Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 16

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 146/ШШ2019/00096 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Э.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох

“Түрээсийн гэрээний үүрэг 179.867.444 төгрөг 21 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, 96.832.923 төгрөг 39 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай” иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энхболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О нар /онлайнаар/ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э.Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сүүлд нэмэлт тайлбар гаргах тухай гээд тайлбар өгсөн. Энэ тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухайгаа тодорхой бичсэн байгаа. “Э.Д” ХХК нь хариуцагч Б.Б-тай 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж орон сууцыг хөлсөлсөн. Гэрээний нэр нь түрээсийн гэрээ гэж байгаа боловч тухайн үед орон сууцыг Б.Б-д амьдрах зориулалттай хөлсөлсөн тул талуудын дунд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 10 сарын хугацаатай байгуулагдсан. Гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болох байсан боловч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно” гэж заасны дагуу орон сууц хөлслөх гэрээ тодорхойгүй хугацаагаар сунгагдсан. Ингээд гэрээний хугацаа сунгагдсанаас хойш Б.Б нь түрээсийн мөнгөө хугацаанд нь төлөхгүй байсан. Хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлбөр хийсэн байдаг. Манай компанийн зүгээс түрээсийн төлбөрөө төлнө үү, байраа чөлөөлнө үү гэсэн мэдэгдлүүдийг өгч байсан. Хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдсан байгаа. Б.Б тухайн үед төлбөрөө төлөхгүй, орон сууцаа чөлөөлөхгүй маш удаан хугацаагаар явсан. Хаанаас олж холбоо барихаа мэдэхгүй байсан. Энэ үйлдлээс нь болж “Э.Д” ХХК нь нэг талын санаачилагаар буюу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1. “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар” эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу Б.Б нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул манай “Э.Д” ХХК нь Б.Б-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Мэдэгдэл явуулаад ерөөсөө болоогүй тул 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцлаад байрыг чөлөөлөхөөр очсон. Үүнээс өөр арга байгаагүй. Байрыг чөлөөлөх үед орон сууцанд Г гэдэг хүн байсан. Тэр хүнд байрыг 3 хоногийн дотор буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр чөлөөл гээд гарын үсгийг нь аваад мэдэгдлийг өгсөн байгаа. Г гарын үсэг зурсан. Бид Б.Б-д үүнээс өөр байрыг чөлөөл гэж мэдэгдэх арга байгаагүй. Тиймээс Г гэдэг хүнд орон сууцыг чөлөөлөх мэдэгдэл өгсөн нь хангалттай гэж үзэж байгаа. Түүнээс гадна хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон сая хэлсний дагуу тайлбар хийе. 2017 оны 07 дугаар сард цоожны голыг нь сольсон байсан гэдгийг өөрөө мэдсэн байсан. Байрны цоожны голыг сольсон гэдэг чинь эд хөрөнгөө аваарай гэрээг дуусгавар болгож байна гэсэн утгатай гэдгийг өөрөө ойлгож байгаа байх. Ер нь бол 2017 оны 07 дугаар сараас хойш байрыг чөлөөлөх ёстой гэдгийг мэдэж байсан гэдэг нь харагдаж байна. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байрыг чөлөөлж өгөөрэй гэж байхад чөлөөлөөгүй. Түүнээс хойш компанийн зүгээс удаа дараа мессэж бичсэн байдаг юм байна лээ. Залгахаар утсаа авдаггүй байсан юм байна лээ. Ингээд эд хөрөнгөө авахгүй байж байгаад Б.Б-г баривчлагдах өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгийг нь Б гэдэг хүнд хүлээлгэж өгөх талаар зөвшөөрөл аваад Б.