Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

   2017         10           05                                             147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд, О.Сайнгэрэл Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн

                        Орчуулагч Т.Жавхлан

Шүүгдэгч Ма Чун Жин нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ма Чун Жинд холбогдох эрүүгийн 201611000447 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, 1969 оны 06 сарын 29-ний өдөр БНХАУ-ын Анхуй мужийн Тун лин хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, ковшийн жолооч мэргэжилтэй, “Шинь шинь” ХХК-ний үүрэг гүйцэтгэгч “Тун гуан Майнз констракшин Монгол” ХХК-д жолооч ажилтай, БНХАУ-ын Анхуй мужийн Тун лин хотын “Тин мань зин” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Ма Чун Жин /РД-G37330516/,

 

Шүүгдэгч Ма Чун Жин нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-ний үүрэг гүйцэтгэгч “Тун гуан майнз констракшн” ХХК-нд ачигч машины жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 10 сарын 29-ний өдрийн орой 23 цагийн орчимд далд уурхайн 1005 дугаар түвшинд 35-23 УБ дугаартай Sinome ACY-2C маркийн ачигч машинаар Jin Fang маркийн 97-34 ДОА дугаартай ачааны машиныг мөргөж машины гадна талд байсан Н.Отгонбаатарыг ачааны машин болон уурхайн ханан завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ма Чун Жин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “10 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед 1005 дугаар түвшний гарамд хүдэр ачих ажлыг гүйцэтгэж байсан. Ачааны машин бүрт 5 удаа ачиж байж нэг машин дүүрдэг. Тухайн үед би ачааны машин дүүргээд цааш хүдэр авах газар руу явсан. Буцаад хонгилын уулзвар хэсэгт ирэх үед нэг машин уурхайн ам руу гардаг тунель дээр орчихсон байхыг  харсан.Тэгээд би ковшныхоо гэрлийг 5-6 удаа анивчуулж дохисон.Гэвч тэр машин огт хөдлөөгүй. Би уурхайн амаар газрын гадар гуу руу гар гэж дохисон юм.  Учир нь  машин зөрөх боломжгүй нарийхан байдаг. Би өөрөө монгол хэл мэдэхгүй болохоор  монгол ажилчидтай хэл нэвтрэлцэх боломжгүй байдаг. Тийм болохоор би ковш  дээрээ суугаад хүлээсэн. Тэгээд байж байтал нэг монгол ажилчин гэнэт гарч ирээд миний ойлгохгүй  зүйлүүдийг  ярьсан. Намайг ямар нэгэн үйлдэл хийхгүй болохоор нь машинаас чирж буулгаад ослын газар аваачсан. Ингээд би хэрэг гарсан талаар  ойлгосон. Би хамгийн түрүүнд энэ талаар компанийн удирдлагадаа хэлэх нь зүйтэй гэж бодсон. Ямар нэгэн осол болох юм бол удирдлагадаа хандах дотоод журам байдаг болохоор би шууд гарч явсан. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Доржийн Балжинням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Талийгаач Н.Отгонбаатар нь миний хамгийн бага хүү юм. Миний гурван хүү “Шинь Шинь” ХХК-д ажилладаг бөгөөд том хүү Баттулга нь хамгаалалтын албанд, дунд хүү Насанбаатар, талийгаач Отгонбаатар нар жолоочоор ажилладаг байсан. 2016 оны 10 сарын 30-ны өглөө 07 цагийн орчимд манай хамаатны хүн Нацагдорж манай гэрт ирээд “За нэг асуудал боллоо, Шинь Шинь уурхай дээр” гэхээр нь би дотроо “өчигдөр орой манай хоёр хүү Насанбаатар, Отгонбаатар нар ээлжинд гарсан байх ёстой, нэг юм болж” гэж бодсон. Тэгээд би нас барсан юм уу гэхэд тийм гэж хэлсэн. Манай хүү Улаанбаатар хотод ковшны курсэд сурч төгсөөд үнэмлэхтэй болсон. Би ямар ангиллын үнэмлэхийг мэдэхгүй байна” гэжээ. /1-р хх-ийн 18/

