагдсан нь нярайд хүндрэл үүсэхэд нөлөөлсөн байх талтай. Төрөх өрөөний эмч *******  нь Т.А ын төрөлтийг удирдахдаа төрөх замаар төрүүлэхээр шийдвэрлэсэн. 4 удаа ургийн бичлэг хийснээс 1 удаа хэвийн, 3 удаа эргэлзээтэй гэж үнэлсэн, ургийн урьдчилсан жин 3400 гр орчим, төрөх үйл ажиллагаа өөрөө аяндаа эхлэн төрөлтийн үйл ажиллагааны I үеийн төгсгөл хүртэл хянахад яаралтай кесар мэс заслын заалт гараагүй зэрэг нь эмчилгээний явцад эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөгдөж буй удирдамж, зааврыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэхдээ асуумжийг тодруулан, өмнө хэвтэн эмчлүүлж байсан тохиолдлуудын ургийн бүтэлт, халдварын эрсдэлүүдийг тооцон, төрөлтийн үйл ажиллагааны ачааллыг ураг даах эсэхийг тооцон, төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн үед ургийг хянах КТГ бичлэгийг давтамжтай, эсвэл үргэлжилсэн зэргээр хийж ургийн эмгэг байдлыг илрүүлсэн тохиолдолд кесар мэс заслын заалт гарч ирэх магадлалтай. Эх барихын тусламж үйлчилгээг багаар үзүүлэх зарчмын дагуу амралтын өдөр байсан тул жижүүрийн багаар эрсдэлтэй төрөлтийг удирдсан байна. Иймээс эмч нарын хамтарсан үзлэг хийн төрөх үеийн тусламжуудыг багаар үзүүлсэн тул хэн нэгэн эмч, мэргэжилтнийг буруутган дүгнэх боломжгүй” гэсэн дүгнэлт /3 хх-ийн 164-166 дахь тал/,

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1371 дугаартай шинжээч Б.Д, О.Н, Д.Д, Х.Ц, Д.Ц нарын “Жижүүр эмч Б.О , төрөх өрөөний эмч *******  нар Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжийг мөрдөж ажилласан байна. Эх Т.А  нь амаржих газарт удаа дараа эмнэлгийн тусламж авахаар хэвтэн эмчлүүлсэн байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ургийн архаг бүтэлт оношоор хэвтсэн байна. Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжид төрөлтийн I үед 4 цагийн зайтай үтрээний үзлэг хийх, УЗЦ 30 минут тутамд чагнах, КТГ эмч эрсдлийг үнэлж 40-90 минутаар бичлэг хийхийг шийднэ, төрөлтийн II үед базлалт бүрийн дараа буюу 5 минут тутамд УЗЦ чагнах, КТГ тасралтгүй бичнэ гэж заасан байхад үтрээний үзлэг 6 цагийн дараа, КТГ сүүлийн 2 цаг бичигдээгүй, төрөлтийн окситоцины эрчимжүүлэлтийг 5ед эхэлсэн зэрэг нь ургийн бүтэлтийг эрт оношлоогүй, төрөлтийн үеийн тусламжийг чанаргүй, оройтуулж үзүүлсэн, ургийн хяналт хангалтгүй улмаас хүнд бүтэлттэй нярай төрүүлсэн байна. Нярайн 2 талын чамархай, дагз хэсгийн төрөхийн хавдар, бага тархи гавлын дуулга хальсан доорх цус харвалт гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй. Хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.1 дэх хэсэгт зааснаар оношилгоо эмчилгээний зорилгоор техникийн хувьд зөв хийгдсэн гардан үйлдэлд хохирлын зэрэг тогтоохгүй. Эмч нарын хамтарсан үзлэгийг төрлөгийн бүх үе шатуудын аль ч үед нь хийж болно. Т.А ын төрөлтийн үеийн тусламжийг үзүүлэхдээ хүнд бүтэлттэй нярай төрж, улмаар бүтэлттэй төрсөн нярай ураг орчмын шингэнээр хахсанаас уушгины хатгаа үүсэж олон эрхтний дутагдлын улмаас нас барсан. Эх барихын тусламж үйлчилгээг багаар үзүүлэх зарчмын дагуу амралтын өдөр байсан тул жижүүрийн багаар эрсдэлтэй төрөлтийг удирдсан байна. Иймээс эмч нарын хамтарсан үзлэг хийн төрөх үеийн тусламжуудыг багаар үзүүлсэн тул хэн нэгэн эмч, мэргэжилтний буруутган дүгнэх боломжгүй” гэсэн дүгнэлт /3 хх-ийн 175-195 дахь тал/,

  Эмгэг судлалын шинжилгээний протокол дахь “Эх төрөх хүчний сулрал, ихсийн архаг дутмагшил, эх доторх архаг хипокситой байсан ба гавлын дуулга хальсан доор цус харван, төрөх замаар хүнд бүтэлттэй төрсөн нярай ураг орчмын шингэнээр хахсанаас улбаалсан пневмони үүсч судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинжээр хүндрэн амьсгалын дутагдал давалгайлсан олон эрхтний дутагдлаар эндсэн байна. Эмнэлзүй болон эмгэг судлалын онош үндсэн өвчний нэршилээр тохирсон. Ураг орчмын шингэнээр хахсанаас улбаалсан пневмони оншлоогүй тул хүндрэлийн зөрөөнд тооцов. Жирэмсэн эхийн үзлэг хяналт хангалтгүй, КТГ удирдамжийн дагуу хийгээгүй, партограмм хөтлөлт хангалттгүй, төрөлт эрчимжүүлэлтийг стандартын дагуу хийгээгүй, ургийн бүтэлт хожуу оношилсон зэрэг үйлчилгээний дутагдалтай байна, эмгэг судлаач эмч Л.Б, Б.У 2023.01.09” гэсэн дүгнэлт хэсэг /2 хх-ийн 4-10 дахь тал/,  

.............газрын ЭМТҮЧАБА-ны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл дэх “Эхийн жирэмслэлт, жирэмслэлтийн явц зэрэг нь ужиг асуумжтай, энэ жирэмсний явцад ураг зулбахаар завдсан, дутуу төрөхөөр тогтоох эмчилгээ хийлгэж байсан зэрэг анхаарал татах эхийн төрөлтийг шийдвэрлэхэд жирэмсний хяналтын анхааруулга ач холбогдолтой байсан. Эхийн асуумжийн дэлгэрэнгүй авч, дүгнэлт хийж, анхаарал татах эхийн төрөлтийн төлөвлөгөөг хамтран шийдвэр гаргах шаардлагатай байсан” гэсэн дүгнэлт хэсэг, “Эмч Б.О , *******  нарт ЭМТҮЧАБА-наас сануулж, чанарын талон цоолж, эмч нарын ярианд эмгэг судлалын дүгнэлтэд орсон сэдвүүдээр онолын мэдээлэл эмч нарт хийх шийдвэр гаргалаа” гэсэн шийдвэр хэсэг /2 хх-ийн 71-79 дахь тал/,