Б-н эд хөрөнгийг Б гэдэг хүнд хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэхдээ энэ Б гэдэг хүн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бүх эд хөрөнгийг нь авч яваагүй. Бага багаар зөөсөөр байгаад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эцсийн байдлаар эд хөрөнгийг нь авч явсан. Энэ хугацаанд бид нар орон сууцыг ашиглах, бусдад хөлслүүлэх боломжгүй байсан. Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгөх нь хөлслөгчийн үүрэг. Хүлээлгэж өгдөггүй юм аа гэхэд доторх эд хөрөнгөө авч орон сууцыг чөлөөлж өгөх зайлшгүй шаардлагатай байсан. Байрыг чөлөөлж өгөөгүйгээс болж манай компани Б.Б-н эд хөрөнгийг олон сар хадгалсан. Байр хүлээлцэх асуудал нь тухайн орон сууцыг бүрэн бүтэн, доголдолгүй буцааж өгөх хариуцагчийн үүрэгтэй нь холбоотой. Түрээслэгч болон түрээслүүлэгч нь 2-уулаа байж байгаад гарын үсэг зурж хүлээлцэж авах ёстой байгаа. Гэхдээ Б.Б-н хувьд тэгэх боломжгүй байсан. Хариуцагч тайлбарлахдаа хүлээлгэж өгөх боломжгүй нөхцөлд байсан гэж өөрөө тайлбарлаж байна. Бид нар тэрийг нь ойлгож байгаа. Гэхдээ байрыг хүлээлгэж өгөх гэдэг нь бол хөлсөлж авсан иргэний Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа байдал юм. Эрх зүйн харилцаанд оролцож бусдын эд хөрөнгийг хөлсөлж амьдарч байна гэдэг нь тодорхой хэмжээний хариуцлагатай байх ёстой. Боломжгүй байсан гэдгийг нь ойлгож байгаа боловч эрх үүргээ ухамсарлаад таньдаг хүндээ захих, эсхүл бичиг хийж явуулах юм уу утсаар мэдэгдэж болох байсан. Тэгсэн бол бид нар тэр хүнтэй нь байрыг хүлээлцэх боломж байсан. Гэтэл өөрөө тэр үүргээ биелүүлээгүй байж орон сууцны засвар, элэгдлийн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж бодож байна. Манай компанийн хувьд орон сууц худалдаж, түрээсэлж ашиг олдог ашгийн төлөө хуулийн этгээд юм. Тиймээс Б.Б-г хорих ангиас гарч ирээд байр хүлээлгэж өгөх хүртэл хүлээх бид нарт их хохиролтой байсан. Тэгээд бид өөрсдөө тэр хүнд нь байранд байсан эд зүйлийг хүлээлгэж өгөөд дараа нь байрны зургийг авчихаад засвараа хийсэн. Б.Б-н эд зүйлийг хүлээлгэн өгсөн акт гээд жагсаалт байгаа. Тухайн үед нь байрны тоноглолд хийх засварыг хүлээн зөвшөөрч байна гээд Б гэдэг хүн нь гарын үсэг зураад явсан. Бид нар байрыг шинэ байсан үеэс нь илүү элэгдүүлсэн байдлыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Ер нь нохойгоо байранд байлгадаг. Хааяа орхиод явчихдаг байсан гэсэн. Нохой нь ханын обой самардаад хуулаад хаячихсан байдаг мөн орон сууцны иргэд гомдол мэдүүлдэг байсан гэж хэлсэн. Эд хогшил алга болсон, нохой самардсан зэрэг зүйлийг зурагнаас нь харж болно. Зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан. Тиймээс бид “И” компаниар засвар хийлгүүлж, өөрсдөө засварын материалаа гаргасан. Энэ байр нь 2013 оны 10 дугаар сард Улсын комиссын актаар ашиглалтад орсон. Өмнө нь хэн ч амьдарч байгаагүй цоо шинэ байрыг Б.Б-д хүлээлгэж өгсөн. Тэгэхээр энэ байранд засвар хийхэд гарсан зардал нь Б.Б амьдарч байхдаа гаргасан элэгдэл хорогдолтой шууд хамааралтай гарсан зардал гэж үзэж байна. Иймд гэрээнээс үүдэлтэй үлдэгдэл түрээсийн төлбөр, алдагдал, хохирол, олох ёстой байсан орлого, байранд засвар хийсэн төлбөр зэргийг нэхэмжилж байна. Нийт нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага 250.637.214.09 төгрөг байна. Үүний задаргаа нь түрээсийн төлбөр 101.662.475.70 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу сарын 3000 ам доллор төлөх үүрэгтэй байсан. Түрээсийн төлбөрөө төлөхдөө төгрөгт шилжүүлж төлдөг байсан учир ямар нэгэн хууль зөрчсөн хэлцэл байгаагүй. Түрээсийн төлбөрийг төлөхдөө Монгол банкнаас зарласан ханшаар бодож төлдөг байсан. 