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Болдын Бямбахишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Н.Отгонбаатар бид хоёр “Шинь Шинь” ХХК-д цуг ажилладаг юм. Би уг компанид 2015 оны 09 сарын 21-ний өдөр туслах тогоочоор ажилд орсон. Н.Отгонбаатар нь 2016 оны 05 сарын 03-ны өдөр “Тангуан Майнз” констракшн ХХК-д жолоочоор ажилд орсон. 2016 оны 10 сарын 29-ний өдөр би ажил дээрээ буюу гал тогоонд ажиллаж байгаад 23 цагийн орчимд ажлаасаа буугаад усанд орчихоод амрах өрөөнд ирэхэд манай нөхөр Н.Отгонбаатарыг нас барсан талаар хүмүүс хэлсэн. Би осол болох үед хажууд нь байгаагүй учир хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн яриагаар хятад жолооч ковшоороо хажуу талаас нь мөргөөд хананд шахаад алсан гэж сонссон”  гэжээ. /1-р хх-ийн 30/

Гэрч Намдагийн Насанбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2016 оны 10 сарын 29-ний өдөр би шороогоо машиндаа ачуулаад явж байхад хятад иргэний /Ма Чун Жин/ ажиллуулж байсан ковшийн хажуугаар явж байхад миний төрсөн дүү Отгонбаатар өөрийнхөө самосмол машинтайгаа шороо ачуулах гээд орж ирж байсан. Би уурхайн амнаас гараад шороогоо асгачихаад буцаад уурхайн ам руу орсон. Тэгээд явж байхад машины гэрэл тусахаар нь Отгонбаатарыг гарч байгаа юм байна даа гээд машиныхаа гэрлээр дохиход өөдөөс ямар ч хариу өгөхгүй болохоор нь машинтайгаа дөхөөд очиход Отгонбаатарын машин нь зүүн талаараа хана руу наалдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би машинаасаа буухад Отгонбаатарын машины ард ковш тулж зогссон байдалтай байсан ба намайг машинаас бууж байхад ковшийн жолооч ковшоо ухрааж байсан. Би дүү Отгонбаатарын машины баруун талын хаалганы гишгүүр дээр зогсоод кабин руу орж харахад дүү маань байхгүй байсан. Тэгээд машины баруун хойд талын дугуйны тэнд очоод машины доогуур орж гэрэл тусгаж харахад Отгонбаатарын хоёр хөл нь агаарт байсан. Тэгтэл ковшийн жолооч хятад миний өөдөөс ирэхэд би тэр хятадад “чи хүн алчихлаа шүү дээ” гэж хэлэхэд гүйгээд уурхайн амнаас гарч явсан. Би машины баруун талын хаалгыг татсаар байгаад онгойлгоод кабин руу ороод дүүгийнхээ гүрээний судсан дээр гараа хүргэхэд надад ямар нэгэн судасны цохилт мэдрэгдээгүй. Харин дүү маань машин, хана хоёрын хооронд хавчуулагдаж нас барсан байдалтай байсан...” гэжээ. /1-р хх-ийн 53-54/

Гэрч Мятавын Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би ачаагаа аччихаад гарах үүд рүү уурхайн ам руу хөдлөөд 40-50 метр явж байтал талийгаачийн ах Насанбаатар өөдөөс явган бахирсаар ирсэн. Тэгээд яасан гэхэд дүү маань өнгөрчихлөө гэхээр нь би машинаас буугаад очиход ачааны машин хана хоёрын дунд хавчуулагдсан байсан. Тухайн үед ковш нь Отгонбаатарын машины ар талд / хаашаа хараад зогсож байсныг хэлж мэдэхгүй байна/ зогсож байсан. Ковш нь асаалттай, унтраалттай байсныг санахгүй байна, ачааны машин унтраалттай байсан шиг санаж байна. Насанбаатар надад “дүү маань өнгөрчихсөн байна, би Хятад жолоочид хүн алчихлаа” гэхэд хажуугаар гараад зугатаасан, ковш дүүгийн машины араас мөргөчихөөд ухарч байсан” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Намайг уурхайн ам руу ачаагаа ачуулахаар ороход Отгонбаатар гардаг зүг рүү хараад харин хятад жолооч цаанаас шороогоо ковш дээрээ ачиж байсан. Тэгээд бид нар хөдөлгөж болохгүй гээд доор нэг хэсэг зогссон” гэжээ. /1-р хх-ийн 56/