.............газрын Эмнэлзүйн эмгэг судлалын зөвлөгөөний 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл дэх “Гидропс олон тохиолддоггүй. Тэр дундаа цус задралын шалтгаант ургийн усан хаван ховор байдаг. Энд ямарч хяналт алга. Гидропс гэсэн онош тавьсаар байгаад ураг эндчихлээ. Зөндөө олон гидропстой хүүхэд төрөө сайхан амьдарч байгаа. Багийн үйл ажиллагаа муу байна. Уран эндсэний дараа биш эндэхээс өмнө хамтарсан үзлэг хийж төлөвлөгөөг шийдэх хэрэгтэй байсан. Жирэмсний хяналтаа дуудаад багаараа ажиллах хэрэгтэй байна” гэсэн санал хэсэг, “Эх барихын практикт олон тохиолддог тохиолдлуудын нэг. Ургийн бүтэлтийг эмчлэх төвөгтэй. Манай практикт хэрэглэж байгаа зүйлс дутмаг байна. Онолын мэдээлэл маш сайн боллоо” гэсэн дүгнэлт хэсэг, “Ургийн архаг бүтэлтийн эсрэг манай эмнэлэгт юу хэрэглэж байгааг судлах, байгууллагын цахим хуудсанд онолын мэдээллийг тавих” гэсэн шийдвэр хэсэг /2 хх-ийн 80-86 дахь тал/,

Төрөлтийн түүх №1-1767, №1-9790, №1-12389, №1-13111 /2хх-ийн 16-23, 23-31, 32-39, 40-50 дахь тал/,

Ургийн зүрхний бичлэгийн үнэлгээний хуудас: “01 цаг 03 минутад хийсэн ургийн зүрхний бичлэгийг *******  эмч эргэлзээтэй гэж үнэлсэн” /2хх-ийн 44 дэх тал/,

.............газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/20 дугаартай “Э.С-г эх баригчийн ажилд авах тухай” тушаал, эх баригчийн албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 150-153 дахь тал/,

.............газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/311 дугаартай “Б.О ыг эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажилд авах тухай” тушаал, Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 154-157 дахь тал/,

Клинкийн нэгдүгээр амаржих газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/46 дугаартай “******* г эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажилд авах тухай” тушаал, Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 158, 160-165 дахь тал/,

.............газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/73 дугаартай “******* тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /2 хх-ийн 159 дэх тал/,

Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 703 дугаартай “Б.О д Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр тушаалаар 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, Ц-ийн Тд Эрүүл мэндийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай тушаалаар 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл тус тус олгогдсон болно” гэсэн албан бичиг /2 хх-ийн 167 дахь тал/,  

  ******* гийн яллагдагчаар өгсөн “Нийслэлийн .............газарт 2012 оноос хойш эх барих эмэгтэйчүүдийн эмчээр, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрөх өрөөний 4 дүгээр нэрийн жижүүрээр 24 цагаар жижүүрлэн ажиллаж байсан ба өглөө 9 цаг 00 минутад ээлжээ хүлээн авдаг. Тухайн үед надтай ахлах жижүүр эмч О , эх баригч С болон бусад сувилагч, эх баригч нар ажиллаж байсан. Тэгсэн шилжих шөнө 01 цагийн үед хүлээн авах тасгаас А  гэх жирэмсэн эхийг хүлээн авсан. А  нь хүлээн авах тасагт үзлэгт орсон байсныг үзсэн. Ер нь төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн жирэмсэн эхэд үзлэгийг 4 цагийн дараа үзэх ёстой байдаг. Тэгээд 5 цагийн үед А д үзлэг хийхэд умайн хүзүү 8 см нээлттэй, ургийн зүрхний цохилт 155 удаа, ус хальстай, ураг орчмын шингэн бүтэн, ургийн толгой дээр 5-ны 4-т байсан. Эхэд 2 удаагийн ургийн бичлэг хийгдсэн, тэр нь хэвийн байсан тул 2 цагийн дараа умайн бүрэн нээгдэх юм байна гэж үзээд үзлэгийг дахин 2 цагийн дараа хийхээр болсон. Тэгээд 07 цагт А ын биед үзлэг хийхэд умайн хүзүү 9 см нээлттэй, ураг орчмын шингэн бүтэн цүлхийж байсан, ургийн толгой 5-ны 4-т байсан. Тэгэхээр нь төрөх дөхсөн байна гэж бодоод ургийн усны хальсыг хагалсан, тэр үед ураг орчмын шингэн 50 мл орчим гарсан, ус нь тунгалаг өнгөтэй байсан. Ургийн зүрхний бичлэг 06 цаг 45 минутад хэвийн, ургийг чагнахад ургийн зүрхний цохилт тод хэвийн байсан ба умайн хүзүү бараг бүрэн нээлттэй байсан тул хүүхдийг доошлохыг хүлээх төлөвлөгөө бариад эх баригч С-ий хяналтад эхийг үлдээгээд тухайн жижүүртэй шөнөө би 3 эхийг хянаж төрүүлсэн, мөн 10 орчим жирэмсэн ээжид хяналт тавьсан тул өөр бусад үзлэгээ хийхээр явсан. Тэгсэн 07 цаг 50 минутын үед эх баригч С А ыг дүлэлт өгөөд байна гээд дуудсан. Тэгэхээр нь би яаралтай очиж үзлэг хийсэн ба үзлэг хийхээс өмнө А аас бие нь яаж байна гэж асуухад дүлэх мэдрэмж төрөөд байгаа хэр нь би дүлж чадахгүй байна гэж хэлээд өвдөлт өгөөд байж байсан, би А ын урагт үзлэг хийхэд ургийн толгой 5-ны 4-т байсан ба цааш түлхэх үед түлхэгдэхгүй байсан, мөн жоохон хавдар тэмтрэгдэж эхэлж байсан, усны хальсгүй, суман заадаст хөндлөн хэмжээнд байсан, тэр үед эхэд дүлэлтийн сулрал явагдаж байна гэж үзээд окситоцин дусал тариаг залгасан. Ургийн толгойд хавдар үүсэж байгаа байдал эхэлсэн тул ахлах эмч О ыг дуудуулахад 8 цагийн үед ирсэн. О  эмчид эх ургийн байдал, хийгдсэн эмчилгээ зэргийг танилцуулсан. Манай эмнэлгийн даргын баталсан жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа эмч нарын ажлын байран дээрээ хэрэгжүүлэх Эмч, эмнэлгийн мэргэжилтний жижүүрийн үүрэг гүйцэтгэх журамын 5.2.1-ийн 13, 14-т заасны дагуу ахлах эмч О аар шийдвэр гаргуулах гэж дуудсан. Бид 2 хамтарсан үзлэг хийхэд ахлах эмч О  нь ургийн зүрхний цохилт хэвийн байна, эхэд дотуур үзлэг хийхэд ургийн толгой 5-ны 3-т байна, ууц ясны төвгөр тэмтрэгдэж байна, ургийн толгойд бага зэрэг хавдар үүсэж байна гэж хэлээд өөрөө үзлэгээ бичээд төрөлтийн төлөвлөгөө гаргаж шийдвэрээ танилцуулсан. Уг шийдвэрт нь эхлээд төрөлтийг төрөх замаараа төрүүлэх, Окситоцины эрчимжүүлэлтийг үргэлжлүүлэх, эх болон урагт ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрвэл төрөлтийн төлөвлөгөөг өөрчилнө гэж байсан, ахлах эмч О ы гаргасан шийдвэрийн дагуу эхийг өөрөөр нь төрүүлэх болсон. Тэгсэн 08 цаг 15 минутаас эхлээд ургийн зүрхний цохилт 100 болж өөрчлөгдөж эхлэх үед ахлах эмч О  эхийг үзээд вакум таталт хийх шийдвэр гаргаад өөрөө ургийг эхийн умайгаас татаж гаргаж авсан, би ургийг эхийн хярзанг хайчлах ажилбарыг хийсэн, мөн нярай төрсний дараа ихэс гаргаад, эхийн хярзанг буцаан оёсон. Нярайн төрөөд уйлахгүй байсан ба тэр үед яаралтай тусламж үзүүлэхээр нярайн эмч Солонгод хүлээлгэн өгсөн. Би эхэд үтрээний үзлэгийг 6 цагийн дараа хийсэн зүйл байхгүй, би 4 цаг болоод үзлэгийг хийж байсан энэ талаар эхийн төрөлтийн түүхэнд тэмдэглэж бичсэн байгаа” гэх мэдүүлэг /2 хх-ийн 244-246, 3 хх-ийн 137-142 дахь тал/,