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон түрээсийн гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаа буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн нийт үлдэгдэл нь 42.200.41 ам доллор болж байгаа. Үүнийг нэхэмжлэл гаргасан өдрийн доллорын ханшаар бодоод нийт 101.662.475.70 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Энэ түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь юугаар нотлогдож байна вэ гэхээр “Э.Д” ХХК-ийн нягтлан бодогчийн гаргасан Б.Б-н түрээсийн тооцоо гэсэн актаар нотлогдож байна. Б.Б нь нийт 6 удаагийн төлөлт хийсэн байна. Энэ төлөлт нь банкны тамгатай хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнчлэн нэхэмжлэл гаргасан өдрийн ам долларын лавлагааг гаргаж өгсөн байгаа. Түрээсийн гэрээний 2.1-т заасны дагуу түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Алданги 49.400.000 төгрөг болсон. Энэ алдангийг мөн түрээсийн гэрээнд заасны дагуу нэхэмжилж байна. Түрээсийн гэрээнд орон сууц түрээслэгч нь төлбөрөө 7 хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 100.000 төгрөгөөр алданги тооцож төлнө гэж заасан байгаа. Энэ нь Иргэний хуульд заасан алданги, торгууль бол биш. Гэхдээ бусад гэрээний хариуцлагад анз, алданги гэж тусгаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу ийм хариуцлагын хэлбэрийг талууд тохиролцож гэрээнд оролцсон. Энэ заалтын дагуу нэхэмжилж байгаа. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тодорхой хэмжээний түрээс гэрээний үлдэгдэлтэй болж эхэлсэн буюу гэрээний хугацаа хэтэрсэн байсан. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс түрээсийн гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаа буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 494 хоног байна. 494 хоногийн алданги буюу 49 400 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д цахилгаан, дулаан, халуун ба хүйтэн ус, кабель, телевизор, интернэт зэрэг ашиглалтаас гарсан зардлыг түрээслэгч хариуцах болно гэж заасны дагуу орон сууц ашиглалтын зардлыг түрээслэгч төлөх үүрэгтэй байсан. “ЭТС" компанитай тооцоо нийлсэн акт байна. Энэ актанд ашиглалтын зардпын тухайн сарын төлбөр хэд байсан, түрээслэгч хэдэн төгрөг төлөх ёстой байсан, “Э.Д” ХХК хэдэн төгрөг төлсөн бэ гэсэн акт байгаа. Энэ актад зааснаар түрээслэгч гэрээний явцад байрны ашиглалтын зардал нийт 7.529.120 төгрөг төлсөн ба түрээслэгчийн төлөөгүй 5.081.815 төгрөгийг “Э.Д” ХХК төлсөн. Хэрвээ түрээслэгч нь байрны ашиглалтын зардлыг хугацаанд нь төлсөн. Мөн байрыг хугацаанд нь суллаж өгсөн бол “Э.Д” ХХК 5.081.815 төгрөгийг “И” компанид төлөх ёсгүй байсан. Олох ёстой байсан орлого 63.116.848 төгрөг байна. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол албаны орон сууц эзэмшихтэй холбогдсон харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдох журам нэгэн адил хамаарна” гэж заасан байна. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө”, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5. “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” гэж заасан байдаг. Б.Б нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс болж манай компани олох ёстой байсан орлогоороо хохирсон. Эд хөрөнгөө хугацаанд нь гаргаад байраа чөлөөлсөн бол бид нар тухайн орон сууцыг өөр этгээдэд хөлслөөд орлого олох боломжтой байсан. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эд хөрөнгө нь байсан учир бид нар ашиглаж чадаагүй. Манай компанийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд шаардах боломжтой ч гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах гээд байгаа тул бид нар 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх байдпаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн дээрх 2 заалтын хүрээнд мөн тухайн үед байранд байсан Г гэдэг хүнд 2017 оны 07 дугаар сарын дотор байрыг чөлөөл гэдэг мэдэгдэл өгсөн. Байрыг чөлөөлөх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан байх гэж ойлгож байна. Мөн хариу тайлбартаа мэдсэн гэдгээ дурдсан байдаг. Иймд бусдад уг орон сууцыг түрээслүүлсэн бол олох ёстой байсан орлого нь 8 сар 22 хоногийн хугацаанд 26.200 ам доллор байна. Үүнийг Монгол банкны ханшаар бодоход 62.718.708 төгрөг болж байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсний дагуу нэхэмжилж байна. Дараагийн нэг шаардлага нь орон сууц засварлахад учирсан хохирол нь нийт 31.774.315.49 төгрөг байна. Түрээсийн орон сууц нь нийт 206.36 м2 талбайтай. Тухайн үед Б.Б-г оруулж байхдаа орон сууц түр хүлээлцэх акт гээд акг үйлдсэн. Үүнд хана, шал зэрэг эд зүйлийг бүгдийг нь жагсаасан байгаа. Хэрвээ ямар нэгэн доголдол байх юм бол “Э.Д” ХХК нь түүнийг сольж өгнө. Гэхдээ тухайн хүлээлцэх актыг харахаар ямар ч асуудалгүй зүйл хүлээлгэж өгсөн болох нь харагддаг. Хэдийгээр Б.Б нь би хэдхэн сар амьдарсан ямар нэгэн эд хөрөнгийн доголдол үүсгээгүй гэж байгаа боловч Б.Б-г амьдарч байх үед үүссэн эвдрэл гэмтлүүд байсан. Түүнээс бид нар зүгээр байсан зүйлийг өөр компанитай гэрээ байгуулаад засвар хийх шаардлага байхгүй. Юу, юунд засвар хийсэн гэдгээ нотлох баримт шинжлэн судлахдаа харуулна. “И” компанитай анх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Б.Б-н амьдарч байсан 105-101 тоот байр болон өөр 101-301 тоот байранд засвар хийхээр тохиролцсон. Тэгээд засварын ажлыг ерөнхийд нь 7.000.000 төгрөгөөр хийгээд өгье гээд 7.000.000 төгрөгөөр засварын ажлыгхийлгэсэн. Гэрээ байгуулсанаас 2 сарын дараа 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээнд нэмэлт оруулсан 105-101 тоотод плакатан шал нэмээд төлбөрийг 1.208.000 болгосон бөгөөд энэ 2 байрны засварын зардалд “Э.Д” ХХК-иас 8.208.000 төгрөгийг төлсөн. Ингээд Б.Б-н байранд хамааралгүй засварын зардал буюу 741.098 төгрөгийг хасахаар 7.466.902 төгрөгийг хариуцагч Б.Бас гаргуулна. Ер нь орон сууцанд учруулсан хохирол бол ггтулгыг амьдарч байх хугацаанд орон сууцыг ердийн элэгдэл хорогдлоос гасантай холбоотой хохирол болохоор манай компанийн зүгээс энэхүү осирлоо нэхэмжилж байна. Энэ 5 шаардлагын дагуу 250.637.214.09 төгрөгийг хэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна” гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ....Миний бие Б.Б нь анх 2015 онд “ЭТС” гээд борлуулалтын албанд ажиллаж байсан Э гэдэг захиралтай нь уулзсан. Тухайн үед Э гэдэг захирал нь чи манай байрыг худалдаж авахгүй юм уу гэсэн. Тэр үед байранд нь нэг ч айл ороогүй байсан. Тэгээд би ямар нөхцөлтэй худалдах юм бэ гэхэд чи 30 хувь юм уу, 50 хувиа урьдчилж төлөөд үлдсэнийг нь 2 жилийн хугацаанд лизингээр хүүгүй төлөөд явж болохгүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би надад тийм боломж алга өөр ямар нөхцөл байна вэ гэхэд. Чи манай байрыг түрээсэлчих тэгээд жил болоод чамайг байраа авах боломжтой болохоор түрээсийн мөнгийг чинь тухайн байрны үнээс хасаад авъя гэсэн. Тэгээд цоо шинэ байранд ор гэхээр нь бид 2 тохиролцоод 10 сарын хугацаатай түрээсийн гэрээгээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулахдаа Э намайг шинэ хөшиг ханын шкаф байхгүй хоосон байранд оруулсан. Гэхдээ би өрөөнд хөшиг, шинэ тавилга 30 000 000 төгрөгөөр авч тавьсан. Тухайн үед би урьдчилгаа өгч байсан. Хэдийг өгсөн гэдгээ санахгүй байна. Сүүлийн 2, 3 сарын мөнгийг нь өгсөн байсан. Гэрээний хугацаа дуусаад 3 сар хэтэрсэн байхад Э гэдэг хүн одоо чи байрнаасаа гар манайх гэрээгээ үргэлжлүүлэхгүй үлдэгдэл төлбөрөө өгөөд гар гэж шаардсан. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ. Танайх надаар шинэ тавилга авхуулчихаад, сарын 3000 долларын түрээс авчихаад юу яриад байгаа юм бэ гэрээгээ сунгая гэсэн чинь намайг үлдэгдэл 2 сарын төлбөрөө мөн гэрээ хэтэрсэн 3 сарын төлбөрөө өгөөд байрнаас гар манай “Э.Д” ХХК буюу толгой компани наад хүнд худалдахгүй гэсэн. Тэгэхээр нь би “Э.Д" ХХК-ийн захирал М гэдэг хүнтэй удаа дараа холбогдсон. Холбогдоод гэрээ сунгамаар байна би энэ байранд зөндөө юм хийсэн. Тэгээд одоо гар гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь тийм юм байхгүй үлдэгдэл 2 сарын төлбөрөө мөн гэрээ хэтэрсэн 3 сарын төлбөрөө өгөөд манай байрыг чөлөөлөөд өг гэсэн тэгэхээр нь би зөндөө гуйсан. 104 дүгээр байрны 1 давхарт оффис байсан салбарт нь хүртэл очиж байсан. Тэгээд миний хүсэлтийг хүлээж авахгүй болохоор нь би тэгүүл энэ байрнаас чинь гарлаа. Харин үлдэгдэл 2 сарын төлбөрөө мөн гэрээ хэтэрсэн 3 сарын төлбөрөө өгөхгүй гэсэн чинь миний эд зүйлийг өгөөгүй. Манай захирлууд төлбөрөө төлөхгүй бол эд зүйлийг чинь өгөхгүй гэсэн гээд манай тог, усыг таслаад хаячихсан. Би 2 сар шахуу тоггүй байсан. Тэр хугацаанд би очоод хувцсаа авчихаад л явдаг байсан. 2017 оны 07 дугаар сард 1 сар хоригдсон. Тухайн үед манай гэрт хуурай дүү маань миний пүүзийг авах гээд очсон чинь “Э.Д” ХХК-ийн хүмүүс таараад манай гэрийн түлхүүрийн голыг сольсон байсан. Миний эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлцсэн үгүйг нь би одоо болтол мэдэхгүй байна. Би 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр батлан даалтад гараад М гэдэг захиралтай нь өөрийнхөө  гэсэн дугаараас залгаад би Б.Б байна эд зүйлээ авъя. Яагаад түлхүүрний голыг сольсон юм бэ. Гэрээгээ үргэлжлүүлье ярьсан юм хэвээрээ биз дээ гэсэн чинь үгүй манайх тийм юм яриагүй гэсэн. Тэгээд утсаар ярьтал сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгээд мессеж бичиж эхэлсэн. Мөн энэ компанийн хуульчтай харьцаж байсан. Тэр баримт нь надад байгаа. Гэхдээ надад нотлох баримт гаргаж өгөх боломж байгаагүй. Түүнээс надад нотлох баримт байгаа. Хамгийн сүүлд би эд зүйлээ авахын тулд борлуулалтын менежер залуутай нь миний юм юу болж байна гэж асуухад ирээд эд зүйлээ ирж  ав гэсэн. Тэгээд би 2 нүүлгэлтийн машин хөлслөөд нэг найзыгаа дуудаад эд зүйлээ авах гээд очтоп Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хар тамхитай тэмцэх хэсгээс намайг баривчилсан. Би тухайн үед эд зүйлээ хүлээж авчихаад явъя гэхэд хүлээж аваагүй. Тэгээд “Э.Д” ХХК-ийн нэг ажилтан ирээд нэг бичиг дээр гарын үсгээ зурчих гэхээр нь би найздаа хүлээлгэж өгөөд явъя гээд хүчээр Б гэдэг найздаа гарын үсэг зурж өгсөн. Манай найз миний эд зүйлийг бүрэн бүтэн хүлээж авсан үгүйг мэдэхгүй байна. Тэр үеэс хойш би 1 жил гаруй хорих ангид хоригдсон. Тэр байранд би нийт 13 сар амьдарсан. Ганц бие амьдардаг байсан. Тиймээс эвдэрч гэмтээд засвар хийхээр болсон гэдэгт нь би итгэхгүй байна. Хэргийн материал дээр байгаа обой урагдсан зургийг манай үүдний өрөөнд байгаа жижигхэн урагдсан хэсгийн зургийг томруулж авсан харагдаж байна лээ. Нэг өрөөг нь бүтэн засвар хийхэд “Э.Д” ХХК-ийн зүгээс өөрсдөө надад зөвшөөрөл өгсөн. Чи энэ байрыг худалдаж авах гэж байгаа учир юу дуртайгаа хий гэсэн зөвшөөрлийг өгсөн. Эд зүйл тогтооход өөрсдөөс нь асууж засвар хийсэн. Би яг гэрээний хугацаан дахь бүх мөнгөө төлсөн. Тэрнээс гадна 2 сар гаруй хугацааны ямар төлбөр нэхээд байгааг нь би ойлгохгүй байна...” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** овгийн Б.Б /***/-аас 250.637.214.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э.Д” ХХК-д олгохоор, “Э.