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 05/092/11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна. Улсын дээд шүүхийн 2009 оны 05 сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахиж хангуулах үүрэг бүхий этгээд гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг шууд хариуцаж байгаа аливаа этгээд хамаарна...” гэж тус тус заасны дагуу “Тунгуан Майнз конштракшн Монгол” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг уурхайн даргын 2016 оны 07 сарын 15-ны өдрийн 2016042 тоот тушаалаар томилон ажиллуулж ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан материалуудтай танилцахад тус компани нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 28 дугаар зүйлийн 28.1.6-д “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж хуулинд заасны дагуу “Автомашины жолоочийн аюулгүй үйл ажиллагааны заавар” “Далд уурхайн төмөр замын бус тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны удирдлагын дүрэм” –ийг баталж мөрдүүлсэн байна. Иймд “Тунгуан Майнз конштракшн Монгол” ХХК нь хуулиар заасан эрх зүйн заалтуудыг болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтныг томилон ажиллуулж байсан байна.

2.Гэвч хавтаст хэрэгт авагдсан материалууд гэрчүүдийг байцаасан тэмдэглэлүүдтэй танилцахад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт зохион байгуулалт” Монгол Улсын MNS:4969:2000 стандартын 4.1-д заасан урьдчилсан, ажлын байранд анхан шатны, давтан зааварчилгааг нийт ажилтнууддаа монгол хэлээр хийгдэж байгаа ажилтай уяалдуулж өгч байсан гэх баримтууд авагдаагүй байгаа тул дээрхи заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.           3. “Тунгуан Майнз конштракшн Монгол” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцах ажилтныг уурхайн даргын 2016 оны 07 сарын 15-ны өдрийн 2016042 тоот тушаалаар томилон ажиллуулж байсан. Иймд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн ауюлгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна” гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй болно.

4.”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай” хуулийн дээрх заалтын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтныг томилон ажиллуулсан байна.

5. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д “Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх, Мөн хуулийн 18.2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн зүйлийн 18.2.6-д “Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, мөн зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, мөн “Тунгуан Майнз конштракшн Монгол” ХХК-ний “Автомашины жолоочийн аюулгүй үйл ажиллагааны заавар”, 2.9-д “Авто машиныг зогсоох үед тохиромжтой газрыг сонгох бөгөөд хаа хамаагүй зогсож болохгүй, машиныг зогсоосны дараа түлхүүрийг авч, гар тоормосыг татна” гэсэн заалтуудыг осолдогч Н.Отгонбаатар тус тус зөрчсөн гэж дүгнэж байна” гэжээ. /1-р хх-ийн 79-81/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 92 тоот дүгнэлтэд:

“1.Талийгаач Н.Отгонбаатарын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн 7,8,9,10-р хавирганы хугарал, зүүн уушигны цус хуралт, баруун хацар, эрүүний зулгаралт цээжний цус хуралт, нурууны дарагдлын ором бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг дор үүсгэгдсэн байх боломжтой байна.

 4.Зүүн 7,8,9,10-р хавирганы хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн уушигны цус хуралт, баруун хацар, эрүүний зулгаралт, цээжний цус хуралт, нурууны дарагдлын ором бүхий гэмтлүүд нь тус бүртэй Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Талийгаач Н.Отгонбаатарын цогцост хийсэн үзлэгээр биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй.

6.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7.Талийгаач Н.Отгонбаатар нь цээж, хэвлий дарагдсанаас амьсгал бүтэж нас барсан байна.

8.Талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.