Б.О ы яллагдагчаар өгсөн “Нярайг вакум таталтаар төрүүлэх шийдвэрийг багаараа хамтарч гаргасан. Төрөх өрөөний жижүүр эмч Ттай хоорондоо ярилцаж байгаад шийдвэрлэсэн. Миний хувьд кесар хагалгаагаар төрөх заалтгүй байна, кесар хагалгаа хийх нь эрсдэл ихтэй гэж үзээд төрөх замаар төрүүлэх шийдвэр гаргасан. Би вакум таталтыг хийсэн. Намайг дүлэлтийн үеийн сулрал үүссэн, тариа залгасан гээд дуудсан учир би очсон. Эхийг анх төрөх өрөөнд орж ирж хэвтсэнээс хойших хяналтыг төрөх өрөөний жижүүр эмч тавих ёстой. Миний хувьд дуудагдан очсоноос хойш хяналтад хамтран оролцсон. Намайг очих үед 7 цаг 40 минутын үед окситоцины эрчимжүүлэлт хийхээр тариаг залгасан, ургийн орчмын шингэний бүрхүүл хальсыг 7 цагт авсан, эхийн умайн хүзүү бүрэн нээлттэй, дүлэлтийн үеийн сулрал үүсч умайн базлалт холдоод ургийн толгойд хавдар үүсээд байна гэж танилцуулсан” гэх мэдүүлэг /3 хх-ийн 28 дахь тал/,

Хохирогч Т.А ын өмгөөлөгч О.Бгаас дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав, үүнд:

Дээр шинжлэн судалсантай давхардсан Т.А ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 72-73 дахь тал/, Гэрч Л.Г-н мэдүүлэг /1 хх-ийн 76-77 дахь тал/, Гэрч Э.С-ий мэдүүлэг /1 хх-ийн 79-80 дахь тал/, Гэрч З.Г-ийн мэдүүлэг /4 хх-ийн 20-21 дэх тал/, Шинжээч Ж.С-ийн мэдүүлэг /1 хх-ийн 104-105, 113-114 дэх тал/, Шинжээч Б.Б-н мэдүүлэг /1 хх-ийн 108-109 дэх тал/, Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжилийн салбар зөвлөлийн шинжээчдийн дүгнэлт /1 хх-ийн 163-165 дахь тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчдийн дүгнэлт /1 хх-ийн 166-169 дэх тал/, Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 164-166 дахь тал/, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1371 дугаартай шинжээчдийн дүгнэлт /3 хх-ийн 175-195 дахь тал/, Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлалын шинжилгээний протокол /2 хх-ийн 4-10 дахь тал/, 

Д.Ж-н хохирогчоор өгсөн “Манай эхнэр жирэмсэн байсан, давтамжтай өвдөж эхэлсэн. 00 цагийн орчим хүлээн авахад үзүүлэхэд эхнэрийг төрөх өрөө рүү аваад орсон. 4 цагийн орчим төлбөртэй өрөө сулрахаар нь эхнэрээ тийш нь шилжүүлээд, манай хадам ээж эхнэрийн хамт тийшээ орсон. 08 цаг 40 минутын үед хадам ээж яриад төрсөн гэж хэлсэн, хүүхэд яагаад уйлахгүй байгаа юм бэ гэж цаашаа хэлээд тасалсан ... намайг дотогшоо хүүхэдтэй нь уулзуулъя гээд оруулсан, би ороод харсан чинь хүүхдийн нүд анивчихгүй нэг тал нь татаад байсан тэгээд намайг байлгахгүй гээд буцаагаад гаргасан. Эмчилгээ эрхэлсэн даргатай уулзаад ... зөвлөх эмчээ авчирсан харин мэдрэлийн эмчээ авчирч чадаагүй болохоор нь бид нар тэр эмчийг нь Эх нялхас дээр очиж гуйгаад авчирч үзүүлсэн. Тэгээд хамтарсан үзлэг хийгээд бид нарын дуудад уулзаад маш хүнд байгаа, мянгад нэг удаа амьд гарах боломжтой, сэтгэл санааны байдлаа чангалаарай гэж хэлсэн ... Тухайн цаг хугацаанд С, О , Т нар нярайг сэхээн амьдрах тасаг руу явсан үед хэдүүлээ одоо баларчихлаа юу гэж бичих үү гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 56-57, 59-60 дахь тал/,