Д” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 26.063.154.21 төгрөгөөс татгалзсан болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-аас 1.411.136 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э.Д” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.699.403 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах эрхийг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй мэдэгдсэнээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаа хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хариуцагч нь шүүх хуралдаанд "хэргийн үйл баримтын талаар зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтаар тэрээр нотлогдоогүй, үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй болно” гэсэн хууль зүйн дүгнэлт хийжээ. Шүүх хэргийг дээрх байдлаар шийдвэрлэсэн нь талуудын тэгш байдлын зарчмыг алдагдуулж, мөн Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, ... хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Б.Б-н хүсэл сонирхол бол байр худалдан авах хүсэл зориг байсан. Улмаар “Э.Т.С” ХХК-ийн захирал н.Э нь Б.Б надад манай байрыг худалдаж авахгүй юм уу гэж санал тавьсан. Ингээд бид нарын хооронд дараах тохиролцоо яригдсан. Үүнд: “ЭТС” ХХК-ийн захирал н.Э-ын зүгээс 30 хувь, эсхүл 50 хувийг урьдчилгаанд төлөөд үлдсэнийг нь 2 жилийн хугацаанд лизингээр хүүгүй төлөөд явж болно гэсэн. “Миний зүгээс бол надад тийм болж алга байна, харин өөр ямар боломж байна гэхэд, тэгвэл чи манай байрыг түрээсэлчих түрээсийн төлбөрийг чинь тухайн байрны үнээс хасч тооцно” гэж тохиролцоод урьдчилгаа хэдэн төгрөг өгөөд түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Ингээд тухайн байранд ороход чи энэ байрыг худалдаж авах гэж байгаа болохоор засвар үйлчилгээг өөрийн дураар янзалж болно гэсэн. Би нэг өрөөнд бүтэн засвар хийсэн, тэр үед мөн би эд зүйл тогтооход өөрсдөөс нь асууж байсан ингээд шинэ тавилга авч, засвар хийх зардал нийлээд 30.000.000 төгрөг болсон. Би энэ байранд 13 сар ганцаараа амьдарсан. Тиймээс эвдэрч гэмтээд засвар хийхээр болсон гэдэгт итгэхгүй байна. Гэрээний хугацаандаа бүх төлбөрийг өгсөн гэж маргасан. Иргэн Б.Б миний бие дээрх байдлаар шүүх хурал дээр тайлбар гаргаж, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, өмгөөлөгч авч шүүхэд хуралдаанд оролцох боломж надад байгаагүй. Учир нь иргэн Б.Б миний бие  хугацаанаас өнөөдрийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 423 дугаар хорих ангид ял эдэлж байсан. Би тус шүүхийн 2019 оны 04 дүээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Татгалзлын үндэслэлээ өмнө 3 удаа өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж хойшилсон энэ үед авах боломжтой байсан гэж тайлбарласан. Б.Б миний бие дээрх 3 удаа хурал хойшилоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 423 дугаар хорих ангид хоригдож байсан. Иймд өмгөөлөгч авах боломж байгаа тухайгаа тайлбарлан хэлж, уг хэргийг миний ялын хугацааа дуусахаар шийдвэрлэж өгөхийг хүссэн. Ялын хугацаа дуусаж суллагдсанаар өмгөөлөгч авах боломжтой болох байсан. Өөрөөр хэлбэл иргэн Б.Б миний бие шүүхэд өөрийн биеэр тайлбар гаргах болон нотлох баримт гаргаж өгөх, шаардлагатай нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, түүнчлэн тус байранд үлдээсэн эд хогшил дутсан эвдэрсэнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжпэл гаргах зэрэг эрхээ өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх байсан. Хүний эрхийг хангах баталгааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрх бөгөөд Үндсэн хуулиар уг эрхийг баталгаажуулж өгсөн. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй...” хэмээн иргэний Үндсэн эрхтэй холбогдуулан баталгаажуулсан. Мөн Хүний эрхийн тухай конвенцийн ”8 дугаар зүйл Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэж тусгасан байхад иргэн Б.