9.Талийгаач нь А (II) бүлгийн харъяаллын цустай байсан байна” гэжээ. /1-р хх-ийн 87/ 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн автотехникийн комиссын бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон шинжээчийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 01 тоот дүгнэлтэд:

Хариулт 1.”Шинь Шинь ХХК-ний үйлдвэрлэлийн талбайд 2017 оны 01 сарын 05-ны өдөр “Sinome ACY-2C” маркийн 35-23 УБ улсын дугаартай /ковш/ механизмд хийсэн техникийн үзлэгээр техникийн гэмтэл, зөрчилгүй, бүрэн, үйлдвэрлэлийн зам талбайд хөдөлгөөнд оролцох боломжтой гэж дүгнэв. JinFang маркийн 97-34 доа улсын дугаартай ачааны автомашиныг аймгийн Авто техникийн хяналтын үзлэгийн байранд 2017 оны 01 сарын 06-ны өдөр үзлэг, оношлогооны тоног төхөөрөмжөөр шалгахад “Тэнцсэн” үнэлгээ гарсан тул замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна гэж дүгнэв.

Хариулт 2.Гэмт хэрэгт холбогдол бүхий дээрх ачааны автомашин болон механизм нь Монгол улсын Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандарт, Замын хөдөлгөөний дүрмийн 2 хавсралтад заасан тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагыг тус тус хангаж байна гэсэн дүгнэлтийг гаргав”  гэжээ. /1-р хх-ийн 98-99/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн автотехникийн шинжээчийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 45 тоот дүгнэлтэд:      1. “Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад тухайн осол, хэрэг нь тус аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-ний уурхайн гүнд үйлдэгджээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэг, нийтлэг үндэслэлд, “Замын хөдөлгөөн” Нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг замын хөдөлгөөн гэж тодорхойлсон байдаг. Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй тул замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2,3.Тээврийн хэрэгслүүдийн техник ашиглалтын холбогдох дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчийн зохих дүгнэлтээр тогтоох боломжтой” гэжээ. /1-р хх-ийн 104/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-12/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх 13/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-17, 100-102/

Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /2-р хх-ийн 113/

 Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р  хх-ийн 19-20/,

 Гэрч Э.Түвшинтөгсийн мэдүүлэг /1-р  хх-ийн 34/,

 Гэрч Жан Шайн Мингийн мэдүүлэг /1-р  хх-ийн 37/,

 Гэрч Зан Юун Жунгийн мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/,

 Гэрч  М.Хатанбаатарын мэдүүлэг  /1-р хх-ийн 58-59, 2-р хх-ийн 206/,

 Гэрч Ц.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /1-р  хх-ийн 58-59/,

 Гэрч Н.Гансэлэмийн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/,

 Гэрч Ж.Энхмөнхийн мэдүүлэг  /2-р  хх-ийн  207/,

 Гэрч Э.Энхжингийн мэдүүлэг /2-р  хх-ийн 212, 236/

 Шүүгдэгч Ма Чун Жины гэрч, сэжигтэн, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд  /1-р хх-ийн  32-33, 111-118, 2-р хх-ийн 174-175/,

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-ийн 27-128/,

 Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р  хх-ийн 232-235/           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р  хх-ийн 122/,

 Хохирол төлсөн талаархи хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Балжиннямын Цагдаагийн газарт гаргасан тодорхойлот /2-р хавтас 101/

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбахишиг, Д.Балжинням нарын хохиролд 18 сая төгрөг төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд гаргасан тодорхойлолт

 Хохирлын мөнгө төлсөн төлбөрийн баримт 2 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ма Чун Жин нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-ний үүрэг гүйцэтгэгч “Тун гуан майнз констракшн” ХХК-нд ачигч машины жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 10 сарын 29-ний өдрийн орой 23 цагийн орчимд далд уурхайн 1005 дугаар түвшинд 35-23 УБ дугаартай Sinome ACY-2C маркийн ачигч машинаар Jin Fang маркийн 97-34 ДОА дугаартай ачааны машиныг мөргөж машины гадна талд байсан Н.Отгонбаатарыг ачааны машин болон уурхайн ханан завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.