******* гийн гэрчээр өгсөн “2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 30 минутанд ээлжээ хүлээн авсан. Тухайн өдөр ээлжийн ахлах жижүүр эмчээр О  эмч, би төрөх эмч, эх баригчаар С нарын хамт 4 дүгээр нэрийн жижүүрээр үүрэг гүйцэтгэсэн. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 цаг 26 минутад Т.А ын төрөлтийн түүх нээгдсэн байсан. Төрөх өрөөнд Т.А ыг 01 цагт хүлээн авсан. Орж ирэхээсээ өмнө ургийн бичлэгийг хийлгэсэн хэвийн гэсэн дүгнэлттэй орж ирсэн. Хүлээн авахын эмч Б.У үзлэг хийсэн байсан. Стандартын дагуу 4 цагийн дараа буюу 05 цаг 00 минутад Т.А д үзлэг хийхэд базалт нь 5 минутын зайтай, 30 секундэд үргэлжилж байсан. Ирэх үедээ А ын умай хүзүү 5 см байсан. Үзлэг хийхэд 8 см нээгдсэн, усны хальс бүтэн, базлалтын үед ургийн толгой давшилж байсан. Би оношоо 3 дахь жирэмслэлтийн анхны төрөлт 39-40 хоногтой, төрөлтийн нэгдүгээр үе, эх барихын ужиг дурдатгал гэж тавьсан. Ургийн бичлэг хийхэд хэвийн, умайн хүзүү 8 см дээш болсон, төрөлтийн үе төгссөн учир, 07 цагт дахин үзлэг хийсэн. Энэ үед 5 минутын зайтай өвдөлт нь 7 минутын зайтай болж холдсон байхаар нь дотуур үзлэг хийхэд 9-10 см орчим нээлттэй, ургийн толгой, аарцагтай суусан байсан учир ураг орчмын шингэний хальс авсан. Энэ үед ургийн зүрхний цохилт нь хэвийн, ургийн ус тунгалаг байсан, Усны хальс авснаас хойш 1 цагийн дараа их дүллээ гэж намайг дуудуулсан. Ирээд үзэхэд ургийн толгой 5-ны 3 буюу аарцаг ясны өргөн хэсэгт толгой байрласан байна гэж үзээд ахлах эмч О ыг дуудсан. Ирэх хооронд окситоцин дусалыг толгой 5-ны 3-т буюу аарцаг хөндийн өргөн хэсэгт байрласан байсан. О  эмч бид хоёр хамтарсан үзлэг хийгээд дээрх оношийг тавьсан. Ургийн зүрхний цохилт хэвийн буюу 134 удаа  ургийн монитороор тасралтгүй хянаж байсан. Цаашид окситоцины эрчимжүүлье, ургийн давших хөдөлгөөний хяная, урагт эмгэг байдал илэрвэл төрөлтийн төлөвлөгөөг өөрчилье гэж шийдсэн. 08 цаг 15 минутад ургийн О  төрөх ажиллагаа өөрөө удирдаж ураг бүтэхийг завдлаа гэсэн онош тавиад ургийг вакум таталтаар төрүүлсэн. Тухайн таталтыг О  эмч гардан хийсэн. Ураг 08 цаг 34 минутад 3500 гр жинтэй хүнд бүтэлтэй эрэгтэй хүүхэд төрсөн. Тэгээд нярайн эмчид шилжүүлсэн. Төрөлтийн 3 дугаар үе буюу эхэс гарах үе, хярзан оёх ажилбарыг би өөрөө хийсэн. Хамтдаа зөвлөлдсөн ч ахлах эмч шийдвэр гаргасан гэсэн үг тэгэхдээ вакум таталтыг хийсэн эмч эрсдлийг өөрөө хариуцна. Т.А д кесар хагалгаа хийх заалт үүссэн байсан. Кесар хагалгаа эсхүл таталт хийх талаар шийдвэр гарах эрх надад байхгүй ээ, төрөлт удирдаж байсан О  эмч шийдвэр гаргаж, вакум таталт хийсэн. Т.А ын ээж гэх эгч А ыг үргүйдэлтэй, үр цацуулж жирэмсэлсэн гэдгийг хэлсэн. Өвчний түүхэн дээр энэ талаар тусгагдаагүй асуумжинд хэлээгүй байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-102 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Ш.Ц, Б.Г, Б.С нарын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 444 дугаартай “А ын нярайд төрөхийн гэмтлээс улбаалсан 2 талын чамархай, дагз хэсгийн төрөхийн хавдар, бага тархи, гавлын дуулга хальсан доорх цус харвалт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь төрөлтийн II үеийг вакум таталтаар удирдаж төрүүлсэнтэй холбоотой үүссэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй. Энэ нь үйлдлийн явцад эмчийн ур чадвар, туршлагаас хамаарч үүсч болох хүндрэл тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Нярайд архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Төрөлтийн II үед төрөх хүчний сулрал үүсч төрөх замаар хүнд бүтэлттэй төрсөн нярай ураг орчмын шингэнээр хахсанаас уушгины хатгаа үүсч олон эрхтний дутагдлаар нас баржээ. Нярай нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад нас баржээ. Эмнэлгийн үйлчилгээг зохих ёсоор зөв үзүүлсэн байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 118-129 дэх тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч Т.Н, С.Э, Ө.С нарын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаартай “Т.А ын ургийн биед баруун, зүүн чамархай, дагз хэсгийн төрөхийн хавдар, бага тархи, гавлын дуулга хальсан доорх цус харвалт гэмтэл учирчээ. Толгойн хавдар нь төрөлтийн явцад төрөх хүчний сулралын үед ургийн толгой аарцаг ясны нэг хавтгайд удаан байснаас, бага тархи, гавлын дуулга хальсан доорх цус харвалт нь ургийн толгой хавдар үүссэн үед үйлдлийн тусламжтай вакум таталтаар төрүүлэх үед үүссэн байна. Иймд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. ЭМС-ын 2022 оны А/13 дугаар тушаалын дагуу тусламж үйлчилгээ хангалтгүй үзүүлсэн ба эмч нарын хамтарсан үзлэгийг эрхи үед хийж шийдвэрийг гаргасан бол ургийн амь насыг аврах боломжтой байжээ. Үтрээний үзлэг 6 цагийн дараа, КТГ сүүлийн 2 цаг бичигдээгүй, төрөлтийн окситоцны эрчимжүүлэлтийг 5ед эхэлсэн зэрэг нь ургийн бүтэлтийг эрт оношлоогүй, ургийн хяналт хангалтгүйн улмаас хүнд бүтэлттэй нярай төрүүлсэн байна. Өмнө гаргасан 444 дугаартай дүгнэлтийн Эмнэлгийн үйлчилгээг зохих ёсоор зөв үзүүлсэн байна гэсэн 8, 9 дүгээр хариулт үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 141-153 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний  хэлтсийн шинжээчдийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 750 дугаартай “Гэмт хэргийн улмаас Т.А ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас сэтгэлзүйн гэмтэл гутрал, түгшилтийн шинжүүд илэрч, энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь сэтгэцийн болон сэтгэлзүйн зөвөлгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах байдал нь гэр бүлийн дэмжлэгч орчноос шалтгаална” гэсэн дүгнэлт /1 ххийн 173-175 дахь тал/,

Хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээ болон оршуулгын зардалтай холбоотой 14 хуудас баримт /3 хх-ийн 92-106 дахь тал/,

Шүүгдэгч Б.О ы өмгөөлөгч Б.Д-с дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав, үүнд:

Дээр шинжлэн судалсантай давхардсан ******* гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 100-102 дахь тал/, Шинжээч Ж.С-ийн мэдүүлэг /1 хх-ийн 104-105 дахь тал/, Шинжээч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 108-109 дэх тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 141-153 дахь тал/, .............газрын ЭМТҮЧАБА-ны хурлын тэмдэглэл /2 хх-ийн 71-79 дахь тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчдийн дүгнэлт /1 хх-ийн 118-129 дэх тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчдийн дүгнэлт /1 хх-ийн 166-169 дэх тал/, Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 164-166 дахь тал/, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1371 дугаартай шинжээчдийн дүгнэлт /3 хх-ийн 175-195 дахь тал/,