Б миний хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-н өдрийн 146/ШШ2019/00096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь байр худалдан авах хүсэл зоригтой байсан, надад байр худалдан авах санал тавьсан гэж байгаа ч талууд түрээсийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцож, Б.Б түрээсийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх тухайд, “Э.Д” ХХК нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн Б.Б-д холбогдуулан удаа дараа шүүхэд нэхэмжлэл болон эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, 3 гаруй жилийн хугацаанд энэ маргаанд үргэлжилж байна. “ЭД” ХХК  нь ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд тул хариуцагчийг хорих ангиас гарах хүртэл хүлээх нь бидэнд цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд ихээхэн хохиролтой юм. Мөн иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүхийн зүгээс удаа дараа хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаж шүүх хуралдаан хойшлуулж байсан. Шүүхийн зүгээс үүнээс өөрөөр хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангах боломжгүй. Иймд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэсэн гомдол нь үндэслэлгүй. Ийм анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ. Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нэг нөхцөл нь хэргийн оролцогч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол сонгож авсан өмгөөлөгч, төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд шүүх талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүрэгтэй.

          Хариуцагч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 820 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байжээ /хавтаст хэргийн 55, 69, 70 дугаар хуудас/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйлийн  210.1.3-т зааснаар хоригдол өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа авах эрхтэй, мөн хуулийн 237 дугаар зүйлийн 237.1-д зааснаар хорих ангийн алба хаагч хоригдлын өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэсний дараа хорих ангийн даргад танилцуулж харьяаллын дагуу шилжүүлэх үүрэгтэй байна. Хариуцагч Б.Б ял эдэлж байх үедээ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан эсэхийг тодруулалгүй, мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжит хугацаагаар хангалгүй хэргийг шийдвэрлэжээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тухайлбал өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

  Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Хариуцагчийн “...миний бие шүүхэд өөрийн биеэр тайлбар гаргах болон нотлох баримт гаргаж өгөх, шаардлагатай нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, түүнчлэн тус байранд үлдээсэн эд хогшил дутсан эвдэрсэнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжпэл гаргах зэрэг эрхээ өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх байсан.., хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн...” гэсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 411 137 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Б.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 19-нд өмгөөлөгч Ж.О-той /Улаанбаатар хотод оршин суудаг/ өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан тул хариуцагчийн өмгөөлөгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах боломжит хугацаа байгаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 146/ШШ2019/00096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хариуцагч Б.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 411 137  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.