 Гэрч Н.Насанбаатар нь мөрдөн байцаалтад өгсөн “би машинаасаа буухад Отгонбаатарын машины ард ковш тулж зогссон байдалтай байсан ба намайг машинаас бууж байхад ковшийн жолооч ковшоо ухрааж байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 53-54/, “дүүгийн машин руу харахад дүүгийн машины ачааны ард хятад жолоочийн барьдаг ковш тулаад зогсчихсон байсан би машинаасаа буугаад ойртож очиход дүүгийн машины ард тулаад зогсож байсан ковш хойшоогоо ухарсан. Тэр ковш шанагандаа дүүрэн ачаатай байсан бөгөөд хойшоогоо 6-7 орчим метр ухраад зогссон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55/, “... Тэгээд би машинаас буухад хятад жолооч ковшоо уурхайн ам руу оруулаад зогсоосон байсан, миний багцаагаар 6-7 метрийн зайтай байсан гэж бодож байна. Хятад жолооч ковшныхоо шанагыг яг хааш нь харуулаад зогссон байсныг анзаараагүй” гэх  /2-р хх-ийн 205/ удаа дараагийн мэдүүлгүүдийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна.

 Гэрч Н.Насанбаатарын эдгээр мэдүүлгүүд нь 2016 оны 10 сарын 30-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Уг сомосмал машины чанх хойно 12 метрийн зайд ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай байв. Ковшоос хойд талд баруун тийш чиглэлтэй түнээл байх ба ертөнцийн зүгээр зүүн тийш харж байрласан сомосмал маркийн цэнхэр өнгийн машин зогсож байв гэж бичсэн боловч гэрэл зургийн үзүүлэлтээр цэнхэр өнгийн сомосмал, ковш хоёр нь өөр, өөр түнэлд зогсож байгаа бөгөөд ослын схем зурганд ковш, машин хоёр нь ар, араасаа 12,73 метрийн зайд зогсож байгаагаар тэмдэглэгдсэн байна. /1-р хх-ийн 6-11/ 

Туршилт хийсэн тэмдэглэлд ...97-34 ДОА дугаартай ачааны машинд ачсан шороотойгоо өөрөө өнхрөх боломжтой эсэхийг турших зорилгоор осол болсон цэгээс баруун тийш 12,5 метр зайд байх газрын овгор хэсэгт ачааны машиныг ухруулан байрлуулж арааг нь салган, гар тормос кардан татуулахгүй асаалттай орхиход 2 метр орчим өөрөө өнхөрч яваад зогсов. Ковшны шанаганд дүүрэн шороо, чулуу ачуулан ачааны машины тэвшний арын хэсэгт шанагаар мөргүүлэхэд машин урагш хагас метр орчим урагшлаад зогсох ба хохирогч Н.Отгонбаатарын хавчуулагдсан гэх хананд  машины кабин болон тэвш хүрэхгүй байв. Ковшоор ачааны машины араас мөргөх үед ковшны шанаганд байсан шороо, чулуу бага хэмжээгээр газарт унаж байв. /2-р хх-ийн 233/,

Туршилт хийсэн ажиллагааны тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 234/

Гэрч Э.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн “тухайн ослын актанд замын нөхцөл байдлыг налуу гэж дүгнэсэн байсан, би өөрөө ч гэсэн дотор орж шалгасан тэгэхэд бага зэрэг налуу, машин өнхрөх боломжтой налуу байсан учир энэ талаар нь актанд тусгуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 212/ 

 Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 05/092/11 дугаартай шинжээчийн дүгнэлтийн  “Тунгуан Майнз конштракшн Монгол” ХХК-ний “Автомашины жолоочийн аюулгүй үйл ажиллагааны заавар”, 2.9-д “Авто машиныг зогсоох үед тохиромжтой газрыг сонгох бөгөөд хаа хамаагүй зогсож болохгүй, машиныг зогсоосны дараа түлхүүрийг авч, гар тоормосыг татна гэсэн заалтуудыг осолдогч Н.Отгонбаатар зөрчсөн гэж дүгнэж байна” /1-р хх 79-81/