Б.О ы гэрчээр өгсөн “Тухайн өдөр .............газарт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ээлжийн ажилтан нар байсан. Б.О  миний бие жижүүрийн ээлжийн ахлах, Т эмч төрөх өрөөний жижүүрийн эмч, С эх барих эмч, С нь нярайн эмч, Ц эгч нярайн сувилагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан шөнө дунд төрөх үйл ажиллагаа эхэлсэн тул төрөх тасаг буюу манай тасагт шилжүүлсэн. Төрөх тасгийн жижүүр эмч Т анх хүлээн авсан. Төрөх өрөөнд хянаж байсан эмч Т нь хянах үйл явцын талаар дэлгэрэнгүй ярих байх. Миний хувьд өглөө 08 цаг 10 минутын үед дуудагдаж эхийг үзсэн, энэ үед төрөх орон дээр гарсан, эх дүлэлтийн үедээ, төрөлтийн 2 дугаар үе үргэлжилж байсан, окситоцины тариа залгасан байсан, тухайн дуслыг 07 цаг 40 минутын үед залгасан гэж дараа нь хэлж байсан. Намайг очих үед бол тариатай, дүлэлттэй, умайн хүзүү бүрэн нээгдсэн, ургийн толгойд бага зэргийн хавдар үүссан, ургийн монитор залгаастай байсан, бичлэгтэй дүлэлтийн үед ургийн зүрхний цохилт цөөрөл илэрч дүлэлтийн үед бэлгийн амсраас ургийн толгойн хавдартай хэсэг цухалцаж байсан тул 2 удаагийн вакум таталтаар төрүүлсөн. Тухайн үед төрөлтийн төлөвлөгөөг өөрчилж кесар хагалгаа хийгээгүй гэхээр ургийн толгой аарцагийн гарах хэсгийн хавтгай дээр давхацаж ирсэн, суман заадас шулуун хэмжээнд давхацсан, ургийн толгой умдаг ясыг бүрэн давхцсан тул кесар хагалгаа хийхэд эхийн умай урагдах, цус алдах,  умайн сав авагдах эрсдэлтэй байсан тул төрөх замаар төрүүлэх шийдвэрийг гаргасан. Төрөх өрөөний эмчийн үзсэн үзлэгээр усны хальс авсан зэрэг нөхцөл байдлаар бол төрөх замаар төрнө гэсэн шийдвэр гарсан байсан гэсэн үг, миний хувьд үзээд кесар хагалгаагаар төрөх заалтгүй юм байна, кесар хагалгаа хийсэн нь эрсдэл ихтэй юм байна гэж үзээд төрөх замаар төрүүлэх шийдвэр гаргасан. Төрөх өрөөний эмч төрөлтийг удирдан зааварчилгаа өгнө, эх баригч нь ургийг төрүүлнэ. Миний хувьд ерөнхий хяналтыг тавьж байсан. Миний хувьд жижүүрийн ахлах эмч байсан учир ерөнхий хяналтыг тавьдаг, жижүүр эмчийн үүрэг дээр байдаг. Төрөх тасагт иргэн хүнийг төрөх өрөөний жижүүр эмч үзээд хамтарсан үзлэг хийх эсэх шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл хамтарсан үзлэгийг хийнэ. Хамтарсан үзлэгийг шаардлагатай бол тухайн тасаг хариуцсан эмч, ахлах эмч, өөр нэмэлтээр хэн байх ёстой тухайн үедээ шийдэх ёстой. Миний хувьд дүлэлтийн үеийн сулрал үүссэн, тариа залгасан байна гээд дуудсан учир би дуудагдан очсон. Төрөлт бүр дээр заавал оролцохгүй, шаардлагатай гэж дуудагдсан үед би үзэж, хамтарсан үзлэгийг хийх шийдвэрийг гаргана. Намайг дуудагдаад орох үед ар гэр нь байдаг өрөөнд төрөлт явагдаж байсан бөгөөд уг өрөөнд А  гээд охины ээж хамт байсан, ингээд төрөлтийн явц нь ургийн толгой бэлгийн амсараас бүрэн цухуйсан, дүлэлтийн үед зүрхний цохилтын цөөрөлт илэрч байсан тул богино хугацаанд хүүхдийг төрүүлэх зорилгоор эхийн дүлэлттэй хавсруулан вакум таталтаар төрүүлсэн. Нэгэнт ургийн толгой доош аарцагын гарах хэсэгт ирсэн тул кесар хагалгаа хийх нь эхийн умай урагдах, цус алдах, үжил халдвараар  хүндэрч, умай авагдах эрсдэлтэй байсан тул төрөх замаар төрүүлэх шийдвэрийг сонгосон. Тухайн төрөх үйл явцын талаар А ын ээжид тайлбарлаж, харуулж байсан. Тухайн үед А ын ээж нь миний охин дүлээд өгөөч ээ одоо гарлаа ш дээ гээд гуйж байсан, гэтэл дараа нь нярай эндэхээс бие нь муу байх үед ар гэрийнхэнтэй нь уулзах үед А ын ээж нь би эд нараас маш олон удаа хагалгаагаар төрүүлээд гөөч гэж гуйсан хэлж байна лээ. Аливаа төрөлт явагдсны дараа төрөлтийн түүхэн дээр төрсний дараах онош, төрөлтийн үеийн нөхцөл байдал зэрэг нь бичигддэг, яг төрөлт явагдаж байх үед энэ бүх үйл явцыг бичих боломжгүй байдаг тул төрсний дараа бичдэг. Вакум таталт хийж төрүүлэхэд ургийн гэмтэл учирч болно, толгой хавдар үүсэх, үүссэн хавдар нэмэгдэх, ургийн бүтэлт өгч болно. Тухайн үед төрөх өрөөний эмч Т намайг дуудахаар нь 106 тоот өрөөнд очиж эхийг үзэхэд төрөлгийн 2 дугаар үедээ умайн хүзүү бүрэн нээгдсэн, окситоцины эрчимжүүлэлт залгасан. Эх дүлэлттэй ургийн толгойд төрөлхийн үеийн хавдар үүссэн. Ургийн толгой умдаг ясыг бүрэн давсан, суман заадас гарах хэсгийн шулуун хэмжээнд ирсэн. Дүлэлтийн үед бэлгийн амсараас ургийн толгойн хавдар цухалзаж байсан. Иймд касер хагалгаа хийх нь ургийн толгой гарах хэсэгт буюу умдаг ясыг бүрэн давсан, хойд хэсгээрээ ууцны хонхор, ахар сүүлний хэсгийг бүрэн дүүргэсэн учраас эхийн амь насанд эрсдэлтэй, умай урагдах эрсдэл маш өндөр байсан. Дүлэлтийн үед сулрал эхэд үүссэн байсан учраас ургийн толгойд вакум таталт хийж төрөх замаар төрүүлсэн. Эх жирэмсний тээлтийн хугацаандаа 3 удаа, дутуу төрөхийг завдаж байна гэх оноштой хэвтэн эмчлүүлсэн. Хоёр дахь удаагийн хэвтэлт дээр дутуу төрөхийг завдаж, умайн хүзүү богиноссон учраас пессарийн кольцо тавигдаж, 3 удаагийн хэвтэлтээр 37 долоо хоногтой пессарийн кольцоогоо авахуулсан байсан. Тухайн үед төрөлтийн түүхэн дээр өмнө хэвтэн эмчлүүлж байсан тухай тэмдэглэлгүй. Дараа нь энэ талаар чанарын албаны хурал дээр энэ талаар би олж мэдсэн. Тухайн хурлын үед Т.А  бамбайн булчирхайн дутмагшилтай, L tiroksin гэх эм ууж байсан байна лээ. Намайг дуудах үед нь би очиж үзээд төрөх өрөөний эмч Ттай ярилцаж хамтарсан шийдвэр гаргаж, би өөрөө вакум таталтыг хийж төрүүлсэн. Төрөх өрөөний эмч төрөхөөр ирсэн эхчүүдэд гадуур үзлэгийг 2 цаг тутамд, эх барихын дотуур үзлэгийг 4 цаг тутамд нэг удаа үзүүлэх ёстой байдаг. Миний хувьд ахлах жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүд болон хүндрэл үүсч төрөх үйл явц эрсдэл үүссэн үед тасгийн эмч нарын хамт хамтарсан үзлэг хийж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 82-82, 88-89 дахь тал/, 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Нийслэлийн .............газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаартай “... 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн 24 цагийн хугацаанд нийт 21 эх төрүүлсэн нь амралтын өдөр ажилласан эмч мэргэжилтнүүдийн хувьд ачаалал өндөр /2022 онд нийт төрөлт 7943, тухайн жилд өдрийн дундаж төрөлт 21, 2025 онд нийт төрөлт 5434, тухайн жилд өдрийн дундаж төрөлт 14,8/ гэж үзэж байна. 2022 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрийн 24 цагийн хугацаанд нийт 11 эх төрүүлсэн нь жижүүрийн багийн хувьд ачаалал багатай байсныг харуулж байна. Тус газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/45 дугаартай тушаалаар баталсан “Эмч, эмнэлгийн мэргэжилтний жижүүрийн үүрэг гүйцэтгэх журам”-д Ахлах жижүүр эмчийн эрх, үүргийг зохицуулсан байна. Журамд заасны дагуу Жижүүрийн ахлах эмч нь төрөхөөр ирсэн бүх эхчүүдийг заавал үзэх үүрэг хүлээгээгүй болно. Ахлах жижүүр нь багийг удирдан зохион байгуулах, манлайлах, байгууллагын хэмжээнд жижүүрийн хугацаанд гал тогооны үйл ажиллагаа, хариуцлага, сахилгын үйл ажиллагааг хянах зэрэг нийтлэг үүргүүдийг хүлээсэн байдаг. Эх барихын ахлах жижүүрээс гадна эх барих эмэгтэйчүүдийн 4 эмч үүрэг гүйцэтгэн ажилладаг. Тэдгээр нь тус тус үүрэг хүлээж ажиллахаар журамд заасан. Тус журмын 5.2-д жижүүр эмч нарын эрх үүргийг дараах байдлаар заасан Үүнд: Жижүүрийн хугацаанд тусламж үйлчилгээг удирдан зохион байгуулах, Эх барихын тусламж, үйлчилгээний хүндрэлтэй, анхаарал татсан тохиолдлыг шийдэх, Жижүүрийн багийн гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, Багаар ажиллах зарчимд манлайлан ажиллах, Эмэг явцтай төрөлтийн үед багийг зохион байгуулах, Төрөх өрөөнд хянагдаж байсан анхаарал татсан эхийн кесар хагалгааг өөрөө хийх, Төрөх өрөөний эмч буюу 4 дүгээр нэрийн жижүүр эмч нь Төрөх хэсэгт төрөлтийг үйл ажиллагааг эхэлсэн эхчүүдийг хянаж төрүүлэх, Ахлах эмч болон төрөх хэсэгт ажиллаж байгаа эх баригч нартай хамтран ажиллах гэж тус тус заасан” гэсэн албан бичиг 3 хуудас,

.............газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/45 дугаартай тушаал, Эмч, эмнэлгийн мэргэжилтний жижүүрийн үүрэг гүйцэтгэх журам 23 хуудас,

Шүүгдэгч Б.О ы хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх-ийн 242 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 хх-ийн 241 дэх тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх-ийн 239 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3 хх-ийн 243 дахь тал/

Шүүгдэгч ******* гийн өмгөөлөгч П.А ээс дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав, үүнд:

Дээр шинжлэн судалсантай давхардсан гэрч Л.Г-н мэдүүлэг /1 хх-ийн 76-77 дахь тал/, гэрч Э.С-ий мэдүүлэг /1 хх-ийн 79-80 дахь тал/, шинжээч Ж.С-н мэдүүлэг /1 хх-ийн 113-114 дэх тал/, Гэрч З.Г-н мэдүүлэг /4 хх-ийн 20-21 дэх тал/, Гэрч Э.У гийн мэдүүлэг /2 хх-ийн 211-212 дахь тал/, Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжилийн салбар зөвлөлийн шинжээчдийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20/24 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 163-165 дахь тал/,   Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчдийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 444 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 118-129 дэх тал/, Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлалын шинжилгээний протокол /1 хх-ийн 205 дахь тал/, Эх баригчийн албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 151-153 дахь тал/, Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 155-157 дахь тал/, Клинкийн нэгдүгээр амаржих газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/46 дугаартай тушаал, Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 158-165 дахь тал/, Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 164-166 дахь тал/, Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 161 дэх тал/, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1371 дугаартай шинжээчдийн дүгнэлт /3 хх-ийн 175-195 дахь тал/,

Төрөлтийн түүхээс “07:00, 08:00, 08:15 цагийн эмчийн үзлэг, 08:00 цагийн хамтарсан үзлэгээс төрөлтийг төрөх замаар окситоцины 5ед эрчимжүүлэлт хийж төрүүлье, ураг бүтэлт, эхийн цус алдалтаас сэргийлье, эх урагт эмгэг өөрчлөлт илэрвэл төрөлтийн төлөвлөгөөг өөрчилье, төрөлтийг төрөх замаар төрлөгийн 2-р үеийг богиносгож вакум таталтаар төрүүлье, ургийн толгой 2/5-т тэмрэгдэнэ. УЗЦ-1 минутанд 100 удаа болж цөөрнө, хэвлийн баруун доор жигд сонсогдоно гэсэн тэмдэглэл, 23:40-00:10, 01:03-01:30, 04:00-04:30, 06:10-06:40 цагт хийгдсэн ургийн зүрхний цахилгаан бичлэг” /1 хх-ийн 230-246 дахь тал/,

Партограмм /1 хх-ийн 241 дэх тал/,

2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4546 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж /3 хх-ийн 119-127 дахь тал/,

.............газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/46 дугаартай “Эх барих тасгийн ажллах журмыг шинжлэн батлах тухай” тушаал /3 хх-ийн 87 дахь тал/,

Ургийн зүрхний цахилгаан бичлэг хийдэг аппаратны зураг /3 хх-ийн 91 дэх тал/,

Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /3 хх-ийн 96-106 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд

.............газрын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай албан бичиг 2 хуудас,

Нийслэлийн .............газрын төрөлтийн бүртгэлд “... 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02 цаг 50 минут, 04 цаг 16 минут, 05 цаг 30 минут, өглөө 07 цаг 20 минут, 08 цаг 34 минутад нийт 5 төрөлт бүртгэгдсэн” гэсэн хэсэгт 7 хуудас,

Шүүгдэгч ******* гийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 176 дахь тал/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 175 дахь тал/,

Нийгмийн даатгалыг шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 хх-ийн 185 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 187 дахь тал/,

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /2 хх-ийн 192 дахь тал/,

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн магистрын диплом /2 хх-ийн 207-208 дахь тал/,

Мэргэшлийн зэргийн гэрчилгээ /2 хх-ийн 209 дэх тал/,

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтын гэрчилгээ /2 хх-ийн 214-215 дэх тал/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 186 дахь тал/,

2013 онд төрсөн хүү Ц.А-ын төрсний гэрчилгээ /2 хх-ийн 222 дахь тал/,

2020 онд төрсөн хүү Ц.А-ийн төрсний гэрчилгээ /2 хх-ийн 223 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

          Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч ******* гийн П.А , шүүгдэгч Б.О ы өмгөөлөгч Б.Д  нараас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгах байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос ******* , Б.О  нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн атлаа хэргийг зүйлчлэхдээ тэдний хамтран оролцсон оролцоо эсхүл бүлэглэн үйлдсэн гэх шинжийг тусгаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан хэрэглээгүй ирүүлсэн байна.