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2016 оны 10 сарын 29-ний өдрийн актын комиссын дүгнэлтэнд: Зам нь налуу машиныг хананд хэт шахаж зогсоосон, урд дугуй нь хана руу дарж байрлуулсан, машиныг асаалттай орхин буусан, кардан татсан эсэх нь тодорхойгүй, машин өнхөрч хавчуулагдсан байх магадлалтай /2-р хх-ийн 113/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 92 тоот дүгнэлтэд  5.Талийгаач Н.Отгонбаатарын цогцост хийсэн үзлэгээр биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. 7.Талийгаач Н.Отгонбаатар нь цээж, хэвлий дарагдсанаас амьсгал бүтэж нас барсан байна гэх дүгнэлт /хх-ийн 87/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа бөгөөд гэрч Н.Насанбаатарын мэдүүлгийг давхар нотлох өөр баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд гэрч Н.Насанбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдагдсан яллах талын үндэс болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд “2016 оны 10 сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд” уг машины арын порчикний гадна хэсэгт байх баруун доод талд гагнаатай байсан төмөр салж, дээш сөхөгдөж, зурагдсан шинэ мөр гарсан, ковшны шанага сэрээний үзүүр төмөр шинэ зурагдсан нь ковшоор ачааны машины араас мөргөснийг нотолж байна гэх боловч уг мөрүүдийг хэний үйлдлээр, хэн, хэдийд, яаж зурсан талаар хэргийн материалаар бүрэн нотолж чадаагүй байна. Шинэ мөр зураас гарсан тул араас нь мөргөсөн байх ёстой гэсэн таамаглалд шүүгдэгчийн гэм бурууг нотлохгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан эргэлзээгүй байх ёстой юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 10 сарын 30-ны өглөө 07 цагийн орчимд манай хамаатны хүн Нацагдорж манай гэрт ирээд “За нэг асуудал боллоо, Шинь Шинь уурхай дээр” гэхээр нь би дотроо “өчигдөр орой манай хоёр хүү Насанбаатар, Отгонбаатар нар ээлжинд гарсан байх ёстой, нэг юм болж” гэж бодсон. Тэгээд би “нас барсан юм уу гэхэд тийм гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбахишигийн мөрдөн байцаалтад өгсөн  “2016 оны 10 сарын 29-ний өдөр би ажил дээрээ буюу гал тогоонд ажиллаж байгаад 23 цагийн орчимд ажлаасаа буугаад усанд орчихоод амрах өрөөнд ирэхэд манай нөхөр Н.Отгонбаатарыг нас барсан талаар хүмүүс хэлсэн. Би осол болох үед хажууд нь байгаагүй учир хэргийн талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүд нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнийг хараагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн талаар бусдаас сонссоноо мэдүүлсэн тул гэмт хэрэг яаж үйлдсэнийг нотлох баримт биш юм.

Гэрч Э.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 10 сарын 29-ний өдөр сумандаа байж байхад шөнө 23 цаг, 45 минутад Шинь, Шинь уурхайд ажилладаг гэх Батхүү гэж хүн миний утас руу залгаад Шинь, Шинь уурхайд хүн нас барчихлаа” гэж дуудлага өгсөн. Осол болсон газар буюу уурхайн ам руу ороход амны үүднээс 600 метр зайтай газар хонгилд цэнхэр өнгийн ачааны машин хамар хэсгээрээ ханандаа тулаад жолоочийн хэсэгт хүн хавчуулагдаж нас барсан, машины жолооч талын хаалга, эсрэг талын хаалга онгорхой, талийгаачийн хөл нь газраас хөндийрсэн байдалтай байсан” гэх мэдүүүлэг, гэрч М.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн “Тэгээд яасан гэхэд дүү маань өнгөрчихлөө гэхээр нь би машинаас буугаад очиход ачааны машин хана хоёрын дунд хавчуулагдсан байсан. Тухайн үед ковш нь Отгонбаатарын машины ар талд /хаашаа хараад зогсож байсныг хэлж мэдэхгүй байна/ зогсож байсан. Ковш нь асаалттай, унтраалттай байсныг санахгүй байна, ачааны машин унтраалттай байсан шиг санаж байна. Насанбаатар надад “дүү маань өнгөрчихсөн байна, би Хятад жолоочид хүн алчихлаа гэхэд хажуугаар гараад зугатаасан, ковш дүүгийн машины араас мөргөчихөөд ухарч байсан” гэсэн утгатай зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Гансэлэмийн мэдүүлгүүд нь шүүгдэгч  Ма Чун Жингийг ковшоор ачааны машины араас мөргөж хохирогчийг болгоомжгүйгээр алсан гэдгийг нотлоогүй, хэрэг учрал болсоны дараа ковш, ачааны машин хоёрын хоорондох зай, хохирогч ямар байдалтай байсан зэргийг нотолж байна.