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар

- Т.А  нь урьд 3 удаа жирэмсэлсэн, 2 удаа зулбасан, 28 настай анхлан төрөгч, 39-40 долоо хоногтой, тус .............газарт

- 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18-19 долоо хоногтой хожуу хугацаанд зулбахыг завдаж буй оношоор 5 хоног хэвтэн эмчлүүлсэн,

- 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 28 долоо хоногтой дутуу төрөхийн завдаж буй оношоор 7 хоног хэвтэн эмчлүүлж пессари тавиулсан,

- 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 37-38 долоо хоногтой умайн хүзүү төрөлтөд бэлтгэгдэж буй, ургийн архаг бүтэлт оношоор 4 хоног хэвтэн эмчлүүлж  пессари авахуулсан гэсэн “ужиг дурдатгалтай”, эрсэлдэлтэй анхаарал татахуйц жирэмсэн эх байсан,

- 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Т.А  нь “хэвлийн доогуур 7-8 минутын зайтай өвдөнө 1-2 удаа 30-35 секунд базална, ууц нуруугаар чилнэ” гэсэн зовуурьтайгаар тус эмнэлгийн хүлээн авах дээр ирж үзүүлсэн,

- 23 цаг 40 минутаас 00 цаг 10 минут хүртэл хугацаанд ургийн зүрхний бичлэгийг хүлээн авахын эмч эхний удаа хийсэн,

- 00 цаг 20 минутад хүлээн авахын эмч жирэмсний 37 долоо хоногтойгоос хойш хуурамч базлах гэсэн оноштойгоор өвчний түүх нээсэн, улмаар төрөх тасгийн 103 тоот өрөөнд хэвтүүлсэн,

- 01 цаг 03 минутаас 01 цаг 30 минут хүртэл хугацаанд эх баригч Э.С ургийн цахилгаан бичлэгийн 2 дахь удаа хийсэн, үүнийг эмч *******  нь эрсдэлтэй удаашилсан гэж дүгнэсэн,

- Төрөгч эх Т.А  нь төрөх өрөөнд орсноос хойш олон удаа бөөлжиж,  өвдөлт базлалт өгсөн, асрагч, сувилагч нарт удаа дараа хандаж эмчид үзүүлэхийг хүссэн, 

- 05 цаг 00 минутад Т.А ын эх Л.Г төрөх тасагт асран хамгаалагчаар орж, төлбөртэй 106 тоот өрөөнд шилжүүлэн хэвтүүлсэн, улмаар эмч, сувилагч нарыг дуудсан,

- 05 цаг 30 минутаас 06 цаг 00 минут хүртэл хугацаанд эх баригч Э.С ургийн зүрхний бичлэгийг хийсэн боловч бичигдээгүй эсхүл хэвлэгдээгүй,

- 06 цаг 10 минутаас 06 цаг 40 минут хүртэл хугацаанд эх баригч Э.С ургийн зүрхний бичлэгийг 3 дахь удаа хийсэн,

-  Үүнээс хойш төрөх өрөөний эмч *******  нь төрөгч эх Т.А д анх удаа үзлэг хийсэн, 07 цаг 00 минутад ураг орчмын шингэнийг авсан, 30 минут алхах зогсох талаар зөвлөсөн, 07 цаг 40 минутад окситоцин дусал залгасан,

- 08 цаг 10 минутад жижүүрийн ахлах эмч Б.О  дуудагдан ирсэн, хамтарсан үзлэг хийж окситоцин дуслыг үргэлжлүүлэн эхийг төрөх замаар төрүүлэхээр шийдвэрлэсэн,

- 08 цаг 15 минутад хамтарсан үзлэг хийж, төрөлтийг төрөх замаар төрлөгийн II үеийг богиносгож вакум таталтаар төрүүлэхээр шийдвэрлэсэн, эмч Б.О  вакум таталт, эмч *******  хярзан хайчлах оёх ажилбарыг гардан хийсэн,

- 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 34 минутад 3500 гр, 52 см хүү төрж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад нас барсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Төрөлтийн I үе буюу төрөх өрөөнд байх хугацаанд төрөх өрөөний эмч нь үтрээний үзлэгийг 4 цаг тутамд хийх, эх баригч нь УЗЦ буюу ургийн зүрхний цохилтыг 30 минут тутамд чагнуураар чагнах, КТГ буюу ургийн зүрхний бичлэгийг 30 минутаар 2 цаг тутамд бичих, хэрэв эмч ургийн зүрхний бичлэгийг эрсдэлтэй гэж үнэлсэн тохиолдолд 40-90 минутаар бичлэг хийх зэрэг стандарттай байхад

Эмч *******  нь Т.А д үтрээний үзлэгийг төрөх өрөөнд орсноос хойш 5-6 цагийн дараа хийсэн, төрөлтийн түүхэнд ужиг дурдатгалын талаарх мэдээллийг хангалттай тусгасан байхад эрсдлийг урьдчилан эрт үнэлээгүй, эх баригчийн 01 цагт хийсэн ургийн зүрхний бичлэгийг эрсдэлтэй гэж дүгнэсэн атлаа эх баригчид бичлэг хийх хугацааг уртасгах, үргэлжлүүлэн тасралтгүй бичих зааварчилгааг өгөөгүй, эх баригчид удирдамжид заасан хугацаанд ургийн зүрхний цохилтыг чагнан танилцуулах, ургийн зүрхний бичлэг хийж танилцуулах талаар шаардлага тавьж ажиллаагүй, үзлэгийг хожуу хийсэн, ахлах эмчийг оройтуулж дуудсан, партограмм хангалтгүй хөтөлсөн зэргээр холбогдох удирдамж журмыг зөрчсөн байна.         

Төрөлтийн II үе буюу төрөх үйл явцад базлалт бүрийн дараа ургийн зүрхний цохилтыг чагнах, ургийн зүрхний бичлэгийг тасралтгүй бичих стандарттай байхад үүнийг хэрэгжүүлсэн талаар баримт байхгүй, эмч, эх баригч нараас бичлэгийг хэвлээгүй болохоос дэлгэц монитороор тасралтгүй харж хянаж байсан гэж тайлбарладаг, энэ нь ургийн зүрхний цохилт 100 болж цөөрсөн гэх үзлэгийн тэмдэглэлтэй тохирч байгааг дурдах нь зүйтэй.    

Эмч ******* гийн төрөгч эхэд зохих журмын дагуу үзлэг хийгээгүй, ургийг хянаагүй, төрөлтийн түүхтэй танилцаагүй эсхүл хангалттай хэмжээнд танилцаагүй, эх баригчийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй зэрэг эс үйлдэхүйг шинжээч нараас ургийн бүтэлтийг эрт оношлоогүй, төрөлтийн үеийн тусламжийг чанаргүй оройтуулж үзүүлсэн, ургийн хяналт хангалтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Харин эмч Б.О ы хувьд төрөлтийн түүхтэй танилцаагүй, төрөлтийн II үед ургийн зүрхний бичлэг хийгдэхгүй байгааг харж хянаагүй зэрэг зөрчил тогтоогдсон ба түүнийг дуудагдан ирэх үед эхэд окситоцин дусал хийгдэж байсан ба уг дуслыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг төрөлтийн эрчимжүүлэлт стандартын дагуу хийгдээгүй гэсэн дүгнэлттэй холбон үзэхэд учир дутагдалтай юм.