Гэрч Н.Насанбаатар нь мэдүүлгийнхээ эс сурвалжийг зааж чадаагүй учраас мэдүүлгүүд нь няцаагдсан болно.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл нь гэмт хэрэг үйлдсэн эсэх, шүүгдэгчийн гэм буруутайг  нотлоогүй, гэмт хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан баримт юм. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт нь хохирогч Н.Отгонбаатарын үхлийн шалтгааныг тодорхойлсон баримт болохоос шүүгдэгч Ма Чун Жинийг ачигч машинаар ачааны машиныг мөргөж машины гадна талд байсан Н.Отгонбаатарыг ачааны машин болон уурхайн ханан завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийг нотолсон нотлох баримт биш юм. Гэрч Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “очиход ачааны авто машин унтарсан араатайгаа байсан, уурхайн замын гадаргуу тэгш, шороон хөрстэй, ачаатай авто машин өөрөө өнхрөх боломжгүй, ямар нэг уруу тэгш бус гадаргуутай байгаагүй” гэх мэдүүлэг нь гэрч Э.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн “тухайн ослын актанд замын нөхцөл байдлыг налуу гэж дүгнэсэн байсан, би өөрөө ч гэсэн дотор орж шалгасан тэгэхэд бага зэрэг налуу, машин өнхрөх боломжтой налуу байсан учир энэ талаар нь актанд тусгуулсан” гэх мэдүүлгээс /2-р хх-ийн 212/  зөрөөтэй байгаа бөгөөд энэ мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч Ма Чун Жингийн бусдын амь насыг  болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг, амь хохирогч Н.Отгонбаатарын үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч  Ма Чун Жинд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шүүгдэгчийг гэмт  үйлдэлд гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн “шүүгдэгч Ма Чун Жин нь хохирогч Н.Отгонбаатарыг машины араас мөргөж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь нотлогдож байхад болгоомжгүйгээр хүнийг алсан хэргээр зүйлчилж ирүүлсэн байна. Иймд хүнийг санаатай алсан хэргээр зүйлчлэх ёстой тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж мэтгэлзэж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: хавтаст хэрэгт шүүгдэгч Ма Чун Жин нь хохирогч Н.Отгонбаатарыг машины араас мөргөж, санаатай алсан талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримтууд авагдаагүй бөгөөд 2017 оны 05 сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал,яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн  хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасан тул урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хугацаа өнгөрсөн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй байна.

Шүүгдэгч Ма Чун Жин нь энэ хэргт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө бимтүүмжлэгдэж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Балжиннямын гаргасан “хохиролд 150000000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг хүлээн авсан тус компанид  ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт / хх-ийн 101/, шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Балжинням, Б.Бямбахишиг нарын “хүний амь нас хохирсон хэргийн хохиролд 2017 оны 10 сарын 04-ны өдөр 18 сая төгрөг дансаар хүлээн авсан. Цаашид энэ хэргийн талаар нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт, Голомт банкны төлбөрийн баримт 2 ширхэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ма Чун Жинийг бусдад төлөх төлбөхгүй гэж үзэв. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Ма Чун Жиний иргэний үнэмлэхний хуулбар, 35-23 УБ дугаартай Sinome ACY-2C маркийн ачигч машины АЯ 0144079 дугаартай, Jin Fang маркийн, 97-34 ДОА дугаартай авто машины АЯ 0070742 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн Шинь Шинь ХХК-нд буцаан олгохоор шийдвэрлэв.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн А/144 тушаалаар шүүгдэгч Ма Чун Жинийг Монгол Улсаа түр гаргахыг түдгэлзүүлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ма Чун Жинд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ма Чун Жинд авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Ма Чун Жиний иргэний үнэмлэхний хуулбар, 35-23 УБ дугаартай Sinome ACY-2C маркийн ачигч машины АЯ 0144079 дугаартай, Jin Fang маркийн, 97-34 ДОА дугаартай авто машины АЯ 0070742 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн Шинь Шинь ХХК-нд буцаан олгосугай.

5.Энэхүү цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүх талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд нь авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