1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь талд авагдсан шинжээч Ж.Сарантунгалагийн 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдөр өгсөн  “Ахлах жижүүр эмч Б.О  нь төрөлтийн эрчимжүүлтийг 5 ед эхлүүлсэн, вакум таталт хийж төрүүлэх шийдвэрийг гаргасан нь Эрүүл мэндийн сайдын 313 тоот тушаалыг зөрчсөн” гэх мэдүүлэг нь

түүний 1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх талд авагдсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн  “Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамжийг мөрдөж ажилласан байна” гэх мэдүүлэг болон

түүний оролцоотойгоор гарсан 2023 оны 10 дугаар сарын 20, 2024 оны 01 дүгээр сарын 07, 2024 оны 12 дугаар сарын 20, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд, мөн бусад шинжээчдийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэнэ.

Шинжээч Ж.Сарантунгалагийн 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдөр буюу шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхдаа өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, уг мэдүүлгийн агуулга нь шинжээчийн дүгнэлтүүдээс ээр эрс зөрүүтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.    

Шинжээчийн дүгнэлтүүдээр Б.О ы вакум таталт хийж төрүүлсэн үйлдлийг “Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүйн удирдамж”-ийн дагуу хийгдсэн гэж үзсэн, түүнчлэн “Эмч, эмнэлгийн мэргэжилтний жижүүрийн үүрэг гүйцэтгэх журам”-ыг дагуу ахлах жижүүрийн хувьд дуудагдан очиж эх барихын тусламж, үйлчилгээний хүндрэлтэй, анхаарал татсан тохиолдлыг богино хугацаанд шийджээ.

Иймд Б.О д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэх эс үйлдэхүй тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

Хэдийгээр .............газарт тухай өдөр нийт 21 эх амаржиж ачаалалтай ажилласан боловч 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02 цаг 50 минут, 04 цаг 16 минут, 05 цаг 30 минут, өглөө 07 цаг 20 минут нийт 4 төрөлт бүртгэгдсэн байгаагаас үзэхэд эмч *******  нь төрөх өрөөнд хэвтэж буй Т.А ын биед үзлэг хийх боломжтой цаг хугацаа харагдана.

******* гийн 05 цагт үзлэг хийсэн гэх тэмдэглэл, 04:10-04:30 ургийн зүрхний бичлэг хийсэн гэх баримт нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал, үйл баримттай нийцэхгүй, хохирогч Т.А , гэрч Л.Г, гэрч Э.С нарын мэдүүлэг, төрөлтийн бүртгэл зэргээр няцаагдаж байна. Үүгээр 4 цаг тутамд үтрээний үзлэг хийсэн байх, 2 цаг тутамд ургийн цахилгаан бичлэг хийсэн байх гэсэн удирдамжид заасан шаардлагыг хангаж ажилласан мэтээр харагдуулахыг зорьсон байна.   

Хэрвээ *******  эмч төрөлтийн түүхтэй сайн танилцсан бол, төрөх өрөөнд бөөлжөөд байгаа үйлчлүүлэгчийг цаг алдалгүй очиж үзсэн бол, уулзаж холбогдох асуумжийг авч ярилцсан бол, ургийн зүрхний бичлэгийг зохих журмын дагуу хийлгэж хянасан бол, ургийн зүрхний цохилтыг өөрөө чагнасан бол, эрсдлийг урьдчилан үнэлсэн бол, ахлах жижүүр эмчийг оройтуулахгүйгээр дуудаж хамтарсан үзлэг хийсэн бол, ургийн архаг бүтэлтийг эрт оношилсон бол төрөлтийн төлөвлөгөөг өөрчлөх, төрөх хүчний сулрал үүсэхгүй байх, нярай эндэхгүй байх бүрэн боломжтой байжээ.     

*******  нь ................. нутаг дэвсгэрт байрлах .............газарт төрөх өрөөний эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө төрөгч эх Т.А д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүнд бүтэлттэй нярай төрж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.А , гэрч Д.Ж, Л.Г, Э.С,*******, З.Г, Э.У , шинжээч Б.Б, Д.Ц нарын мэдүүлэг, төрөлтийн түүхүүд, шинжээчийн дүгнэлтүүд, Эмгэг судлалын шинжилгээний протокол, нийслэлийн .............газрын хурлын тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол” гэж үндсэн шинжийг,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус хуульчилжээ.

Эрүүл мэндийн тухай хуульд “Эх барих” гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг,

"Эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг,

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг,

“Зохих ёсоор биелүүлээгүй” гэж эмнэлгийн мэргэжилиэн гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаанлаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүргээ биелүүлээгүйг,

“Хохирогч нас барсан” гэж эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй улмаас хохирогч нас барсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

Шүүгдэгч *******  нь өөрийн эс үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ******* д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул түүнийг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор  биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний  хэлтсийн шинжээчдийн дүгнэлтээр Т.А ын сэтгэцэд хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоогджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр гаргуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд тус гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд дээрх хуулийн зохицуулалтын хамаарахгүй байх тул хохирогч Т.А ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүхээс хохирогч Т.А ын баримтаар нэхэмжилсэн 17,763,200 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* гаас гаргуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч, ******* , түүний өмгөөлөгч П.А  нараас хохирол нөхөн төлөх талаар хүсэлт гаргасан, үүнийг шүүх хангаж шүүх хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан болно.

Товлосон шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч ******* гаас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Т.А ын эзэмшлийн Голомт банкны … тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 17,800,000 төгрөгийг “Т эмч ............” гэсэн утгатайгаар шилжүүлсэн талаар 4 хуудас баримт гаргаж өгснөөр түүнийг хохирол нөхөн төлсөнд тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хохирогч Т.А  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар ******* гаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

          Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

*******  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 1 жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, торгох ял оногдуулах санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан, сонгох ялын төрөлтэй, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний ... мэргэжлийн үйл ажиллагаа явуулах ... нэг жилээс найман жил хүртэл ... хохироглохыг эрх хасах ял гэнэ”, 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилжээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

*******  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба хүлээн зөвшөөрөх эсэх нь тухайн шүүгдэгчийн хувьд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх гэсэн эрхээ хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй юм.    

******* гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ олон жил мэргэжлээрээ ажилласан, урьд мэргэжлийн алдаа зөрчил гаргаж байгаагүй, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, оршин суух тодорхой хаягтай гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гүйцэд тээгдсэн нярай эндсэн хохирол учирсан, хор уршиг арилахгүй, нөхөгдөхгүй шинж чанар, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгрх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ******* гийн бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ял биелүүлэхийг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* д оногдуулсан 2 жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолбол зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байна.

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******* д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болсонд тооцож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б  овогт Ц-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор  биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.*******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г  овогт Б-ийн  О ыг цагаатгасугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* д 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 9000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* д оногдуулсан 9000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхийг 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Хохирогч Т.А  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар ******* гаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.  

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *******  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй зэргийг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******* д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болсонд тооцож, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